Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 985

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч А.Х-ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Гаснай овогт Алтангэрэлийн Х-ынт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905034561086 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ....... ХХК-д засварчин ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ......... гудамж .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гаснай овогт Алтангэрэлийн Х-ын

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Х-ын нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо Нийслэл пабад 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим хохирогч  О.Жамсрангийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зүүн гайморын хөндийн урд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Х-ын мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч А.Х-ын нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо Нийслэл пабад 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчим хохирогч  О.Жамсрангийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зүүн гайморын хөндийн урд хананы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

          Хохирогч Р.Жамсрангийн “Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэл пабад би бармен хийдэг. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед 2 залуу орж ирээд 200 грамм архи аваад 6-7 пиво авч уугаад 16 цаг өнгөрч байхад тооцоо хийгээд гараад явсан. Удалгүй нөгөө хоёр үйлчлүүлсэн залуус эргээд пабад орж ирсэн. Сорочкин шоотой цамцтай залуу нь үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй дээр очоод юм яриад байсан. Нөгөө хар саарал даавуун цамцтай залуу нь ирээд пиво авъя гэж хэлсэн. Зөөгч Ганбат та хоёр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байна зарахгүй гэж нөгөө залууд хэлэхэд та хоёр бид нарын уухыг заах уу, бид хоёр тооцоогоо хийгээд гараад явчихна гэж хэлсэн. Бид хоёрыг таних уу гэхээр нь танихгүй гэхэд та  нарыг ална шүү гэж дайрсан. Би хэтрүүлэн хэрэглэсэн хүнд архи зарахгүй гэсэн албан бичгийг харуулах гээд хайсан олдоогүй. Даавуун цамцтай залуу нь над руу гар далайхад би хойш болсон. Зөөгч нөгөө хоёр залууг холдуулах гээд гараараа түлхсэн. Тэр үед зөөгч Ганбатыг даавуун цамцтай залуу нь цохиод авсан. Тэгээд сорочкин цамцтай нь зөөгчийг бас цохисон. Би текний араас салгах гэсэн чинь даавуун цамцтай залуу намайг эхлээд нэг цохисон. Зөөгч миний хажуунаас холдсоны дараа дахин нэг удаа намайг цохиж өшиглөсөн. Сорочкин цамцтай залуу над руу дайрсан. Тэр үед цохиогүй. Даавуун цамцтай нь боль гээд цааш болгоод салгасан. Сорочкин цамцтай нь гараад явахад даавуун цамцтай нь зөөгч Ганбатыг татаад өвдөглөөд байсан. Тэгсэнээ даавуун цамцтай залуу шууд гараад явсан. Би цагдаа дуудаад нөгөө согтуу хоёр залууг цагдаа аваад явсан. Даавуун цамцтай Х-ын гэдэг залуу миний толгой руу нэг удаа, нүүр лүү 2-3 удаа бас 2 удаа өшиглөсөн. Нөгөө сорочкин цамцтай залуу нь надад гар хүрээгүй.

          ... Надад учруулсан гэмтлийг Х-ын ганцаараа учруулсан. Х-ын намайг өшиглөх үед үү эсвэл гараараа цохих үед би гэмтлийг авсан.

          ... Гомдолтой байна.Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

 

          Гэрч Э.Ганбатын “... Би текний дэргэд сандал дээр сууж байсан болохоор та хоёр хэтрүүлэн хэрэглэсэн байна, зарахгүй гэж хэлсэн. Том биетэй даавуун цамцтай ах бармен бид хоёрыг доромжлоод эхэлсэн. Том биетэй эрэгтэй нь би 10 дугаар хороололд том шүү, намайг таних уу гэхээр нь би танихгүй гэж хэлсэн юм. Тэгтэл том биетэй эрэгтэй нь намайг хөнгөн алгадаад авсан. Жижиг биетэй сорочкин цамцтай эрэгтэй намайг нүүр лүү цохиод авсан. Би хойш болоход бармен текний араас гарч ирээд боль гэхэд том биетэй эрэгтэй нь бармен Жамсранг цохиод авсан. Би хүн дуудах гээд гараад явсан. Эргээд орж ирэхэд том биетэй эрэгтэй нь бармен Жамсранг зодсон байсан. Том биетэй эрэгтэй гарах гээд байхаар нь би гарахгүй гээд зуурсан чинь намайг буцаад татаад өвдөглөсөн. Би гараараа нүүрээ хамгаалсан байсан. Гар луу өвдөглөж таарсан. Том биетэй эрэгтэй нь намайг өвдөглөх үед бармен Жамсран салгах гээд ирэхэд нь бас нүүр лүү нь цохисон байсан. Бармен Жамсран цагдаа дуудсан юм.

          ... Миний биед учирсан гэмтэл байхгүй болохоор одоо зүгээр байна, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.

          ... Жамсрангийн хамарнаас цус гарсан. Зүүн нүд нь жоохон хавдсан байсан. Сүүлд бие засах өрөөнд хамраа цэвэрлээд гарч ирэхэд зүүн нүд нь нилээд хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10230 дугаартай:

          “1. О.Жамсран-н биед зүүн гайморын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шинэ гэмтэл байна.

          4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар  хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1173 дугаартай:

          “1. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10230 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна.

          2. О.Жамсрангийн биед учирсан зүүн гайморын хөндийн урд хананы цөмөрсөн шинэ хугарал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          3. 4. О.Жамсрангийн биед учирсан зүүн гайморын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо  зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тул гэмтлийг салгаж тогтоохгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

          А.Х-ынын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Сүүлд дахин пиво авах гэтэл зөөгч нь өгөхгүй, танай найз согтуу байна гэж надад хэлсэн. Баярдэлгэр зөөгчтэй маргалдаж бид хоёр текний дэргэд нийлээд удсан. Пиво авах гэж маргалдсан. Тэгээд зөөгч залуутай Баярдэлгэр барилцаад авсан. Би салгах гээд очоод Баярдэлгэр зөөгч залуутай зууралдаад тавихгүй байсан. Текний араас бармен залуу гарч ирсэн. Би бармен залууг цохиод авсан. Тэгээд гарч яваад эргэж орж ирсэн байх. Одоо бүр санахгүй байна.

          ... Жамсран баримтаар эмчилгээний зардал гаргаж ирвэл мөнгийг нь төлнө. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч А.Х-ынын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  О.Жамсран нь мөрдөн шалгах явцад “ ... Эмчилгээний зардал болох 128.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Миний бие нь шүүх хуралд оролцохгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 54 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Х-ын баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Жамсрангийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гаснай овогт Алтангэрэлийн Х-ыныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х-ыныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А.Х-ын нь торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  А.Х-ын нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.Х-ын баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Х-ынт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ