Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 993

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч О.Б-ын түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Цогт овогт Очийн Б-ынөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1908016791267 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цогт овогт Очийн Б-ын

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Б-ын нь зохиомол байдлыг зориуд бий болгож “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж иргэн Р.Гэрэлт-Одыг хуураад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сард 400.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус залилан авч нийт 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-ын мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Б-ын нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж иргэн Р.Гэрэлт-Одыг хуурч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сард 400.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг тус тус залилан авч нийт 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.Гэрэлт-Одын “Миний бие 2018 оны 08 дугаар сараас эхлэн Солонгос улс руу явах гэж байгаад хамаатны дүү Одончимэгийн гэрт очиж хоносон. Тэгээд хамт байхдаа би Одончимэгт Солонгос явмаар байна судалж үзмээр байна гэтэл надад Одончимэг манай нэг таньдаг найз байгаа, виз найдвартай гаргадаг. Тэр залууд хэлээд өгөх үү гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд Одончимэг О.Б-ын гэх залуутай өөрийнхөө ажлын ойролцоо уулзуулсан.

Тэгээд би тэр Б-ын гэдэн хүнтэй ярилцаж тохиролцсон. Тэгээд тэр хүн намайг Солонгос руу явуулж өгнө гэсэн. Тэгээд эхлээд дансад мөнгөө байршуул, харин дараа нь нийгмийн даатгал төлдөг үү гэсэн. Тэгээд би төлдөг, харин дунд нь завсардсан байгаа гэсэн. Тэгтэл надад Б-ын би ахтайгаа яръя, тэр хүн нийгмийн даатгал төлдөг бичиг хийгээд өгдөг гэсэн. Харин тэр бичгийг 400.000 төгрөгөөр хийлгэдэг. Энэ мөнгөө өгвөл бичгийг хийж өгнө гэсэн. Тэгээд надад өөр бичиг баримт бүрдүүлэх материал хэрэг байхгүй гэсэн. Тэгээд би дансандаа 5.000.000 төгрөг байршуулахаас өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа  400.000 төгрөгийг мөнгө байршуулахаас өмнө О.Баянмөхөд Модны хоёрын ойролцоох Ачтан гэдэг эмнэлгийн хажуу талд Б-ынийн Prius 30 маркийн улаан өнгөтэй тээврийн хэрэгсэлд суугаад 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б-ын над руу залгаад эгчээ та мөнгөө аваад өгчих, энэ худлаа болчихлоо, өөр хүнтэй уулзаж байж, тийм болохоор та мөнгөө өгчих гэсэн.Тэгээд 2018 оны 12 дугаар сарын  18-ны өдөр Саппоро дээр уулзаад Хаан банкны АТМ-ээс 4.000.000 төгрөгөө авч бэлнээр Б-ынөд өгсөн. Тэгээд Б-ын надад одоо ингээд цаана нь хүмүүс яриулаад байна гэж хэлээд авсан.

Тэгээд тухайн үед би нотариатаар оръё гэсэн. Тэгтэл та над руу 2-3 хоногоос ярьчих, тэгээд хоёулаа нотариат оръё гэсэн. Тэгээд би чи ямар ч хаяггүй, хаанаас би чамтай уулзах билээ гэтэл надад ТҮЦ машинаас хурууны хээтэй лавлагаа авч өгсөн. Тэгээд би мөнгөө өгөөд явуулсан. Тэгээд одоо болтол виз гаргаж өгөөгүй. Мөнгөө авъя гэхээр та хүлээж байгаарай, өнөө маргаашдаа өгнө гэсэн. Тэгээд ойрын хэд хоногоос утас нь унтарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.

... Би гомдолтой байна. Тэр хүн өнөөдрийг болтол миний хохирлын мөнгийг барагдуулаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/

“... Би эхлээд 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин дараа нь манай охин Жаргалмаа 4.000.000 төгрөгийг Б-ын гэдэг хүнд өгсөн. Ингээд миний бие нийтдээ бол 4.400.000 төгрөгийг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Жаргалмаа “ ... Тэгтэл ээжийн утас руу Б-ын гэх залуу ярьсан. Тэр залуу бол ээжийг Солонгос гаргуулж өгнө гээд бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө гэсэн залуу байгаа. Тухайн өдөр Б-ын ээж хоёр хоорондоо нотариатаар орж мөнгөө баталгаажуулаад мөнгө өгч авалцах талаар ярилцана гэсэн. Тэгээд ээж хумсаа янзлуулж байхад тэр залуу утсаар ээж рүү залгаад Цамбагарав дээр ирсэн байна, тэгээд одоо мөнгөө өгчих гэж хэлсэн. Тухайн үед ээж завгүй байсан болохоор би утсаар ярьж байсан. Тэгээд тэр Б-ын гэдэг залуу ээжийг Титэм төвийн хажууд ирсэн хүлээж байна, хүрч ирээд мөнгөө өгөөчээ гэсэн. Тэгээд ээж завгүй болохоор би яваад тэр Б-ын хэдэн хүнтэй Титэм төвийн хажууд уулзаад тэр залуугийн машинтай хамт мөнгө картанд байсан болохоор АТМ-ээс авах гэж Хаан банкны АТМ-ээс  аваад  автобусны буудал дээр зогсож байсан Баямөнх гэдэг залууд машин  дотор нь байхад мөнгийг өгсөн. Ийм зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23 дугаар хуудас/

“... Тухайн АТМ нь бол Саппорогийн автобусны төв замын буудлаас хойд талд байрладаг. Тэгээд би тэр АТМ-ээс 4.000.000 төгрөгийг бэлнээр буюу дандаа 20.000 төгрөгний дэвсгэртээр аваад өвлийн куртиктэй байсан тул өвлийн куртикнийхээ зүүн энгэрт хийгээд нөгөө Б-ын гэдэг хүний зогсож байсан газар буюу Саппорогийн замын урд талын автобусны буудал руу гарцаар зам гараад автобусны буудал дээр зогсож байсан газар буюу Саппорогийн замын урд талын автобусны буудал руу гарцаар зам гараад автобусны буудал дээр зогсож байсан тухайн хүний улаан өнгийн 72-16 УБН улсын дугаартай Toyota Prius 30 маркийн машины урд суудал дээр орж суугаад мөнгөө куртикний энгэрээс гаргаж өгсөн.

... Өмнө нь манай ээж Гэрэлт-Од Б-ын гэдэг хүнд 400.000 төгрөг  Модны хоёрын Ачтан эмнэлгийн ойролцоо өгч байсан ба тухайн үед манай ээж би бага дүү Ренчинмядаг байсан. Тэр үед ээжид 300.000 төгрөг бэлнээр байсан. Тэгээд нэмээд 100.000 төгрөгийг тухайн үед миний бие ойролцоох АТМ-ээс бэлнээр аваад тухайн хүний автомашинд буцаж очиж ээжид өгсөн ба ээж өөрөө Б-ынөд 100.000 төгрөгийг нэмж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Гэрч  Б.Ренчинмядагийн “... Би эхний удаа мөнгө өгч байхад ээж Гэрэлт-Од болон эгч Жаргалмаагийн хамтаар байсан. ... Тэр үед машин дотор уулзсан. Тэгээд манай ээж уулзаад тэр танихгүй хүнд эхлээд цүнхнээсээ түрийвчээ гаргаж  ирээд бэлнээр 300.000 төгрөгийг тоолоод тэр танихгүй ахад өгсөн. Тэгээд манай эгч Жаргалмаад ээж картаа өгөөд 100.000 төгрөг картнаас аваад ир гэсэн. Тэгээд манай эгч замын эсрэг талын буюу Ачтан эмнэлгийн эсрэг талын Хаан банкны АТМ-ээс 100.000 төгрөгийг бэлнээр авчирч ээжид аниа өгсөн. Тэгээд ээж дахиж тоолоод 100.000 төгрөгийг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Гэрч О.Одончимэгийн “... О.Б-ынийг яг виз гаргадаг байсан талаар мэдэхгүй. Харин Архангай явж байхад надад 2,3 Солонгосын виз даруулсан паспорт харуулж байсан. Тэгээд надад би Солонгос руу хүн явуулдаг, хэрэв Солонгос явахаар бол надтай холбогдоорой гэсэн. Тэгэж л виз гаргадаг гэдгийг нь сонсож байсан. Тэгээд би Архангайгаас хотод ирээд байж байхад манай эгч Гэрэлт-Од Солонгос гарчихмаар байна гээд байсан ба би эгчдээ би ийм хүнтэй Архангай аймаг хамт явсан ба надад виз гаргадаг гэж хэлж байсан. Тэгээд энэ талаар эгчид хэлэхэд Гэрэлт-Од эгч наад хүнтэй чинь уулзъя яг найдвартай виз гаргадаг юмуу гэсэн. Тэгээд би надад Б-ын виз даруулсан паспортоо харуулж байсан болохоор тэрийгээ би хэлсэн. Тэгээд би дугаарыг нь Гэрэлт-Од эгчид өгсөн. Ингэж манай эгч Гэрэлт-Од, Б-ын гэдэг хүнтэй анх холбогдож байсан байх. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Хаан банкны харилцагчийн нэр Дүгэрррагчаагийн Гэрэлт-Од 5135230683 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 38-45 дугаар хуудас/

 

О.Б-ынийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би өөрийн хийсэн үйлдлээ маш сайн ойлгож байна. Манай танил Одноо гэх эмэгтэй 2018 оны 08 дугаар сарын орчим залгаад Солонгос улсын виз гаргаж өгч чадах уу гэхээр нь би хүнээс асуугаад өгье бараг болох байхаа гэж хэлсэн. Тэгээд би Одноогийн эгч гэх Гэрэлт-Од гэх эмэгтэйтэй уулзаад ямар ямар бичиг баримт бүрдүүлэхийг нь зааж өгөөд тодорхой хэмжээний мөнгө хэрэг болно шүү гэсэн.  Тэгсэн чинь Гэрэлт-Од бодож байгаад эргээд хариу хэлье гэж хэлсэн.

... Би Гэрэлт-Одод 500.000 төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг түргэн шуурхай барагдуулна. Хохирогч Гэрэлт-Одтой уулзаж ярилцмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч О.Б-ынийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч ... өмчлөгчийн эд хөрөнгийг шилүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.Гэрэлт-Одын “...О.Б-ынтэй сайн дураараа эвлэрч байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хэргийн 89 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Б-ын баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

         

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цогт овогт Очийн Б-ынийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ынийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б-ын торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Б-ын цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-ынөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ