Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 994

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Б.Баярхүү,

шүүгдэгч  Б.Э- түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Бөөн овогт Баярмаагийн Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1902007790291 дугаартай хэргийг  2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “........... ” англи хэлний сургалтын төвд мэдээллийн ажилтай ажилтай, ам бүл 3, эцэг, охины хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ....... байрны ....тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Бөөн овогт Баярмаагийн Э-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” хотхоны ....... байрны ....... тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.0676 грамм жинтэй шатсан 0.881 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт өвс бүхий ургамлыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж өгөх мэдүүлэг байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” хотхоны ....... байрны ....... тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.0676 грамм жинтэй шатсан 0.881 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт өвс бүхий ургамлыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 7-12 дугаар хуудас/

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор  үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 20-22 дугаар  хуудас/

 

Мөрдөгчийн “1902007790291 дугаартай хэрэгт №1 гэж дугаарласан 0.0676 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан шатсан хар өнгийн 0.0881 грамм жинтэй каннабис ургамал, шатаж харласан тунгалган цаас, 0.5 литрийн “Bonaqua” нэртэй усны сав, дотроо бохирлогдсон тал устай, /AV9848418/, /AU0396804/ сери дугаартай 50-тын дэвсгэрт 2 ширхэг, /NZ1849210/ сери дугаартай 100-тын дэвсгэрт зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5317 дугаартай:

“1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Баярмаа Э-” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5318 дугаартай:

“1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай шатсан өвс мэт зүйл, шатсан мэт хар толбо бүхий тугалган цаас, тогоо хэлбэрт оруулсан доторхи хэсэг нь шатаж харласан тугалган цаас “Bonaqua” гэсэн бичиглэлтэй шингэн зүйлтэй хуванцар сав, хуйлсан, /AV9848418/, /AU0396804/ серийн дугаартай 50-тын дэвсгэрт 2 ширхэг, /NZ1849210/ серийн дугаартай 100-тын дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 31-36 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... №2 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ....... байр ....... тоот байрны 4 улирал нэртэй дэлгүүр болон хар тамхи мансууруулах үйлчилгээтэй ургамал, хэрэгсэл олсон гэх савыг зааж байгаа байдал” зургийн үзүүлэлт. /хэргийн 42-43 дугаар хуудас/

 

Б.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр миний амьдардаг гэрт үзлэг хийж хураан авсан эд зүйлсийг тухайн өдрөөс нэг хоногийн өмнө байрныхаа гадаах саравчинд байх хогийн савны хэсгээс олж авч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож тэдгээр зүйлсийг мэддэг болсон байсан учраас хараад таньж гэртээ авч орж хэрэглэсэн ба үлдсэн хэсгийг нь гэртээ тагтны хэсэгтээ үлдээсэн байсан. Түүнээс өөрөө түүж бэлтгэсэн зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан. 

 

Шүүгдэгч Б.Э-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан ба улмаар өөрөө хэрэглэсэн байсан нь түүний байсан газраас уг бодисыг хураан авсан ажиллагааны баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл,  шээсэнд хийсэн шинжилгээгээр уг бодис илэрсэн баримт, сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ гэсэн нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг тул шүүгдэгч энэ хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Шүүгдэгч Б.Э-ыг үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй тул шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Өмгөөлөгч Н.Намжилцогтоос шүүх хуралдаанд “... Шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж өгнө үү...” хэмээн санал гаргасныг шүүх дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “... Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан№1 гэж дугаарласан 0.0676 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан шатсан хар өнгийн 0.0881 грамм жинтэй каннабис ургамал, шатаж харласан тунгалган цаас, 0.5 литрийн “Bonaqua” нэртэй усны сав, дотроо бохирлогдсон тал устай цэвэр усны сав 1 ширхэг, зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, AV9848418, AU0396804 серийн дугаартай 50-тын дэвсгэрт 2 ширхэг, NZ1849210 серийн дугаартай 100-тын дэвсгэрт Б.Э-т буцаан олгож, шүүгдэгч Б.Э- энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөөн овогт Баярмаагийн Э-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан 0.0676 грамм жинтэй каннабис, №2 гэж дугаарласан шатсан хар өнгийн 0.0881 грамм жинтэй каннабис ургамал, шатаж харласан тунгалган цаас, 0.5 литрийн “Bonaqua” нэртэй усны сав, дотроо бохирлогдсон тал устай цэвэр усны сав 1 ширхэг, зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, AV9848418, AU0396804 серийн дугаартай 50-тын дэвсгэрт 2 ширхэг, NZ1849210 серийн дугаартай 100-тын дэвсгэрт Б.Э-т буцаан олгосугай.

5.  Б.Э- энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ