| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0020/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/21 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.3., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/21
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904001270131 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Учрал
Улсын яллагч Д.Аянагүл
Хохирогч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .......оны .... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт төрсөн, ..... настай, эрэгтэй, ......... боловсролтой, мужаан мэргэжилтэй, ........ аймгийн ....... суманд үйл ажиллагаа явуулдаг ........ амралтын газарт гэр хийх ажил эрхэлж байгаа ам бүл ...., эхнэр .... хүүхдийн хамт /Иргэний үнэмлэхний хаяг: Багануур дүүргийн ......-р хороо .......хэсгийн ..... тоот хаягтай/ Улаанбаатар хот ........... дүүрэг, .... дугаар хороо, ..... дүгээр гудамжны ..... тоот хашаанд түр оршин суух ...... овгийн ******* /РД/.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн .... дүгээр хороо, ....... дугаар гудамжны ..... тоотод байрлах хохирогч Х-ийн гэрт Х, Н, Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар согтон, унтаж байх үед нь гаднаас орж ирэн Х-г сэрээж түүнтэй маргалдах үед нь хохирогч ******* нь сэрж найз Н.Х-г өмөөрч *******-тэй маргалджээ. Гэтэл ******* нь “та дандаа яахаараа самарчдаа өмөөрдөг юм бэ” хэмээн хохирогч *******-г согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж түүний толгойг пийшингийн ханатай хавсран гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь толгойн хоншоор яс, дух ясны өмнөд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн хохирогч *******-д бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэн, зовоон тарчлаах гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үдээс хойш Х ахын гэрт очиход Х ах самарт явна гээд 4-5 хүмүүсийн хамт архи уугаад байж байсан. Тэгээд намайг архиар шахсаар байгаад 3 хундага архи уулгасан. Х ах архиндаа согтоод унтаад өгсөн. Тэгэхэд Х ахын гэрт байсан Н.Х гэдэг залуу Г гэх залуутай маргалдаж хутга шөвөг гаргаж ирээд байхаар нь би Н.Х-ээс хутгыг нь булааж аваад Н.Х-г ганц нэг алгадаад байж байхад Х ах сэрээд надад хандаж “өөрөөсөө ах хүнтэй муудалцлаа” гээд над руу дайраад байсан. Би тэр үед Х ахыг өргөөд гэр рүү нь ороход манай эхнэр болон Х ахын эхнэр хоёр бид хоёрыг муудалцлаа гээд дундуур орж салгасан. Х ах надтай маргалдаж байгаад “чи манай эхнэрийг 5 килограмм самраар шаадаг биз дээ” гэж хэлсэн ба би энэ үгийг сонсоод уур хүрч Х ахын нүүр хэсэгт 4-5 удаа гараараа цохисон. Тэр үед Х ахын эхнэр амнаасаа болж залуу хүүхдэд алуулаа шдээ гэж хэлж байсан. Х ахын хамарнаас цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэг авч явах гэтэл Х ах яваагүй. Би маргааш өдөр нь эхнэрийн хамт Х ахынд ирэхэд Х ах бас л архи учихсан гэртээ байж байсан ба Х ахаас уучлалт гуйж, түүнийг дагуулаад эмнэлэгт очиж үзүүлэхэд Хүрэл ахын хамар нь чихэгдсэн байсан. Тэгээд эмнэлэгээр хамарных нь чихээсийг гаргуулсан... Би үнэндээ эгчээс нь айгаад хохирогчтой уулзаж чаддаггүй байсан. Үүнээс хойш хохирогчтой уулзаад чадах чинээгээрээ төлж барагдуулна гэж хохирогчтой эвлэрч гэрээ байгууллаа. Хамт ажил хийж явсан ахаа ингэж гэмтээсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 44-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Н.Х гэдэг самарт явдаг залуутай хамт архи уусан улмаар согтоод унтчихсан байсан. Нэг сэрэхэд Б манай гэрт орж ирчихсэн Н.Х-тэй муудалцаад байж байсан. Би Б-д хандаж дандаа хүн рүү үсчиж байх юм гэхэд намайг байнга самарчдаа өмөөрдөг гэж хэлээд намайг шууд зодсон. Маргааш нь сэрэхэд манай гэр нил цус болчихсон, миний нүүр битүү хавдартай, хамар хэсгээр цөмөрсөн байсан. Тэгээд эмнэлэгт очиж хамарныхаа чихээсийг гаргуулсан... Би согтуу байсан болохоор цохиулснаа мэдэхгүй байгаа. ...Б надад хандаж “би тэнсэнтэй байгаа” гээд гуйгаад байхаар нь би хүн амьтанд хэлэхгүй машинтай мод мөргөчихсөн гэж хэлж байсан. Шинжээч эмчийн дэргэд хүртэл Б-тэй уулзсан. Толгойныхоо гэмтлийг эхлээд би мэдээгүй. Хамар л муруйчихлаа гэж бодсон. Чих хамрын эмчид үзүүлэхэд хотод очиж үзүүл гэсэн ба тэнд очоод мэдсэн. Одоо 2 удаа хагалгаанд орох шаардлагатай байгаа 15 сая төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч ******* өгсөн “...манай нөхөр самарт хүмүүс авч гардаг байсан бөгөөд тэр өдөр манайд хотоос Н.Х гээд ах ирсэн байсан. Тэгээд бид нар 1 шил архи хувааж уусан. Тэр үед Б эхнэр А-гийн хамт манайд байсан бөгөөд улмаар Б , Н.Х ахтай муудалцаад байсан. Би загнаж хүнтэй муудалцахыг нь болиулчихаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд манай хүү намайг сэрээгээд Б ах аавыг зодчихлоо гэж хэлсэн. Би босоод харахад манай нөхрийн хамарнаас цус гарчихсан, манай ханан пийшингийн 1 бүтэн тоосго болон 1 тал тоосго газар уначихсан, тал тоосго нь цус болсон байсан. Тухайн үед Б-ийн эхнэр жирэмсэн, өнөө маргаашгүй төрөх болсон байсан мөн Билэгт тэнсэнтэй гээд гуйгаад байхаар нь цагдаад хандаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 72-73-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...2017 оны 3 дугаар сарын дундуур Х ахтай хамт самарт явахаар болсон. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын дундуур Х ахын гэрт яваад ортол Х ах архи уучихсан, хотоос хүмүүс ирээд гээд байж байсан. Би маргааш нь дахиад Х ахынд ирэхэд Х ахын хамар нь чихэгдсэн, толгойгоо маарлаар боосон, хоёр нүдний зовхи нь бага зэрэг хавдсан байсан бөгөөд Х ах надад хандаж “ах нь хүнд зодуулчихлаа, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна, 2-3 хоногоос самарт явъя” гэж хэлсэн. Тэр үед гаднаас нэг залуу орж ирээд ёстой муухай юм боллоо гээд Х ахаас уучлалт гуйгаад байсан. Х ах цагдаад хэлнэ гэхэд нь нөгөө залуу “уучлаарай, хоёулаа тохиръё” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тэр уучлалт гуйж байсан залуу Б гэдэг залуу мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 75-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч өгсөн “...2017 оны хавар хичээлээ тараад гэртээ ирэхэд гал тогооны өрөөнд А эгч уйлчихсан Б ах аргадаад байж байсан. Би цаашаа том өрөө рүүгээ ортол манай аав ээж хоёр унтаж байсан ба ханан пийшингийн тоосго газарт унасан, манай ханын обой, шал цус болчихсон байсан. Би аавын нүүрийг очоод хартал хамар нь чихэгдээд цус гарсан, дух нь хавдсан байсан. Тухайн үед Б ах согтуу байсан гэхдээ ухаантай байсан. Би Б ахад уурлаж гэрээсээ хөөгөөд явуулсан. Удалгүй манай дүү М гаднаас орж ирсэн бөгөөд би түүнээс “аавыг хэн зодсон юм” гэж асуухад Б ах зодсон гэж хэлсэн. Маргааш нь Б ах ирээд ааваас уучлалт гуйгаад аавыг эмнэлэг рүү авч яваад хамрыг нь янзлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Х.М-гийн өгсөн “...хэдэн жилийн өмнө нэг өдөр хичээлээ тараад ирэхэд аав ээж хоёр согтуу унтаж байсан. Харин Н.Х ах ширээний хажууд сандал дээр согтуу унтаж байсан бөгөөд удалгүй Б ах гаднаас согтуу орж ирээд Н.Х ахын хөл рүү өшиглөөд босооч гээд байсан. Тэгтэл аав сэрээд Н.Х ахыг өмөөрч Б ахыг болиоч гэж хэлэхэд Б ах аавын толгойг пийшингийн ханатай хавсраад гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 64-р хуудас/
Шинжээчийн 09шэ/951 дугаартай “…Х биед 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн толгойн КТГ-д хоншоор яс, дух ясны өмнөд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславч муруйлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 101-103-р хуудас/
Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...3 удаагийн ял шийтгэлтэй талаарх...” хуудас /хх-н 143-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 142-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Хохирогчоос “...гэм буруутайд тооцуулах саналтай...” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Насанд хүрээгүй гэрч М нэг удаа гараараа цохисон гэдгийг мэдүүлдэг, шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлдлээр цохигдсон гээд байгаа тэгээд бусад үйлдлүүд хааччихваа, хохирогч хамраа чихүүлчихээд ууланд явчихдаг энэ хугацаанд ямар ч гэмтэл авсан байж болно. Хохирогч өөрөө хүртэл мэдүүлсэн байгаа хамраа яасын гэхээр хүнд зодуулсан гэхээсээ ичээд мод мөргөсөн гэж хэлээд байгаа гэсэн байдаг, Анхны шинжээчийн дүгнэлт яагаад эргэлзээтэй гарав тухайн үед зөвхөн хамрын чихээсийг гаргасан гэж байгаа тухайн үед бусад гэмтлүүд яах вэ? Ийм байхад хүнийг шийтгэнэ гэдэг нь эргэлзээтэй байна... “ гэжээ.
Шүүгдэгчээс “...Хамт ажил хийж явсан ахаа ингэж гэмтээсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн “...Хамт ажил хийж явсан ахаа ингэж гэмтээсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “...Б намайг гуйгаад байхаар нь би хүн амьтанд хэлэхгүй машинтай мод мөргөчихсөн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М-ийн “...Б ах аавын толгойг пийшингийн ханатай хавсраад гараараа цохисон...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 09шэ/951 дугаартай дүгнэлтээр няцаагдаж байна.
Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн __ дүгээр хороо, ___ дугаар гудамжны ____тоотод байрлах хохирогч БХ.-ийн гэрт *******, Н, Н.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар согтон, унтаж байх үед нь гаднаас орж ирэн Н.Х-тэй маргалдах үед нь хохирогч ******* нь сэрж найз Н.Х-г өмөөрч Б-тэй маргалджээ. Гэтэл Б нь “та дандаа яахаараа самарчтаа өмөөрдөг юм бэ” хэмээн хохирогч *******-г согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж түүний нүүр хэсэгт 4-5 удаа болон толгойг пийшингийн ханатай хавсран гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд толгойн хоншоор яс, дух ясны өмнөд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Б нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг нүүр толгойн хэсэгт 4-5 удаа гараараа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Мөн хохирогч Б нь согтууран өөрийгөө хамгаалах болон хянах чадваргүй байсан болох нь хохирогчийн “...яаж зодуулаад гэмтэл авсанаа санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд ийн “...Би тэр үед Х ахыг өргөөд гэр рүү нь орсон...” зэрэг мэдүүлгээр Б нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдгийг ухамсарласан байна.
Хохирогч Х-д бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэн, зовоон тарчлаах гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмтэл учруулсан болох нь хохирогчийн “...Маргааш нь сэрэхэд манай гэр нил цус болчихсон, миний нүүр битүү хавдартай, хамар хэсгээр цөмөрсөн байсан. Маш хүнд хагалгаанд орсон 70 хувийн групп тогтоолгосон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...Хахын нүүр хэсэгт 4-5 удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “…Х-ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн 251 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б-ийн үйлдэл нь Х-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүгдэгч ийн дээрхи үйлдэл нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарахаар байх боловч Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хэргийн байдалтай нийцжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Х нь шүүх хуралдаанд нотлох баримтгүйгээр 15.000.000 төгрөг нэхэмжилжээ. Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой ямар нэг баримт байхгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хохирогч Х-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч Х нь хохирлын талаархи болон эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж нээлттэй дэглэмд ялыг эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна…” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирогчийн зүгээс бодит хохирлын баримт гаргаж ирүүлээгүй, эвлэрч хохирол төлөх гэрээ байгуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч...” гэж
Хохирогчоос “...хохирол төлж барагдуулна гэж эвлэрч гэрээ байгуулсан...“ гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч Б-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
“...Шүүгдэгч Б болон хохирогч Х нар харилцан тохиролцож хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгч Б олсон орлогоосоо эмчилгээний зардал төлөхөө илэрхийлж байна...” гэсэн эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн, ар гэрийн байдлын хувьд 7 сараас 8 насны гурван хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ