Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2015/7575/И |
Дугаар | 001/ХТ2018/00807 |
Огноо | 2018-05-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2018/00807
Ш.Бы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02555 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар магадлалтай,
Ш.Бы нэхэмжлэлтэй
“Б Д”ХХК-д холбогдох
Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт бүрдээгүй тул уг шаардлагаа өөрчилж, өнөөдөр хариуцагч гэрээний 4.2-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 1 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хамгийн гол материал болох гурван талт гэрээ байхгүй байгаа тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй гэж би өөрөө дүгнэсэн. Ямар нэг нотлох баримт байхгүй болохоор надад тэр талаар ярих боломж байхгүй. Албан ёсоор хийгдсэн гэрээ нь аль ч материалд байхгүй. “Б Д”ХХК болон Асар-Өргөө ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ хэргийн материалд байхгүй. Сүүлд ирсэн баримтаас харахад Асар-Өргөө ХХК нь 2016 онд Ө блокийн эрхээ авсан бөгөөд ямар нэг хариуцлага үүрэх үндэслэлгүй. Л07 тоот гэрээг анх байгуулахдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Алтайн-10-284 тоот газрыг гэж хийсэн байдаг. Гэтэл бүх гэрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн-10-284 гэж байгаа. Маргаан жижиг зүйлээс болж үүссэн гэж үзэж байна. 1 400 000 төгрөгийг гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалж хохирол төлүүлэх талаар 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн захирамжид нотариатаар батлуулсан бичиг баримт болон байр хөлслөх гэрээг хавсарган байж дахин нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт байгаа материалуудад Ө блок дээр 2015 он хүртэл ямар нэг байдлаар маргасан зүйл байдаггүй. Л07 тоот гэрээний 4.2-д заасан үүргээ ”Б Д”ХХК зөрчсөн. Гэрээнд 2013 оны 4 дүгээр улиралд багтааж, Хангай хотхоны 1 дүгээр блокийн 4 давхарт 2 өрөө 41 м.кв байрыг газраар арилжина гэж хийсэн гэрээ байгаа. Хугацаандаа багтааж гэрээний үүргээ биелүүлээгүй. Одоо өвлийн улиралд би орон сууц хөлслөх тул 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэг сарын 350 000 төгрөгөөр орон сууц хөлслөх зардлын хэмжээгээр надад учирсан хохиролд 1 400 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс шүүхэд өмнө нь гаргаж байсан хариу тайлбарыг дэмжиж оролцож байгаа. Мөн бид талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу цуцалсан бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул гэрээг цуцалсан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчид гэрээтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй, гэрээнээс үүсэх үр дагаврын асуудал гэж байхгүй тул гэрээний дагуу шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02555 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.2-т заасныг баримтлан хариуцагч “Б Д”ХХК-иас 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганбат нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 398 тоот магадлалд “2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б нь арилжааны гэрээг цуцлах хүсэлтийг хариуцагч “Б Д”ХХК нь нэхэмжлэгч Ш.Бы хүсэлтийг хүлээн авч гэрээг цуцалсан талаарх албан бичгийг 2014 оны 10 сарын 10-ны өдө Асар-Өргөө ХХК-д явуулж байсан нь Ш.Бы өргөдөл, шинжээчийн дүгнэлт, “Б Д”ХХК-ний албан бичиг зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай хүсэл зоригоо илэрхийлж хариуцагчид мэдэгдсэнээр талуудын байгуулсан арилжааны гэрээ цуцлагдсан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.” гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Учир нь Ш.Б нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах саналыг “Б Д”ХХК-д гаргасан бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах санал гаргаагүй тал буюу “Б Д”ХХК нь гэрээнээс татгалзах хугацааг тогтоох энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгааг Ш.Б нь “Б Д”ХХК-д дахин мэдэгдээгүй бол Ш.Б нь гэрээнээс татгалзах эрхээ алдах зохицуулалтыг нарийвчлан зааж өгсөн. Гэтэл шүүх “Б Д”ХХК-н гэрээнээс татгалзах хугацаа тогтоосон бус гэрээг цуцалсан тухай Асар-Өргөө ХХК-д явуулсан гэх албан бичгийг үндэслэн гэрээ цуцлах саналыг хүлээн авсан гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах саналыг санал гаргаагүй тал хүлээж авсан эсэх, гэрээнээс татгалзах хугацаа тогтоосон эсэхийг гэрээнээс татгалзсан талд мэдэгдэх үүрэгтэй болохоос биш хөндлөнгийн Асар-Өргөө ХХК-д албан бичиг явуулах үндэслэлгүй юм. Хэрэгт дээрх албан бичгийг Ш.Бд танилцуулсан, гардуулсан гэх баримт нотлох баримтаар авагдаагүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох Асар-Өргөө ХХК-ийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 01/147 дугаартай албан бичгээр /1-р хх-н 34-р хуудас/ “Б Д”ХХК, Асар- Өргөө ХХК-ний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, гуравдагч этгээдээс гэрээний үүрэг шилжүүлж аваагүй “Б Д”ХХК-ийн 2014 оны 10 сарын 10-ны өдрийн 02/145 дугаартай албан бичиг ирээгүй болох нь тогтоогддог. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжтой байна.
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч “Б Д”ХХК-д холбогдуулж, арилжааны гэрээний үүрэгт хоёр өрөө орон сууц гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, орон сууцны үнэд 61 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж, хохирол 1 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.7-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна.
Зохигч талууд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах,493.10 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхээ “Б Д”ХХК-д шилжүүлэх, “Б Д”ХХК нь уг газар дээр ирээдүйд баригдах орон сууцнаас 41 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан Ш.Бд өгөх үүргийг тус тус хүлээсэн, нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сард өмчлөлийн газраа чөлөөлж өгсөн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ гэж дүгнэж, Ш.Б нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргасныг гэрээний нэг тал “Б Д”ХХК хүлээн авсан, гэрээ дуусгавар болсон, Ш.Бы өмчлөлийн газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсийн Ө хэсэгчилсэн талбайд хамаарч хариуцагч “Б Д”ХХК нь дээрх талбайд төсөл хэрэгжүүлээгүй нь Гэр хорооллын хөгжлийн газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон гэж үзсэн байна.
Ийнхүү гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэхдээ шүүх нэхэмжлэгчээс өмчлөлийн газраа хариуцагчид шилжүүлж өгсөн үйл баримт, уг газрыг хариуцагч барилга барихдаа ашиглаж байгаа, нэхэмжлэгч одоог хүртэл газраа буцааж авч чадаагүй байгаа үйл баримтыг анхаараагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.
Ш.Б нь “Б Д”ХХКомпанитай байгуулсан гэрээний үндсэн дээр газраа чөлөөлж өгсөн бөгөөд “Б Д”ХХКомпани гэрээг цуцлагдсан гэж үзсэн атлаа түүний өмчлөлийн газрыг буцааж өгөөгүй, нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ноос 2018 оны 3 дугаар сарын 20 хүртэл хугацаанд орон сууц хөлсөлж, өөрөөсөө зардал гаргасан үйл баримт тогтоогдсон байна.
Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг үүрэг гүйцэтгүүлэгч нь арилгуулахаар шаардах эрхтэй байдаг тул газрыг буцааж өгөх үүргээ биелүүлээгүй “Б Д”ХХКомпанийн үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч орон сууц хөлсөлсөн нь иргэн Ц.Гантулгатай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр тогтоогджээ. /2 дугаар хавтас хх-38/
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.7-д зааснаар хохирол 1 400 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02555 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.7 дах хэсгийг баримтлан хариуцагч “Б Д”ХХКомпаниас хохирол 1 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Бд олгосугай” гэж, 2 дах заалтад ...дурьдсугай гэснийг дурьдаж, хариуцагч “Б Д”ХХКомпаниас 37 350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА