Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ДШМ/060

 

Б.Н, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Б.Н, Д.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н, Д.Б нарт холбогдох 17140000300008 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Н, , эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 8 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 хоног хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 11 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Д.Б, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 11 дүгээр сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж байсан,

Б.Н нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянтээг” гэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн *******ын 3 тооны адууг хулгайлсан,

Б.Н, Д.Б нар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Харзан тээг” гэх газраас 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн *******, ******* нарын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан,

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ханхарын эх” гэх газраас 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Портер маркын ******* ******* улсын дугаартай автомашины цонхыг хагалж машин дотор байсан шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг нууцаар авч 812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Н, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Н, Д.Б нарт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, ******* овогт *******ын Н, Шаргалжуут овогт Дгийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Н, Д.Б нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н, Д.Б нарын цагдан хоригдсон 30 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан Б.Нгийн эзэмшлийн мотоциклийг хурааж, улсын орлого болгож, Б.Н, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Б.Нгийн эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н, Д.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэж тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаадаа биш оногдуулсан хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байгаа юм. Би анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Үүнийгээ хэрхэн яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгаж, эдгээр хүмүүсээс уучлалт гуйсан.

Би 1993 онд төрсөн, 25 настай, одоо аав, ээж хоёрынхоо хамт Баянхонгор аймгийн Жинст суманд амьдардаг боловч надад бага насны 2 хүүхэд бий. Би энэ жил гэр барьж эхнэр, хүүхдээ авч хурим найр хийх гэж байсан боловч энэ хэрэгт холбогдоод хурим найраа хийж чадаагүй. Гэхдээ миний мах цусны минь тасархай 2 нялх үр минь аавыгаа хараад л бэтгэрч суугаа байхдаа гэж бодохоор л ингэж явж байгаадаа харамсаад ч барахгүй байна. Үр хүүхдийнхээ үлгэр дуурайлал болох эцэг хүн байж бусдын эд хөрөнгө рүү гараа дүрж бусдыг ч өөрийгөө ч хохироосондоо гэмшиж, ичиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадах тул надад боломж олгож, итгэл хүлээлгэж, ял шийтгэлийг минь тэнсэж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгч Б.Н, Д.Б нарын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Аймгийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгч Б.Н, Д.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Б.Н, Д.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байсан. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэжээ.

Б.Н нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоног хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байдаг ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан өршөөгдсөн.

Мөн тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Бйг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөж, Б.Нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулсан байдаг ба тус 2 сарын баривчлах ялаа биеэр эдэлсэн.

2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэдэг ба Б.Нгийн шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа юм.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт ялтан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл хугацаанд ялтайд тооцогдоно гэж байгаа мөн зүйлийн 78.2.2 дахь хэсэгт хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно гэжээ.

Иймээс хуульд зааснаар Б.Н, Д.Б нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан гэдгээ илэрхийлдэг ба хохирогч *******, , иргэний нэхэмжлэгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд Д.Б, Б.Н нарын ирээдүйг нь бодож өөрсдийн хөдөлмөрөөр ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоог олгож тэнсэж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан байдаг. Б.Н 21, Д.Б 25 настай ид хийж бүтээх насан дээрээ яваа залуу хүмүүс юм. Д.Бйн хувьд бага насны хоёр хүүхэдтэй гал голомтоо асааж нэгэн гэр бүлийг бий болгох гээд зүтгэж яваа эцэг хүн. Б.Нгийн хувьд хар бага наснаасаа л зовлон туулж амьдралын нугачаанд бүдчиж, тэмдчиж яваа нэгэн. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэх нь мөн л эрүүгийн хариуцлага бөгөөд илүү их хариуцлага, засарч хүмүүжих боломж бөгөөд алдсан алдаагаа дахиж давтахгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр ажиллаж хөдөлмөрлөх бололцоогоор хангаж байгаа нь энэрэнгүй ёсны зарчимд нийцсэн шийдвэр болох байсан.

Анхан шатны шүүх нь Б.Н, Д.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5, 55.1.6, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, эрүүгийн хуулийн зарчмуудыг харгалзан үзээгүй.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэжээ. Гэтэл тус шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасан заалтыг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн атлаа зөвхөн зүйлчлэл болон унаж явсан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохдоо хуулийг буцаан хэрэглэж бусад хэсэгт 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэсэн байна. Мөн тус шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн шинж чанар, удаа дараалан давтан үйлдсэн байдал, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авахдаа шунахайн сэдэлтээр олныг авч байгаа байдал, бусдыг хуурч мэхлэн түүнийгээ зарж байгаа байдал болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ гэжээ.

Хулгайн гэмт хэрэг нь өөрөө бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авахдаа шунахайн сэдэлттэй байдаг. Мөн шүүх олныг гэж юуг ойлгоод байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа ба шинэ хуулийн олон тооны мал гэдэгт хамруулан ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлж шийдвэрлэсэн байна гэж үзэхээр байгаа ба нэгэнт хуулийг буцаан хэрэглэж байгаа бол шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан хүндрүүлж үзэхээр зүйл, заалт болон тэдгээрийн ойлголтыг хамааруулан эрүүгийн хариуцлага оногдуулах нь буруу юм.

Иймд Б.Н, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт авагдсан тэдгээрийн Б.Н, Д.Б нарт хорих ял өгөхгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн хүсэлт зэргийг харгалзан Б.Н, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруугаа ойлгож, ухаарч хулгайн гэмт хэрэг хийсний улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгаж хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас тус бүрээс уучлал гуйсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар Д.Б бид хоёрыг уучилж, хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичиж хүсэлтээ шүүхэд өгсөн байсан. Гэр бүлийн зүгээс болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Д.Б бид хоёрыг дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй, өөрийн хөдөлмөрөөр ажиллаж, амьдрал ахуйгаа өөд татан авч яв, аав, ээж, ах, дүүс, эхнэр, хүүхдээ бод, залуу хүн амьдралдаа алдаж онохыг алийг тэр гэхэв. Гэхдээ алдсан алдаагаа давтахгүй амьдар, үйлдэл нь өмнөө ч харуусал нь хойноо байдаг хорвоод амьдарч яваа гэдгээ байнга санаж яв гэдгийг хэлсэн. Бид хоёрт ийм олон хүн итгэл хүлээлгэж байгаа учраас дахин алдсан алдаагаа давтахгүй шударгаар хөдөлмөрлөнө гэж хариуцлагатайгаар шүүхэд амлаж байна.  Би 1996 онд төрсөн. 21 настай, боловсролгүй, хуулийн байгууллагаар шалгагдаж байх хугацаандаа өөрөө өөртөө үнэхээр их гутарч, ид хөдөлмөрлөх насан дээрээ хулгай хийчхээд бусдад адлагдаж, хэдхэн төгрөгний төлөө арилгаж болохгүй хар толбо өөртөө үүсгэсэндээ үнэхээр их харамсаж хэдэн жилийн амьдралаа алдаж, торны цаана залуу насаа өнгөрөөх вий гэхээс үнэхээр их айж байна.

Гэхдээ надад хариуцлагаас мултрах бодол байхгүй ч хорих ялыг тэнсэх нь мөн л эрүүгийн хариуцлага гэдгийг ойлгосон. Бидний өөрсдийн хүч хөдөлмөрөөр ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоог давж заалдах шатны шүүх олгож өгнө гэдэгт итгэж байна. Үүнээс хойшхи амьдралаа хэрхэн яаж авч явах нь надаас л шалтгаалах юм байна гэж ойлгож ухаарсан.

Би залуу сайхан насаа ямар ч үр бүтээлгүй өнгөрөөхийг хүсэхгүй байна. Надад зорьсон зорилго мөрөөдөл бий. Нэг минут ч надад үнэ цэнэтэй гэдгийг ойлгож ухаарсан. Би үсэг зурж холбож уншиж чаддаг болсон. Энэ нь миний өөрийгөө засаж хүмүүжүүлж байгаа анхны алхам гэж ойлгож байна. Бичиг үсэг мэддэг хүний хувьд энэ нь юу ч биш л дээ. Харин миний хувьд бол том амжилт юм. Д.Б бид хоёрын өмгөөлөгч ******* болон Д.Бйн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцсан, тус гомдлуудыг дэмжиж байна. Би урьд нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй гэж хүсэлт гаргасан боловч түүнээс хойшхи хугацаанд их зүйл бодлоо. Хэдийгээр миний гомдол гаргах хугацаа дууссан боловч миний өмгөөлөгч гомдол гаргасан, тус гомдолтой би танилцаж гарын үсэг зурсан учраас миний асуудлыг тус шүүхээр авч хэлэлцэнэ гэж ойлгож байгаа учир өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Иймд тус гомдлуудыг хүлээн авч бидэнд холбогдох хэргийг тэнсэж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Б, Б.Н нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нарын хувьд анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Н нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянтээг” гэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн *******ын 3 тооны адууг хулгайлсан, Б.Н, Д.Б нар нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Харзан тээг” гэх газраас 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн *******, ******* нарын эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан, мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ханхарын эх” гэх газраас 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Портер маркын ******* ******* улсын дугаартай автомашины цонхыг хагалж машин дотор байсан шуудайтай ноолуураас 1 шуудайтай 14 килограмм ноолуурыг нууцаар авч 812.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж үзэн тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж болон шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг буруу хэрэглэжээ. 

Өөрөөр хэлбэл Б.Н, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд хамаарагдаж байгаа гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоолдоо хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн шийдвэрлэхдээ шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарын шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.   

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч Б.Н, Д.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Н, Д.Б нарт холбогдох эрүүгийн 17140000300008 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Н, Д.Б нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

             ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                       Н.ЭНХМАА