Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0356

 

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0356

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

                                                “Т.Б” ХХК-ийн гомдолтой

   захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д, хариуцагч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Т.Б” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр: “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т.Б” ХХК-ийн “Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заалтыг үндэслэн Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын төв банк /Монголбанк/-ны хянан шалгагч, улсын байцаагч Н.З-д холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаартай шийдвэр гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу нэг талаас арилжааны банкууд нь Санхүүгийн мэдээллийн албанд гүйлгээний талаар мэдээлэх үүрэг хүлээсэн боловч нөгөө талаас Санхүүгийн мэдээллийн алба нь мэдээлэх үүрэгтэй этгээдээс шаардлага хангасан мэдээлэл ирүүлсэн эсхүл мэдээллийн санд оруулсан тухай бүр мэдээлэл хүлээн авсан тухай мэдэгдлийг хүргүүлэх талаар Монголбанкны “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан.

Гэтэл 73 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт “… Санхүүгийн мэдээллийн алба нь бие даасан байгууллага тул “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ын 2.8 дахь хэсэгт заасан мэдэгдэл хүргүүлэх үүргээ Санхүүгийн мэдээллийн алба хэрэгжүүлээгүйн төлөө улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй юм” гэж заасан нь нэг талын барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн мэдээллийн алба нь журамд заасан үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн байр суурийг шүүх зөвшөөрсөн хирнээ ийнхүү биелүүлээгүйн төлөө Монголбанкны хянан шалгагч улсын байцаагчийг буруутгах үндэслэл болохгүй гэсэн нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй болохыг харуулж байгаа бөгөөд мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Нэмж тодруулбал, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч нь хяналт шалгалтыг явуулахдаа Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэх үүрэгтэй этгээдээс шаардлага хангасан мэдээлэл ирүүлсэн эсхүл мэдээллийн санд оруулсан тухай бүр мэдээлэл хүлээн авсан тухай мэдэгдлийг хүргүүлэх үүргээ биелүүлж ажиллаж байсан эсэхийг тодруулаагүй бөгөөд шүүх мөн энэ үйл баримтыг анхаарч үзсэнгүй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу шударга байх шаардлагыг хангасан эсэх дээр эргэлзээ төрүүлж байна.

Т.Б” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монголбанкны “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ын дагуу заасан хугацаанд багтаан холбогдох гүйлгээний мэдээллийг тухай бүр Монголбанкинд хүргүүлж байсан. Үүнд:

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд дараах 3 гүйлгээний тайлан 7 хоног тутам илгээдэг:

  • Бэлэн мөнгөний гүйлгээ
  • Гадаад төлбөр тооцооны гүйлгээ
  • Сэжигтэй гүйлгээ /сэжигтэй гэж үзсэн тохиолдолд/

Монголбанкнаас тайлан мэдээ хүлээн авсан талаар хариу ирүүлдэггүй  бөгөөд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гүйлгээнд ямар төрлийн гүйлгээнүүд хамаарах эсэх талаар заавар зөвлөмж өгч байгаагүй. Тухай бүр илгээж байсан тайлан мэдээний дагуу аливаа эргэх холбоо байдаггүй тул шалгалтын үеэр дутуу илгээгдсэн тайлангуудыг ийнхүү дутуу илгээгдэж байгааг бид мэдээгүй. 2018 оны газар дээрх шалгалтын материалтай танилцахад гүйлгээтэй холбоотой зөрчил байгаа талаар огт тусгагдаагүй.

Монголбанк ийнхүү явуулсны дагуу тухай бүр явуулдаг тайлангаас мэдээлэх үүрэгт хамаарах нийт гүйлгээний төрлийг анзаарч харж банкинд заавар зөвлөмж өгч, алдааг засаж залруулах боломжтой байсан гэж үзэж байна.

Нөгөө талаар төрийн хяналт шалгалтын үеэр ирүүлсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, зохицуулагч байгууллагын хувьд заавар зөвлөмж өгөх байдлаар шийдвэрлэх боломж байхад шийтгэх, торгохыг урьтал болгож байгаа нь төрийн хяналт шалгалтын шат дараалсан арга хэмжээ авах зарчмыг зөрчиж байна.

Дээрхээс үзвэл 73 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.

Шийтгэлийн хуудсаар “ “Т.Б” ХХК нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан гүйлгээний талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 21-д ““Хуульд заасан харилцагчийг таньж мэдэх, тусгайлан хяналт тавих, гүйлгээний талаар мэдээлэх, харилцагчийн талаархи баримт материалыг хадгалахтай холбоотой үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар гомдол гаргагч банк нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргийг хүлээсэн байна.

Гомдол гаргагч уг хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан зөрчлийн жагсаалт, гэрч, холбогдогч нарын мэдүүлгүүд, “... ийнхүү дутуу илгээгдэж байгааг бид мэдээгүй, ... банканд заавар өгч алдааг засах боломжтой байсан” гэх гомдол болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах гэмт хэрэг, түүнд холбогдох гэмт хэрэг, зөрчил болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэл, энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага байхаар хуульчилсан.

Гомдол гаргагчаас “... хариуцагч хяналт шалгалтыг явуулахдаа “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ын 2.8-д зааснаар Санхүүгийн мэдээллийн албанаас Мэдээлэх үүрэгтэй этгээдээс шаардлага хангасан мэдээлэл ирүүлсэн эсхүл мэдээллийн санд оруулсан тухай бүр мэдээлэл хүлээн авсан тухай мэдэгдлийг хүргүүлэх үүргээ биелүүлж ажиллаж байсан эсэхийг тодруулаагүй, бид заасан хугацаанд багтаан холбогдох гүйлгээний мэдээллийг тухай бүр хүргүүлж байсан” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй.

 Учир нь шүүх хэдийгээр хариуцагчийн тодруулаагүйг зөвтгөөгүй боловч гомдол гаргагч нь Санхүүгийн мэдээллийн албанаас мэдээлэл хүлээн авсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн эсэхээс үл хамааран 20,0 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргийг хуулиар хүлээсэн, ийнхүү мэдээлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд уг үйл баримттай маргаагүй байх тул дээр дурдсан гомдлоор шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, шийтгэлээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн гомдол гаргагчийн “... 2018 оны газар дээрх шалгалтын материалтай танилцахад гүйлгээтэй холбоотой зөрчил байгаа талаар огт тусгагдаагүй” гэх  гомдлын тухайд. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Н/05 дугаар тушаалын хавсралтаас үзвэл тус банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу “Т.Б” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийжээ. Харин маргаан бүхий 0050216 дугаар шийтгэлийн хуудсыг гаргахдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баталсан удирдамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх тул хэсэгчилсэн шалгалт хийсэн 2018 оны шалгалтын материалд эдгээр гүйлгээтэй холбоотой зөрчлийн талаар тусгагдаагүй гэх гомдлыг хүлээн боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

           ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН