| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0027/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/28 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/28
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000360030 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл .., эхнэр ... хүүхдийн хамт Багануур дүүргийн... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух Э.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч Э нь 2020 оны 2 дугаар сарын 29-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн ..... хороо, .....дугаар гудамжны .... тоотод оршин суух гэртээ эхнэр М өөрт нь хийж өгсөн аягатай хоол, цайг “үүгээр чинь яадаг юм, пизда минь наад хоолоо өөрөө гудар” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, ширээн дээр байсан халуун савтай цайг шидэж агсам согтуу тавьж улмаар хохирогч ******* шалан дээр асгарсан цайнд халтирч газарт унах үед нь түүний дээр нь гарч гараараа 3-4 удаа нүүрэн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, хамрын таславч мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс ******* холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч ******* өгсөн: “...20... оны ... дугаар сарын ....-ний өдөр миний төрсөн өдрөөр манай эхнэр бялуу авчихсан байхаар нь би “өртэй байж, яах гэж бялуу авсан юм” гэж хэлээд М-тэй уулздаг юм бил үү гэж бодоод эхнэрт хэлэхэд “тэр архичин юмтай уулзаж яах гээд байгаа юм” гээд дургүйцсэн. Би бие засах гэж гэрээс гараад гэртээ эргэж оролгүйгээр М-тэй уулзаж бид хоёр манай ээжийн дүү Ө ахын гэрт очсон. Би замдаа авсан байсан 1 шил 0.75 литрийн Хараа архи гаргаж Ө ах болон М хамт хувааж уусан. Дараа нь М надад 1 литрийн “Gold” Чингис архи авч өгөөд бид гурав задлаад уусан. Би тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Өглөө эрүүлжүүлэх байранд сэргэж эрүүлжүүлэхийн цагдаагаас эхнэрээ зодсон гэдгээ мэдсэн. Би эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41, 42-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр Э 20__ оны ... дугаар сарын....-ний өдрийн оройн .... цагийн үед согтуу хөл дээрээ арай хийж тогтсон байдалтай манай төрсөн дүү М түүний нөхөр Н нарын хамт гэртээ ирсэн. Э надтай хэрүүл маргаан хийж “чи намайг цагдаад өгдөг биз дээ, одоо тэр цагдаагаа дууд” гэж агсараад над руу аяга авч шидэхээр нь би дүү М рүү залгаж дуудсан. ******* цай аягалж өгөхөд энүүгээр яадаг юм гэж хажуу тийш нь түлхэж асгачихсан, дараа нь хоол хийгээд өгөхөд мөн л түлхэж асгаад пизда минь наад хоолоо өөрөө гудар гэх мэтээр над руу дайраад байсан. Мөн ширээн дээр байсан халуун савтай цайг авч шидэж хагалсан бөгөөд би газарт асгарсан цайн дээр халтирч унах үед Э миний дээр суугаад баруун гараараа миний зүүн нүд болон шанаа руу 3-4 удаа цохисон. Яг тэр үед манай дүү М гаднаас орж ирээд Э-г надаас салгасан. Би нөхөртэйгээ эвлэрч учраа олсон. Ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 20, 21-р хуудас/,
Гэрч М өгсөн “...20___оны__ дугаар сарын ___-ний орой гэртээ байж байхад манай хүргэн ах Э мал болтлоо согтчихсон 1 шил архи барьчихсан манай нөхөртэй ууна гээд ирсэн. Тэгээд өөртөө аягалаад нөгөө архинаасаа уусан. Э ахыг согтуу байсан болохоор нь манай нөхөр бид хоёр гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан. Э ахыг би гэрт нь оруулж өгөхөд М эгч “хайраа хоолоо ид гээд” хоол аягалаад, бялуу гаргаж өгөөд эвтэй байхаар нь би харилаа гээд гараад явсан. Тэгээд хариад байж байхад М эгч залгаж ”Э агсам тавиад байна, хүрээд ир” гэж дуудахаар нь буцаад явсан. Намайг Э ахын гэрт ороход М эгч газарт унасан Э ах дээр нь өвдөглөөд суучихсан нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Би Э ахыг араас нь татаж, эгч доороос нь түлхэж байж салгасан. Удалгүй цагдаа ирээд Э ахыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22, 23-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...манай хүргэн Э манай охин ******* зодсон байсан. ******* хувьд даруу төлөв зантай давгүй хүү байгаа юм. Сая л архи ууж ийм асуудал гаргасан байна. Манай охинтой амьдраад 5 жил орчим болж байна, дундаасаа 2 хүүхэдтэй болсон бөгөөд М-ийн дагавар 2 хүүхэдтэй нийлээд 4 хүүхдийн хамт аьдардаг. М ажилгүй болохоор Э ажил хийж ар гэрээ тэжээдэг. 4 хүүхэддээ аав шиг аав байж чаддаг, хүний өөрийн гэж ялгаад байдаггүй, их сайн ханддаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/058 дугаартай “…М-н биед тархины доргилт, хамрын таславч мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, цус хуралт, зөөлөн эдийн гэмтлэл, ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухай үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/
Э-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 53-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа /хх-н 48-52 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа... “ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Э нь 20__ оны __ дугаар сарын ___-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух гэртээ эхнэр М-н өөрт нь хийж өгсөн аягатай хоол, цайг “пизда минь наад хоолоо өөрөө гудар” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, ширээн дээр байсан халуун савтай цайг шидэж агсам согтуу тавьж улмаар хохирогч ******* шалан дээр асгарсан цайнд халтирч газарт унах үед нь түүний дээр нь гарч гараараа 3-4 удаа нүүрэн тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, хамрын таславч мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Э нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…М-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/058 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч ******* үйлдэл нь М-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдал, шүүхэд гаргасан “торгууль төлөх 6 сарын хугацаа тогтоож өгөөч” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгахаар тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан ******* мэдэгдсүгэй.
4. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ