| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2020/0031/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/30 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/30
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000350033 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ... -ны өдөр ............... аймгийн ........... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эхнэр хүүхдүүдийн хамт .............. дүүргийн ....... дугаар хороо, ...... дугаар гудамжны ........ тоот хашаанд оршин суух хаягтай боловч одоо ...... дүүргийн ........дүгээр хороо, ................... дүгээр гудамжны ..... тоот хашаанд оршин суух М.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч М нь 20.... оны ... дугаар сарын ....-ны шөнийн 01 цагийн орчимд Багануур дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны гадна орших тоглоомын талбай дээр ******* “юм яриулсангүй” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар түүнийг мөргөж унаган, нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохисны улмаас ******* эрүүл мэндэд хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс ******* холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр Б, У гээд хоёр найзын хамт явж байгаад Б-н таньдаг .... дугаар байранд амьдардаг Г гэдэг айл руу орж архи уусан. Тэнд хэдэн шил архи уусанаа сайн санахгүй байна. Ямартай ч тэднийд ******* маргалдаж байсан. Удалгүй тэнд байсан хүмүүс гарахад нь би араас нь гараад ******* нүүр лүү гараараа цохисон. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Би тухайн үед согтуу байсан бөгөөд болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Би Ц ахыг нэг удаа мөргөөд унахаар нь нүүр лүү нь 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 39, 40-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20... оны .... дугаар сарын ....-ны орой .... цагийн үед Б утсаар яриад манай гэрт ирсэн. Бид хоёр 1 шил архи хувааж уучихаад гэрээс гарсан бөгөөд ... дугаар байрны тэнд явж байгаад Ч.Б-тэй тааралдсан. Тэгээд Б хүнтэй уулзана гээд Ч.Б-н хамт ... дугаар байрны ...дугаар орц руу ороод гарч ирэхгүй байхаар нь би нөгөө айл руу нь орж Б-г явъя гэж хэлэхэд Б удахгүй гарлаа гэсэн юм. Тэгэхээр нь би тэр айлаас гараад орцонд нь хэсэг хүлээсэн чинь Б гарч ирэхгүй байсан. Тэгээд дахиж нөгөө айл руу орж Б-г дуудчихаад гадаа гарч хүүхдийн тоглоомын талбай дээр зогсож байтал Б, Б, М гурав гарч ирсэн. М шууд над руу хүрч ирээд “чи одоо яах гээд байгаа юм” гэж хэлээд намайг мөргөж унагаагаад дээр гарч нүүр хэсэг рүү гараа цохиж миний хамрыг хугалсан. М надад эмчилгээний зардал 200.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 15 -17-р хуудас/,
Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...__ дугаар байранд байдаг айл руу ороод М-тэй уулзаж юм яриад сууж байтал Ц ах гаднаас орж ирээд намайг явъя гэж хэлээд буцаад гарсан. Удалгүй Ц ах дахиж орж ирээд намайг явъя гэхэд М уурлаж “хэдэн үг солиулчихгүй, яах гээд байгаа юм” гэж Ц ахтай маргалдсан. Би тэр хоёрын маргааныг болиулчихаад Ц ахыг түрүүлээд гарч бай гэж хэлээд ******* орхиод Ц ахын араас гарсан. Намайг орцоор гарахад Ц ах байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр зогсож байсан бөгөөд тэр үед М араас гарч ирээд Ц ах руу дайрч түүнийг мөргөж унагаагаад дээр нь гарч нүүр лүү нь 2 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-р хуудас/
Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз үг дуу цөөтэй, даруухан зантай, элдэв ааш зан гаргаад байдаггүй. Гэр бүлдээ халамжтай, ажилсаг залуу байгаа юм. Архи дарс байнга хэрэглээд байдаггүй, Багануурт ирэхээрээ надтай л уулздаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ах М их дөлгөөхөн даруухан зантай, элдэв ааш зан байхгүй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хүнтэй муудалцаж хэрэлдээд байдаггүй. Урьд нь хэрэг төвөгт орж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Шинжээч эмчийн 09шэ/058 дугаартай “…******* биед хамар ясны хугарал, хамрын нурууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухай үед учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/
******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 43-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... “ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч М нь согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн орчимд Багануур дүүргийн __ дүгээр хороо, __ дугаар байрны гадна орших тоглоомын талбай дээр ******* “юм яриулсангүй” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар түүнийг мөргөж унаган, нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж биед нь хамрын нурууны хэсэгт 1х 0,5 см, 0,5х0,3 см улаан ягаан өнгийн зулгаралт, хамрын таславч зүүн тийш мурийсан, хамар хянга яс дотогш цөмөрч орсон, хамрын яс дунд 1/3 хэсгээр хугарал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
М нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг мөргөж унаган нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/058 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч ******* үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Шүүгдэгч М нь хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 200.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч М нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан ******* мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирлын 200.000 төгрөгийг хохирогч ******* төлсөн болохыг, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧА.БЯМБАЖАВ