Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/39

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч холбогдох эрүүгийн 2004000020007 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                             З.Ганцоож

 Улсын яллагч                                              Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                  Б.Ч нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “Их чонос” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн 34 тоот хашаанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8/б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 28.000.000 төгрөгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгийн торгох ялаар, 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б овгийн Б Ч /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Чнь 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зам зуур” цайны газрын хашаанд С.Б “хашаанд бие заслаа” гэж уурлаж, түүнийг газар унагаж, толгойн тус газарт нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас С.Бн биеийн эрүүл мэндэд зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Ч, Б хоёр манайд орж ирээд бид нар виски уусан. Чинзоригийг машинд нь суулгаж өгчихөөд эргээд ороход хашаан дотор Б шээгээд зогсож байсан. Үүнээс болж бид хоёр маргалдаад Б түлхэж унагаад нүүрэн тус газар нь 2-3 удаа дэвсэж, өшиглөсөн. Хохирол төлбөр 70.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би түрүүлж гараад цайны газрын хашаан дотор бие засаад зогсож байтал араас Б.Ч ирээд намайг газар унагаад толгой руу өшиглөөд байсан. Би хоёр гараараа толгойгоо хааж байсан. Тэр үед Б.Ч миний хуруу руу өшиглөсөн байх. Миний зүүн талын мөр даагдахгүй, толгой хөндүүр оргиод, зүүн гарын ядам хуруу чинэрч өвдөөд байсан. Зүүн гарын ядам хуруу бүрэн тэнийхгүй байна. Эгэм болон хурууны рентген зураг авахуулсан, өвчин намдаах эм авсан, шүүх эмнэлгийн эмчийн төлбөр гэх мэт барагцаагаар 70.000 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ц мэдүүлсэн: “...Би Ч хөлийг машинд хийчихээд “Зам зуур”-ын хашаа руу гүйгээд ортол хашаан дотор Б газар уначихсан, Ч толгой түрийгүй хөлөөрөө өшиглөж байсан. Б больё гээд гараараа хаагаад байсан. Гүйж очоод голоор нь орж С.Б цээжээрээ хаагаад Б.Ч “миний дүү боль” гэж хэлэхэд тэрээр “хоёуланг чинь алаад хаяна шүү” гэж заналхийлж байсан. Б.Ч “би хашаанд шээж байгаа хүнийг үздэггүй” гээд байсан. ...С.Б баруун чих бамбайгаад хавдчихсан байсан. С.Б надад “яая гар даагдахгүй байна” гээд зүүн гараараа бариад байсан. Би С.Б гарыг үзэхэд зүүн гарын эгэм яс нь товойсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ч мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цаг 30 минутын үед найз С.Б, М, Э.Ц ахын хамт Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зам зуур” цайны газарт орж хоол идээд, хүн тус бүр 2 шил пиво уусан. Цайны газрын эзэн Б.Ч намайг ажлын өрөөндөө дуудсан. Би согтоод ухаанаа алдсан байсан. ...Үйл явдал болсны маргааш орой нь манай найз С.Б “өчигдөр Зам зуурын эзэнд зодуулчихлаа” гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №09шэ/015 дугаартай дүгнэлтэд: “С.Б биед зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал, зүүн мөрний гялтан холбоос суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 37/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...С.Б биед учирсан зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал, гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Харин зүүн мөрний гялтан холбоос суналт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Б биед учирсан зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал гэмтэл нь гадны биетээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой, харин зүүн мөрний гялтан холбоос суналт гэмтэл нь хөшигдөх, гадны биетээр цохих, цохигдох, зүүн мөрөөрөө газар унах үед үүсч болно. С.Б өөрийгөө хамгаалах явцад зүүн гарын сарвуунд гадны биет цохих, цохигдох үед зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал гэмтэл үүсч болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

Яаралтай тусламжийн хуудсаар “...С.Б 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 03 цаг 00 минутад зүүн гарын эгэм өвдөнө, зүүн гарын мөр болон хуруу өвдөнө. Төлөвлөгөөт журмаар мэс засалд орох...” гэжээ. /хх-ийн 11-12/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “...Хэрэг болсон гэх газар нь Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зам зуур” зоогийн газрын арын хашаан дотор болсон байна...” гэжээ. /хх-ийн 13/

Хохирогч С.Б согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “С.Б согтуурлын зэрэг 1.32 хувьтай” гэжээ. /хх-н 3/

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №1/118 дугаартай албан бичигт “Б.Ч нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №8/Б дугаартай шийтгэх  тогтоолоор оногдуулсан 11.520.000 төгрөгийн торгуулийн ялын төлбөрийг 2017 оны 3 сарын 13-ны өдөр, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн №197 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялын төлбөрийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр төлж барагдуулсан тул гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон байна” гэжээ. /хх-н 67/

Хохирогч С.Б “Ч 70.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт. /хх-н 107/

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлд “Б Н 5750251352 тоот данснаас С Б 5690026661 тоот дансанд 70.000 төгрөгийг шилжүүлэв, гүйлгээний утга Чойдоржоос эмчилгээний зардал” гэжээ. /хх-н 106/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Б Ч...” гэжээ.  /хх-н 55/,

Шүүгдэгч Б.Ч нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 57/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-62, 64-66, 79-85/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ч холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Ч нь согтуугаар хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Ч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 105/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зам зуур” цайны газрын хашаанд С.Б “хашаанд бие заслаа” гэж уурлаж, түүнийг газар унагаж, толгойн тус газарт нь хэд хэдэн удаа өшиглөх үед С.Б зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал бүхий хохирол учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хашаан дотор Б шээгээд зогсож байхаар нь түүнийг түлхэж унагаад нүүрэн тус газар нь 2-3 удаа дэвсэж, өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад хохирогч С.Б “Би цайны газрын хашаан дотор бие засаад зогсож байтал Ч ирээд намайг газар унагаад толгой, түрийгүй өшиглөсөн. Хоёр гараараа толгойгоо хааж байх үед хуруу руу өшиглөсөн байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

-гэрч Э.Ц “хашаан дотор С.Б газар уначихсан Ч толгой түрийгүй өшиглөж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

-гэрч Н.Ч “маргааш орой нь манай найз С.Б “өчигдөр Зам зуурын эзэнд зодуулчихлаа” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

-хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №09шэ/015 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/,

-шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “С.Б биед учирсан зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бөөрийгөө хамгаалах явцад зүүн гарын сарвуунд гадны биет цохих, цохигдох үед хугарал гэмтэл үүсч болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/,

-гэмт хэрэг гарах үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч С.Б, гэрч Э.Ц, Н.Ч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай, зүй бус үйлдэл нөлөөлсөн ба шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Ч нь хохирогч С.Б эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн, бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулснаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Б.Ч нь хохирогч С.Б бие махбодид зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байх ба хохирогчийн эмчилгээний зардалд 70.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан хохирогч С.Б “Ч 70.000 төгрөгийн хохирол авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Б.Ч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Б.Ч нь “ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, “Их чонос” ХХК-ийн захирал ажилтай, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр хамгийн сүүлд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж, уг ялаа төлж биелүүлсэн болох нь Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №1/118 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-н 67/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хохирогчид учруулсан гэм хорын зардлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс Б.Ч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Б.Ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тодорхой хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнийг 2.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Б Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б Ч 2.500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.Ч мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ч мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ч гэмт хэргийн улмаас хохирогч С.Б эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардалд 70.000 төгрөг төлснийг дурдсугай.

7. Б.Ч холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ч урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА