Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 776

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, 

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч/хохирогч Ц.Б,

шүүгдэгч/хохирогч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн 1908 02790 1010 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын Хүдрын уурхайд засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн .... баг .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ц-ын Б,

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Минж Гоо” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Төв аймгийн ....-р баг ..... тоотод оршин суух хаягтай, урьд  Сонгинохайрхан дүүргийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овгийн Ц-ийн Ц.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн автобусны буудал дээр хэрүүл маргаан үүсгэн, маргалдаж харилцан зодолдож  Ц.Ц-ийн биед хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн автобусны буудал дээр хэрүүл маргаан үүсгэн, маргалдаж харилцан зодолдож  Ц.Б-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг /хх9-10/, хохирогч Ц.Ц-ийн мэдүүлэг /хх15-16/, Гэрч Ц.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх20-21/, гэрч С.Амгаланбаатарын мэдүүлэг /хх23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6304 дугаартай дүгнэлт /хх27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №6108 дугаартай дүгнэлт /хх29/, яллагдагч Ц.Б, Ц.Ц нарын мэдүүлэг /хх37-40, 46-49/, Ц.Б, Ц.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх59, 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх58, 69/, нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх64, 74/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт /хх112-113/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Ц.Б, Ц.Ц нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц.Б-ийн “... Маргаж байхад Ц гэдэг хүүхэн баруун гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа цохих гээд байхаар нь би хоёр гарын бугуйнаас 2 гараараа бариад хөдөлгөөнийг нь хориход доогуураа миний зүүн хөл рүү 3 удаа өшиглөсөн. Би урдаас нь хэрэлдэхэд Ц машин дээр хүрч ирээд цонхоор гараа оруулаад миний баруун хацрыг самардаад өмсөж явсан куртканы малгайнаас татаж сугыг оёдлоор урсан. Би машинаасаа буугаад Ц-ийг заамдаад барьцалдаж аваад өөрөөсөө холдуулаад түлхэхэд Ц хөл алдаад газар унасан. Ц унахдаа миний баруун хөлийг хоёр гараараа тэвэрч бариад баруун хөлний булчингийн дотор талаас хазаад тавихгүй байхаар нь би Ц-ийн толгойг гараараа түлхээд байж байхад үл таних гурван залуу ирж Ц-ийг надаас салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг /хх9-10/,

 

2. Хохирогч Ц.Ц-ийн “...Б гэх залуу чи намайг цохилоо гэж хэлээд хоёр гараараа ээлжлээд миний толгой руу цохиод байсан. Миний толгой руу хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Мөн машинаас бууж ирээд зүүн гараараа толгойны үснээс зулгаагаад доош нь дарахдаа баруун гараараа миний толгой дээр дараад тавихгүй байхад эхнэр нь ирээд салгах гээд дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг/ хх5-16/,

 

3. Гэрч Ц.Эрдэнэчимэгийн “...Тэр хүүхэн хэрүүл хийж байгаад манай нөхөр Б рүү дайраад баруун гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэр хүүхэн машин дээр ирээд манай нөхрийн цамцнаас зуурч татаад нүүрийг маажсан...” гэх мэдүүлэг /хх20-21/,

 

4. Гэрч С.Амгаланбаатарын “...Б гэх залуу машинаа зогсоогоод Ц явж очоод тэр залуу бууж ирээд хоорондоо зууралдаад үсдэлцээд авсан. Б Ц-ийг үсдээд доош нь дарсан...” гэх мэдүүлэг /хх23-24/, 

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6304 дугаартай “Ц.Ц-ийн биед тархины доргилт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх27/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №6108 дугаартай “Ц.Б-ийн биед тархи доргилт, баруун хацар, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар рэүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх29/,

 

7. Яллагдагч Ц.Ц-ийн “...Би хохирогч Б залууд хандаж Төв аймаг руу явах оочир дараалал дайрлаа би 17 цагаас хойш оочирлож байна гэж тайлбарлаж хэлэхэд миний үгийг тоохгүй би ингээд хүн авчихдаг гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Хохирогч Б-ийн баруун хөлний булчингийн дотор талаас хазсан. Б-ийн биед ноцолдож байхдаа учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх40/,

9. Яллагдагч Ц.Б-ийн “...Би Сүлжмэлийн буудал дээрээс Төв аймаг явах хүн авах санаатай зогсож байхад Ц гэж эмэгтэй оочир дараалал дайрлаа    голоор орлоо гэх шалтгаанаар надтай хэрүүл маргаан хийж миний эрх чөлөөнд халдахаар нь би зөрүүлээд Ц-ийн бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг  /хх48/,

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ц.Б, Ц.Ц нар.

Шүүгдэгч Ц.Б болон Ц.Ц нар нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн автобусны буудал дээр зорчигч тээвэрлэхтэй холбоотой асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэн, маргалдаж харилцан зодолдсон болох нь Ц.Б, Ц.Ц нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Эрдэнэчимэг, С.Амгаланбаатар нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Ц.Ц-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ий эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун хацар, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №6108 дугаартай дүгнэлтээр,

Ц.Б-ий үйлдлийн улмаас хохирогч Ц.Ц-ийн эрүүл мэндэд “...тархины доргилт, баруун тохойд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6304 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б, Ц.Ц нар нь үл ялих зүйлээс болон хоорондоо маргалдан, зодолдож гэм буруугийн санаатай хэлбэрээр хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хоорондоо эвлэрч, хохирлоо нөхөн төлсөн, талууд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж шүүхэд шилжүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцжээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б, Ц.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

 

Шүүгдэгч Ц.Б-ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” нөхцөлүүдийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ц.Ц-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгч Ц.Б, Ц.Ц нарт тус тус 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц-ын Б, Ц-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ц нарт тус тус 600 нэгж буюу 600.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ц нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР