| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0793/Э |
| Дугаар | 831 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 831
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Төгөлдөр,
улсын яллагч: С.Мөнхтулга,
шүүгдэгч: О.Б түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ШТЭД-0070/,
шүүгдэгч П.Б түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б, П.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02198 0831 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эмээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Ц овогтой О-ын Б.
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... цэргийн анги, ... дүгээр гудамжны ...тоотод оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ..... тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
Б овогтой П-ийн Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Б, П.Б нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт хэсэг, Шархад гэх газар “...буугаа хураалга, цагдаа байна, торгоно” гэж хуурч, цагдаагийн алба хаагчийн энгэрийн тэмдэг ашиглан, иргэн В.Н-гийн 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч В.Н-гийн мэдүүлэг /хх8-9/, гэрч Д.Жаргалсайханы мэдүүлэг /хх12-13, 38/, гэрч Б.Гантулгын мэдүүлэг /хх25-26/, гэрч Н.Мөнгөнтулгын мэдүүлэг /хх28-29/, гэрч Н.Бямбацогтын мэдүүлэг /хх31-32/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх41-43/, П.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх78-79/, О.Булгантамирын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх86-87/, гэрч Р.Хонгорзулын мэдүүлэг /хх34/, гэрч Б.Бодьсүрэнгийн мэдүүлэг /хх36/, шүүгдэгч О.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх45/, хохирогч В.Нямсүрэнгийн хохирол хүлээн авсан тухай баримт /хх90/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч О.Б, П.Б нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч В.Н-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр манай хонь руу нохой дайраад 2 хонь, 1 ямаа идчихсэн. Тэгээд би хэний нохойг нь мэдэхгүй буудах санаатай гэрт байдаг бүртгэлгүй, карбин маркийн бууг үүрээд хүнсний дэлгүүрийн гадаа очиход Хар гэж дууддаг /Б-/, Сайхнаа гэж дууддаг /Жаргалайхан/, Б, Гантулга гэх 4 залуу зогсож байсан. Юу хийж байсан талаар хараагүй. Дэлгүүрийн гадаа 8537-УБЛ улсын дугаартай, цагаан өнгийн, приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би тухайн үед архи уучихсан халамцуу байсан. Б гэх залуу намайг буугаа хураалга, би цагдаа байна гэж хэлээд хар өнгийн гэртэй, цагдаагийн төмөр тэмдэг үзүүлээд миний бууг хурааж аваад машин руугаа хийсэн. Тэгэхээр нь би бууны бичиг баримт гэрт байгаа гэж хэлээд гэрийн ойролцоо очоод бууны бичиг баримт байхгүй талаар хэлсэн. Тэгсэн чинь Б гэх залуу торгоно гэсэн. Тэр үед би өөдөөс нь торгуулийн мөнгө байхгүй гээд маргалдаж байгаад хонь руугаа явсан. Хэсэг хугацааны дараа гэртээ ирэхэд 150,000 төгрөг өгөөд миний бууг манай хүү Бямбацогт аваад үлдсэн байсан. Тухайн үед манай гэрт ноолуур зарсан миний өөрийн бэлэн 500,000 төгрөг байснаас 150,000 төгрөгийг тэр залуучуудад торгуулийн мөнгө гээд өгсөн байсан. Дүрэмт хувцас өмсөөгүй байсан. Б-т торгуулийн мөнгө гэж өгсөн байсан 150,000 төгрөгийг Б надад буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх8-9/,
2. Гэрч Д.Жаргалсайханы “...Б машинаа унаж ирээд Н- ахыг бууны хамт машиндаа суулгаад буу чинь зөвшөөрөлтэй юм уу гэж асуусан Н- ах бууны зөвшөөрөл гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд Б машинаа унаад Н- ахыг машиндаа суулгаад би, Мөнхөө, Гантулга нарын хамт Н- ахын гэр лүү явж байх замдаа Б хаалганы тэндээс цагдаагийн төмөр тэмдэг, хавтасны хамт гаргаж ирээд Н- ахад үзүүлсэн. Тэгээд гэрийн гадаа нь очоод Н- ахын эхнэр хүүхдийг Б дуудаж гаргаж ирээд цагдаагийн тэмдгээ үзүүлээд зөвшөөрөлгүй буу үүрээд согтуугаар төв дунд явж болохгүй гэж хэлсэн. Тэгээд 150.000 төгрөгөөр торгоно гэж хэлээд Н- ахын хүү бэлэн 150.000 төгрөг гаргаж ирээд Б-т өгсөн. Тэгээд бууг нь Н- ахын хүүд өгч үлдээсэн. Дүрэмт хувцас огт байгаагүй.
...Б нь өөрийгөө цагдаагийн ахмад гэж хэлсэн, хаана ажилладагаа хэлээгүй. Б-ыг торгуулийн 150.000 төгрөг авч байхад Б хажууд нь байсан. Тухайн үед Б, Б-ын торгуулийн 150.000 төгрөг авч байхад хоорондоо юм яриад байсан яг юуны талаар юм ярилцсаныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх12-13, 38/,
3. Гэрч Б.Гантулгын “...архиа хувааж уугаад байж байтал Н- гуай буу үүрчихсэн ирсэн. Хар /П.Б-ийн хоч нэр/ тэр ахтай юм яриад байсан. Тэгээд Хар Б-ыг дуудаад хоорондоо шивнэлдээд байсан. Би Б-аас та 2 юу яриад байгаа юм бэ гэж асуухад Хар, Н- гуайг айлгая, машин дотор байсан үнэмлэхээ гаргаад ир, айлгаад мөнгө төгрөг авна гэж ярьсан гэсэн. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд хориглосон. Б бид 2 явах гэсэн боловч Хар байж бай гээд гуйгаад байсан. Удалгүй байж байтал Хар, Н- гуайгаас ямаа авна гэж хэлсэн. Б гэр лүү гээ яваад машинаа унаж ирсэн. Хар, Н- гуайг явъя гээд машинд буутай нь хамт суулгасан. Б өөрөө машинаас бариад урд талын хажууд нь Сайхнаа суусан. Хар, Н- бид 3 машины ард талд суугаад Н-гийн гэр лүү явсан. Дэлгүүрийн гаднаас хөдлөөд хэсэг явж байгаад зогссон. Би машинаас буугаад бие засчихаад ирэх үед хар өнгийн гадуураа цагдаагийн гэртэй, төмөр четоныг Б, Хар хоёр Н-д үзүүлээд Б-ыг цагдаа гэж хэлээд сууж байсан. Н-г айлгаж байгаа юм яадын пизда гэх зэргээр хэлж байсан. ...Машинаас Б, Хар, Н- 3 буусан. Буу нь машинд үлдсэн. Сайхнаа бид 2 машинд үлдээд 10 орчим минутын дараа Хар машин дээр ирээд бууг нь гаргаж ирсэн. Б цаанаас ирж байгаа харагдсан. Тэгээд бууг нь өгч байгаа юм шиг байсан. Тэгээд удалгүй Б, Хар 2 ирээд явъя гээд хөдөлсөн. Би нөгөө ямаа авах юм ярьсан юу болсон бэ гэж асуухад Хар тэр бүтэхгүй болчлоо гэж хариулсан. Тэндээс хөдлөөд дэлгүүр орсон. Намайг мөнгө байгаа юм уу гэж асуухад мөнгө байгаа гэж Хар хэлсэн. Б ч гэсэн Хард мөнгөө байгаа талаар хэлсэн. Дэлгүүр орохдоо Б Хараас 120,000 төгрөг авч байгаа харагдсан. Тухайн мөнгөөр дэлгүүрээс архи, пиво, ундаа, тамхи, хоолны материал авсан. Хар Б-ыг цагдаа гэж хэлж байсан. Б би ахлах ахлагч ш дээ гэж хэлж байсан. Н- гуайг дэлгүүрийн гадаа ирэх үед наадах чинь буутай явж байна, айлгаад торгоё гэж Хар, Б-тай ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх25-26/
4. Гэрч Н.Мөнгөнтулгын “...2018 оны 4 дүгээр сарын 23 юм уу 24-нд байх яг тодорхой цаг хугацааг санахгүй байна. Хайлааст гэх газраас өөрийн эгчийн гэрт байж байгаад 22 цаг өнгөрч байхад гараад зам дээрээс цайвар өнгийн, приус маркийн машинд гар өргөж суусан. Тэндээс хөдлөөд өөрийн гэр болох Дарь-Эх рүү явсан. Гэрийн гадаа таксины тооцоог хийгээд гэртээ орсон. Гэртэй ороод хувцасаа тайлахдаа өмсөж байсан бэлтгэлийн өмдний баруун талын халаасыг үзэхэд 27268 хувийн дугаартай цагдаагийн албаны үнэмлэх, четоны хамт гээснийг мэдсэн. ...Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ороод албаны үнэмлэхээ гээсэн талаараа удирдах албан тушаалтанд мэдэгдэж 20180710000010 дугаартай материалаар албаны шалгалт хийгдэж 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн НХЖХГ-ын Хамгаалалтын газрын даргын Б/97 дугаартай тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл авагдсан. Өөрийн хайхрамжгүй байдлаас болж албаны үнэмлэх, четоны хамт хаяж үрэгдүүлсэн.” гэх мэдүүлэг /хх28-29/,
5. Гэрч Н.Бямбацогтын “...Тэгээд намайг гэртэй байж байхад 16 цагийн орчим манай аавыг цагаан өнгийн, улсын дугаарыг нь мэдэхгүй, приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 залуу авч ирсэн. Манай аавтай хамт Б машинаас бууж ирээд би цагдаа байна, та нар яагаад согтуу хүнд буу өгч явуулдаг юм бэ, 150,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Тэр үед манай гэрт ноолуур зарсан байсан манай аавын бэлэн мөнгө гэрт байсан. Тэр мөнгөнөөс би 150,000 төгрөгийг тоолоод Б гэх залууд гарт нь өгсөн. Тухайн үед тэр машинаас Хар гэж дууддаг залуу, Сайханаа гэж дууддаг 2 залуу машинаас буусан байж байгаад над дээр ирсэн юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх31-32/
6. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх41-43/
7. П.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Би Б-ын хамт Н- ахын гэрийн гадаа очоод машинаас буугаад Н- ахын хүүхэд гэрээс нь гарч ирэхээр нь Б танай аав чинь согтуу буу бариад гудамжаар явж байна би цагдаа байна гэж хэлээд хавтастай цагдаагийн төмөр тэмдэг үзүүлээд бууныхаа зөвшөөрлийг гаргаад ир гэж хэлсэн чинь бууны зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б 150.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн чинь Н- ахын эхнэр гэрээсээ мөнгө гаргаж ирээд өөрийнхөө хүүхдэд мөнгөө өгөөд мөнгийг нь Н- ахын хүүхэд нь Б 150.000 төгрөг тоолж өгөөд мөнгийг нь бид хоёр машиндаа суугаад хөдлөөд хүнсний дэлгүүр явсан юм. Тэгээд Н- ахаас авсан 150.000 төгрөгнөөс дэлгүүрээс архи, тамхи, пиво хоол хүнсний зүйл аваад идэж уугаад дуусгасан үлдсэн 20.000 төгрөгийг нь надад өгсөн юм. Надтай хамт явж байсан Гантулга, Жаргалсайхан нар Б-ыг хохирогч Н-гээс цагдаагийн тэмдэг үзүүлэн 150.000 төгрөг авсныг мэдээгүй. Би Б-ыг хохирогч Н-гээс цагдаагийн тэмдэг үзүүлэн 150.000 төгрөг залилан мэхэлж авсныг мэдэж байсан юм. Би Б-тай хамт өөр залилан мэхлэх гэмт хэрэг хийгээгүй.” гэх мэдүүлэг /хх78-79/
8. О.Б-ын яллагдагчаар өгсөн “...дэлгүүрийн гадаа нэг буу үүрсэн согтуу мотоцикльтой хүн ирэхээр нь 2018 оны 12 дугаар сард таксинд явж байгаад нэг цагдаагийн төмөр четон олоод хадгалж байсан юм. Тэр олсон четоноо буу үүрсэн согтуу мотоцикльтой хүнд би цагдаа байна гэж үзүүлээд таны буу зөвшөөрөлтэй юм уу? гэж асуухад тэр согтуу хүн буу үүрсэн хүн надад зөвшөөрөл нь гэрт байгаа чи намайг дагаад гэр лүү очиж зөвшөөрлийг үз гэж хэлэхээр нь би тэр согтуу хүнийг найз Гантулга, Б нарын хамт очиж үзье гэхэд манай найз Гантулга би явахгүй эмээгийнд чинь очоод байж байя гэж хэлээд би найз Б-ийн хамт очиж согтуу мотоцикльтой хүнийг дагаж гэрт нь очиж бууных нь зөвшөөрлийг шалгах гэтэл бууны зөвшөөрөл байхгүй гэж хэлэхээр нь би чамайг 150.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн чинь тэг тэг гэж хэлээд 150.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Тэгээд би найз Б-ийн хамт дэлгүүр ороод архи пиво идэж уух юм аваад 150.000 төгрөгөө үрж дуусгаад 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 32-3 тоотод гэртээ ирсэн юм. Манай найз Б гэж дууддаг найз маань харж байсан юм...” гэх мэдүүлэг /хх86-87/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч О.Б, П.Б нар:
Шүүгдэгч О.Б, П.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт хэсэг, Шархад гэх газар байх “Баярлалаа” нэртэй дэлгүүрийн гадаа хохирогч В.Н-г буу үүрсэн, халамцуу байдалтай явахад нь шүүгдэгч О.Б, П.Б нар “...буугаа хураалга, цагдаа байна, торгоно” гэж бууг нь хурааж авсан байна.
Улмаар шүүгдэгч О.Б, П.Б нар нь цагдаагийн албан хаагчийн гээгдэл четон тэмдэг ашиглан, шүүгдэгч О.Б өөрийгөө цагдаа гэж хохирогчид итгүүлэн хуурч, шүүгдэгч П.Б энэхүү үйлдэлд нь дэмжлэг үзүүлэн оролцсон, хохирогчийг дагуулан гэрт нь очиж торгуулийн мөнгө гэж 150.000 төгрөгийг авч залилсан болох нь
хохирогч В.Н-гийн “...Б гэх залуу намайг буугаа хураалга, би цагдаа байна гэж хэлээд хар өнгийн гэртэй, цагдаагийн төмөр тэмдэг үзүүлээд миний бууг хурааж аваад машин руугаа хийсэн. Тэгэхээр нь би бууны бичиг баримт гэрт байгаа гэж хэлээд гэрийн ойролцоо очоод бууны бичиг баримт байхгүй талаар хэлсэн. Тэгсэн чинь Б гэх залуу торгоно гэсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Гантулгын “... Н- гуай буу үүрчихсэн ирсэн. Хар /П.Б-ийн хоч нэр/ тэр ахтай юм яриад байсан. Тэгээд Хар Б-ыг дуудаад хоорондоо шивнэлдээд байсан. ...Хар, Н- гуайг айлгая, машин дотор байсан үнэмлэхээ гаргаад ир, айлгаад мөнгө төгрөг авна гэж ярьсан гэсэн. ...хар өнгийн гадуураа цагдаагийн гэртэй, төмөр четоныг Б, Хар хоёр Н-д үзүүлээд Б-ыг цагдаа гэж хэлээд сууж байсан. ...Н-г айлгаж байгаа юм яадын пизда гэх зэргээр хэлж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Н.Бямбацогтын “...Манай аавтай хамт Б машинаас бууж ирээд би цагдаа байна, та нар яагаад согтуу хүнд буу өгч явуулдаг юм бэ, 150,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Тэр үед манай гэрт ноолуур зарсан байсан манай аавын бэлэн мөнгө гэрт байсан. Тэр мөнгөнөөс би 150,000 төгрөгийг тоолоод Б гэх залууд гарт нь өгсөн...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б, П.Б нарын ашигласан цагдаагийн четон тэмдэг нь Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн 4 дүгээр тасгийн цагдаа Н.Мөнгөнтулгын гээгдүүлсэн четон болох нь гэрч Н.Мөнгөнтулгын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглүүдээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч П.Б нь хохирогч В.Н-г эртний таньдаг байсан, тэрээр дэлгүүрийн гадаа түрүүлж түүнтэй уулзсан бөгөөд шүүгдэгч О.Б-ыг цагдаа биш гэдгийг мэдэж байсан, улмаар “...Н- гуайг айлгая, машин дотор байсан үнэмлэхээ гаргаад ир, айлгаад мөнгө төгрөг авъя гэж...” гэж шүүгдэгч О.Б-т хандан хэлсэн зэрэг нь хамтран оролцсон гэж үзнэ.
Шүүгдэгч О.Б, П.Б нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр хохирогч В.Н-г халамцуу, буу үүрсэн байдлыг далимдуулан цагдаагийн таних тэмдэг бүхий четоныг ашиглан, цагдаа байна гэж хуурч, торгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар ... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь тухайн нөхцөл байдалд хохирогчийг буу үүрсэн, халамцуу байдалтайг ашиглан, үг хэлээрээ нийлж, цагдаа байна гэж айлган, торгоно гэж мөнгийг нь авсан байх тул бүлэглэсэн буюу гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Шүүгдэгч О.Б нь хохирогч В.Н-д 150,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаарх баримт /хх90/ талд авагдсан байх бөгөөд мөн хохирогч гомдол байхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн үйлдэлд нь шүүгдэгч О.Б-т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, П.Б-өд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, саналыг гаргасан.
Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгуулийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байх тул 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Б, П.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Б, П.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Иймд өмгөөлөгч нарын саналын харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч П.Б-өд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О-ын Б, П-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох, шүүгдэгч П.Б-өд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР