Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2016/00313

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг, Мойлтын 01-25 тоотод оршин суух Дархан овгийн Гомбоогийн Түмэн-Өлзийгийн /РД:АГ76032001/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Хийморь цогцолбор Б-3 тоотод оршин суух Аварга овгийн Тэрбишийн Найданд /РД:ЙР67080710/ холбогдох байрны төлбөр, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохирол 26.825.000 төгрөг гаргуулах

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, Өнөр хороолол, 1-р байр 103 тоотод оршин суух, Аварга овгийн Тэрбишийн Очирсүрэнд /РД: ЙР74081016/ холбогдох дундын хөрөнгөний ногдох хэсэг, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохирол 26.064.000 төгрөг гаргуулах

Хариуцагч Т.Найдангийн сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийд холбогдох 10.550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх  хуралдаанд:   Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагч Т.Очирсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч Т.Найдангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Д.Тайвантөмөр, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Солонгос улсад хөлс хүчээ шавхан олсон 13.000 ам доллараа Т.Очирсүрэн, түүний төрсөн ах Т.Найдан нарт хууртагдан явуулсан ба байр засварлахад 3.500.000 төгрөгийг зарцуулсан ба нийтдээ 18.697.000 төгрөг болж байгаа юм. Хохирсон дээрээ хохироод зогсохгүй зөвхөн баримт дээр үндэслэгдэн хохирлыг тооцоход 2.800.000 төгрөг болсон байна. Т.Очирсүрэн, түүний төрсөн ах Т.Найдан нараас 21.497.000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хүүгийн хамт хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Г.Түмэн-Өлзий миний бие Т.Очирсүрэнтэй 2006 оны 07 сараас 2010 оны 10 cap хүртэлх хугацаанд хамт амьдарч бид хүүтэй болсон. Хүү минь одоо 3 настай. Т.Очирсүрэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хүүхдийн тэтгэмжийг тогтоолгон, эд хөрөнгийн маргаантай асуудалтай хамтатган шийдвэрлүүлэх, хүүхдийн тэтгэмжийг 1 удаа авахаар нэхэмжлэлийг гаргаж байна.

.....Би хүүгийнхээ хамт эд хөрөнгөнөөсөө өөрсдөд ногдох хувийг нэхэмжилж байна. 2011 оны 11 сараас байр хөлслүүлсэн үйлдлээс болж алга болсон эд

хөрөнгийг одоо хэрэглэх боломжгүй тул мөнгөн дүнгээр нь гаргуулах хүсэлттэй байгаа ба өөрийн хэрэглээний зүйлсийг гаргуулж хохирлыг барагдуулна уу. Миний бие гэм хороос учирсан хохирлыг хамтатган нэхэмжилж байна.

....Иймд 6.124.000 төгрөгийг Т.Найдангаас гаргуулж өгнө үү. Сэтгэл санааны хохирлыг давхар нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч Т.Найдан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 21.497.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагын хэсэг болгонд дараах байдлаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох 13 000 долларыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь энэхүү нэхэмжлэлд дурьдсан асуудал болох надтай төлбөр тооцоотой гэх асуудлаа шалгуулахаар холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандсан бөгөөд асуудлыг хуулийн байгууллага шалган зохих шийдвэрийг гаргасан. Мөн миний бие өөрийн байрандаа дүү Т.Очирсүрэн болон Г.Түмэн-Өлзийг түр хугацаагаар үнэ төлбөргүй амьдруулж байсан бөгөөд тэр байранд амьдрахаа больсноос хойш би байраа хүнд түрээслүүлсэн байхад Г.Түмэн-Өлзий нь хууль бусаар миний орон сууцанд орж суучихаад өмчлөх эрхийг минь зөрчсөн тул шүүхэд Г.Түмэн-Өлзийг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нөгөө талаас Г.Түмэн-Өлзий уг байрыг өөрсдийн нэр дээр шилжүүлэх, байранд байсан эд хөрөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 29-ний өдрийн 1020 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлын дагуу Нийслэлийн шүүхийн 2012 оны 11-р сарын 02-ны өдрийн 780 тоот магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Иймд Т.Найдан, Г.Түмэн-Өлзий нарын хооронд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсэж эрх, үүрэг хүлээсэн асуудал эрүүгийн болон иргэний журмаар тогтоогдоогүйг нотолсон тогтоол, шийдвэр, магадлал байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох байр засварлахад зарцуулсан гэх 3.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тухай Т.Очирсүрэнг миний бие өөрийн өмчлөлийн байрандаа үнэ төлбөргүй амьдруулж байсан. Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нар миний байранд засвар хийе гэж зөвшөөрөл аваагүй нөгөө талаас миний бие байранд засвар хийгээч гэж хэлж байгаагүй. Яг ямар хэмжээний засвар, ямар зардлаар хийснийг мэдээгүй, надад хэлээ ч үгүй. Сүүлд нь байрны обойг өөрчилсөн байсныг харсан ба засвар дууссаныхаа дараа л байрны обой зэрэг нь муудсан байсан тул бид амьдрах тав тухтай нөхцөлөө хангах зорилгоор засвар хийсэн, таны байранд зүгээр төлбөр төлөлгүй байж байгаа юм чинь гэж надад хэлсэн. Т.Найдан миний бие Т.Очирсүрэнтэй амаар Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг байгуулсан гэж байна. Үнэ төлбөргүй ашиглаж байсныг Т.Очирсүрэн болон миний бие хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-д "хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өорчлөх буюу засахгүй байх" гэж заасныг үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд зөрчиж, дураараа засвар хийсэн тул түүнтэй холбоотой гарсан зардлыг шаардах эрхгүй юм.

Хэнээс, юунаас, хэний буруугаас учирсан нь тодорхойгүй хохирол гэх 2.800.000 төгрөгийг хариуцах ямар ч үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Найдан миний бие төрсөн дүү Т.Очирсүрэнг 2004 оноос Солонгос улсад ажиллаж байхаас нь эхлэн түүний явуулсан мөнгийг нь хүлээн авч, түүний зээл, хүүхдийнх нь сургалтын төлбөр, асран хамгаалах төлбөр болон бусад төлбөрт зарцуулаад үлдэгдэл мөнгийг нь Монголд ирэхэд нь түүнд хүлээлгэн өгсөн. Иймд Т.Найдан. Г.Түмэн-Өлзий нарын хооронд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа

үүсэж эрх, үүрэг хүлээсэн асуудал эрүүгийн болон иргэний журмаар тогтоогдоогүйг нотолсон тогтоол, шийдвэр, магадлал байгаа мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх хууль зүйн ямар нэгэн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Г.Түмэн-Өлзий нь орон сууцанд байсан гэх эд хөрөнгөнүүдээ намайг авсан гэж үзэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар, мөн тус дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гарган иргэний журмаар тус тус хандсан боловч Т.Найдан миний бие тэдгээр байсан гэх эд хөрөнгийг нь аваагүй буюу хариуцах үндэслэлгүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч орон сууцанд байсан гэх эд хөрөнгөнүүдийнхээ жагсаалтанд диплом гэж бичээд дипломоо нэхэж байсан. Гэвч тэдгээр эд хөрөнгөнүүдийг нь Т.Найдан намайг аваагүй, ямар байдлаар эзэмшин хариуцаж байгаагүй нь тогтоогдсон гэдгийг дээр дурдсан. Үнэхээр Г.Түмэн-Өлзийг дипломтой эсэхийг мэдэхгүй юм. Тэгээд ч хувь хүн өөрийн хүсэл сонирхол, мэдлэг боловсрол, багшлах эрхгүй, чадамжаасаа хамаараад ажил хийгээгүйх нь төлөө түүнд Т.Найдан миний бие төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэдэг угаасаа хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.124.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь хуульд заасан эрх ашгаа зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэх нь зөвхөн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал бөгөөд маргаанаа шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа өөрөө хариуцах ёстой. Үнэхээр шүүхэд хандсанаас болж хохирч байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах, татгалзах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож зардлаа хэмнэх боломжтой. Нэхэмжпэлийн шаардлагаа нотолж хот хоорондын зорчих тасалбар 10 ширхэгийг хавсаргаснаас харахад хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гэхээсээ илүүтэй, Үндсэн хуульд заасан оршин суух газраа чөлөөтэй сонгох, чөлөөтэй зорчих эрхээ эдэлсэн тухай хэрэгт ач холбогдолгүй баримт байна. Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх зардлыг хариуцах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Т.Очирсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Очирсүрэн би 2004 оноос эхлэн 2009 оныг хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хөдөлмөр эрхэлж амьдарсан. 2006 онд Г.Түмэн-Өлзийтэй тус улсад хамтран амьдарч эхэлсэн. Ажил хөдөлмөр хийж олсон мөнгөө амьдрах зардал, хэрэглээний мөнгө, гэр орон руугаа явуулах зэргээр зарцуулдаг байсан. Хоол унд, орон байрны түрээсийн төлбөр зэргийг бид 2 хамтран боломж боломжоороо гарган хариуцдаг байсан. Харин өөр өөрсдийн гэр бүлийнхэн рүүгээ өөрсдийн олсон мөнгөнөөсөө явуулдаг байсан. Гэр рүүгээ явуулж байгаа нэг нэгнийхээ мөнгөний асуудалд ордоггүй байсан. Миний бие Монголд хүүгээ хүний асрамжинд үлдээчихсэн асарч хамгаалж байгаа хүн хүүг маань хооллож, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах ажлыг хийдэг байсан тул түүнтэй гэрээ байгуулж cap болгон төлбөр төлдөг байсан. Мөн сургуулийнх нь төлбөрийг төлнө. Ах Т.Найдан руу явуулсан мөнгийг ах маань хүүхдийн маань сургалтын төлбөр, асран хамгаалах төлбөр зэрэгт өгдөг байсан ба энэ тухай баримтууд урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн материалд байгаа болно. Г.Түмэн-Өлзийд хамаагүй хүүхдийн төлбөрийг Г.Түмэн-Өлзий хариуцан төлнө гэж юу байхав дээ. Г.Түмэн-Өлзийгээс 13000 доллар аваагүй бөгөөд тийм мөнгө авч ах Т.Найдан руу явуулаагүй тул нэхэмжлэлд дурдсан 13000 долларыг хариуцах ямар ч үндэслэлгүй юм. Байранд засвар хийсэн асуудал бол би Т.Найдан ахаас асуулгүйгээр тав тухтай байх зорилгоор хийсэн. Хохирсон дээрээ хохироод зогсохгүй, зөвхөн баримтанд үндэслэгдсэн хохирол гэхэд 2.800.000 төгрөг гэх мөнгийг хариуцах ямар ч үндэслэлгүй. Юуны хохирол нь тодорхойгүй, ямар учраас би хариуцах ёстой нь тодорхойгүй хохирол гэх 2.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Т.Очирсүрэн миний бие Г.Түмэн-Өлзийгээс мөнгө төгрөг зээлсэн, авсан асуудал байхгүй тул түүнд мөнгө төлөх хууль зүйн үндэслэлгүй юм...” гэжээ.

Хариуцагч Т.Найдан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Г.Түмэн-Өлзий нь 2011 оны 03-р сард Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1-р хороолол, 1-р байрны 103 тоот 2 өрөө миний өмчлөлийн орон сууцанд хэсэг бүлэг хүмүүс дагуулан дайрч орж, уг байрыг түрээслэж байсан Я.Элбэгзаяа болон түүний гэр бүлийн хүмүүсийг хөөн гаргаж, байранд байсан зарим эд хөрөнгийг аваад байранд байх ёстой дагалдах хэрэгсэл болох сантехникийн бүх хэрэгсэл болон цахилгааны бүх хэрэгсэл, унтраалга, разетка, угаалтуур суултуур гэх мэт бүх зүйлийг тонож монтажуудыг гэмтээж явсан. Мөн өс хонзонгийн сэдэлээр байрны обойг урж, дотор нь хүнд хөнгөнөөр бие засаж, хүүхдийн живх овоолж маш их хэмжээний хог новш хаяж эд хөрөнгөнд минь гэм хор учруулсан. Г.Түмэн-Өлзийгийн буруутай үйл ажиллагаанаас болж надад нийт 10.550.000 /арван сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан. Иймд Г.Түмэн-Өлзийгөөс 10.550.000 /арван сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү...”  гэжээ.

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Г.Түмэн-Өлзий миний бие 2010 оны 10 сараас хойш уг байранд амьдраагүй. 2010 оны 11 сарын 09-нд байрыг хөлслүүлсэн байсан. Гэрээг Элбэгзаяа гэгч хийсэн ба энэ хүн Я.Амарзаяа, Я.Энхзул, Ш.Мөнхбат нартай амьдарч байсан юм. Т.Найдангийн сөрөг нэхэмжлэлд 2011 оны 03 сард дайрч орж 10.550.000 төгрөгийн хохирол учруулсан юм бол тэр үед нэхэмжлэхгүй яасан юм бэ...2011 оны 03 сараас хойш амьдраагүй нь нотлогдсон байхад хүнийг ингэж дайрч, доромжлон гүтгэх нь гэмт хэрэг шүү дээ.... гэжээ.

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2006 онд Солонгос улс руу ажиллах гэрээгээр явсан ба очоод Т.Очирсүрэнтэй танилцаж улмаар хамт амьдрах болсон. Бид хоёрын зорилго бол өөрийн гэсэн байр, гэр оронтой болох гэсэн зорилготой байсан. Ингээд хоёулаа нэг үйлдвэрт ажилчнаар орж ажиллаад мөнгөө цуглуулж байсан ба Т.Очирсүрэнгийн саналаар өөрийнх нь төрсөн ах Т.Найдангийн 2 өрөө байрыг худалдаж авахаар тохиролцоод 2006 оноос 2008 оны хооронд 36 000 000 төгрөгийг Монгол руу явуулж тухайн байрыг худалдаж авсан. Т.Очирсүрэн бид хоёр 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монголд ирж тухайн байранд 2 сарын турш засвар хийж 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хоёр талынхаа ах, дүү, аав, ээж, хамаатан садангаа урьж хурим найраа хийсэн. Тухайн байр Т.Найдангийн нэр дээр байсан ба байраа өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн боловч миний зав зай болохгүй байна гэх шалтгаанаар шилжүүлж өгөхгүй байсан. 2010 оны 04 дүгээр сарын 18-нд би Өвөрхангай аймгийн Хархорин суманд аав, ээж дээрээ ирж амаржсан ба хүүхэд минь тархины даралттай төрсөн учир агаарт байх зайлшгүй шаардлага гарсан. Энэ хоорондоо гэртээ ирж очдог байж байгаад 2010 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу явж гэртээ очсон боловч байрыг өөр хүмүүст түрээслүүлсэн байсан учраас гэртээ орж чадаагүй 6 сартай хүүхдээ тэврээд буцаад аав, ээждээ ирж байсан. Тухайн байрыг Завхан аймгийн хүмүүст түрээслүүлсэн байсан. Би гэрт ороод харахад хэдэн овжуурнаас өөр зүйл байхгүй байсан. Би та нар гэрээ хийсэн юм бол гаргаад ир гэхэд үнэхээр гэрээ хийгдсэн байсан. Гэрээг Элбэгзаяа гэдэг хүнтэй Т.Найдан өөрөө хийсэн байдаг. Гэрийн тавилгуудыг Оюунчимэг, Т.Найдан, Т.Очирсүрэн гурав зөөгөөд эгч Оюунчимэгийн грашинд хийсэн байсан. Тэгээд би тухайн байранд байж байгаад Т.Найдан руу залгаад яагаад надад мэдэгдэлгүй манай байрыг түрээслүүлсэн юм бэ гэхэд Т.Найдан намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж огт танихгүй хүн манай байранд дайрч орж ирсэн гэж хэлсэн байсан. Тэгээд би цагдааг ирэхэд бичиг баримтаа үзүүлсэн миний бичиг баримт дээр гэрийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 1-103 тоот буюу тухайн хаягт байсныг үзээд энэ таны өөрийн чинь шийдэх асуудал байна гээд цагдаа нар явсан. Ингээд байж байтал гурав хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг дуудсан. Очтол Т.Найдан гэж хүн “танихгүй хүн миний байранд дайран орж ирсэн гэж” гомдол гаргасан байсан. Ингээд энэ хэрэг маргааны гол эх үүсвэр эндээс эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс энэ гомдолд татгалзсан хариу өгсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Миний бие нялх хүүхэдтэй гудамжинд гарсан. Ингээд 2013 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хоёрын Солонгосоос явуулсан 36 000 000 төгрөгийг Т.Найдан хүлээж авсан гэдгээ удаа дараагийн мэдүүлэгт өөрөө хэлсэн байдаг. Бид хоёрыг Солонгосоос ирэхэд Т.Найдан 11.300.000 төгрөг илүү гарсан мөнгө чинь гээд хүлээлгэж өгсөн. Бид мөнгөө “Батхаан” гэдэг каргогоор явуулдаг байсан ба хамгийн эхний мөнгөө  2006 оны 12 дугаар сарын 23-нд 1000 доллар, 2007 оны 02 дугаар сарын 24-нд 1000 доллар, 2007 оны 03 дугаар сарын 24-нд 1000 доллар, 2007 оны 04 дүгээр сарын 21-нд 1000 доллар, 2007 оны 05 дугаар сарын 24-нд 1030 доллар, 2007 оны 06 дугаар сарын 23-нд 2000 доллар, 2007 оны 07 дугаар сарын 24-нд 2000 доллар, 2007 оны 08 дугаар сарын 28-нд 1000 доллар буюу “Батхаан” каргогоор 10.030 доллар буюу 11 684 000 төгрөгийг явуулсан. Эдгээр бүх баримтууд нь 5 дугаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. 2007 оны 11 дүгээр сарын 17-нд Бээжин гэдэг каргогоор Золзаяа гэдэг хүний 2 084 000 төгрөгийг шилжүүлж байсан. Үүнийг нотлох баримтууд 5 дугаар хавтаст хэргийн 1051 дугаар хуудсанд авагдсан. Батсүрэн гэдэг хүний хадгаламжийн дэвтэрээр нотлогдоно. Би эхлээд гэрээгээр явсан боловч гэрээний хугацаа дуусаж сүүлдээ хараар ажиллаж байсан учраас хадгаламжийн дэвтэртэй байх боломж байхгүй байсан. Мөн Т.Очирсүрэн  хараар амьдарч байсан болохоор бид хоёрт хадгаламжийн дэвтэртэй болох боломж байгаагүй. Тийм учраас Батсүрэн гэж хүнийг гуйж хадгаламжийн дэвтэр нэр дээр нь нээлгэж мөнгөө хадгалуулж байсан. Энэ дэвтэрийг 2007 оны 09 дүгээр сарын 28-нд нээлгэсэн. Тухайн хүн 2008 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирээд Солонгос улс руу буцаагүй. Батсүрэн гэдэг хүний нэр дээр байсан хадгаламжийн данснаас 2007 оны 09 дүгээр  сарын 30-ны өдөр 1.201.200 төгрөгийг авсан байдаг. Энэ мөнгийг 2007 оны 09 дүгээр сарын 29-нд “Сувд” гэдэг каргогоор Золзаяа гэх хүний данс руу шилжүүлж энэ данс руу 1.430.000 төгрөг орлого болж орж ирсэн ба 2007 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.201.200 төгрөгийн зарлага болж гарсан байдаг. 2007 оны 11 дүгээр сарын 07-нд Золзаяа гэдэг хүний данс руу 284.900 төгрөг явуулсан. 2007 оны 11 дүгээр сарын 17-нд 700.000 вон, 2007 оны 11 дүгээр сарын 26-нд 900.000 вон, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 102.200 төгрөг орлогоор орж ирээд орсон мөнгөө эргээд зарлагдаж гаргасан байдаг. 2007 оны 12 дугаар сарын 18-нд 701.200 вон, мөн 401.200 вонийг зарлагдаж гаргаад 1.000 доллар  болгоод Монгол руу явуулсан байдаг. 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 500 вон, 2008 оны 04 дүгээр сарын 21-нд 1.630.000 төгрөгийн орлого орж ирээд энэ орлогоо 2008 оны  04 дүгээр сарын 21-нд 701.200 төгрөгөөр 2 удаа, 201.200 төгрөгөөр хоёр удаа зарлагадаж гарган 1.500.000 долларыг Монгол руу шилжүүлсэн. 2008 оны 05 дугаар сарын 16-нд 2.200.000 төгрөг, 2008 оны 05 дугаар сарын 20-нд 2 600.000 төгрөг орлогоор орж ирж үүнийгээ тухайн өдөр 701.200 воныг зургаан удаа, 201.200 воныг нэг удаа, 401.200 воныг нэг өдөр аваад 4.000 долларын зарлага гаргаж Монгол руу явуулсан байдаг. 2008 оны 08 дугаар сарын 17-нд 882.000, 904.000 төгрөг, орлогоор орж ирсэн. Мөн 2008 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 45.240 вон, 2008 оны 08 дугаар сарын 21-ны өдөр дансандаа 823.592.000 воныг, авахгүй байж байгаад 2008 оны 08 дугаар сарын 21-ны өдөр хамгийн эцсийн байдлаар авсан. Гэтэл Батсүрэн гэдэг хүн 2008 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирээд буцаагүй энэ мөнгийг авч хэрэглэж байсан гэдэг нь энэ байдлуудаар нотлогдож байна. Бид хоёр 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 19-ны өдөр хүртэл 3.321.840 воны орлого олсон байдаг. Энэ хэмжээний орлого олж, зарлага гарч байсныг хавтаст хэрэгт авагдсан гар бичмэлүүд батална. Намайг Солонгост ажил хийгээд хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ гэдгийг хавтаст хэрэгт авагдсан зургаан хүний гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. 2 дугаар хавтаст хэрэг авагдсан мэдүүлэг дээр Т.Найдан, Т.Очирсүрэнгээс явуулдаг мөнгийг зөвхөн би өөрөө хүлээж авдаг байсан. Каргогоор ирсэн мөнгийг хүлээж авахдаа ямар нэгэн тамга тэмдэггүй хүлээж авдаг байсан гэж мэдүүлсэн байдаг. Ажил хийгээд Монгол руу 24.843.900 төгрөгийг явуулсан байдаг ирээд байрандаа засвар хийсэн, найр хийхдээ тавилгийг өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авсан зэргийг хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд нотлож байна. Хурим найран дээр бичлэг хийсэн байгаа тэр бас нотлох баримт болж байна.  Хариуцагч Т.Очирсүрэн нь намайг Солонгост байхдаа ажил хийгээгүй. Энэ явуулсан мөнгөнүүд бол бүгд миний мөнгө гэж бас мэдүүлсэн байдаг. Намайг Солонгост ажил хийж байсныг 5 дугаар хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн стандарт гэрээгээр нотлогдож байгаа юм. Бид байраа хүлээж аваад 7.000.000 төгрөгийн засвар хийсэн үүнийг Т.Очирсүрэнгийн өгсөн мэдүүлэг, зарлагын баримтууд, мөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлож байдаг. Бид хоёрын ажил хийж хамтдаа хураасан мөнгө болох 24.843.900 төгрөгийн хагас болох 12.423.300 төгрөгийг Т.Найдангаас нэхэмжилсэн байдаг юм. Бид хоёр зүгээр хамтран амьдрагч байсан гэж Т.Очирсүрэн мэдүүлсэн байдаг. Би энэ хүний үр хүүхдийг төрүүлж хурим найр хийсэн болохоор хэзээ ч хамтран амьдрагч гэж бодохгүй энэ айлын бэр, Т.Очирсүрэн гэдэг хүний эхнэр болсон гэж бодож байгаа. Анх энэ байрыг хөлслөх гэж байгаагаа Т.Очирсүрэн бол надад огт хэлээгүй үүнийгээ ч өөрөө урьд урьдын мэдүүлгээр хэлдэг. Г.Түмэн-Өлзийтэй утсаар ярьсан чинь уурлаад байхаар нь цааш нь яриагүй гэж хэлсэн байдаг. Энэ гэрээс би юу ч аваагүй авах гэсэн ч бүх гэрийн тавилга эд хөрөнгө байхгүй болсон байсан. Т.Очирсүрэн эгчийнхээ грашинд аваачиж хураасан байсан. Бид хоёр гэрийнхээ зарим  тавилгаа Солонгосоос авч ирж байсан. Монголд ирээд цөөхөн хэдэн тавилга л авсан үүнийг нотлох баримтууд болох зарлагын баримтууд байна. Т.Очирсүрэн нь зарим тавилгаа зарж үрсэн. Мөн бид хоёр Т.Очирсүрэнгийн төрсөн эгч болох Лхагвасүрэнгийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж мөнгө хадгалуулсан. Яагаад энэ хүний нэр дээр данс нээлгэх болов гэвэл  Батсүрэн гэдэг хүний картыг ашиглаж байгаад алга болгосон учраас энэ хүний нэр дээр данс нээлгэж мөнгөө хадгалуулсан. Картаа л алга болгосон бол тэр дансанд байгаа мөнгийг авч болдоггүй юм. 2008 оны 09 дүгээр сарын 10-нд хадгаламжийн дэвтэрээ нээлгээд 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ашигласан байдаг. Бид хоёр 2009 оны 07 дугаар сарын 10-нд Монголд ирсэн. Энэ дэвтэрийг ирэн иртэлээ ашиглаж байсан. Тухайн хадгаламжийн дэвтэрт 2008 оны 09 дүгээр сарын 16-нд 1.700 вон, 2008 оны 10 дугаар сарын 20-нд 2.800.000 вон, 2008 оны 11 дүгээр сарын 20-нд 2 800.000 вон, 2008 оны 12 дугаар сарын 27-нд 197.600 вон, 2009 оны 01 дүгээр сарын 15-нд 228.000 вон, 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2.900.000 вон, 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2.900.000 вон, 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 45.000 вон, 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 50.000 вон буюу нийтдээ 14.416.000 вонын орлого орж энэ орлого эргээд зарлагаар гарсан байдаг юм. Хавтаст хэрэгт авагдсан 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр авсан цалин буюу 2.900.000 вон энэ данс руу нэмэгдэж орсон байдгийг цалингийн цэс нотлож байна. Дээрх дурьдагдсан мөнгөнүүд бол Т.Очирсүрэн бид хоёрын ажил хийж хөдөлмөрлөж олсон цалин юм. 2009 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 301.300, 301.300, 701.000 гурван удаа зарлага гарсан байдаг. Бид энэ мөнгийг авч угаалгын машин, хөргөгч хоёрыг авч Монгол руу явуулсан. Үүнийг 5 дугаар хавтаст хэрэгт байгаа Мон тээврийн каргоны баримтууд болон цахилгаан бараа авсан зарлагын баримтуудаар нотлогдож байгаа юм. Мөн 2009 оны 07 дугаар сарын 04-ны өдөр зурагт болон компьютерыг 10.201.000 вон зарлагдаж авсан байдаг ба үүнийг каргоор явуулсан он сартайгаа нийлж байдаг. Мөн 5 дугаар хавтаст хэрэгт эдгээрийг явуулсан “Хамаг монгол” гэх каргоны баримтуудыг хавсаргасан байгаа. Солонгосоос явуулдаг байсан цахилгаан барааг Т.Найдан хүлээж авдаг байсан. Үүнийгээ бол өөрийн мэдүүлэг болон бараа хүлээж авсан каргоны баримтаар нотлож байна. Бид хоёр бүх эд хөрөнгөө үнэлүүлэхэд 22.745.000 төгрөг болсон. 2 дугаар хавтаст хэрэгт байгаа илгээмжийн баримтаар Т.Очирсүрэнгийн зөвхөн над руу явуулж байсан бараа болох  найман нэр төрлийн бараа байдаг. Т.Очирсүрэн бид хоёрын дундын нийт хөрөнгө болох 22.745.000 төгрөгнөөс хүүхэд бид хоёрын хувь буюу 15.163.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ Т.Очирсүрэн гэдэг хүнээс гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Энэ хэрэг 2013 оноос өнөөдрийг хүртэл бүтэн 3 жил үргэлжилж байна. Тухайн хэрэг юунаас болж өнөөдрийг хүртэл үргэлжлээд байна бэ гэвэл хариуцагч талаас энэ хэргийг хот руу шилжүүлж өгөөч энэ хэрэг бол хотын харъяалалд шийдэх хэрэг байна гэж явсаар дээд шүүх хүрч дээд шүүхээс Хархорины шүүхэд шийдэх хэрэг гэж ирж байсан. Байранд байсан эд хөрөнгийг надад огт хэлэлгүйгээр зөөсний улмаас надад маш их хохирол учирсан. Би бага ангийн багш мэргэжилтэй. Тэр үед 5 жил ажиллаад Солонгос улс руу гэрээгээр явсан. Буцаж ирээд ажлаа хийх бүрэн дүүрэн боломж байсан боловч гэрт байсан эд хөрөнгийг зөөсний улмаас миний диплом алга болсон. Үүнийг олж өгөхийг Т.Найдан Т.Очирсүрэн нарт тавьж байсан боловч миний энэ шаардлагыг үл ойшоож чи явдаг газраараа яваад энэ эд зүйлсээ олоод ав гэж хэлж байсан. Тэр хугацаанд надад ажил хийх ямар ч боломж байгаагүй. Би 6 сартай хүүхэдтэйгээ гудамжинд гарч байсан. Сэтгэл санааны хохирол маш их амссан. 3 жил гаран ажилгүй байсан ба 2 дугаар хавтас хэрэг дээр Орхон цогцолбор сургуулийн тодорхойлолт, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа багшийн коллеж төгссөн нь үнэн болно гэх тодорхойлолт, дипломны хуулбар, багшлах эрхийн үнэмлэхний хуулбар, мөн 2010 оноос 2013 он хүртэл огт нэмэгдэлгүйгээр ажилласан бол хэдэн төгрөгний цалин авах байсан бэ гэдгийг бодож гаргасан байгаа. Өмнө нь ажил хийж байсныг гэрчлэх нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарыг нотариатаар батлуулж өгсөн байгаа. Мөн 3 дугаар хавтаст хэрэгт Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны 2013 оны 12 дугаар сарын 23-ны 2/7623 тоот багшлах эрхтэй байсан гэдэг нь тогтоогдсон баримт зэргийг хавсаргаж өгсөн. Эдгээр баримтууд нь намайг урьд нь ажил хийж  байсан. Хэрвээ ажиллаж байсан бол мөнгө олох байсан байна гэдгийг нотлож байгаа юм. Хугацаанд дахь мөнгө буюу нэмэгдэлгүйгээр ажиллаж байсан бол 12.939.981.000 төгрөг болсон яагаад энэ хооронд ажил хийгээгүй юм бэ гэвэл миний бичиг баримт алга болсонд байгаа юм.  Ингээд би 2015 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багшийн коллеж төгссөн нь үнэн гэсэн тодорхойлолтыг олж авсан мөн архиваар шүүлгэж дүнгийнхээ хуулбаруудыг олж авсанаар багшлах эрхийн шалгалтанд орж 2015 оноос багшийнхаа ажлын хийж байна. Миний бичиг баримт алга болоогүй бол би зүгээр ажлаа хийгээд хүүхдээ хүний зэрэгтээ аваад явах байсан гэж зайлшгүй дурьдах нь зөв байх гэж бодож байна. Хэрэг өдийг хүртэл удааширсан явдал бол хариуцагч талаас болж байсан. Шүүх хурал зарлахаар л энэ хэрэг хотын харъяалалд шийдэх хэрэг байна гэж дандаа хүсэлт гаргаж байдаг байсан. Үнэн хэрэг дээрээ Т.Очирсүрэнгийн хаяг нь хотод байгаа боловч Хархорин сумын “Шанх” багт оршин суугаад өчнөөн олон жил болсон байдаг. Нэг талаасаа хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулах, нөгөө талаасаа  намайг үнэхээр их хохироож энэ хоёрын хооронд маш их зардал мөнгө гаргуулж байсан. Ингээд би энэ зардалд хэдэн төгрөг гаргасан бэ гэж тооцож үзэхэд 8.924.000 төгрөг гарсан байдаг. Би энэ бүх зарлагын баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ гарсан зардлыг би гэм хорын хохирол гэж үзэж байна. Яагаад гэвэл хэргийг шийдвэрлэх гэхээр нь шилжүүлэх хүсэлт өгдөг. Эцсийн үр дүндээ дээд шүүхээс Хархорины шүүхэд шийдвэрлэх хэрэг гээд ирсэн. 2010 оноос 6 жилийн хугацаанд сэтгэл санааны хохирол маш их амссан. Үүнийг шүүхээс тогтоож өгөөч гэж хүсэж байна. Иймээс сэтгэл санааны хохирол болон гэм хорын хохирол болох нийт 52.950.281 төгрөгийг хариуцагч Т.Найдан, Т.Очирсүрэн нараас гаргуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ.

Хариуцагч Т.Очирсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбараас харахад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж байна уу энэ хүрээнд энэ асуудал явахгүй дур зоргийн шинжтэй асуудал болчихсон учраас энэ талаар тайлбар хэлье. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т маш тодорхой заасан. Тийм ч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заагаад өгсөн. Гэтэл шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь ямар нэгэн байдлаар маргаан үүсгэсэнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа 2, 3 удаа нэмэгдүүлсэн байгаа. Энд дурьдсан нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нь өөр байхгүй зүйлийг гаргаж байна. Нэгдүгээрт нэхэмжлэлд гаргаагүй шаардлага ярьж байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаа  багасгасан, өөрчилсөн эсэх нь ойлгомжгүй байна. Энэ нь Т.Очирсүрэнтэй холбоотой. Т.Очирсүрэнгээс дундын эд хөрөнгийн өөрт болон хүүхдэд ногдох үнэ болох 15.163.000 төгрөг гаргуулна гэдгийг дөнгөж сая шүүх хуралдаан дээр сонслоо. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлд 21.497.000 төгрөгийг Т.Очирсүрэн, Т.Найдан нараас гаргуулж өгөөч гэсэн. Энэ нь байр засахад зарцуулсан 3.500.000 төгрөг, шилжүүлсэн 13.000 ам доллар, хохирлын 2.800.000 төгрөг зэргийг нэмээд 21.497.000 төгрөгийг анх нэхэмжилсэн. 2013 оны 08 дугаар сарын 13-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж хүсэлт гаргаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж ойлгосон. Энэ нэхэмжлэлд нь хх-269 дүгээр хуудас иргэн би өөрт ногдох хувийг нэхэмжилж байна. Алга болсон эд хөрөнгийг одоо хэрэглэх боломжгүй болсон мөнгөн дүнгээр нь гаргуулах хүсэлтэй байгаа тул миний хувийн хэрэглээний зүйлийг тэр чигээр нь гаргуулж өгнө үү гэсэн байна. Энэ нэхэмжлэлээс өөр зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжилж байгаа  15.163.000 төгрөг ийм ийм байна гээд гаргаж ирэх ёстой. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байх ёстой. Нэхэж байгаа зүйл нь тодорхойгүй хөрөнгө гаргуулна гэсэн байгааг нь шүүх өнөөдөр тааж шийдэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т зааснаар нэхэмжлэгч юу нэхэмжилнэ тэр тодорхой байх гэсэн зарчим байгаа. 15.163.000 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэл хэрэгт байхгүй.  Хэрэгт 22.745.000 төгрөг гэж байгаа. Гэтэл энэ нь нэхэмжлэгчийн хүсэлтээр энэ хөрөнгө байгаа гэх контениорийг Хархорин сумын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн. Өнөөдрийн байдлаар хөрөнгөд юу юу байгаа юу нь алга болсон юм гэдэг зүйл байхгүй. Тэгсэн байж өнөөдөр алга болсон үнийг нь гаргуулна гэсэн зүйл яриад байна. Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нарын хооронд мөнгөн хөрөнгө байхгүй. Талуудын хооронд ямар хөрөнгө байна тэр хөрөнгийг л хуваах асуудал ярина уу гэхээс байхгүй мөнгөн хөрөнгийн тухай асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар хэрэгт тэр нь дутсан гэсэн асуудал байхгүй. Харин албан ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн хөрөнгийг  битүүмжилж зогсоосон. Хөрөнгө байхгүй болсон гээд үнийг нь гаргуулна гэдэг бол үндэслэлгүй. Талуудын хооронд мөнгөн хөрөнгө байхгүй байхад яагаад мөнгөн хөрөнгө гаргуулах гээд байгаа юм. 15.163.000 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийг дараагийн тайлбараараа хэргээс олж өгөхийг хүсэж байна. Гаргасан байлаа ч гэсэн үнийн дүнгээр нь нэхэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжилж байгаа зүйлээ тодорхой болго. 15.163.000 төгрөг гаргуулах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хүний хувийн зүйлийг авчихаад өгөхгүй байна гэдэг бол энэ нь Монгол Улсын эрүүгийн хуулиар заасан тусдаа гэмт хэрэг. Г.Түмэн-Өлзийгийн бичиг баримтыг Т.Найдан ч юм уу Т.Очирсүрэн авсан гэдгийг иргэний журмаар тогтоох боломжгүй. Гэм хор гэдэг бол гэм хор учруулагчаас шууд шалтгаантай. Гэтэл ямар нэгэн байдлаар диплом, бичиг баримтыг авсан гэдэг асуудал байхгүй. Авсан байлаа ч гэсэн ажил хөдөлмөр эрхлэх эрх нь Г.Түмэн-Өлзийд байгаа. Г.Түмэн-Өлзий дипломоо ахиад аваад ажиллах боломжтой. Ажил хийх эсэх нь зөвхөн тухайн хүний асуудал. Өнөөдөр дипломоо аваад ажиллаж байгаа гэнэ. 2012 онд ч гэсэн аваад ажиллах боломжтой байсан. Энэ нь үндэслэлгүй юм. Иргэний шүүхээр тогтоолгох гэж байгаа бол нотлох баримт байх ёстой. Гэтэл авсан өгсөн баримт нэг ширхэг ч байхгүй байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг үндэслэж нотлох ёстой байгаа. Яагаад албан ёсоор ийм хууль зүйн үндэслэл байна гэж нотолж ярихгүй бөөнд нь яриад байгаа юм. Ийм үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Шүүхээс үүний чигийг нь тодруулж явуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Т.Найдангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгийн тайлбарыг сонслоо. Маргааны гол зүйл нь талууд хоорондоо 2006 оноос 2010 оны хооронд хамтын амьдралтай байсан. Тухайн үед Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байхдаа орон сууц худалдаж аваад Т.Найдан руу мөнгө шилжүүлж байсан гэдэг зүйлийг ярьж байна. Т.Найдан гэдэг хүн төрсөн дүү болох Т.Очирсүрэнг Солонгос улс руу гэрээгээр явахад нь тухайн үед хоорондоо тохиролцоод хэд хэдэн хэлцэл хийсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Т.Очирсүрэн гадагшаа явахдаа Т.Найдангаас 7.000.000 төгрөгийг зээлсэн байдаг. Т.Найдан Т.Очирсүрэнгээс мөнгө аваагүй гэж үгүйсгээгүй. Т.Найдан нийтдээ 33.107.000 төгрөгийг авсан. Эргээд Монголд ирэхэд нь Т.Очирсүрэнгийн Голомт банкны харилцах дансанд 12.800.000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа. Орон сууцны маргаантай асуудал бол аль түрүүнд нь Г.Түмэн-Өлзийг Солонгос явахаас нь өмнө Т.Очирсүрэнгийн өмчлөлд шилжсэн. Амлалт өгсөн зүйл байхгүй гэдгийг өөрсдөө ч хэлсэн. Шүүхийн шатанд ч тогтоосон. Мөн Г.Түмэн-Өлзий прокурорын газар гомдол гаргасан байгаа. Үүний дагуу прокурорын газраас Т.Найданг шалгаж үзсэн. Прокурор Т.Найданг Г.Түмэн-Өлзийгийн эд хөрөнгийг авсан байна гэдэг нь тогтоогдохгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол өнөөдөр ч гэсэн хууль зүйн хүчинтэй байна. Дээрээс нь нэхэмжлэгч мөнгө төгрөг явуулсан гэсэн. Хаана ч гүйлгээ хийхэд банк эх хувиа өөрөө авч үлддэг. Үйлчлүүлэгчид хуулбар очдог. Яагаад тэр баримт дээр засвар оруулсан юм. Мөн хуулбар олгогддог байхад эх баримт юм шиг баримтууд авагдсан байгаа. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Т.Найдан гэдэг хүн Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нарын хооронд болж байсан гэр бүлийн хоорондын яриа зэргийг мэдэхгүй хөндлөнгийн хүн. Монголд ирсэнийх нь дараа энэ 2 хүнийг үр хүүхэдтэй болж гэр бүл болох нь гэдгийг мэдэхээс биш хэн нь хэдэн төгрөг өгсөн юм гэдгийг мэдэхгүй. Мэдээж гадаад руу явсан хүн ажил хийхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Г.Түмэн-Өлзий тодорхой хэмжээнд орлого олж байсан байх. Т.Найдан ямар нэгэн байдлаар үүрэг амлалт өгсөн зүйл байхгүй. Хэрвээ тэр орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон бол нэхэмжлэгчийн зүгээс Т.Найдантай хэлцэл хийх бүрэн боломжтой байсан. Хэлцэл хийсэн баримт огт байхгүй. Зүгээр л аман байдлаар ярьж байгаа болохоос биш Т.Найдан би та нарт хэдэн төгрөгөөр худалдая миний дансанд тэдэн төгрөг шилжүүл гэсэн баримт байхгүй. Зүгээр л тойм байдлаар энд тэндээс хэдэн баримт бүрдүүлээд хавсаргасан байна. Мөн орон сууцанд хэдэн төгрөгөөр засвар хийсэн бэ гэдэг нь хавтаст хэрэгт тусгагдаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн Аудитын дүгнэлт гарсан. Дээрээс нь ах дүү нарын хооронд  нэг нь гэр бүлтэй болох гэж байхад илүү орон сууцандаа амьдар гэж хэн ч гэсэн хэлнэ. Тухайн хүнээс түрээс төлбөр авах зориг байхгүй байх гэж бодож байна. Иймдээ ч талуудын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулсан. Т.Найдангаас байранд засвар хийх талаар зөвшөөрөл аваагүй. Өөрсдийнхөө ая тухыг бодож засварыг хийсэн гэж Т.Найдан үзсэн болохоос биш Т.Найдангийн байрны чанар үнэлэмжийг дээшлүүлэх гэж хийсэн засвар гэж үзэхгүй байна...” гэжээ.

Хариуцагч Т.Найдангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын, 1 дүгээр байрны 103 тоот 2 өрөө байр байгаа. Тухайн үед Т.Найдангийн ярианаас үзэхэд Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нар нь гэр бүлийн хоорондын харилцаанаас болж маргаж Г.Түмэн-Өлзий ээж, аавынх руугаа явсан. Хариуцагч Т.Найдангийн зүгээс тухайн байранд хүн амьдрахгүй юм байна гэсэн шалтгаанаар байраа түрээслэх боломжтой юм байна мөнгө олох боломжтой гэж үзээд Элбэгзаяа гэж хүнтэй орон сууц түрээслэх гэрээ байгуулаад түрээслүүлсэн. Гэтэл Г.Түмэн-Өлзий түрээслэгчийг хөөж гарган, элдэв үгээр дайран байсан тавилгыг нь гаргаж хаян, нөгөө засвар хийсэн байранд өс хонзонгийн сэдэлтээр хандсан юм уу бүх сангийн шугам, цахилгааны разетик зэрэг бүгдийг нь устгаж гэмтээсэн. Дээрээс нь нөгөө орон сууцанд хүнд, хөнгөнөөр бие зассан, орон сууцыг элдвийн үнэртэй болгосон, бүх обойг нь хуулж хаясан. Ийм байдлаар өмчлөгчийн эд хөрөнгөд бодит хохирол учруулсан. 5.550.000 төгрөг бол тухайн орон сууцыг засварлахад зарцуулсан засварын мөнгө. 5.000.000 төгрөг бол цахилгааны шугам зэргийг засварлахад гарсан. Хохирогчид нийт 10.550.000 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгөөс 10.550.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Т.Найдан нь нэхэмжлэл гаргахдаа 2011 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 12 хороо 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 103 тоотод миний өмчлөлийн байранд хэсэг бүлэг хүмүүс дайран орж уг байрыг түрээслэж байсан Элбэгзаяа болон түүний гэр бүлийг хөөн гаргаад тухайн байрны эд хогшилыг эвдээд өс хонзонгийн зүйлээр ийм зүйл хийсэн гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Үнэхээр ийм зүйл болсон бол энэ үйлдэл нь өөрөө иргэний хэрэг биш эрүүгийн хэрэг болоод өнөөдөр би хэрэгтэн болсон байх байсан болов уу. Энэ байрыг Элбэгзаяа гэдэг хүн ч түрээслээгүй юм байна лээ. Энэ нь 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан Элбэгзаяагийн тайлбараар нотлогдож байна. Энэ тайлбарт юу гэж байна вэ гэвэл манай дүү Т.Найдантай гэрээ хийж байрыг нь хөлслөж байсан болохоос би тэр байрыг хөлсөөгүй. Т.Найдан гэдэг хүнийг таних ч үгүй гэсэн байдаг. Г.Түмэн-Өлзий намайг онц их хэмжээний хохиролтой хэрэгт гүтгээд нэр төрд халдаж байгааг үндэслэн хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлж Г.Түмэн-Өлзийгийн албан ёсны хаягаар нь гомдол гаргана гэсэн боловч тэр гомдолоо гаргаагүй байгаа. Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан иргэний хэргийн магадлалаар дээрхи байрыг эвдэж сүйтгэсэн зардалд гарсан зардлыг хариуцагч Г.Түмэн-Өлзий хариуцах үндэслэлгүй буюу 2011 оны 03 дугаар сараас уг байранд амьдраагүй болох нь тогтоогдсон байна. Ингээд иргэний хэргийн магадлалаар амьдраагүй болох нь тогтоогдож байхад хүнийг үндэслэлгүйгээр ингэж дайрч болохгүй гэж бодож байна. Надад бас гэр бүлийн хүмүүжил байна. Өөрийнхөө мөнгөөр засвар хийгээд амьдарч байсан байрандаа дайран орж юу гэж тэр обой, монтаж эдгээрийг эвдэж сүйтгэх юм. Дээрхи магадлалаар амьдраагүй болох нь тогтоогдож байхад хүнийг хууль шүүхийн өмнө ингэж дайрч гүтгэж байгаа учир энэ сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь шүүх хуралдаанд хариуцагч Т.Найдангаас Солонгос улсаас явуулсан мөнгөний тал болох 12.423.300 төгрөг, байрны засвар 3.500.000 төгрөг, ажилгүй байсан хугаацааны цалин болон сэтгэл санааны хохирол  нийт 10.901.700 төгрөг, нийт 26.825.000 төгрөг, хариуцагч Т.Очирсүрэнгээс дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг болох 15.163.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны гэм хор 10.901.000 төгрөг, нийт 26.064.000 төгрөгийг тус тус гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Шүүх нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь хариуцагч Т.Очирсүрэнтэй хамт Солонгос улсад амьдарч ажиллаж байхдаа Т.Найдангаас орон сууц худалдан авч Г.Түмэн-Өлзий, Т.Очирсүрэн нар нь байрны мөнгийг Т.Найдан руу шилжүүлсэн бөгөөд ийнхүү Т.Очирсүрэн бид хоёрын хөдөлмөрлөж олсон дундын эд хөрөнгө учраас би 13.000.000 төгрөгийг Т.Найдангаас нэхэмжилнэ” гэж нэхэмжилжээ.

Хариуцагч Т.Очирсүрэн, нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нар нь 2006 оноос 2010 онд Солонгос улсад хамтран амьдарч ажиллаж байсан талаар маргаагүй.   

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий, Т.Найдан нар нь Т.Найдан руу 2007.07.24-нд 2.000$, 2007.05.24-нд 1.030$, 2007.06.23-нд 2.000$, 2007.03.24-нд 1.000$, 2007.04.21-нд 1.000$, 2007.02.24-нд 1.000$, 2007.08.28-нд 1.000$ /5-р хавтас 1051-1057х/ шилжүүлж байсан гэх ба мөн 5 дугаар хавтаст хэргийн 1151-1153 дугаарт хуудсанд авагдсан “Найданд шилжүүлсэн мөнгө” гэж тэмдэглэлтэй дэвтэр, “шинээр шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 хуудас орчуулгын баримт” зэрэг нь Найданд мөнгө шилжүүлснийг нотолсон баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхи баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй. Шүүх уг баримтуудыг хөдлөшгүй, туйлын үнэн баримт гэж үзэх боломжгүй. Иймд энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь байранд засвар хийсний төлбөрт 3.500.000 төгрөг гаргуулахаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Ай Жэй Эй Эйч” Аудитын ХХК-ийн гаргасан 187/А дугаартай Аудитын дүгнэлтээр уг баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байна гэсэн тул мөн л хуулийн шаардлага хангаагүй баримт гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь Т.Очирсүрэнтэй хамтран гэртээ эд хөрөнгө авсан үүнээс өөрт ногдох хэсэг болох 15.163.000 төгрөгийг хариуцагч Т.Очирсүрэнгээс нэхэмжилдэг. Г.Түмэн-Өлзий Т.Очирсүрэн нар нь өөрсдийн эзэмшилд 56 нэр төрлийн 22.917.800 төгрөгийн эд хөрөнгө байгаа гэж тодорхойлж гарын үсэг зурсан байдаг ч дээрхи 56 нэр төрлийн эд зүйлсийн хувьд мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн ямар нэгэн үнэлгээ гаргуулаагүй тул энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар хариуцагч Т.Найдан, Т.Очирсүрэн нараас гэм хорын хохирол 21.863.981 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаараа хангалттай нотолж чадаагүй тул мөн хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Т.Найдан нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгээс 2011 ны 03 сард байрны обойг урж, дотор нь хүнд хөнгөнөөр бие засаж, хүүхдийн живх овоолж, тэнд байсан эд хогшлыг эвдсэнээс болж уг байрыг зайлшгүй засварласан 10.550.000 төгрөгийн хохирлыг гаргуулах сөрөг шаардлага гаргасан.

Г.Түмэн-Өлзий нь 2011 оны 03 сард Т.Найдангийн өмчлөлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1-р хороолол, 1-р байрны 103 тоот байрны эд хогшлыг хэрхэн эвдэж хохирол учруулсныг хариуцагч Т.Найдан нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгөөс 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 534/480 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 112.934 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 337.238 төгрөг, нийт 450.172 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 487 дугаар зүйлийн 487.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Найдангаас 26.825.000 төгрөг, Т.Очирсүрэнгээс 26.064.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгөөс 10.550.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Найдангийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 265.435 төгрөгийг Т.Найдангаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 183.750 төгрөгийг тус тус тус улсын орлогод үлдээж, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 534/480 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 112.934 төгрөг 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 670 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан 337.238 төгрөг нийт 450.172 төгрөгийг нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                             ДАРГАЛАГЧ                            Ц.ДАГИЙМАА                            

                       ШҮҮГЧИД                            Б.САРАНТУЯА

                                                                                 Г.ЭНХ-АМГАЛАН