| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0912/Э |
| Дугаар | 921 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 921
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-ид холбогдох эрүүгийн 1908 03188 1237 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн-баян суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ундрах Тауэр” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо ...... тоотод оршин суух, урьд,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 6 сарын 24-ны өдрийн №331 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 05 сарын 10-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 5 сарын 07-ны өдрийн №38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 06 сарын 17-ний өдрийн шүүгчийн захирамжаар 3 сар 24 хоногийн өмнө хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 5 сарын 13-ны өдрийн №543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 1 сарын 26-ны өдрийн №107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн,
Ж овгийн Н-н Н.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын баруун талд байрлах “Ногоон төгөл” байрны 142 тоотод иргэн П.Т-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч П.Т-ын мэдүүлэг /19-20/, гэрч А.Сергей мэдүүлэг /хх26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 6788 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх35/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зураг /хх5-6/, Н.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх54/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Н.Н-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1.Хохирогч П.Т-ын “...Бид хоёр аль аль нь нилээн согтсон байсан болохоор цугтаа нэг оронд орцгоогоод унтах гэж байтал Н ах намайг оролдож байгаад миний нүүрлүү гараараа цохьчихсон. Тэгээд миний уур хүрээд больё гэхэд болихгүй болохоор нь би гараад хажуу айлын хүмүүстэй хэлсэн. Миний нүүрнээс цус гараад босох гэтэл намайг босгохгүй гээд миний дотуур хувцаснаас татаад урчихсан…” мэдүүлэг /хх19-20/
2. Гэрч А.Сергей “…Тэгээд гэрийн хаалга Мядагаа нээгээд хаалгаар цаашаа шагайсан тэгтэл нэг эмэгтэй авраарай туслаарай гээд байсан ба бид нар гэрээс гараад коридорт гарсан чинь нэг эмэгтэй дээгүүрээ цус болсон цагаан өнгийн подволктой ба нүүр нил цус болсон ба доогуураа шалдан дотуур хувцсыг нь урсан байсан.Тэгээд бид тэр эмэгтэйгийн гарч ирсэн өрөө лүү ороход нэг согтуу хөгшин ах өмдөө өмсөж байсан...” гэх мэдүүлэг /хх26/
3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6788 дугаартай “...П.Т-ын биед духны цэгчилсэн цус харвалт, хүзүү, зүүн тохойны зулгаралт, доод уруул, баруун хөх, баруун, зүүн шууны цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... . Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх35/
4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зураг /хх5-6/
5. Н.Н-ийн “... Харин бид хоёрын хэн хэн согтсон байсан учраас ойлголцоогүй ноцолдож байхдаа дух руу нь санаандгүй цохиж хамараас цус гаргасан...” гэх мэдүүлэг /хх48/
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Н.Н-.
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын баруун талд байрлах “Ногоон төгөл” байрны 142 тоотод иргэн П.Т-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.Т-, гэрч А.Сергей нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н-ийн гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.Т-ын эрүүл мэндэд “...духны цэгчилсэн цус харвалт, хүзүү, зүүн тохойны зулгаралт, доод уруул, баруун хөх, баруун, зүүн шууны цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6788 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг даавууг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг даавууг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР