Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0372

 

 

 

“С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дүгээр шийдвэртэй, “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан С б ХХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С б ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“С б” ХХК нь Нийслэлийн засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 тоот захирамжаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн баруун урд хэсэгт спорт цогцолборын барилгын зориулалтаар 0.24 га газрыг эзэмшиж, 0229309 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан юм. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/955 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарч, уг захирамжид Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, "С б" ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул 0229309 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:

Уг газрын доор бохир усны шугам, дулааны шугам, цахилгааны шугам, холбооны шугам гэх зэрэг маш их шугамууд байсан бөгөөд тэдгээрийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, нэг бүрчлэн зөөх шаардлага үүсэж байсан юм. Мөн газар дээрээ хур хогтой, зөвшөөрөлгүйгээр контейнеруудыг байршуулсан, хоёрдогч түүхий эд авах цэг байсан бөгөөд түүнийг нүүлгэн шилжүүлэх, эздүүдийг нь олж тогтоох зэрэг хүндрэлтэй ажлууд эхэлсэн юм.

Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/198 тоот “ Шинээр барилгын ажил эхлүүлэхгүй байх тухай” албан бичиг ирж, барилгын ажлыг эхлүүлэх ямар ч боломж нөхцөл үүсээгүй.

“С б” ХХК нь 2010 онд газрын дуудлага худалдааны анхны үнэ 20.360.000 төгрөг, 2010-2015 оны газрын төлбөрт нийт 5.280.000 төгрөгийг цаг хугацаанд нь төлж байсан. Энэ нь Улаанбаатар хотын банкны 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4-6/1283 дугаартай тодорхойлолт болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01-09/1346 дугаартай албан бичгээр нотлогдох бөгөөд “С б” ХХК нь газар эзэмших гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2013.06.27-ны өдөр 123 тоот, 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 128 тоот, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014.01.09-ний өдөр 144 тоот, 2014.08.11-ний өдөр 145 тоот, 2014.11.24-ний өдөр 149 тоот, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 152 тоот барилгын ажил болон газар доорх байгууламжийг зөөх шилжүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Өмчийн харилцааны газрын 2015 оны 06 сарын 12-ны өдрийн 5/3715 дугаартай “Газрын тухай” гэх хариу албан бичигт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр танай газар эзэмших хугацааг сунгахгүй байх бүрэн үндэстэй болно, иймд танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ба газар эзэмших эрх үүгээр дуусгавар болсныг мэдэгдэж байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсанаар “С б” ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болбол одоо хийгдэж байгаа усны байгууламжийг шинэчлэх ажлын зардлыг гаргуулах шаардлага үүсэж байгаа юм. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг газрыг зориулалтын дагуу цаг хугацаанд нь ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

“С б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрх зөрчигдсөн тухайд бус Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/955 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх дүгнэхдээ хариуцагчийн нотлох баримтгүй, үндэслэлгүй тайлбараар шийдвэр гаргасан гэж үзэж байна.

“С б” ХХК нь 2010 онд газрын дуудлага худалдааны анхны үнэ 20.360.000 төгрөг, 2010-2015 оны газрын төлбөрт нийт 5.280.000 төгрөгийг цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд газар эзэмших гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн байхад шүүх шийдвэртээ “Нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй байх хугацаандаа газрын төлбөрөө бүрэн төлөөгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

Мөн шийдвэрийн 5 дугаар хуудсанд “Тус хуулийн этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын иргэний 100 хувь хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болж өөрчлөгдсөн болон 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оноосон нэрээ “С б” болгон өөрчилсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдов” гэсэн мөртлөө шийдвэрийн 8 дугаар хуудсанд “Нэхэмжлэгчээс үерийн усны тунгаагуурын шинэчлэлтийн ажлын зургийг зөвшилцсөн, эрх бүхий этгээдүүд зөвшөөрч гарын үсэг зурсан, түүнчлэн одоо тус компани нь Монгол Улсын хуулийн этгээд болсон хэмээн тайлбарлан маргах боловч эдгээр нь маргаан бүхий актууд гарснаас хойших цаг хугацаанд бий болсон үйл баримтууд байх шинээр газар эзэмших эрх хүсэх үндэслэл болж болохоос хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон шийдвэрүүдийг үгүйсгэх үндэслэл биш юм” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд “С б” ХХК нь уг газрын доорх байгууламжийн асуудлаар 2019 онд Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Геодези, усны барилга байгууламжийн газартай зөвшилцөн компанийн хөрөнгөөр усны байгууламжийг орчин үеийн шинэчилсэн технологиор хийж гүйцэтгэхээр ажлын зураг хийлгэж, нийт 495.832.128 төгрөгийн төсөвтэйгөөр эрх бүхий байгууллагуудаар батлуулан тухайн ажлыг гүйцэтгэж байна. Одоогоор тухайн газар доорх бохир усны шугам, дулааны шугам, цахилгааны шугам, холбооны шугамуудыг бүрэн зөөж шилжүүлсэн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 сарын 15-ны өдрийн 259 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

          Анх “С б” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг[1] Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “С б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” гэж өөрчилжээ[2].

          Нэхэмжлэгч “С б” ХХК нь анх “Сити боулинг” нэртэй,   гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хэлбэрээр 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдаж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Монгол Улсын иргэний 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болж өөрчлөгдөн,  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оноосон нэрээ “С б” ХХК болгон өөрчилсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[3] тогтоогдсон.

          Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар захирамжийн[4] 3 дахь заалтаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучин нэршилээр/ болон “С б” ХХК-д “спорт цогцолборын зориулалтаар” Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургуулийн баруун талд байршуулан 0,24 га газрыг эзэмшүүлэхээр олгосон.

          Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжаар[5] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, “С б” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, “С б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

          1.Анхан шатны шүүхийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл тогтоогдсонгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарсан гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

          Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрх авч, гэрээ байгуулсан 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 жил дараалсан хугацаанд “спорт цогцолборын” зориулалтаар газраа ашиглаагүй гэдэг нь нэхэмжлэгч компаниас Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 123,  Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 06 дугаар сарын 10-ны 5/2869, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 5/4547 албан бичгүүдээр тогтоогдсон. 

          Газраа 2 жил дараалан ашиглаагүй нь нэхэмжлэгчээс хамаарсан гэж үзэхгүй гэх үндэслэлд хамааруулсан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/198 дугаар албан бичиг, уг газарт байршсан зөвшөөрөлгүй контейнер, хоёрдогч түүхий эд авах цэгийг нүүлгэсэн, газрын доор байрлаж байсан бохир усны болоод бусад шугам сүлжээг шилжүүлсэн, тухайн газарт байрлах үерийн усны тунгаагуурын байгууламжийн шинэчлэлтийн ажлын зургийг боловсруулж, эрх бүхий этгээдтэй зөвшилцсөн” гэсэн үндэслэл, баримтууд нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жил өнгөрсний дараа явуулсан үйл ажиллагаа гэдэг нь  хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогдож байна.

          Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий А/955 дугаар актыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий актыг хууль бус гэж үзэхээргүй байна.

          2.Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрт 264,000 төгрөгийг улирал бүр Нийслэлийн газрын албаны Улаанбаатар банкны 2611009722 дансанд төлж байхаар тохиролцож[7], үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар эзэмших эрхтэй байсан 5 жилийн газрын төлбөр болох 5,280,000 төгрөгийг 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн гэдэг нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01-09/1346 дугаар албан бичиг[8], Улаанбаатар банкны 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 4-б/1283 дугаар албан бичгээр[9] тогтоогдож байна.

          Гэтэл маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. 

          Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 31,680,000 төгрөг төлөхөөс 20,360,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 11,320,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэдэг нь дээр дурдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 01-09/1346 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

          Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжийг дараахь байдлаар тооцож тодорхойлно: 1/ бэлчээрийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг уг бэлчээрийн нэгж талбайн суурь үнэлгээний хувиар хонин толгойд шилжүүлсэн малын толгой тутамд; 2/ Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан зам, шугам сүлжээний газрын километр тутмаас; 3/ энэ хэсгийн 1, 2-т зааснаас бусад газрын төлбөрийг нэг га газрын суурь үнэлгээний хувиар”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно.” гэж, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна.”, 36 дугаар зүйлийн 36.2-д “Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна.” гэж тус тус заасан. 

          Эдгээр хуулийн заалтаас үзэхэд газрын төлбөр нь дуудлага худалдааны анхны үнэд хамаарахгүй бөгөөд маргаан бүхий актын үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байтал анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нийслэлийн газрын албаны 2010 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн нэхэмжлэхээр ... 63,360,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад ...Сумён би ХХК нь 20,360,000 төгрөгийг төлсөн талаарх баримт газар баталгаажилтын хувийн хэрэгт авагджээ...Энэ тохиолдолд маргаан бүхий актыг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр гаргасныг буруутгах боломжгүй юм.” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. 

          3.Нийслэлийн Засаг даргын 2010 оны 333 дугаар захирамжаар гадаадын хөрөнгө оруулалттай “С б” ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан нь Газрын тухай 6 дугаар зүйлийн 6.3-д “..., гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ... тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын ...аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

          Иймээс   гадаад хөрөнгө оруулалттай “С б” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь анхнаасаа Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон маргаан бүхий актыг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

          4.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт.” гэж, 37.2-т “..., нийслэл, -ийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.” гэжээ.

          Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/3715 дугаар албан бичгээр[10] “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын ...албан бичгээр Ерөнхий төлөвлөгөөний газар ашиглалтын бүсчлэлээр олон нийт ажил хэргийн бүсэд багтсан. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, үерийн усны тунгаагуур, түүний аман дээр байрласан тул газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь ...үндэслэлээр танай газар эзэмших хугацааг сунгахгүй байх бүрэн үндэслэлтэй болно. Иймд танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ба газар эзэмших эрх үүгээр дуусгавар болсныг мэдэгдэж байна.” гэсэн  хариуг хүргүүлжээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс Нийслэлийн өмч харилцааны газрын албан бичгийг дээд шатны албан тушаалтан Нийслэлийн Засаг даргад хандсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хангасан эсэхтэй холбоотой нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” зэрэг тохиолдолд шүүгч нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзахаар байх тул “С б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч хуулийн этгээдээс маргаан бүхий татгалзлыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор шүүхэд 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, мөн газар эзэмших эрхийг сунгах эрхтэй Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх журмаар хандаагүй байхад энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр өөрчлөлт оруулав.

          Дүгнэхэд, маргаан бүхий А/955 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “С б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул холбогдох хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 259 дүгээр шийдвэр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 44 дүгээр зүйлийн 44.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С б” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дүгээр сарын 08-ны өдрийн А/955 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “С б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 5/3715 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.     

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 53 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 10-12, 116-118 дахь тал

[3] Хэргийн 2-р хавтас 123-124 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 132-133 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 181, 183, 184, 186, 241-247, 2-р хавтас 69-76, 108 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 208-209 дэх тал

[8] Хэргийн 2-р хавтас 66 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 18-20 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 187 дахь тал