| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2017/0322/Э |
| Дугаар | 824 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 216.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 824
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Дэлгэрмаа,
хохирогч С.Т-ийн өмгөөлөгч Б.Г,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 886 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.А-д холбогдох 1703 0000 10017 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Б-н А, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам ээжийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, бхн 2-27 дугаар байрны 20 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;
Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтийн замд “Тоёота Приус” загварын 40-92 УБП улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан болно.
Хэрэгт авагдсан зарим бичгийн баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн зэрэг нь мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэх хэргийг прокурорт буцаах хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Б.А-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар “яллагдагчаар татах тухай тогтоолд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”-д бүрэн тусгаагүй байсан Б.А-гийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусган, нэмэлт, өөрчлөлт оруулсныг шүүгч анхаарч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй байж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлгүй байна гэж үзлээ.
2. Б.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байхад шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэсэн атлаа нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан ямар журам зөрчигдсөн талаар шүүгчийн захирамжид тусгагдаагүй байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 886 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар “яллагдагчаар татах тухай тогтоолд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолоор “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол”-д бүрэн тусгаагүй байсан Б.А-гийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусган, нэмэлт, өөрчлөлт оруулсныг шүүгч анхаарч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй байж Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлгүй байна гэж үзлээ.
2. Б.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байхад шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн шаардлагад нийцээгүй байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэсэн атлаа нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан ямар журам зөрчигдсөн талаар шүүгчийн захирамжид тусгагдаагүй байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 886 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч С.Тийн өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх Б.А-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүгчийн захирамжид заасан заалт нь тодорхой бус, мөрдөн байцаалтад буцаахаар дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар хуулийн заалтыг зөрчсөн болохыг тодорхойлж дүгнээгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Б.А-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 886 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
Ш.БАТ-ЭРДЭНЭ