Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 63

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: К ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Оын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2502201701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч К ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: Тус компани нь иргэн Н.Сүхбаатарт И-баримт буюу тасалбар цаас олгоогүйн зөрчлөөр 1.500.000 төгрөгөөр торгуулсан. И-баримт хэвэлж өгөөгүй шалтгаан нь иргэн Н.Сүхбаатар манай компаниар гал тогооны тавилга захиалгаар хийлгэсэн. Гэтэл захиалгаар тохирсон үнийн дүн болох 3.330.000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусаагүй, 200.000 төгрөгийн үлдэгдэлтэй, захиалсан тавилгаа хийж дуусаагүй байсан тул и-баримт олгоогүй байсан юм. Өөрөөр бид и-баримт олгохгүй гэсэн зүйл байхгүй. Энэ асуудлаар бас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гал тогооны тавилгаа буцааж мөнгөө авахаар нэхэмжлэл гаргасан тус шүүхэд хянагдаж байгаа. Энэ хүн и-баримтаа авья ч гэж манай компаниас нэхээгүй, гал тогооны тавилга таалагдахгүй гээд л шүүхэд өгөөд яваад байгаа юм. Худалдан авалт хийгээд мөнгөө бүрэн төлөх нь иргэний үүрэг, манай компаниар Н.Сүхбаатар захиалгаар гал тогооны тавилга хийсэн, хийж дуусгаад мөнгөө төлөөд и-баримтын тасалбараа өгдөг. Эхлээд урьдчилгаа мөнгө өгөөд захиалга өгдөг. Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн татварын улсын байцаагч З.Оын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2502201701 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: К ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст иргэн Н.Сүхбаатараас “...захиалгаар гүйцэтгүүлсэн гал тогооны тавилгын урьдчилгаа 3,100,000 төгрөгийн төлбөрийн и-баримтыг олгоогүй, төлбөрийг шаардлага хангаагүй санхүүгийн баримт болон хувь хүний дансаар авсан...” гэх гомдол 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гарсныг шалгахад “К” ХХК нь захиалагчаас урьдчилгаа төлбөр 3,100,000 төгрөг авсан боловч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт татвар төлөгч нь Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пост терминал машин хэрэглэх үүрэгтэй хэмээн заасан үүргээ биелүүлээгүй нь дараах байдлаар тогтоогдсон.

1. Гомдол гаргагч буюу хохирогч Н.Сүхбаатарын “...2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр...урьдчилгаа 1,000,000 төгрөгийг тус компанийн дизайнер залууд бэлнээр, маргааш өдөр нь 730,000 төгрөгийг Голомт банкны хувь хүний дансруу нь шилжүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 10-нд ажил дууссан бөгөөд 1,600,000 төгрөгөөс 1,400,000 төгрөгийг өгсөн.....и-баримт авий гэхэд манайх и-баримт өгдөггүй, ганцхан та л асууж нэхэж байна гэсэн. Тэгэхээр нь энэ компанид пос терминал машин байхгүй гэж бодсон. 07 дугаар сарын 10-наас хойш нийт 80 гаруй хоногийн хугацаанд миний хохиролыг барагдуулаагүй тул би гомдол гаргасан” гэх мэдүүлгийн тэмдэглэл

2. Төлбөр хүлээн авсан захиалгын баримт дээр урьдчилгаа төлбөр төлсөн болон хүлээн авсан гэх тэмдэглэл, үлдэгдэл төлбөрийг Г.Пүрэвсүрэн гэх хувь хүний эзэмшдэг дансаар төлөх хэмээн тэмдэглэсний дагуу дансанд төлөгдсөн банкны орлогын баримт,

3. Холбогдогч “К” ХХК-ийн төлөөлөгч буюу нягтлан бодогч Н.Дарьдуламын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “яагаад сугалаатай баримт өгөөгүй вэ? гэсэн асуултанд Н.Дарьдуламын “Би өөрөө л өгөөгүй, шалтгаан нь тооцоо төлбөр ажлын гүйцэтгэл дутуу байсан...”, “...үлдэгдэл 200.000 төгрөгийг авч байж и-баримтыг өгнө гэсэн ойлголттой байсан...” гэх мэдүүлэг болон 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “6,7 дугаар сарын и-баримтыг тухай бүрт нь өгөөгүй сарын сүүлээр буюу 9 дүгээр сард нөхөж олгосон...”, “нөхөж олгох нь буруу, тухай бүрт нь шивэх ёстой байсан...”, “...захиалгын хүргэлтүүд орой гардаг учраас тооцоотой холбоотой асуудал дуусдаггүй учраас и-баримт өгдөггүй...”, “Иргэн Сүхбаатар нь төлбөрөө төлөхдөө Пүрэвсүрэн захирлын дансруу хийсэн гэдэг ер нь тэгж авдаг юм уу? гэх асуултанд тэгж авдаг”,.. “хувь хүний дансаар авах нь буруу ...”гэх мэдүүлгүүдийн тэмдэглэл,

4. Гэрч “К” ХХК-ийн ахлах мужаан Т.Лхагвагийн “...2017 оны 06 дугаар сарын 25-нд захиалга өгсний дагуу орой нь манай үйлдвэрийн дизайнер Гантөр очиж хэмжээ аваад урьдчилгаа төлбөр тооцоог бэлнээр болон дансаар авсан...”, “...манайх и-баримт өгдөггүй захиалгын баримт өгдөг. И-баримт авна гэсэн хүнд болохоор манай нягтлан руу ярь гэж хэлдэг...” “6,7 дугаар сард тавилгын захиалга авсан уу?...гэсэн асуултанд, захиалга авсан, яг хэдэн захиалга авсан аа санахгүй байна. ачаалалтай үе байдаг...” гэх мэдээлэл

5. “К” ХХК-ийн СБД-ийн 9 дүгээр хороо, 14-372 тоот хаягт байрлах үйлдвэрийн байр, “Мишээл экспо” худалдааны төвд В блокийн 40 тоотод байрлах салбар буюу ажлын байрны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад үйлчлүүлэгч захиалагч хүлээн авах хэсэгт захиалга авч урьдчилгаа төлбөрийг нь бэлнээр эсвэл дансаар авдаг, захиалгын баримтаар урьдчилгаа төлбөр авснаа баримтжуулж өгдөг, мөн Монгол улсын стандартад нийцсэн тооцооны хуудас, тасалбарын цаас хэвлэн өгдөггүй, хэвлэх пос терминал машин байхгүй байсан.

6. К ХХК-ийн 2017 оны борлуулалтаа е-barimt.mn-д шивсэн мэдээллийг шүүж үзэхэд 8, 9 дүгээр сард борлуулалтын мэдээллийг шивсэн байх бөгөөд ачаалалтай ажиллсан гэх 6, 7 дугаар сар болон бусад саруудад яамарч борлуулалтын мэдээлэлийг шивж оруулагаагүй өөрөөр хэлбэл захилагч худалдан авагчид төлбөрийн баримтыг өгөөгүй байгаа нь харагдаж байсан.

7.Татварын ерөнхий газрын дотоод зурвас татварын үйлчилгээний төвийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14/116 дугаар албан тоотоор “К” ХХК-тай холбоотойгоор татварын зөвлөгөө мэдээлэл өгөх гомдол хүсэлт хүлээн авах 1800-1288 дугаарт ирүүлсэн гомдлын лавлагааг дэлгэрэнгүй байдлаар гаргуулан авсан лавлагаанд “2017 оны 01 дүгээр сарын 27, 2017.04.21, 2017.01.27-ны өдрүүдэд иргэдээс төлбөрийн баримт олгоогүй гэсэн гомдол гаргасан байсан бөгөөд татварын албанаас гомдлыг шийдвэрлэн баримтыг олгох мөн дахин ийм зөрчил гаргахгүй байхыг сануулсан шаардлага бичиж байсан” баримт зэрэг Зөрчлийн хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар “К” ХХК нь захиалагч, худалдан авагчийн төлсөн төлбөрт Татварын ерөнхий хуульд заасан төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон тул хуульд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан.

Хоёр: “К” ХХК нь шийтгэлийн хуудастай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танилцсан боловч гомдол гаргах хугацаандаа гомдол гаргаагүй тул Сүхбаатар дүүрэг дэх татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сайнбуян 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2502201701 дугаартай шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2017/7659 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэн, шийтгэлийг албадан гүйцэтгэх ажиллагаа НШГА-нд гүйцэтгэгдэж байгаа болно.

Гурав: “К” ХХК нь шийтгэлийн хуудастай 2017оны 10 дугаар сарын 13-ны өдөр танилцсан нь шийтгэлийн хуудсаар тогтоогдож байхад “К” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Шийтгэлийн хуудастай танилцаж гардан авснаас хойш 5 хоногийн хугацаанд прокурорт, 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхтэй байдаг. Гэтэл гомдол гаргах хугацааг өнгөрсөн мөн гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, шийтгэх хуудсаар албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараахь үндэслэлээр К ХХК-ийн гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Сүхбаатараас “К” ХХК-нд холбогдуулан гомдол гаргасныг татварын улсын байцаагч З.О шалгаад татварын хуульд зааснаар татвар төлөгчийнхөө үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2502201701 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д заасны дагуу 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-ийн торгууль ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Н.Сүхбаатар нь “К” ХХК-нд 3.330.000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга захиалан урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөгийг тус компанийн дизайнерт бэлнээр, маргааш нь 730.000 төгрөгийг Голомт банкаар буюу хувь хүний дансаар шилжүүлсэн байх бөгөөд Н.Сүхбаатарт тухайн үед и-баримт олгоогүй болох нь хавтас хэрэгт авагдсан  Зөрчлийн хэрэг нээх тухай 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1197 дугаар тогтоол, Н.Сүхбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст гаргасан гомдол, хохирогчоос авсан мэдүүлэгийн тэмдэглэл, холбогдогчоос авсан мэдүүлэг, гэрчээс авсан мэдүүлэг, захиалгын баримт, Голомт банкны гүйлгээний баримт болон шүүх хуралдаан дээр гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх” үүрэгтэй гэж татвар төлөгчийн үүргийг зааж  өгсөн байхад “Н.Сүхбаатарт тухайн үед и-баримтыг гаргаж өгөөгүй, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “К” ХХК нь пос машин ашигладаг тэр машин нь төв оффис дээр нь байсан захиалагч буюу Н.Сүхбаатар нь өөрөө и-баримтаа нэхэж аваагүй, өөрөө нэхсэн бол нягтлан бодогч гаргаад өгөх байсан” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд заавал худалдан авагчийн шаардснаар и-баримтыг өгнө гэсэн ойлголт байхгүй, худалдан авагч мөнгө төлөх бүрт татвар төлөгч  аж ахуйн нэгж и-баримт гаргаж өгөх үүрэгтэй байх бөгөөд зөрчил шалгаж байх үед пос терминал машинтай болох нь нотлогдоогүй  байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу хариуцагч татварын улсын байцаагч “К” ХХК-д шийтгэлийн хуудсаар 1.500.000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч компани нь өмнө нь и-баримт олгохгүйгээс болж иргэдээс гомдол гарч үүний дагуу татварын улсын байцаагч нар албан шаардлага хүргүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Татварын ерөнхий газрын дотоод зурвас татварын үйлчилгээний төвийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн 14/116 тоот албан бичгээр нотлогдож байна. 

Иймд К ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

       Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг тус тус баримтлан К ХХК-ийн  “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн татварын улсын байцаагч З.Оын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2502201701 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ