Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 950

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч М.Сансарсайхан,

насанд хүрээгүй гэрч Н.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч М.Б-,

шүүгдэгч С.Н-, түүний өмгөөлөгч Ц.Амар /ШТЭД-2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 1908 00566 0747 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй,

 

М овгийн С-ийн Н.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 08 сарын 21, 2018 оны 12 сарын 26, 2019 оны 01 сарын 02-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ....... тоотод хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Н-ийг зодож, байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мөн 2019 оны 01 сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч А.Н-ийн мэдүүлгүүд /хх33-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1332 дугаартай дүгнэлт /хх58/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн 32 удаагийн дуудлага, мэдээллийн лавлагаа /хх86-90/, С.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх80-82/, шүүх хуралдаанд шинээр өгсөн баримтуудыг судлуулсан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс /давхцаагүй байдлаар/: хохирогч А.Н-ийн мэдүүлэг /хх15-16/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх18/,эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх68/, шинээр гаргаж баримтуудыг судлуулав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс насанд хүрээгүй гэрч Н.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх, хавтаст хэргийн 48-50 талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлтийг гаргасан.

 

Хүсэлттэй холбоотой улсын яллагчаас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хавтаст хэргийн 48-50 талд авагдсан насанд хүрээгүй гэрч Н.Б-ын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй хүсэлтийг хүлээн зөвшөөрч, харин гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэв.

 

Гэрч оролцуулахгүй байх, ирцтэй холбоотой хүсэлтийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” заасан бөгөөд насанд хүрээгүй гэрч Н.Б- нь энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тиймээс тухайн гэрчийн мэдүүлэг нотлох чадвараа алдах, мэдүүлэг авахад хуульд заасан журам зөрчсөн эсэх нь гэрчийн байр суурийг үгүйсгэх буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа байдалд хамааралгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэрч оролцуулахгүй байх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн тус хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой буюу насанд хүрээгүй гэрчийн төрсөн эцэг шүүгдэгчээр, төрсөн эх хохирогчоор оролцож байгаа тохиолдолд насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад хууль ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй М.Б-г томилсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журамд нийцнэ гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсанг дурдах нь зүйтэй.

 

Нотлох баримтаас хасуулах, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхгүй байх хүсэлтийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно”, 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “насанд хүрээгүй гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг”-ийг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч яллах талын нотлох баримтаар хуралдаанд шинжлэн судлахгүй гэсэн тул талуудын тэгш эрхийн мэтгэлцээнийг хангах, шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцүүлэх хүсэлтийг хүлээн авч, нотлох баримтаар хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэв.

 

Энэхүү нөхцөл байдал нь насанд хүрээгүй гэрч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд хамааралгүйг дурдаж байна.

             

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч С.Н-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1. Хохирогч А.Н-ийн “...миний бие хамтран амьдрагч Н-тэй 2002 онд анх танилцаад 2003 онд бид 2-ын дундаас нэг охин гарсан юм. Тэгээд бид 2 хамт амьдарч эхэлсэн юм. Тэрнээс хойш байнга л архи ууж зодож цохидог байсан он сар өдрийг нь мартчихаад байна. 2019.01.02-ны өдөр гэртээ байж байтал Н гаднаас согтуу орж ирээд надаас хоол нэхээд хэл амаар доромжлоод намайг газар унагаад нүүрэн дээр дэвссэн тэгэхээр нь арай гэж гарч зугтаад цагдаа дуудсан юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг Н газар унаган дэвсэж, өшиглөж учруулсан. Урьд нь зөндөө цохиж зодож байсан тэр болгоныг санахгүй байна. Маш олон удаа цагдаад өгч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх36-37/, мөн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гадуур явж байгаад 16 цагийн үед гэр рүүгээ орохоор орц руугаа ороод хаалгаа онгойлгоод орох гэтэл Н гэнэт араас гарч ирээд үс зулгаагаад нүүр рүү хэд хэдэн удаа цохитол үл таних 2 залуу ирээд салгаад намайг гэр рүү оруулсан. Миний нүүр хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хх39-40/, мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...том охин маань 26 настай 2 жилийн өмнө Солонгос улс руу яваад тэндээ ажиллаж амьдарч байгаа, бага охин Н.Б- маань одоо 16 настай бөхийн спортоор хичээллэдэг, одоо тэмцээнд явсан байгаа...102 утсанд өгсөн бүх дуудлага Н-тэй холбоотой дуудлага...Гомдолтой байна. Энэ хүнийг хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” /хх42-43/

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1332 дугаартай “...А.Н--н биед нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, зүүн доод зовхи, зүүн нүдний алим, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт, дагзанд сорви, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна ...” гэсэн дүгнэлт /хх58/

            4. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн 32 удаагийн дуудлага, мэдээллийн лавлагаанд “...аав ээжийг зодоод байна, аав агсам тавиад байна, нөхөр согтуу агсараад байна, аав агсам тавиад ална гээд хутга бариад байна, нөхөр намайг цохиж аваад...” гэсэн агуулгатай Н-, Б-, Буянтогтох гэсэн хүмүүс мэдээлэл өгчээ. /хх86-90/

            5. Шүүгдэгч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...бид хоёр харилцан зодолддог, би Н-ийг 4-5 удаа гар хүрч зодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх80-82/

            6. Насанд хүрээгүй гэрч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт “...аав, ээжийг байнга зоддог, хотод нүүж ирснээс хойш илүү их зоддог болсон.  2-3 удаа толгойг нь хагалж, хөлийг нь хугалж, шүдийг нь цөмлөж байсан. Би үнэнийг хэлж байна. Үнэхээр аймар зоддог байсан...өдрүүдийг санаж байна нэг дээр ээжийн доод шүдийг нь гараараа цохиж хугалсан... Цагдаа дуудахаар аав зугтаачихдаг, ээж өөрийгөө хамгаалах зорилгоор хариу үзүүлдэг байсан... өдөр болгон зодоон болдог байсан...” гэх мэдүүлэг өгчээ.    

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.Н-:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс хохирогч А.Н-, шүүгдэгч С.Н нар нь 2002 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, дундаасаа нэг, дагавар хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэсэн, мөн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор зааснаас үзэхэд хохирогч болон шүүгдэгч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй юм.

 

            Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч А.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч А.Н-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байтал Н гаднаас согтуу орж ирээд надаас хоол нэхээд хэл амаар доромжлоод намайг газар унагаад нүүрэн дээр дэвссэн тэгэхээр нь арай гэж гарч зугтаад цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Б-ын мэдүүлэг, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч А.Н-ийн эрүүл мэндэд “...нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, зүүн доод зовхи, зүүн нүдний алим, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт, дагзанд сорви, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1332 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

            Мөн шүүгдэгч С.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч А.Н-ийг байнга зодсон, харгис хэрцгийн харьцсан, догшин авирласан гэсэн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

            Тодруулбал, хохирогч А.Н-ийн “...урьд нь зөндөө цохиж зодож байсан тэр болгоныг санахгүй байна. Маш олон удаа цагдаад өгч байсан. 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гадуур явж байгаад 16 цагийн үед гэр рүүгээ орохоор орц руугаа ороод хаалгаа онгойлгоод орох гэтэл Н гэнэт араас гарч ирээд үс зулгаагаад нүүр рүү хэд хэдэн удаа цохитол үл таних 2 залуу ирээд салгаад намайг гэр рүү оруулсан. Миний нүүр хавдаж хөхөрсөн. ...102 утсанд өгсөн бүх дуудлага Н-тэй холбоотой дуудлага. ...Гомдолтой байна. Энэ хүнийг хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг, насан хүрээгүй гэрч Н.Б-ын “...аав ээжийг байнга зоддог, хотод нүүж ирснээс хойш илүү их зоддог болсон.  2-3 удаа толгойг нь хагалж, хөлийг нь хугалж, шүдийг нь цөмөлж байсан. Би үнэнийг хэлж байна. Үнэхээр аймар зоддог байсан. ...өдөр болгон зодоон болдог байсан...цагдаа дуудахаар аав зугтаачихдаг” гэх мэдүүлэг, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээр тогтоогдож байна.

 

            Улсын яллагчаас шүүгдэгч С.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 8 сарын 21, 2018 оны 12 сарын 26, 2019 оны 01 сарын 02-ны өдрүүдэд хохирогчийг зодсон гэж яллах дүгнэлтэд дурдсан байгаа боловч, хэрэгт авагдсан баримтаар хохирогчийг байнга зоддог энэхүү үйлдэл нь дахин давтагдах, тогтвортой шинжтэй болсон нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон насанд хүрээгүй гэрчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

 

            Нөгөө талаар гэр бүл хүчирхийлэл нь хязгаарлагдмал хүрээнд гэр бүлийн харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгддэг, тухайн нөхцөл байдлын талаарх  дуудлагыг цагдаагийн байгууллагад гаргадаг боловч саатуулах байранд очоод өнгөрдөг, тухай бүр цагдаадын байгууллагад гомдол гарган, бие махбодид гэмтэл үүссэн эсэхийг шалгуулахыг хүсдэггүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Иймд байнга зоддог гэдгийг өөр бусад байдлаар хангалттай нотлогдоогүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

            Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэрхэн харгис хэрцгий харьцсан, хэрхэн догшин авирласан нь тодорхойгүй гэсэн тайлбар нь 2019 оны 01 дүгээр сарын 02-нд  хохирогч А.Н-ийн биед учруулсан гэмтэл, хохирогчийг газар унагаагаад нүүрэн дээр дэвссэн, 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үснээс нь  зулгаагаад нүүр рүү цохисон үйл баримтаар няцаагдах буюу шүүгдэгчийн үйлдэл нь харгис хэрцгий, догшин авирлаж зодож цохидог гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч С.Н-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Н-ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч А.Н- нь мөрдөн байцаалтын шатанд гомдолтой байна гэсэн боловч баримтаар хохирол нэхэмжлээгүй байна.

 

Иймд шүүгдэгч С.Н-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 11.7 дугаар зүйлийн 1 дэх 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 9 сарын хугацаагаар хорих, ялыг нэмж нэгтгэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэн үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу ял оногдуулан тус тусад нь эдлүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч С.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг байнга зодсон гэм буруутайд тооцсон тул анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх боломжгүй тул шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийг тэнсэн боломжгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д 9 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 9 сар 60 хоног буюу 11 сарын хугацаагаар тогтоов.

 

 Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зөв байна.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн С.Н-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 24 хоног, нийт 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял дээр, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 9 сар 60 хоног буюу нийт 11 /арван нэгэн/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Н-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2, цагдан хоригдсон 24, нийт 26 /хорин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР