| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00299/И |
| Дугаар | 146/ШШ2016/00314 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 146/ШШ2016/00314
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хужирт сум, 5 дугаар баг, 01-07 тоотод оршин суух, Боржигин овгийн Аюушжавийн Батбаярын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Батбаяр, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ахуй үйлчилгээний ангид 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сахиулаар, 1988 оны 08 дугаар сарын 10-наас 1991 оны 10 дугаар сарын 09-нийг хүртэл хугацаанд хог ачигчаар ажиллаж байгаад өмч хувьчлалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд миний Ахуй үйлчилгээний байгууллагад ажилласан 05 жил 07 сарыг ажилласан жилд оруулж өгөхийг хүсч байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Батбаяр нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч А.Батбаяр нь
- 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ахуй үйлчилгээний төвд сахиулаар,
- 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ахуй үйлчилгээний төвд хог ачигчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, Өвөрхангай аймгийн Ахуй үйлчилгээний төвийн даргын 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №47 дугаартай “Ардын хувьсгалын 65 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаал, №435121 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч С.Саргай, Ц.Жамбаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Боржигин овгийн Аюушжавийн Батбаярыг
- 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ахуй үйлчилгээний төвд сахиулаар,
- 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ахуй үйлчилгээний төвд хог ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН