| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0866/Э |
| Дугаар | 953 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 953
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Л.С-,
шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ШТЭД-0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-д холбогдох эрүүгийн 1908 00830 0939 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Х овгийн Г-ийн У.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.У нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буман төвд иргэн Л.С-ыг цахилгааны төлбөрт илүү мөнгөө авахаар очиход нь “тийм юм байхгүй” гэж хэлэн түүнийг заамдан авч, чирч дэлгүүрээс гарган, нүүрэн тус газарт нь цохиж унаган эрүүл мэндэд нь зүүн 5 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Иргэн Л.С-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх11-12/, хохирогч Л.С-ын мэдүүлэг /хх16-18, 20/, гэрч Ш.Алтантуяагийн мэдүүлэг /хх22-23/, гэрч Д.Аюушийн мэдүүлэг /хх29-30/, гэрч А.Уранчимэгийн мэдүүлэг /хх32/, гэрч О.Баярцогтын мэдүүлэг /хх35/, шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2067 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх38/, Гэмтэл согог судлалын төвд үзүүлсэн тухай баримт /хх43/, цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх10/, шүүгдэгчийн цагдаагийн асап сангийн лавлагаа /хх66-70/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх52/ болон хохиролтой холбоотой баримт /хх42-48/, шүүх хуралдаанд хохирогч болон шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Г.У-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Л.С-ын “2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн Баянцагааны 8-37 тоотод байрлах Буман төвийн хүнсний дэлгүүрт эзэн У-тай цахилгаан төлбөр тооцооны талаар болон буйдангийн бүрээс авах гэж ортол У нь лангууны ард касс дээр сууж байсан. Сайн байна уу гэж асуухад “төгцөг минь яах гэж байгаа юм” гэхээр нь “би чамд цахилгааны тооцооны үлдэгдэл мөнгө 50.000 төгрөг илүү төлсөн байгаа, авъя” гэхэд “тийм юм байхгүй, шүүхээр яваад заргалдаад аваарай” гэхээр нь “чи юу яриад байгаа юм, мөнгө өг” гэж би хэлсэн. Ерөнхийдөө намайг үл хүндэтгэж доромжилж дээрэлхсэн байдалтай харьцсан. У лангууны ардаас босож ирээд намайг заамдаж чирч дэлгүүрээс гаргасан. Дэлгүүрийн үүдэнд зогсож байтал У-ы ээж нь ардаас гарч ирээд миний багалзуурыг шахаж У миний хоёр гарыг зуурчхаад хөдөлгөхгүй байсан. Тэгж байгаад би У-ы гарыг нь хумсалж байж тавиулаад салсан. Нөгөө талын зүүн талын хаалгаар орж барааны дэлгүүр орж цахилгааны төлбөр тооцоог энэ хүмүүстэй яръя гээд У намайг дагуулж орсон. Барааны дэлгүүрийн эзэн гээд зүс таних залуу нэг эмэгтэй зогсож байсан. Дэлгүүрт орохдоо У-, түүний ээж болон У-ы найз бид 4 хамт дэлгүүрт орсон. Барааны дэлгүүрийн хүмүүс нь “юу цахилгааны мөнгө төгрөг яриад байгаа юм танд 50.000 төгрөг өгөх ёс байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, одоо би илүү төлсөн 50.000 төгрөгөөр авмаар байна” гэж хэлтэл У шууд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиж намайг унагасан. Унасан хойно миний цээж элэг орчим руу багцаагаар 4-5 удаа өшиглөж барааны дэлгүүрийн залуу дундуур орж түүнийг салгасан. Би газраас бостол У “чамайг одоо камергүй газар оруулж байгаад жинхэнэ алж өгнөө” гэж хэлээд миний куртикны захнаас заамдаж чирээд дэлгүүрийн үүдний таамбарт оруулж байгаад хавирч унагаад дахиж цээж рүү өшиглөж дэвсэж зодсон. Тухайн үед миний амьсгал түгжрээд ярьж чадахгүй болчихсон. Би У-аас “одоо болъё” гэж гуйгаад гар утсаа гаргаж ирээд 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгтэл намайг дэлгүүрийнхээ гадаа чирээд гаргачихсан. Би ноосон малгайгаар куртикны маань өмдний шороо тоос арччихаад малгайгаа толгой дээрээ тавьчихсан байж байтал цагдаа ирсэн. ...Би 2018 оны 4 дүгээр сараас хойш У-ыг таньж мэдэх болсон. Танилцах болсон шалтгаан нь манай эхнэр Алтантуяа нь У-ы дэлгүүрийн доод давхрыг түрээсэлж, тэрнээс хойш танилцсан. Анх доод давхрыг түрээслэхдээ цахилгааны төлбөрийг би төлнө гэж тохиролцсон. Тогтоосон цаг хугацаанд төлж байсан. Сүүлийн 2 сарын төлбөр буюу 2018 оны 10, 11 дүгээр сарын төлбөрийг У дэлгүүрийн эмийн сан, барааны тасгаас авах ёстой байсан ба 1 сарын 50.000 төгрөгийг авах гэж очоод зодуулчихсан юм. Ер нь У-д хамаагүй эмийн сан, барааны тасгийн хоёроос авах ёстой юм. У хариуцаж байгаа захирал нь болохоор нь уулзсан...” гэх мэдүүлэг /хх17-18/
Хохирогч Л.С-ын дахин өгсөн: “...Халаалтын зуухны өрөөнд тоолуур байдаг. Цахилгааны мөнгийг У-д би өгнө. Тэгээд эмийн сан 20.000 төгрөгийг, хувцас барааны лангуу 30.000 төгрөг, нийт 50.000 төгрөгийг надад төлөх ёстой юм. Угаасаа ч ингэж явдаг байсан. Гэтэл эмийн сан, хувцасны лангууны хүмүүс нь надад өгөх ёстой 50.000 төгрөгийг буцааж өгөөгүй. У-д өгчихсөн гэж хэлэхээр нь би илүү төлсөн тогны мөнгөө авъя гэж Буман төвд очсон юм. Урьд нь мөнгөө авахаар хэд хэдэн удаа очсон боловч У-тай таараагүй байж байгаад тэр өдөр л таарсан юм. Би Натул эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ингэхэд ор хоногт 280.000 төгрөг, шинжилгээ өгөхөд 22.000 төгрөг, уушгины ренген зургийг авахуулахад 150.000 төгрөг гэх мэтээр эмчилгээ эдгэрэлттэй холбоотойгоор 685.168 төгрөгийг зарцуулсан. Энэ зардал бензин шатахуун, хоолны мөнгө орсон. Бүгдгийг нь У-аас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх20/
2. Гэрч Ш.Алтантуяагийн “...2019 оны 2 дугаар сарын 03-ны 14 цагийн орчим нөхөр Л.С-ын хамт урд объект түрээслүүлж байсан У гэгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Зүүн Баянцагааны 12 дугаар гудамжны 37 тоот хаяг дээр очсон. Нөхөр Л.С- У-тай уулзах гэж Буман төв рүү орсон. Би машиндаа гадна нь сууж байсан. 20 орчим минутын дараа би машины толь руу харахад хүмүүс маргалдаад хоорондоо бие биенийхээ хувцаснаас зууралдаж харагдсан. Хараад байсан чинь нөхөр Л.С- харагдахаар нь машинаасаа буугаад яваад очтол нөхөр Л.С-ын хувцас нь нил шороо болчихсон, амьсгаадчихсан өвдөгөө нугалаад явган суучихсан байсан. БИ “юу болсон бэ” гэж асуухад У түүний ээжид нь зодуулчихлаа гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн. Цагдаа нар ирсэн. Уг төвийн камерыг шалгуулах гэсэн боловч камерыг нь салгачихсан ажиллахгүй байсан. Миний нүдээр харахад нөхөр Л.С-ын хувцас нь нил шороо болчихсон, ил харагдах шарх харагдаагүй. Амьсгалж чадахгүй байна гэж хэлж байсан. Би яг манай нөхрийг зодож цохиж байхад нь хараагүй. Яг зодсоных нь дараа очиж харсан. У-ы ажлын байрыг 3 жилийн хугацаатай түрээсэлсэн юм. Тэгээд 6 сар болоод хөөгдөөд гарчихсан юм. Бичгээр байгуулсан гэрээгээ дуусгавар болгосон. Тэр өдөр нөхөр бид хоёр тогны мөнгө жижиг шажиг үлдээсэн буйдангийн бүрээс гэх мэтийн зүйлээ авах гэж очсон юм. Өр авлагын хувьд тогны багцаагаар 60.000 төгрөг авах гэж очсон. Тухайн үед нь Гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авахуулахад 5 дугаар хавирга нь хугарсан гэж байсан. Нүүрийг нь харахад тухайн үед мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх22/,
3. Гэрч Д.Аюушийн “...2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр би Буман төвийн хүнсний дэлгүүрээ ажиллуулж байгаад гэртээ орчихоод эргээд гарахад өмнө нь манай Буман төвийн компьютер тоглоомын газар ажиллуулж байсан С- гэх хүн ирчихсэн байсан. Манай хүү У С-ыг дэлгүүрээс гаргах гээд түлхээд байж байсан ба С- хоёр маргачихсан. У түүнийг гаргах гээд нөгөөх нь гарахгүй гээд бие биенийгээ түлхээд байсан. Би С-од хандаж “одоо нарь, өнөөдөр битүүний өдөр, чи гарчих” гэж наанаас нь лангууны араас хэлэхэд миний үгийг ердөө авахгүй байсан. Тэр хоёр түлхэлдсээр байгаад дэлгүүрээс гарчихсан. Би салгах гээд уурлаад загнасан. Тэр залуу дээшээ харчихсан, шүдээ зуучихсан, доогуураа миний хүүгийн гарын арыг нь маажиж байхаар нь би “болиочээ” гээд салгахаар цамцнаас нь татаад түлхэхэд У-ы гарыг тавьсан. С- эхнэрээ утсаар дуудсан байх. Эхнэр нь дэлгүүрт орж ирээд маш их хэл амаар доромжилсон. Бүр тэсэхийн аргагүй байсан. ...Ер нь битүүний өдөр яах гэж ирж хэрүүл маргаан хийснийг ердөө мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх29-30/,
4. Гэрч А.Уранчимэгийн “...Би 2018 оны 4 дүгээр сараас хойш Сонгинохайрхан дүүргийн Буман төвд талбай түрээслэн бэлэн хувцас зарж байгаа юм. 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр би ажил дээрээ байж байтал дэлгүүр дотор өмнө нь Буман төвд компьютер тоглоомын газар ажиллуулж байсан С- У хоёр маргалдаад байсан ба тухайн үед цагаан сарын баяр дөхчихсөн хүн ихтэй байсан учраас би уурлаад “гар гар” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан ба хажууд байрлах хүнсний дэлгүүрт маргалдаад байх шиг байсан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдээгүй ба сүүлд нь С-ын эхнэр нь ирчихсэн цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлж байсан. Тэр өдөр У-, С- нар манай дэлгүүрт маргалдаж байхдаа би биенийхээ биед халдаж зодсон зүйл байхгүй. Бие биенийгээ түлхээд байгаа харагдсан бөгөөд зодож цохисон зүйл байхгүй. Гараад юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх32-33/,
5. Гэрч О.Баярцогтын “...2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр би дэд ахлагч Мөнхбаатарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7, 24 дүгээр хороонд үүрэг гүйцэтгэсэн. 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Ачит 10-с өгсөн үүргийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Буман төвд бусдад зодууллаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгасан бөгөөд хэдэн цагт гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан өдрийн цагаар дуудлагад очсон. Тэгээд дуудлага өгсөн иргэн С-той уулзахад цахилгааны мөнгөний асуудлаас болоод намайг зодсон гэж ярьж байсан. Нөгөөдөх нь би наад хүнд чинь гар хүрээгүй манайхаас гарахгүй байхаар нь чирч гаргасан гэж ярьж байсан ба биеийн ил харагдах хэсэгт гэмтэл харагдаагүй. Тэгээд би дуудлага мэдээлэл өгсөн иргэн С-од өргөдлөөр хандахыг зөвлөөд дараагийн дуудлагадаа явсан. Би гомдол гаргасан хүнээс таныг хаана зодсон талаар асуухад намайг дэлгүүрийн үүдний жижиг өрөөнд зодсон гэж хэлж байсан. Тэр хэсэгт хяналтын камер байхгүй гэж хэлсэн учраас би хяналтын камерыг нь үзээгүй ба У гэх хүнийг шалгах шаардлагатай бол та хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж аваарай гэж хэлсэн. 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр С- гэх хүний биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Зодуулж цохиулсны улмаас гэмтэл шарх үүссэн бол би тэр хоёр хүнийг хоёуланг нь хэлтсийн ерөнхий жижүүрт хүлээлгэн өгөх байсан...” гэх мэдүүлэг /хх35-36/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн №2067 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд “...Л.С-ын биед зүүн 5 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна..” гэжээ. /хх38/,
5. Г.У-ы яллагдагчаар өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ажлын байр болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баянцагааны 12-37 тоотод байрлах Хүнсний дэлгүүрт сууж байтал гаднаас С- орж ирээд үгээр идэж “чи РС тоглоом нээсэн гэл үү, тэрийг чинь орж харъя, чи мөнгөгүй юугаараа РС нээдэг юм” гэж хэлсэн. Би тантай маргалдаад байх шаардлага байхгүй, та дэлгүүрээс гарчих гэж хэлсэн. Тэгсэн гарахгүй зууралдаж түлхэлцэж би хаалгаар С-ыг түлхэж гаргахад буцаж орж ирсэн. Та яв гэж хэлэхэд танайхаас тогны мөнгөний авлагатай хоёулаа нотариатаар ороод гэрээ цуцлахдаа 100 төгрөгийн өглөг авлага байхгүй гээд гэрээ цуцалж хоёр тийшээ болосн биз дээ гэж хэлсэн. Хажуу талд байдаг барааны дэлгүүрийн эгч Уранчимэг, түүний нөхөр нараас тогны мөнгө нэхнэ гэхээр нь С- бид хоёр хамт орсон. Уранчимэг, нөхөр хоёр нь өглөг авлага байхгүй мөнгө төгрөгийн асуудлаа У-тай ярилц гэж хэлсэн. Уранчимэг нөхөр хоёр та хоёр хэрүүлээ гараад хийчих гээд хэлэхээр нь бид хоёр тэдний дэлгүүрээс гарсан. Бид хоёр гадаа гартал С- цагдаа дуудна гээд 102-т өгсөн. Тэгж байтал хоёр цагдаа ирсэн. С- хоёр цагдаад энэ хүн намайг зодлоо гэхээр нь би зодож цохисон юм байхгүй, шаардлагатай гэвэл камерын бичлэг шүүгээд үз гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нь машинд суучих гээд цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Цагдаагийн хэлтэст ирээд 103 дуудаж С- үзүүлсэн. 103-ын эмч зодуулж цохисон зүйл юу ч алга гэж хэлж байсан. ...2018 оны 4 дүгээр сард манай ажлын байранд талбай түрээслэнэ гэж С- ирж манай ажлын байранд талбай түрээслэх болсон. Тэрнээс хойш бие биеэ таньж мэдэх болсон. ...Гэрээ цуцлах үедээ ямар нэгэн төлбөр тооцоогүй гэж нотариатаар орж гэгээгээ цуцалчихаад дараа нь болохоор цахилгааны төлбөр гэж 50.000 төгрөг нэхэж үүнээс болж маргалдсан. Гэхдээ би С-ыг 2019 оны 2 дугаар сарын 03-нд зодож цохисон юм байхгүй. С- 2018 оны 11 дүгээр сард манай ажлын байрыг чөлөөлчхөөд тэрнээс хойш 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 4-н удаа ирсэн. Ирэх болгондоо гэрт орж ирж үг хэлээр доромжилж нүүр маажиж байсан...” гэх мэдүүлэг /хх82-83/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.У-:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд хохирогч Л.С-, шүүгдэгч Г.У нар 2018 оны 4 сараас 11 сар хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман төв”-д түрээслэгч, түрээслүүлэгчийн харилцаатай үйл ажиллагаа явуулж байсан байна.
2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр тус “Буман төв”-д шүүгдэгч болон хохирогч нар нь түрээсийн харилцаатай байх үеийн цахилгааны мөнгөний тооцооны асуудлаас болж маргалдсан, улмаар шүүгдэгч Г.У нь хохирогч Л.С-ыг цохиж унагаан, цээжин тус газарт өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь дараах мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Хохирогч Л.С-ын “...У шууд миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиж намайг унагасан. Унасан хойно миний цээж элэг орчим руу барагцаагаар 4-5 удаа өшиглөж барааны дэлгүүрийн залуу дундуур орж түүнийг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Алтантуяагийн “...Би гадна нь машиндаа сууж байсан. 20 орчим минутын дараа би машины толь руу харахад хүмүүс маргалдаад хоорондоо бие биенийхээ хувцаснаас зууралдаж харагдсан. Хараад байсан чинь нөхөр Л.С- харагдахаар нь машинаасаа буугаад яваад очтол нөхөр Л.С-ын хувцас нь нил шороо болчихсон, амьсгаадчихсан өвдөгөө нугалаад явган суучихсан байсан. Би “юу болсон бэ” гэж асуухад У түүний ээжид нь зодуулчихлаа гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн. Цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Уранчимэгийн “...С- У хоёр маргалдаад байсан ба тухайн үед цагаан сарын баяр дөхчихсөн хүн ихтэй байсан учраас би уурлаад “гар гар” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан ба хажууд байрлах хүнсний дэлгүүрт маргалдаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аюушийн “...Манай хүү У С-ыг дэлгүүрээс гаргах гээд түлхээд байж байсан ба С- хоёр маргачихсан. У түүнийг гаргах гээд нөгөөх нь гарахгүй гээд бие биенийгээ түлхээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Баярцогтын “...Буман төвд бусдад зодууллаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгасан ...өдрийн цагаар дуудлагад очсон. Тэгээд дуудлага өгсөн иргэн С-той уулзахад цахилгааны мөнгөний асуудлаас болоод намайг зодсон гэж ярьж байсан. Нөгөөдөх нь би наад хүнд чинь гар хүрээгүй манайхаас гарахгүй байхаар нь чирч гаргасан гэж ярьж байсан... ба биеийн ил харагдах хэсэгт гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэгүүд нь шүүгдэгч, хохирогч нар нь маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг цохиж унагаасан, цагдаа дуудсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогч нь тухайн өдрөө Гэмтэл согог судлалын Үндэсний төвд цээжний рентген зураг авахуулсан, мөн хохирогч Л.С-ын эрүүл мэндэд “...зүүн 5 дугаар хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн №2067 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгч Г.У нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохиж унагаан, өшиглөсөн уг үйлдлийн шууд шалтгаан холбоогоор хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.С-од нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар 535,168 төгрөг нэхэмжилсэн /150.000 төгрөгний баримт давхар орсон байх тул хасч тооцсон/ бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч Г.У-аас 535,168 төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-од олгуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч Л.С-, түүний эхнэр Ш.Алтантуяагийн эрхлэн ажиллуулдаг “Улаан Шанаа” ХХК, “Бэст-АХЭ” ХХК-ийн халаалтын систем хөлдсөн, бохир, цэвэр ус хөлдсөн, цахилгааны төлбөр их гарсантай холбоотой 2.435.000 төгрөгийг нэхэмжилсэнг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх шууд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь нэгдүгээрт: Эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр 5-10% алдагдуулдаг болно.
Хоёрдугаарт: Хохирогч түүний эхнэрийн эрхлэн ажиллуулдаг дээрх компаниудын нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнүүдийн халаалтын системийн үйл ажиллагаа хэрхэн доголдсон нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдалтай шууд хамааралтайгаар гэмтсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 1 сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхийн тулд хөдөлмөр эрхлэх шаардлагатай, энэ хохирлыг төлөх ёстой, шүүгдэгч нь хувиараа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа энэхүү нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар 450.000 төгрөгний торгууль оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.У нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.У-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Улсын яллагчаас яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гэж алдаатай бичсэнг шүүхийн хэлэлцүүлэг болон гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлтээр залруулан шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүгдэгч Г.У-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол хуульд заасан шаардлага хангасан, яллах дүгнэлтэд хэргийн зүйлчлэлийг зөв бичсэн байх тул тус бичиглэлийн алдаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, оролцогч нарын эрхийг зөрчсөн нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэн, шүүхийн шийдвэрээрээ зөвтгөн дүгнэх боломжтой гэж үзэв.
Мөн шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт дэх дээрх алдаатай бичиглэлтэй холбоотой зөрчлийг арилгуулах хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Цаашид улсын яллагч нь яллах дүгнэлт хууль заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгах шаардлагатайг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-аас 535.168 /таван зуун гучин таван мянга, нэг зуун жаран найман/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.С-од олгож, хохирогчийн “Улаан Шанаа” ХХК, “Бэст-АХЭ” ХХК-ийн халаалтын систем хөлдсөн, бохир, цэвэр ус хөлдсөн, цахилгааны төлбөр их гарсантай холбоотой 2.435.000 төгрөг нэхэмжилсэнг хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР