Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 955

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч М.Х,

шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х, Т.Л нарт холбогдох эрүүгийн 1908 02211 1159 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн консерваторид 4 дүгээр курсын оюутан, “Гоёо” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .... дүгээр баг, ..... тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

 

Х овогтой М-ын  Х,

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулчин ахлагч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Ө овогтой Т-ын Л.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудлын орчимд иргэн Н.Очиртой маргалдаж улмаар, толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “…зулайн хуйханд шарх, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудлын орчимд иргэн Э.Батхонгортой маргалдаж, улмаар араас нь дэгээдэж унагаан, эрүүл мэндэд нь “…зулайн хуйханд шарх, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э.Батхонгорын мэдүүлэг /хх11/, хохирогч Н.Очирын мэдүүлэг /хх18/, гэрч Т.Л-гийн мэдүүлэг /хх24/, гэрч М.Хос-Эрдэнийн мэдүүлэг /хх27/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5121 дугаартай дүгнэлт /хх35/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4806 дугаартай дүгнэлт /хх31/, М.Хос-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх45/, Т.Л-гийн яллагдагчаар  өгсөн мэдүүлэг /хх62/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Нэг. Шүүгдэгч М.Х, Т.Л нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Э.Батхонгорын “...2019 oны 4 дүгээр сарын 16-ны өдийн орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байранд найз Хос-Эрдэнийн гэрт очсон юм...хажуугаар өндөр, нам хоёр залуу зөрөхөд Х тэр хоёроос тамхи гуйтал чи бид нараас тамхи гуйдаг хэн бэ? гээд маргаан  болсон. Би хажуунаас нь та хоёр юу гээд байгаа юм бэ? гээд загнахад жижиг залуу буюу Л зугтсан. Өндөр залуу болох Очир бид хоёртой үлдээд маргалдахаа болиод эвлэрээд салсан.  Тэгээд бид хоёр КФС хажуугаар гараад явж байтал Л-, Очир хоёр нийлчихсэн, хөөе одоо зодолдъё гэсэн бөгөөд Л чулуу шидээд байсан. Найз Х шууд Очир гэх залуутай зодолдоод, унагааж байгаад 2 удаа цохисон. Л надруу дайраад байхаар нь би айгаад зугтаасан, зугтааж байхад араас дэгээдээд намайг унагасан. Унахдаа боржур, цемент мөргөөд нүүр, ам халцарсан...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх11/

2. Хохирогч Н.Очирын “...Танихгүй 2 залуу бид хоёроос тамхи нэхсэн. Нөгөө хоёр залуу томроод байна уу? муухай хараад байна уу? гээд бид хоёр руу дайраад байсан. Тэгээд тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан намхан залуу буюу Х  миний шанаа тус газар нэг удаа цохисон. Найз Л намайг хаяад зугтаасан. Би нөгөө хоёр залуутай эвлэрээд Л-д чи намайг хаяж явлаа гэж хэлэхэд би цагдаа дуудсан одоо хоёулаа энэ хоёрыг цагдаа иртэл бариад байж байя гэсэн....Тэгээд Х гэх залуу намайг цээж тус газар цохиж унагаад нүүрэн тус газар 2 удаа цохисон. Юугаар цохисоныг одоо сайн мэдэхгүй байна ар дагз хагарсан. Х, Батхонгор нар зугтаасан бөгөөд манай найз Л араас нь хөөж байгаад Батхонгорыг барьж авсан. Яг яаж барьсан талаар хараагүй, Батхонгор Л-д баригдаж ирэхдээ нүүр ам нь халцарсан ирэхээр нь бид хоёр цагдаад бариад өгсөн...надад одоо ямар нэгэн гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх18/

3. Гэрч Т.Л-гийн “…Манай найз Н.Очирыг тухайн үед танихгүй байсан намхан биетэй залуу нь буюу Х 1 удаа цохиж байхыг би харсан. ” гэсэн мэдүүлэг /хх24/

4. Гэрч М.Хос-Эрдэнийн “...Очир газар хэвтээд намайг явуулахгүй зуураад байсан. Би гарыг нь тавиулаад зугтаасан бөгөөд Батхонгор өөр тийшээ ертөнцийн зүгээр хойшоо байран дундуур ороод зугтаасан...Маргааш нь Батхонгортой уулзахад дух, хамар нь халцарсан,баруун нүд шанаа нь хавдсан байсан.  Чи яасан юм бэ гэж асуухад араас Л хөөгөөд чулуу шидээд, араас нь хавирч унагаад дээрээс нь цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх27/

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5121 дугаартай “...Н.Очирын биед зулайн хуйханд шарх, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх35/

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4806 дугаартай “...Э.Батхонгорын биед дух, хамрын нуруу, баруун хацарт хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралттай, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх31/

7. М.Хос-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...маргалдаж байгаад би Очир гэх залуугын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон...Очир намайг заамдаад бариад авахаар нь унагаагаад дээр нь гараад 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх45/

8. Т.Л-гийн яллагдагчаар өгсөн “...Тэр хоёр зугтахаар нь би өндөр залуу буюу Батхонгорын араас хөөсөн. Цагдаа дуудсан учраас ямар ч байсан нэгийг нь барьж авна гээд хөөгөөд гүйцэгдэхгүй байсан болохоор араас нь хөлөнд нь хөлөөрөө дэгээ оруулж унагаад цагдаад хүлээлгэж өгсөн...Батхонгор замын боржур мөргөөд нүүр, ам нь халцарсан босч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх62/

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч М.Х, Т.Л нар:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт дүгнэлт хийн үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдөр шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудлын орчимд М.Х, Э.Батхонгор, Т.Л-, Н.Очир нар нь тамхи асуулаа, муухай харлаа гэх үл ялих зүйлээс шалтгаалан хоорон маргалдсан, улмаар

Нэгдүгээрт: Шүүгдэгч М.Х нь хохирогч Н.Очирын толгой тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан,

Хоёрдугаарт: Шүүгдэгч Т.Л нь хохирогч Э.Батхонгорыг араас нь дэгээдэж унагаан эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч Н.Очир, Э.Батхонгор нарын мэдүүлэг, шүүгдэгч М.Х, Т.Л нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Хос-Эрдэний үйлдлийн улмаас хохирогч Н.Очирын эрүүл мэндэд “...зулайн хуйханд шарх, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5121 дугаартай дүгнэлтээр, 

 

- шүүгдэгч Т.Л-гийн үйлдлийн улмаас хохирогч Э.Батхонгорын эрүүл мэндэд “...дух, хамрын нуруу, баруун хацарт хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралттай, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн бугуйнд зулгаралт...”  бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4806 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Х, Т.Л нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулж буйгаа ухамсарлаж хүсч үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Х, Т.Л нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Э.Батхонгор, Н.Очир нар нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Х, Т.Л нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас гэмт хэрэг гараг болсон шалтгаан нөхцөлийг харгалзан шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Т.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч М.Х, Т.Л нар нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт, шүүгдэгч нарын хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Т.Л-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М-ын Х, Т-ын Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Т.Л-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х, Т.Л нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР