Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 146/ШШ2016/00316

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, 3 дугаар баг, “Өвт” гэх газар оршин суух, Боржигон овгийн Лодойсамбуугийн Оюунболдын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Оюунболд шүүхэд гаргасан хүсэлтэдээ:”... Л.Оюунболд миний бие нь 1989 оны 3 дугаар сараас Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар сургуульд цэвэрлэгчээр 1991 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд миний 1989 оны 3 дугаар сараас 1991 оны 07 дугаар сар хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэдээ: “Л.Оюунболд нь 1989 оны 03 дугаар сараас 1991 оны 07 дугаар сарыг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Оюунболд нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч  Л.Оюунболд нь 1989 оны 03 дугаар сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №65 тоот Архивын лавлагаа, №А1067932 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, гэрч, О.Булган, Б.Энхмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Лодойсамбуугийн Оюунболдыг 1989 оны 03 дугаар сарын 01-нээс 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

        

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН