Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 956

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Нарангуа,

хохирогч Б.Х,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-ад холбогдох эрүүгийн 1908 01245 1089 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газар тариалангийн техникчээр “Аварга соёо” ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

И овгийн Д-ийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Х-г хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн өгзөгт цус хуралт, зүүн гарын 4-р хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Х-гийн мэдүүлэг /хх21-22/, гэрч С.Ганзоригийн мэдүүлэг /хх26/, гэрч М.Энхбатын мэдүүлэг /хх28/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2735 дугаартай дүгнэлт /хх30/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх52/, Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх39/, Д.Г-ын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх44/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх45-47/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Д.Г-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Х-гийн мэдүүлэг “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт нөхөр Г-ын найзууд нь олуулаа ирсэн. Бид Зүүнсалааны хуучин эцэст байрлах “Дэлгэр” нэртэй караокед орж 3 цаг дуулцгаасан. Караокеноос гарахад цаг нэлээд орой болсон байсан. Бид нар бөөндөө манай гэрт очиж 0.5 литрийн Чингис архи, 1 литрийн Монгол архи ууж дуусгачхаад Г-ын найзууд яваад өгсөн. Гэрт Г, Цагаанаа бид 3 үлдсэн. Цагаанаа манай гэрт унтах гээд байж байтал Г намайг Цагаанаатай хардаж улмаар над руу гутал авч шидсэн. Шидсэн гутал нь миний баруун мөрийг оносон. Тэр үед Цагаанаа босч ирээд Г-ыг аваад орон дээр суулгасан. Гэтэл Г босч ирээд миний хувцсыг зууханд шатаана гэж зуухны ам онгойлгосон чинь найз Цагаанаа зогсоосон. Тэгээд над руу шаазан аяга авч шидэж миний толгойны баруун хэсэгт оносон. Дараа нь варений шил авч шидсэн боловч намайг оноогүй. Тэгээд Цагаанаа нь би танай гэрээс явлаа гээд яваад өгсөн. Удалгүй Г миний хувцаснуудыг гэрээс гаргаад тавьсан. Тэгээд би нөхрийн найз Амбаагаар эгчийнх рүү хүргүүлсэн. Маргааш өглөө нь 10 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Би гэртээ ороод байж байтал манай хашааны эзэн залуу Ганаа манай гэрт орж ирсэн. Удалгүй араас нь Г орж ирэхээр нь би “...чи арай хэтэрч байгаан биш үү...” гэхэд, чамд хамаагүй янхан пизда минь гэж хөл рүү нэг удаа өшиглөж, цээж рүү нэг удаа цохисон. Ганаа “Галаа ах аа боль” гээд болиулсан. Ганаа явахаар болоод та зодуулах юм шиг байна надтай цуг яв гэхээр нь машинд нь сууж яваад Зүүнсалааны хуучин эцэс дээр бууж үлдээд дүүгийндээ очсон. 17 цагийн орчим гэртээ очоод Г-ыг цагдаад өгсөн... Бид хоёр хамтран амьдраад 3 жил болж байна. Дундаасаа хүүхэд байхгүй... одоо нэхэмжлэх зүйл байхгүй мөн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх21-22/

2. Гэрч С.Ганзоригийн “... Г-ын гэрт очиж мах шараад байж байтал Г гаднаас архи уучихсан орж ирсэн. Г-ыг орж ирэхэд Х- яасан их архи уудаг юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд Г орон дээр суугаад охин руугаа залгаж яриад Х- их уурлаж учир зүггүй Гадбадрах руу дайраад байсан тэр үед Г уурлаад түлхүүр аваад хана руу шидчихсэн юм. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан тэгж байснаа босч ирээд нэг нэгэнрүүгээ дайраад эхлэхээр нь би дундуур нь орж тэр хоёрыг салгасан юм. Тэр үед Г Х-г нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Яг хаашаа өшиглөсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгээд би Х-г авч гараад Баянхошууны тойрог дээр буулгачхаад гэр рүүгээ явсан юм... Г согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх26/,

3. Гэрч М.Энхбатын мэдүүлэг “...Бид нар Г-ынд очиж хоол хийлгүүлж идчхээд гэр гэрүүгээ харьцгаасан. Тэр үед Г-ын гэрт Г, Х, Цагаанаа гурав цуг үлдсэн юм. Би 10 дугаар хорооллын тэнд найзындаа байж байтал Г над руу залгаад гэр лүү хүрээд ирээч гээд дуудаад байсан. Тэгээд би Г-ын гэрлүү явж очтол тэр хоёр гэрийнхээ ойролцоо хэрэлдчихсэн гадаа зогсож байсан. Намайг очиход Х- надад хандаж найз чинь намайг зодоод хөөгөөд байна гэсэн зогсож байсан. Тэр үед Х-гийн хувцсыг бүгдийг нь гаргачихсан байсан. Би Г-ыг гэрт нь оруулчхаад Х-г Хөтөлийн тэнд буулгасан юм...” гэх мэдүүлэг /хх28/

4. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2735 дугаартай “...Б.Х-гийн биед тархи доргилт, зүүн өгзөгт цус хуралт, зүүн гарын 4-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх30/,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Г-:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Б.Х, шүүгдэгч Д.Г нар нь 3 жил хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Г нь хамтран амьдрагч Б.Х- мөн найз нарын хамт 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, .... тоотод хамтран амьдрагч Б.Х-г бусадтай хардаж зодсон, мөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийг дахин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Х-гийн мэдүүлэг, гэрч М.Энхбат, С.Ганзориг нарын мэдүүлэг болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г-ын хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн өгзөгт цус хуралт, зүүн гарын 4-р хуруунд шарх гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2735 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1  дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

 

Шүүгдэгч Д.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Г нь үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х- нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүхээс шүүгдэгч Д.Г нь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ад 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР