Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 957

 

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 1908 03639 1168 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Говь- Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гедрогиологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамжны 54 дүгээр байрны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Б овогт Г-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12- нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо .... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “айлд орхиж явлаа" гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Ц-ийг модон сандлаар толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зулайд шарх, баруун бугалга, даланд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-5/, хохирогч Б.Ц-ийн мэдүүлэг /хх12/, гэрч Т.Ганхуягийн мэдүүлэг /хх16/, гэрч Д.Дэмбэрэлийн мэдүүлэг /хх18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №8566 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №4182 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх24-25/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, /хх28-36/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх37-38/, Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх80/, Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх39/, иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх42/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх44/, нийгмийн даатгал шимтгэлийн талаарх тодорхойлолт /хх46/, “Хаан банк”, “Хас банк”-ны дансны хуулга /хх48-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-5/,

 2. Хохирогч Б.Ц-ийн “...2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ... би гэр рүүгээ орлоо гээд гэр рүүгээ орсон чинь Б араас гарч ирээд элдвээр хэлээд байхаар нь би согтуу хүнтэй юу ярих уу дээ гээд унтчих байх гээд гэр рүү орсон чинь Б гэрт байсан модон сандлаар миний толгой руу цохичихсон тэгсэн би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд би сэргээд босоод ирсэн чинь миний толгойноос цус гарчихсан Б миний хажууд зогсож байсан...Миний толгой хагарч би гэмтэл орж толгойндоо оёдол тавиулсан. ...Б архи уучхаад элдвээр хэлээд намайг айлд орхиж явлаа гээд агсраад байсан. Тэгээд гэрт байсан модон сандлаар миний толгой руу цохичихсон... Бид хоёрыг маргалдаж байхад хажууд ямар ч хүн байгаагүй бид хоёр л байсан. ...Б намайг урьд өмнө нь цохиж зодож гар хүрч байгаагүй тэр үед гэнэт уурлаад байсан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй. Бид хоёр хамтран амьдраад 7 жил болж байна. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг/хх12/,

3. Гэрч Т.Ганхуягийн мэдүүлэг “...Г.Б Ц-тэй амьдраад 6-7 жил болж байна хамт амьдарч байх хугацаанд ямар нэгэн агсам согтуу тавьж зодож барьлаа гэж огт сонсогдож байгаагүй...харин саяхан л Ц-д гар хүрчихлээ гээд хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх16/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №8566 дугаартай шинжээчийн “...Б.Ц-ийн биед тархи доргилт, баруун зулайд шарх, баруун бугалга, даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх20/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №4182 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн модон сандал дээр цус илэрсэн. Шүлс илрээгүй. Модон сандлаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцоор нэг эмэгтэй хүний цус байна” гэсэн дүгнэлт /хх24-25/,

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, /хх28-36/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх37-38/,

7. Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...би архиныхаа халуунд гэрт ширээний хажууд байсан модон сандлаар толгойг нь цохичихсон чинь Ц- ухаан алдаад газар унаад өгсөн. Тэгээд Ц- удалгүй сэргэж босч ирээд цагдаад дуудлага өгсөн. ...би тухайн үед нилээн халамцуу байсан. ...би өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...дахиж ийм алдаа гаргахгүй...” гэсэн мэдүүлэг/хх80/,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Б-:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Б.Ц-, шүүгдэгч Г.Б нар нь гэр бүлийн харилцаа үүсгэн 7 жил хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б 221`1нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12- нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо .... тоотод хамтран амьдрагч  Б.Ц-ийг “айлд орхиж явлаа" гэсэн шалтгааны улмаас түүнийг модон сандлаар толгойн тус газарт 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ц-ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Т.Ганхуягийн мэдүүлэг тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун зулайд шарх, баруун бугалга, даланд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №8566 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1  дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...” нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

 

Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ц- нь эмчилгээ хийлгэсэн, шүүгдэгчтэй эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүхээс шүүгдэгч Г.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй зэрэг болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР