| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00275/И |
| Дугаар | 146/ШШ2016/00318 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2016/00318
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 1 дүгээр баг, “Тахилга” гэх газар оршин суух Өнгөө овогтой Цэдэнжавын Алтанцэцэгийн /РД:ЙЗ61101105/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ц.Алтанцэцэг миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү...Ц.Алтанцэцэг миний бие Есөнзүйл суманд оршин суудаг. Цас зуд ихтэй тул олон дахин нааш явж чадахгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Алтанцэцэг нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 562 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Сэргэлэн овогтой Мөнхөөгийн Буманжолооч нь “...Би 1978 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Алтанцэцэг 1980 оны 01 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Алтанцэцэг нь 1990 оныг дуустал буюу “Хөгжил” нэгдэлийг татан буугдах үе хүртэл ажиллаж байсан. Би тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Индээ овогтой Бямбын Чулуунбат “...Би 1975 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Алтанцэцэг 1980 оны 01 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Алтанцэцэг нь 1990 оныг дуустал буюу “Хөгжил” нэгдлийг татан буугдах үе хүртэл ажиллаж байсан. Би тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Мөн хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэг нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өнгөө овогтой Цэдэнжавын Алтанцэцэгийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА