Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 958

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-т холбогдох эрүүгийн 1908 03507 1161 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

 Б овогтой М-ын Ц.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 10-5 тоотод **-** УББ улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашинаар гэртээ хүргүүлэхдээ гээгдүүлсэн иргэн Р.Б-ийн өмчлөлийн “Хаан” банкны виза картыг мэдсээр байж завшин авч, бага хэмжээнээс дээш буюу 425.488 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Р.Б-ийн мэдүүлэг /хх20-21, 24/, гэрч Н.Дэлгэржавын мэдүүлэг /хх32/, хохирогч Р.Б-ийн депозит дансны хуулга /хх8/, М.Ц-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх41-43/, шүүгдэгч М.Ц-ын дедозит дансны хуулга /хх76-77/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх57/ Цагдаагийн асап аснгийн лавлагаа /хх10-14/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч М.Ц-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.Хохирогч Р.Б-ийн “...Нэг мэдэхэд такси бариад гэртээ ирчихсэн. Таксины жолоочид утсаа өгөөд мобайл банкаар таксины мөнгөө ав код нь 1212 гэж хэлээд байснаа санаж байна. Тэгээд миний мобайл банк болохгүй болохоор нь гэр рүү ороод бэлэн 20.000 төгрөг авч гарч ирээд таксины жолоочид таксины төлбөрөө төлсөн. Тэгээд гэртээ нилээд халамцуу орж ирээд амрах гээд байж байтал 21 цаг 08 минутанд миний 99561616 дугаартай гар утсанд “таны Хаан банкны данснаас 425.000 төгрөгний зарлага гарсан” гэх утга бүхий мессэж ирсэн. Миний 5171074811 тоот дугаарын данснаас миний Хаан банкны картыг ашиглан Хаан банкны 956 дугаартай АТМ-ээс 425.000 төгрөг хэн нэгэн хүн авсан байсан. Би таксины жолооч сэжиглэж байна. Учир нь гэвэл би таксины жолоочид мөнгө шилжүүлээд ав гээд мобайл банкны нууц дугаараа 1212 хэлж байснаа санаж байна. Миний Хаан банкны мобайл банк болон Хаан банкны картын дугаар адилхан 1212 гэсэн нууц үгтэи юм...” гэх мэдүүлэг /хх20-21/

2. Хохирогч Р.Б-ийн дахин өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдриин 20 цаг 52 минутанд буюу шилжүүлэг хийхээс 16 минутын өмнө 2500 төгрөгөөр гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрээс ундаа аваад утасныхаа интернэт банкаар шилжүүлсэн юм. Тэр мөнгийг би өөртөө зарцуулсан...Би хохирлоо нөхөн төлүүлсөн одоо гомдолгүй байна..." гэх мэдүүлэг /хх24/

3. Хохирогч Р.Б-ийн депозит дансны хуулганы лавлагаа /хх8/,

4. Гэрч Н.Дэлгэржавын “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр 16 цагиин орчим санагдаж байна таксинд явах гээд Приүс-11 маркийн **-** УББ дугаарын машинаа унаад гэрээсээ гарсан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад хоолоо идэхээр орж ирсэн. Хоолоо идчхээд нэг Хаан банкны карт гаргаж ирснээ манай найзын карт байгаа юм. Мөнгийг нь авах гэсэн юм. Хоёулаа хамт Хаан банкны АТМ орчихоод ирье” гээд намайг дагуулаад явсан. Гэхдээ яг хэн гэдэг хүнии картнаас мөнгө авах гэж байгаа талаар надад хэлээгүй. Би ч өөрөө лавлаж асуугаагүй. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн Хаан банкны АТМ дээр очоод манай нөхөр надад “пин код 1212” гэж хэлээд байгаа мөнгийг нь аваад ир гэж хэлсэн. Би Хаан банкны АТМ дээр очоод тус картны пин кодыг 1212 гэж хийгээд дансны үлдэгдлийг шалгахад 425.000 орчим төгрөг байхаар нь 425.000 төгрөгийг уншуулж авсан. Яг хэд нь картанд үлдсэнийг нь мэдэхгүй байна. Тэгээд мөнгийг авснаас хойш 5 хоног хэрэглэхгүй байж байгаад 7 дугаар сарын 02-ны өдөр хүүхдүүддээ өмсөх хувцас, Приүс-11 маркийн авто машиндаа бензин авч хийсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай нөхөр надад үнэнээ хэлсэн. Надад хэлэхдээ машинаа цэвэрлэж байгаад шалавчны завсраас Хаан банкны карт олоод нөгөө 425.000 төгрөгийг надаар авхуулсан талаар хэлсэн. Би гэмт хэргийн замаар олж авсан карт гэж мэдсэн бол картнаас мөнгө авахгүй байсан. Тухайн үедээ би нөхрөө зэмлэсэн. Өөр мэдэх зүйл надад байхгүй.” гэх мэдүүлэг /хх32/

5. М.Ц-ын яллагдагчаар өгсөн  “...Би 2019 оны 6 дугаар 28-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг Толгойтын шөнийн дэлгүүрийн зүүн талаас хоёр эрэгтэй хүнийг авсан юм. Тэр хоёр хаашаа явахаа хэлээгүй. АТМ орно гээд байсан. Нилээн согтуу байсан. Тэр хоёр Толгойтын хуучин эцэс дээр очиход 2500 төгрөг гарч байсан. Тэр хоёр мөнгөө өгөхгүй АТМ яваад өгсөн. Нэг нь машины арын суудал дээр тасраад уначихсан байсан. Удалгүй АТМ орсон залуу АТМ-д мөнгөгүй байна гээд эргээд ирсэн. Чиний данс руу мобайлдчихъя гэхээр нь тэгье гээд өөрийн дансны дугаараа хэлсэн юм. Тэгтэл их согтуу байсан болохоор утсаа ашиглаж чадахгүй. Надад утсаа өгөөд нууц үг нь 1212 гэж 2-3 удаа хэлээд, чи мобайлдчих гэсэн. Нууц үгийг нь хийхэд болохгүй байсан. Тэгээд удалгүй гэрт нь мөнгө байгаа гээл Шөнийн дэлгүүр толгойтын Алтан овооны замын баруун талд байх гэрт очиход гэрээсээ 20.000 төгрөг гаргаж өгөхөд нь би 16.500 төгрөг хариулж өгчихөөд ард тасраад унасан залууг нь Шөнийн дэлгүүрийн замын хойд талд байх эмийн сангийн баруун талд байх хашаанд хүргэж өгчхөөд, өөрийг нь буцаж гэрт нь хүргэж өгөөд 1000 төгрөг аваад би үргэлжлүүлээд халтууранд явсан юм. Орой 21 цагийн үед гэртээ хариад машинаа цэвэрлэж байгаад арын суудлын шалавчны завсраас ногоон өнгийн Хаан банкны виза карт гарч ирсэн. Би тэр картыг аваад эхнэр Н.Дэлгэржавын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн Хаан банкны АТМ дээр ирээд эхнэртээ манай найзын карт байгаа юм. Ороод мөнгийг нь аваад ир гээд явуулсан. Эхнэр удаагүй 425.000 төгрөг барьчихсан гарч ирж байсан. Би тэр мөнгийг 5 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд хүүхдүүддээ гутал хувцас аваад дуусгасан юм. Тэгээд байж байтал 7 дугаар сарын 02-ны өдөр цагдаагаас дуудсан. Дараагаар нь эхнэртээ 2019 оны 7 дугаар сарын 06-07-ны өдөр хавьцаа хэлсэн... АТМ-ээс мөнгийг нь авчхаад тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Орбитын тойрог хавьцаа явж байгаад цонхоороо замын хажуу руу шидчихсэн юм. Би ганцаараа дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэн нэгэнтэй хамтраагүй. Надад ашигласан багаж хэрэгсэл байхгүй. Би өөрөө харагдахгүй гэж л тийм арга хэрэглэсэн юм. Би хохирогчид учирсан хохирол болох 425.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Картныхаа үнийг төлнө. Би амар хялбар аргаар мөнгө олох зорилготой авсан юм. Би гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн. Тэр хүний карт нь Хаан банкны ногоон өнгийн энгийн карт байсан...” гэх мэдүүлэг /хх41-43/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч М.Ц-.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтад дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэгдүгээрт: Шүүгдэгч М.Ц нь хувиараа такси үйлчилгээнд явж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 10-5 тоотод хохирогч Р.Б-ийн хүргэж өгсөн байна.

Хоёрдугаарт: Хохирогч Р.Б- нь шүүгдэгч М.Ц-ын эзэмшлийн **-** УББ улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашинд өөрийн “Хаан” банкны ногоон өнгийн виза картаа унагаж, үлдээсэн.

Гуравдугаарт: Шүүгдэгч М.Ц нь “Хаан” банкны виза картыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн Хаан банкны АТМ-ээс 425.000 төгрөг авч хувьдаа зарцуулжээ.

 

Шүүгдэгч М.Ц нь тус виза картыг таксигаар үйлчлүүлсэн хүний гээгдэл үнэ бүхий эд хөрөнгө, бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эсвэл эзэнд нь хүлээлгэн өгөх иргэний үүргээ биелүүлэлгүй, шунахайн сэдэлтээр хувьдаа завшиж, картнаас нь 425.000 төгрөг авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Ц-ын үйлдлийн улмаас хохирогчид 425.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учирчээ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн, бусдын эзэмшлийн виза карт гэдгийг мэдсээр байж, нууц дугаарыг нь мэдсэнээ ашиглан 425.000 төгрөг авч, завшсанаар  гэмт үйлдэл төгссөн байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч М.Ц-т 425.000 төгрөгийг хохирогч Р.Б-ид бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч нь хохирол төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч М.Ц-ыг хохирлын нөхөн төлсөн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт, санал гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч М.Ц нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Ц нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР