Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 977

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/

шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ж-д холбогдох эрүүгийн 1808 04936 1455 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Буянт цагаан хад” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, .... дугаар хороолол, .... тоотод оршин суух, урьд 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,

 

Б овогт Ж-ийн Ж.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Наран 28-2 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан Б.У-ийг “манай эхнэрийг мууллаа” гэх шалтгаанаар хамар, эрүү, цээжин тус газар нь гараараа цохиж, бие махбодид нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.У-ийн мэдүүлэг /хх7-8, 80х/, гэрч Д.Болд-Эрдэний мэдүүлэг /хх12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12867 дугаартай дүгнэлт /хх20/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх85-86/, гэрч Г.Гантүвшингийн мэдүүлэг /хх81/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх89-90/, шүүгдэгч Ж.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх37/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх39, 46-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Нэг. Шүүгдэгч Ж.Жгийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.У-ийн “...2018 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд гэртээ сүүлд суусан нөхөр болох Болд-Эрдэнэтэй хамт цэвэрлэгээ хийгээд байж байтал хаалга нүдэхээр нь Болд-Эрдэнэ хаалга нээх гээд гарсан араас нь хараад зогсож байтал хуучин нөхөр Ж байсан. Тэгээд гэрт архи үнэртүүлэн орж ирээд Болд-Эрдэнэтэй хамт архи ууя гээд 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи авч уугаад дараа нь 0.5 литрийн хэмжээтэй Чингис архи ууцгаасан. Ж нилээн согтоод надтай маргалдаж эхлээд гэрээс гараад нойл орно гэхээр би араас нь гараад гадаа зогсож байтал гараа хойш нь саваад тохойгоороо хамар руу цохичихсон юм. Тэгсэн Болд-Эрдэнэ араас гарч ирээд тэр үед миний хамарнаас цус гараад хамар гэмтсэн байсан болохоор гэр рүү оруулаад миний цусыг цэвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хх7-8/,

2. Хохирогч Б.У-ийн: “...Ж бид хоёр гэрт нь архи ууж байхдаа авгайгынх нь талаар яриад муудалцаад Ж гарч бие засна гээд гарах гээд явж чадахгүй байхаар нь би араас нь түшээд гэрээс гаргаад жорлонгийн гадна очоод Ж бие засах гээд зогсоод урагшаагаа унах гээд байхаар нь би ар нуруу хэсэг буюу бөөр орчмоос куртикнээс нь зуураад зогсож байтал баруун гарынхаа тохойгоороо эхлээд цээж рүү нэг удаа цохихоор нь яаая гээд жоохон тонгойс хийтэл дахиад баруун гарын тохойгоороо хамар луу нэг удаа цохисон хамарнаас цус гараад цусаа тогтоох гээд алгаараа хамраа барьтал дахиад цохих гэж байхад нь баруун булчин хэсгээрээ хаасан тэгсэн манай нөхөр намайг цохиулж байхыг хараад яаж байнаа хөөе гээд хүргэж өгье гээд бид хоёр Жг аваад шууд хороололд ажил дээр нь очсон...” гэсэн 2 дахь мэдүүлэг /хх79-80/,

3. Гэрч Д.Болор-Эрдэний: “...тэр архи ууж дуусаад Жг унтуулчихья гэтэл явна гээд гарч бие засна гэсэн. Тэгэхээр нь би У-ийг гаргаад бие засуулчих гээд араас нь гаргасан. Тэгсэн нэлээн удаад байхаар нь би араас нь гартал Ж У-ийн нүүр лүү тохойгоороо цохиод, тэгээд цээж рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад болиоч гэтэл чамд хамаагүй гэхээр нь хэсэг харж байгаад очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх12/,

4. Гэрч Г.Гантүвшингийн /хороо хариуцсан хэсгийн байцаагч/ “...Болд-Эрдэнэ, У- хоёр намайг ажлын байран дээр сууж байхад өргөдөл өгөх гэсэн юм гэж орж ирсэн. Тэгэхээр нь би болсон зүйлийн талаар асуусан...маргааш өглөө нь У- миний хамар хавдчихсан байна гээд өргөдлөө өгнө гэж над дээр ирэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдлөө өг гэж хэлээд явуулсан. У-ийн хамар нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан...Болд-Эрдэнэ, У- хоёр над дээр агсам тависан гэх зөрчилөөр орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх82/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12867 дугаартай дүгнэлтэд “Б.У-ийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүү цээж, зүүн бугалганд үүссэн цус хуралт гэмтлүүд нь дангаар болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ. /хх20/,

6. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Хамрын нуруу нь зөөлөн эд багатай шууд ястай харьцдаг тул зөөлөн эдийн няцрал ихэнх тохиолдолд бага үүсдэг. Б.У- нь хэрэг учрал болсноос хойш хугацаа алдаж үзүүлсэн тул тухайн цаг үед ямар байсанг мэдэхгүй байна...” гэж мэдүүлэг /хх85-86/

7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх89-90/,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ж.Ж:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Б.У-, шүүгдэгч Ж.Ж нар нь 1997 оноос 2004 он хүртэл хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр урьдны гэр бүлийн харилцаатай байсан Б.У-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Наран 28-2 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тохойн тус газраараа хохирогч Б.У-ийн хамрыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.У-ийн мэдүүлэг, гэрч Д.Болор-Эрдэнэ, Г.Гантүвшин нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Ж хэдийгээр би Б.У-ийг цохиогүй, манай ажил дээр очиход хамар нь зүгээр байсан, манай охинтой холбоотой гэрч Д.Болд-Эрдэнэтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас тухайн хохирогч гэрч нар нь энэ хэрэгт хувийн сонирхлоор хандаж гүтгэж байгаа гэж тайлбарлаж боловч хөндлөнгийн этгээд болох тухайн хэсгийн байцаагч Г.Гантүвшин хэргийн нөхцөл байдлын талаар өөрт нь ярьсан зүйлийг тодорхой мэдүүлж, хохирогчийн хамар хавдсан байсан талаар мэдүүлэгтээ дурдсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Тодруулбал, хохирогч Б.У-, гэрч Д.Болор-Эрдэнэ, Г.Гантүвшин нарын мэдүүлгийн эх сурвалж нэг үйл баримтыг тодотгон нотолж байна гэж дүгнэлээ.

 

Мөн шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлгээс хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал ихэнх тохиолдолд бага үүсдэг гэсэнг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12867 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.У-ийн эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, зүүн бугалганд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд дээр дурдсанаар тус гэмтлийг шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад “Энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан, ... дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан этгээдийг ойлгохоор заажээ.

 

Тиймээс шүүгдэгч Ж.Жыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийг өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэв.  

 

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.У- нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Жыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх шүүгдэгч Ж.Ж нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цалин орлоготой, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

       

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90/ хоногийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР