Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1073

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох эрүүгийн 1908 04734 1439 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн удирдлагын мэргэжилтэй, “Ач” Анагаах Ухааны их сургуульд сургалтын албанд арга зүйч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овгийн Б-ийн З.     

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Зол нь 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-ний өдөр шилжих шөнө 1 цагийн орчим архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт дуудлагын жолооч С.Т-ийг машин унтрааж толь эвхсэнгүй гэх шалтгааны улмаас түүний нүүр рүү гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч С.Т-ийн мэдүүлэг /хх9-10/, гэрч О.Хандмаагийн мэдүүлэг /хх26-27/, гэрч Д.Очирын мэдүүлэг /хх26-27/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11006 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх12/, Б.Золын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх67-68/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх35/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх40/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Б.Золыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С.Т-ийн “...Би “Наймантны Наяд” ХХК-д дуудлагын жолоочоор ажилладаг. ...Намайг гэрийнх нь гадаа ирэхэд эхнэр нь гараад ирсэн тул би машиныг унтрааж, толийг нь эвхээд эхнэрт нь тооцоогоо хийсэн байгаа шүү, машинаа аваарай гэж хэлээд явах гэхэд жолооч Зол гэх ах намайг дуудсан. Тэгэхээр нь эргээд харахад чи машины толийг эвхсэнгүй гэж хэлсэн. Би жолооч талын суудал дээр суугаад ахаа таны толийг эвхсэн байна шүү дээ гэж хэлэхэд “юу гээд хуцаад байгаа юм” гээд шууд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Энэ үед эхнэр нь салгасан…”  гэх мэдүүлэг /хх9-10/

2. Гэрч О.Хандмаагийн “…Та нөхрөө гарч ирээд ав гэхээр нь гарахад 20 гаруй насны дундаж өндөртэй туранхай залуу надад хандан дуудлагынхаа төлбөрийн төлсөн шүү гэж хэлээд цааш явсан. Энэ үед Зол дуудлагын жолоочийг араас нь дуудаад машиныхаа жолооч талын суудал дээр суулгаад машин унтрааж, толь эвхсэнгүй гэж хэлэхэд жолооч залуу “би толийг чинь эвхсэн байгаа биз дээ” гэж хэлж байсан. Тэгэхэд Зол жолооч залуугийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Энэ үед би очиж салгасан бөгөөд залуу цагдаа дуудсан. Намайг харж байхад маргалдсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх26-27/

         3. Гэрч Д.Очирын “...Зол болон Хүрэлсүх, Бат-Эрдэнэ нарын хамт 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн орчим миний төрсөн өдрийг тэмдэглэхдээ Зайсангийн “Skewers” нэртэй хятад шорлогны газарт мах шарж идэж, 0,75 граммын Соёрхол нэртэй 2 шил архи хувааж уугаад гарсан. Биднийг гарахад Зол машинтайгаа явж байсан бөгөөд өөрөө согтуу байсан тул дуудлагын жолооч дуудсан байсан. Золын машинд Хүрэлсүх бид 3 суугаад явсан. Би зам дагуу 10 хороололд дуудлагын жолоочид 20,000 төгрөг өгөөд буухад Зол, Хүрэлсүх 2 машины арын суудал дээр унтаж байсан. Би буух үед Хүрэлсүхийг сэрээгээд би явлаа шүү гэж хэлсэн. Мөн дуудлагын жолоочид хандан машины эзнийг 21 дүгээр хороолол Сонгинохайрхан дүүргийн байрны гадаа очоод сэрээгээд буулгачихаарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг, /хх19/

         4. Гэрч Б.Бат-Эрдэний “...Бид нарыг гарахад Зол машинтай ирсэн байсан болохоор фэйсбүүкээс дуудлагын жолооч дуудсан. Манай гэр ойрхон болохоор би дуудлагын жолооч ирэхээр ахын дүү манай найз нарыг хүргээд өгөөрэй гэж хэлчихээд явсан. Өөр зүйл мэдэхгүй байна...”/хх73/

         5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11006 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...С.Т-ийн биед зүүн доод 2-р шүдний эмтрэл, амны зүүн булангийн шарх, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэж тодорхойлжээ. /хх12/

          6. Б.Золын яллагдагчаар өгсөн “... Би тухайн үеийн үйл явдлыг санахгүй байна. Дараа нь манай эхнэр Хандмаагаас сонсоход намайг гараараа цохиж гэмтээсэн гэж байсан....” гэх мэдүүлэг /хх67-68/ 

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.Зол.

Шүүгдэгч Б.Зол нь 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчим архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ дуудлагын жолооч С.Т-өөр үйлчлүүлэн хүргүүлсэн, улмаар “машин унтрааж толь эвхсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр рүү гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.Т-, гэрч О.Хандмаа нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Золын гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.Т-ийн эрүүл мэндэд “...зүүн доод 2-р шүдний эмтрэл, амны зүүн булангийн шарх, доод уруулын дотор салстад шарх, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дугаар сарын 11-ний өдрийн 11006 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 150.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.  

 

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Золын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Золд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

 

Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч Б.Золд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР