| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0392/И/ |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 01
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багт оршин суух Гүнжин овгийн Цэдэн-Очирын Баасанцэрэнгийн /РД: РП92051005/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч байгууллагын дарга Н.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасанцэрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2010 онд 10 жилийн сургуулиа төгсөөд 2011 онд Соёл урлагийн их сургуулийн найрал дуу, удирдаач, хормистерийн ангид элсэн орж 2016 оны 06 сард сургуулиа амжилттай дүүргэсэн. Сургуулиа төгсөөд удаагүй байхад Алтай чуулгын өмнөх дарга Отгонбаатар нь манай чуулгад мэргэжлийн хормистер байхгүй, чи манай хамт олонд ирж ажиллаач гэж 4-5 удаа санал тавьж урьсны эцэст ар гэрээсээ холч урилгыг хүлээн авч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад Найрал дууны ангийн багшаар ажилласан. 2016 оны 09 сарын дундуур Алтай чуулгын дарга солигдож Н.Энхбат гэдэг хүн дарга болж орсон цагаасаа эхлэн надтай 7-8 удаа дуудан уулзсан. Эхний 2 уулзалтаар албаны журмаар уулзалт хийж, дараагийн уулзалтаас манай байгууллагад манай аймгийн гаралтай насаараа дуучин хийсэн Лхагваа гэдэг хүн ирнэ гэж хэлж байсан. Харин нэг өдөр нарийн бичгийн дарга чамайг ажлаа өгөх өргөдөл бичээд ир гэсэн утгатай үг дамжуулсан ба би юу гэсэн үг вэ, би яахаараа ямар ч зөрчил гаргаагүй байхад ажлаа өгдөг юм гэсэн. Хэрвээ халах гэж байгаа бол дарга өөрөө халах үндэслэлээ надаас илүү мэдэж байгаа байлгүй дээ. Нарийн бичгийн дарга чамайг залуу хүн болохоор дараа дараагийн ажилд чинь хэрэгтэй өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь дарга Н.Энхбаттай дахиад уулзахаар ороход чиний оронд Лхагваа гэдэг хүн орно. Яагаад гэвэл чамаас илүү туршлагатай, манай нутгийн хүн байгаа юм. Чамд 2 боломж олгоё. Нэгдүгээрт чи өөрийн хүсэлтээр өргөдлөө өг, хоёрдугаарт нь мэргэжлийн шалгалт өг, тэгээд мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаасаа гарах гэсэн хууль бус санал тавьсан. Зөвшөөрөхгүй гэвэл маргааш чамаас мэргэжлийн шалгалт авна гэж тулгасан. Энэ хууль бус саналыг хүлээн зөвшөөрөөгүй би энэ мэргэжлээр 5 жил сурч, мэргэжлийн диплом, зэрэг авчихаад мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн үндэслэлээр халагдана гэдэг миний ажил амьдралын анхны гараа, дараагийн байгууллагад орох боломжгүй хар толбо юм. Лхагваа гэдэг хүнийг миний оронд авна гэж эхлээд бодоогүй, манай байгууллагад ирэх юм байна л гэж ойлгосон. Намайг үүрэгт ажлаас минь чөлөөлсөн тушаалд 1-д Найрал дууны ангийн багш ажилтай Ц.Баасанцэрэн нь түр тушаалаар ажилд томилогдсон. 2-т ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 3-т энэ ажлын байранд мэргэжлийн дадлага туршлагатай дуучин, МУГЖ Б.Лхагваа нь байгууллагын захиргааны урилгаар ирж ажиллах болсон гэх зүйлс бичсэн нь ор үндэсгүй юм. Дээрхид хариулахад 1-д би хүний оронд ажиллаагүй, ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, 2-т надтай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж хэлчихээд ажлаас гарах хүртэл хугацаанд байгуулаагүй. Ажлаас халагдсаны дараа сураглахад дарга дээр гарын үсэг зуруулж, тамга даруулаагүй байна гэсэн. Энэ нь надаас шалтгаалаагүй анх ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулна биз дээ гэж хэлж байсан. Би хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллана гэж хэзээ ч хэлж байгаагүй. 3-т хэдэн зуун километрийн холоос урилга заллага болж авчирчихаад дарга солигдонгуут шинэ дарга манай захиргааны урилгаар ирсэн хүн орох ёстой гэсэн тушаал гаргасанд гомдолтой байна. Иймд Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын найрал дууны ангийн багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, дээрхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч орон нутагт ажиллаж чадахгүй учраас ажилгүй хугацааны цалин болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүүлж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэж хэлсэн. ТҮ-7-1 500.000 төгрөгийн цалинтай байдаг. Ажилгүй хугацааны цалин 1.491.525 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. 2016 оны 09 сарын 27-ны өдөр чөлөөлсөн тушаал гаргасан. Өдрийн цалин 23.675 төгрөг, үүнийг 09 сарын 27-ны өдрөөс хойш ажлын өдрөөр 63 хоногоор үржүүлсэн. Анх ажиллаж байсан байгууллага учраас хүндэтгэж ийм шийдвэр гаргасан байна. Өөрийн хүсэлтээр гарсан гэх тушаал шаардлагатай гэж үзсэн байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Дашням: Эвлэрэх саналыг хүндэтгэж үзэж байна. Тушаалыг өөрчлөх талаар боломжгүй байна гэж үзэж байна. Санхүүгээс баталсан тул төлөөлөгчийн саналыг хүлээж авах боломжтой гэж үзэж байна гэв.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Баасанцэрэн нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 1.491.525 төгрөг гаргуулах, дээрх дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баасанцэрэнгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, дээрхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь “...Нэхэмжлэгч Ц.Баасанцэрэн нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 1.491.525 төгрөг гаргуулах, дээрх дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр эвлэрч байна...” гэх эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгаас улсын тэмдэгтийн хураамжид 38.814 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Ц.Баасанцэрэнгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, дээрхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 1.491.525 төгрөг гаргуулах, дээрх дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр зохигч талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгаас улсын тэмдэгтийн хураамжид 38.814 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ