Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1099

 

   

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овогт Ж-ын Т-д холбогдох эрүүгийн 1903 00912 0408 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д ээлжийн дарга, мастер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүрэг, .... дугаар хороо .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Ё овогт Ж-ын Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 12 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо шинэ Авто худалдааны төвийн хойд замд “Ниссан Икстрайл” маркийн **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-ын “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Пассо” маркийн **-** УБР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Ц-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд 4.218.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх9-11/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх8/, хохирогч Б.Ц-ын мэдүүлэг /хх19-20/, гэрч П.Эрдэнэтуулын мэдүүлэг /хх34/, гэрч Д.Насанжаргалын мэдүүлэг /хх27-28/, гэрч А.Бямбажаргалын мэдүүлэг /хх29-30/, шүүгдэгч Ж.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх59-60/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 9452 дугаартай шинжээч  эмчийн дүгнэлт /хх39/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх47-49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх61/, жолоочийн лавлагаа /хх62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх63/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх64/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх65/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх67/, баримт бичиг, хохролын баримт, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх73-74, 75-79, 80-81/, зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Ж.Т-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-6/,

2. Гэрэл зургийн үзүүлэлт /хх9-11/,

3. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх8/

4. Хохирогч Б.Ц-ын “...Төв аймгийн Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу орж ирээд чигээрээ явж байтал зүүн талаас нэг автомашин орж ирээд л түс тас гээд л хүчтэй дугараад мөргөлдсөн. Манай машины баруун гар талаас нэг машин орж ирээд мөргөөд авах шиг болсон. Тэгээд миний баруун гар гэнэт хөдлөхгүй өвдөөд эхэлсэн. Тэгээд манай машин замаас гараад замын урд талд явган замын хажуугийн хөвөөн дээр зүүн урд дугуй нь мултарч унасан, зүүн урд хаалга, буфер чихэгдсэн байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх18-20/,

5. Гэрч П.Эрдэнэтуулын “... **-** УБР улсын дугаартай автомашинд суугаад Улаанбаатар орж ирээд, Шинэ авто худалдааны төвийн хойд замд явж байтал манай машины хажуугаас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд би урагшаа шидэгдээд урд шил мөргөсөн. ... ”гэх мэдүүлэг /хх34/,

6. Гэрч Д.Насанжаргалын “...Шинэ авто худалдааны төвийн харалдаа ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал Ниссан Икстрайл маркийн **-** УБТ улсын дугаартай автомашин зүүн гар талаас буцаж эргэх гээд миний машины зүүн талаас мөргөсөн. Тэгээд би сандраад баруун тийш дартал баруун гар талын замын хашлага даваад зогссон. ...” гэх мэдүүлэг /хх27-28/,

7. Гэрч А.Бямбажаргалын “...манай нөхөр Ж.Т өөрийн Ниссан Икстрайл маркийн **-** УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож Сонгинохайрхан дүүргийн Шинэ авто худалдааны төв рүү хамт явсан. Тэгээд шинэ авто худалдааны төвийн хойд уулзварт зүүн гар тийш эргэх үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж байсан Тоёото Пассо маркийн автомашинтай мөргөлдсөн ” гэх мэдүүлэг /хх29-30/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 9452 дугаартай шинжээчийн “...Ө.Ц-ын биед баруун бугалга ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой ” гэсэн дүгнэлт /хх39/,

9. Автомашины техникийн үнэлгээний: “...Үнэлгээгээр тогтоосон дүн- 4.218.000” гэх тайлан /хх47/

10. Шүүгдэгч Ж.Т-ийн яллагдагчаар өгсөн “...шинэ худалдааны төв рүү орох гэж явсан.Тэгээд өөдөөс автомашин харагдаагүй, тэгэхээр нь зүүн гар тийш дохио өгөөд эргэтэл гэнэт баруун гар талаас Тоёото Пассо маркийн автомашин замын хажуугийн хашлага даваад замын хажуугийн шороон хөвөөн дээр гарч зогссон. ...” гэх мэдүүлэг /хх60/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ж.Т-.

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 12 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо шинэ Авто худалдааны төвийн хойд замд “Ниссан Икстрайл” маркийн **-** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-ын “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Пассо” маркийн **-** УБР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Б.Ц-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд 4.218.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх8/, хохирогч Б.Ц-ын мэдүүлэг, гэрч П.Эрдэнтуулын мэдүүлэг, гэрч Д.Насанжаргалын мэдүүлэг, гэрч А.Бямбажаргалын мэдүүлэг, автомашин техникийн үнэлгээний тайлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Энэхүү үйлдлийн улмаас хохирогч Ө.Ц-ын эрүүл мэндэд “...биед баруун бугалга ясны далд хугарал гэмтэл...” бүхий хүндэвтэр хохирол учирсан нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн  9452 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувьд гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн,  хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Т-ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй буюу замын хөдөлгөөн оролцохдоо анхаарал болгоомжтой байх үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан акт болох “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Түвшитөрийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  “...учруулсан хохирлыг төлсөн...” зэрэг нөхцөлүүдийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Т-,  хохирогч нарын хохиролыг бүрэн барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Т-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан акт болох “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР