| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00433/И/ |
| Дугаар | 04 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 04
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвд оршин суух Манлай овгийн Цэмбэлийн Жүгдэрнамжилын /РД: ДО58071314/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд холбогдох
2016 оны 01 сараас 2016 оны 09 хүртэлх цалингийн зөрүү 1.776.271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжил шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Чандмань сумын сургуулийн захирлын ажлыг 15 дахь жилдээ, боловсролын байгууллагад 34 жил ажиллаж байна. 2015 оны 09 сарын 10-ны өдрийн Б/61 тоот захирамж гарч намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн юм. Захирагааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 38 дугаартай шийдвэр гарсан боловч намайг 2016 оны 08 сарын 31-нд намайг ажилд авсан юм. Миний бие ажилгүй байсан хугацаандаа насан туршийн боловсролын багш хийж байсан. 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр миний ажилгүй байсан хугацааны цалин шийдэгдээгүй боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар цалингийн зөрүү гарсан юм. Иймд 2016 оны 01-08 сарын цалингийн зөрүү болох 1.776.271 төгрөгийг Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжил нь 2015 оны 09 сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдөж, тус сургуульд насан туршийн боловсролын багшаар ажиллаж байсан. 2016 оны 08 сарын 30-ны өдөр захирлын ажилд эгүүлэн томилогдсон тул 2016 оны 01 сараас 09 хүртэлх цалингийн зөрүү 1.776.271 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрх үнийн дүн нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татвар зэрэг суутгалуудыг хасаад гар дээр олгох мөнгөн дүн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ундралчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чандмань сумын бүрэн дунд сургуулийг төлөөлж нягтлан бодогч Ч.Ундралчимэг би Ц.Жүгдэрнамжилын нэхэмжлэлтэй цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дээрх болон өмнөх цалингийн зөрүүг буруу шийдвэр гаргасан этгээдээс нэхэмжилж байгууллагыг хохиролгүй болгох болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ц.Жүгдэрнамжил нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуульд холбогдуулан 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 1.776.271 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжил нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Ц.Жүгдэрнамжил нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 172 дугаартай тогтоол тус тус гарч, нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжилыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг олгож шийдвэрлэжээ.
Улмаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар Ц.Жүгдэрнамжилыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлаар томилон ажиллуулсан байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээр нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжилын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.
Иймд Ц.Жүгдэрнамжил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд бага цалинтай ажил хийж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Ц.Жүгдэрнамжилын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх бага цалинтай ажил хийж байсан 8 сарын цалингийн зөрүү 1.776.271 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжилд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан цалингийн тооцооны хуудаснаас үзэхэд сарын цалин хөлсний зөрүү нь үндсэн цалин 125.596 төгрөг, нэмэгдэл 49.262.3 төгрөг, ур чадвар, зэргийн нэмэлт 159.370,9 төгрөг байх бөгөөд 1 сарын цалингийн зөрүү 334.229,2 төгрөг, нийт 8 сарын цалингийн зөрүү 2.673.824 төгрөг, үүн дээр урамшууллын зөрүү 56.518 төгрөгийг нэмбэл нийт цалингийн зөрүү 2.730.342 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь дээрх дүнгээс хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татвар зэрэг суутгалуудыг хасаад гар дээр олгох мөнгөн дүн нь 1.776.271 төгрөг гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу 1.776.271 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар цалингийн зөрүү 1.776.271 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.370 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулиас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ц.Жүгдэрнамжилын цалингийн зөрүү 1.776.271 төгрөгийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Ц.Жүгдэрнамжилд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар цалингийн зөрүү 1.776.271 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43.370 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулиас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ