Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1111

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б-д холбогдох эрүүгийн 1908 04812 1497 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр  сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн,  33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-3, нөхөр  1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Үерийн 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Ө-ын Б.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн  ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот нийтийн байранд “гэртээ ирж хоносонгүй“ гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Ц-ын цээжин тус газар хайчаар хатгаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-5/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх7-9/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх10-14/, Сонгинохайрхан дүүргийн  23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх15-16/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх19/, хохирогч Д.Ц-ын мэдүүлэг /хх26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх45/, “Осол гэмтлийг бүртгэх хуудас”-ны хуулбар /хх52/, Ө.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх62-63/, Ө.Б-ын 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх69-72/, шүүгдэгч  Ө.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх74/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх75/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгах хуудас  /хх66/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Ө.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-5/,

2. Аюулгүйн зэргийн үнэлгээгээр хүчирхийлэлд өртөх эрсдэлийн түвшинг “дунд” зэрэг гэж дүгнэсэн дүгнэлт /хх7-9/,

3. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 10-14 хуудас/,

4. Сонгинохайрхан дүүргийн  23 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх15-16/,

5. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх19/,

6. Хохирогч Д.Ц-ын “...ажлын газрын хүнтэй архи уучихаад гэртээ Сонгинохайрхан дүүргийн  23 дугаар хороо Хангайн 46 дугаар гудамжны 6 тоот нийтийн байранд ирэхэд манай эхнэр унтаагүй сэрүүн байсан ба эхнэр уурлаад нийтийн байраа солих хэрэгтэй байна, хоол ундны материал алга, яахаараа гэртээ ирж хонодоггүй юм гээд маргалдаад эхнэр газраас хутга аваад өөрийгөө ална гэсэн. Тэгэхээр нь хутгыг нь булааж аваад цонхоор шидсэн. Тэгээд эргээд харахад эхнэр гартаа хайч барьчихсан миний цээжин тус газар зүссэн. 103 дуудаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн...бид 2 одоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Ц-ын биед цээжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх45/,

8. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн “осол гэмтлийг бүртгэх хуудас”-ны хуулбар /хх52/,

9. Ө.Б-ын яллагдагчаар өгсөн “...Ц-тай 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа дундаасаа 1 настай хүүхэдтэй ба одоо 3 сартай жирэмсэн. Бид 2-т албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед Ц гэртээ согтуу орж  ирэхэд би нөхөртөө нялх нойтон хүүхэдтэй минь хоол ундгүй үлдээгээд өөрийнхөө амийг бодоод хар ус уугаад, энэ нийтийн байр чинь надад таалагдахгүй байна гэх зэргээр уурлаад хутга аваад амиа хорлоно гэхэд нөхөр гарнаас булааж аваад цонхоор шидсэн. Тэгтэл хажууд улаан өнгийн бариултай хайч байхаар нь уг хайчны үзүүрээр нөхрийнхөө цээжнийх нь хэсэгт хатгаж зүссэн. Тэгээд цус гарахаар нь сандраад гэмтлийн эмнэлэг ороод оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх62-63/

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ө.Б-ын.

Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн  23 дугаар хороо Хангайн 46 дугаар гудамжны 6 тоот нийтийн байранд “гэртээ ирж хоносонгүй“ гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Ц-ын цээжин тус газар хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн №8582 дугаартай “Д.Ц-ын биед цээжинд хатгагдсан шарх гэмтэл гэмтэл тогтоогдлоо...” гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

 

Мөн хохирогч Д.Ц-, шүүгдэгч Ө.Б нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй боловч 3 жил хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй, мөн одоогоор жирэмсэн бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

 

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ө.Б нь хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.  

 

Хохирогч Д.Ц нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг ял оногдуулах хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Ө.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хайчийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР