Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00801

 

Я.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00553 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

Я.Дийн нэхэмжлэлтэй

Т.Аад холбогдох

2 700 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.А, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 11 сарын 21-нд Т.Аад 1 800 000 төгрөгийг бэлнээр өгч уг өдрөөс хойш эхлэн 5 сарын хугацаанд багтааж буцаан авахаар тохиролцсон юм. Гэвч Т.А нь өдий болтол зээлсэн мөнгөө буцааж өгөхгүйгээр барахгүй холбоо ч барихгүй байна. Ингэж итгэл эвдэж зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа Т.Аад гомдож аргаа барж сууна. Иймд үндсэн зээл 1 800 000 төгрөг түүн дээр харилцан тохиролцсон 5 сараас дээш хугацаа хэтэрсний /зээлийн гэрээний нотариатын баталгаатай 2016 оны 11 сарын 21-ний/ 2.7-д заасанчлан зээлдэгчээр төлүүлж өгч гүн туслалцаа үзүүлнэ үү....Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг гаргахдаа алданги нь үнийн дүнгээс хэтэрсэн учраас 50 хувиас нь хэтрүүлэлгүйгээр нэхэмжлэлээ гаргасан. Үндсэн зээл 1 800 000 төгрөг, алданги 900 000 төгрөг, нийт 2 700 000 төгрөгийг Т.Ааас гаргуулна....Тэгээд бүтэн нэг жилийн дараа хариуцагчийн дүү Т.Капитанбек над руу утсаар яриад Хөвсгөлд барилга барьж байна. Ахдаа 2 800 000 төгрөг өгөөд явуулчихлаа гэж хэлэхээр нь би Хилийн цэрэгт өргөдөл өгөөд чиний хил гарах асуудлыг чинь хаачихсан гэж хэлэхэд Т.Капитанбек надад Даруйхан хөөцөлдөөд өгөөч гэж хэлсэн. Би даруйхан хөөцөлдөөд өгсөн. Ахын чинь авч явж байгаа 1 800 000 төгрөг дээр гэрээ хийе гэж хэлэхэд Т.Капитанбек тэг тэг гэж хэлсэн. Би таксидаж очоод Т.Атай зээлийн гэрээ хийсэн....Би хариуцагчид өөрийнхөө гараар 1 800 000 төгрөгийг өгөөгүй гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд дүүгийнхээ паспортыг авахаар Улаанбаатар хот орсон. Би нэхэмжлэгчтэй утсаар яриад надад 1 000 000 төгрөг байна. Ногоогоо зараад 1 000 000 төгрөгтэй ирсэн. Дүүгийнхээ иргэний үнэмлэх, гадаад паспортыг авъя гэж ярьсан. Хоёулаа уулзаад болох байлгүй гэж энэ хүн хэлсэн.Бид хоёр уулзаад гадаад паспортыг Хилийн цэрэгт өгчихсөн байгаа. Тэндээс би аваад өгье гээд орой 4 цагт авч өгөхөөр болсон. Би 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөд гадаадын иргэний үнэмлэхийг нь өгөөд, гадаадын паспортыг нь өгөхгүй, надад мөнгө нэмж өг гэж нэхэмжлэгч хэлсэн. Би Ахаа мөнгө нэмж өгөхгүй ээ, бололцоо ийм байна гэж хэлсэн. Энэ хүн өгөхгүй гэж хэлсэн. Би хэдэн төгрөг нэмж өгөх вэ гэж асуухад нэхэмжлэгч 500 000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэр өдөр нь би унаанаасаа хоцорсон. Тэгээд энэ ахаас гуйсан. Гэтэл энэ ах надад гэрээ хийнэ гэж хэлсэн. Ямар учиртай гэрээ юм бэ гэж асуухад 1 800 000 төгрөг авснаар гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нотариат орж гэрээ хийгээд дүүгийнхээ гадаад паспортыг нь авсан. Тэрнээс биш би энэ хүнээс бэлэн мөнгө зээлж аваагүй....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дүүгийнхээ гадаад паспортыг нь авахын тулд шахалтанд орж зээлийн гэрээ хийсэн. Би нэхэмжлэгчээс 1 800 000 төгрөгийг зээлж аваагүй. Миний дүү энэ хүний байрыг 4 сар шахам түрээслэсэн. Нэхэмжлэгчийн Д.Лхамаа гэдэг охинд нь манай дүү 1 200 000 төгрөг өгсөн байсан. Би дүүгийнхээ өмнөөс гэрээ хийчихээд одоо ингээд хохироод явж байна гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие дүү Т.Капитанбекийн бичиг баримтыг авахаар Я.Дтой уулзахад байрны түрээсийн мөнгө 2 800 000 төгрөгийг надаас нэхсэн. Би дүүгийнхээ өмнөөс өөрт байсан 1 000 000 төгрөгийг Я.Дид төлсөн. Я.Д нь намайг дүүгийнхээ өмнөөс 1 800 000 төгрөгийг төлөхийг шаардсан. Надад 1 800 000 төгрөг байхгүй байсан ба Я.Дийн шахалтад орж зээлийн гэрээ байгуулсан. Би Я.Д гэдэг хүнийг танихгүй. Мөн мөнгө зээлээгүй. Би Я.Дийн дарамт шахалтад орж 1 800 000 төгрөг авсан гэж хуурамч зээлийн гэрээ байгуулсан. Я.Д бид нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг төөрөгдүүлж, дүү Т.Капитанбекийн байр түрээслэсэн мөнгөний дутууг надаас гаргуулахаар хууран мэхэлж байгуулсан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Я.Д бид хоёрын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэр гаргуулж өгнө үү....Манай дүү Т.Капитанбекийн түрээсийн гэрээний оронд халхавчилж зээлийн гэрээ хийсэн. Би дүүгийнхээ гадаад паспортын авахын тул барьцаалагдаад ийм гэрээ хийсэн гэжээ.

Нэхэмжлэгч Я.Д шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Улаан цайм худлаа яриад байгаа хүний өмнөөс хэлэх зүйл байхгүй болоод байна. Надад хариуцагчийг дарамталж хийсэн зүйл байхгүй. Би хариуцагчийг унаанаасаа хоцрох гээд байна гэхэд 3 дугаар хорооллоос түгжрээн дунд зорьж очоод гэрээ байгуулсан. Миний зүгээс хариуцагчийг холоос ирсэн гээд хүндэтгээд сэтгэл гаргаад очсон. Тэгж байхад дарамталсан гэж хэлээд байх юм гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00553 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Я.Дийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Аад холбогдох үндсэн зээл 1 800 000 төгрөг, алданги 900,000 төгрөг, нийт 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Д хариуцагч Т.А нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 14,400 /арван дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Я.Доос гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Т.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 26,450 /хорин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Я.Доос 43,750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж тус тус хариуцагч Т.Аад олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00553 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасныг баримтлан хариуцагч Т.Ааас 2.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Дид олгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Ааас 58150 төгрөг гаргуулж Я.Дид олгосугай. гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Я.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58150 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, Я.Дид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.А, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.А, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг бид 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гардан авч эс зөвшөөрч хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэдэг үндэслэлээр хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, маргааны агуулгыг буруу тайлбарлан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хуулийг ноцтой зөрчсөн. Хариуцагч Т.Аын дүү Т.Капитанбек нь нэхэмжлэгч Я.Дийн байрыг түрээсэлж, түрээсийн төлбөрийн барьцаанд гадаад паспортоо тавьсан байсан. Т.А дүү Т.Капитанбекийн барьцаанд тавьсан гадаад паспортыг авахаар Ховд аймгаас Улаанбаатар хотод очиж түрээслэгч гэх Я.Дтой уулзахад түрээсийн төлбөр 2 800 000 төгрөгийг төлөөд дүү Т.Капитанбекийн гадаад паспортыг ав гэж 2 800 000 төгрөг нэхсэн. Я.Д нь Т.Капитанбекийн бичиг баримтыг хилийн хориг тавиулахаар Хилийн цэргийн газарт өгсөн гээд өгөөгүй. Т.А дүүгийнхээ өмнөөс 1 000 000 төгрөгийг Я.Дид төлсөн боловч Я.Д бичиг баримтыг өгөлгүй, үлдэгдэл 1 800 000 төгрөгийг өгнө гэсэн баталгаа гаргаж нотариотоор батлуулахыг шаардсан. Т.А дүү Т.Капитанбекийн гадаад паспортыг авахын тулд зээлийн гэрээ байгуулсан. Т.А Я.Доос 1 800 000 төгрөг зээлж аваагүй, дүүгийнхээ гадаад паспортыг авахын тулд зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Я.Д анхан шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцсон бөгөөд шүүх хуралдаан дээр: ”..Би таксидаж очоод Т.Атай зээлийн гэрээ хийсэн. Би хариуцагчид өөрийнхөө гараар 1 800 000 төгрөг тоолж өгөөгүй” гэдгээ тодорхой хэлсэн. Нэхэмжлэгчийн хэлсэн үг шүүх хуралдааны тэмдэглэл, камерийн бичлэгт тусгагдсан байгаа. Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”. гэж хуульчилжээ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”. гэж хуульчилжээ. Талууд зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 56, 281, 282 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн шаардлагыг зөрчиж 1 800 000 төгрөг зээлсэн гэж дүр үзүүлсэн хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудаар нотлогддог. Нэхэмжлэгч Я.Д нь хариуцагч Т.Аад гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй /зээлээгүй/, Т.А нь дүү Т.Капитанбекийн гадаад паспортыг авахын тулд тухайн хэлцлийг хийх зориг хүсэл эрмэлзлэлгүйгээр дүр үзүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчсөн. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Давж заалдах шатны шүүх хууль зөрчиж дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг /Зээлийг гэрээг/: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан, алдангийн талаархи тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ” гээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Я.Д нь хариуцагч Т.Аад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан байна. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, дүү Т.Капитанбекийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэж, хариуцагчаас үндсэн зээл 1 800 000 төгрөг, алданги 900 000 төгрөг нийт 2 700 000 төгрөгийг шаарджээ. Зохигч талуудын тайлбараас үзвэл хариуцагчийн дүү Т.Капитанбек нь нэхэмжлэгчийн байрыг хөлсөлсөн, хөлсөө бүрэн төлөөгүй, Т.А нь төлөөгүй хөлсний хэмжээгээр Я.Дтой зээлийн гэрээ байгуулж, түүнээс дүүгийнхээ бичиг баримтыг авсан үйл баримт тогтоогджээ.

Бусдын өрийг шилжүүлж авах, гэрээний үүргийг өөр үүргээр солих нь Иргэний хуулийг зөрчихгүй.

Гэрээнд зээлийн хэмжээ, зээл төлөх үүрэг, хугацаа хэтрүүлбэл алданги төлөх нөхцлийг тодорхой тусгасан, талууд гарын үсгээ зурснаар гэрээ байгуулагдсан талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч Т.А нь дүү Т.Капитанбекийн өрийг хүлээн зөвшөөрсөн, орон сууцны хөлс төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон, зээлийн гэрээ байгуулсан үйл баримтыг түүний  хүсэл зоригоос гадуур гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА