Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 825

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

          прокурор Д.Дэлгэрмаа,

          шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.П, Ж.Б,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,      

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэлийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Эод холбогдох 2017 2503 0760 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ий Э, 1973 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн нярав, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан, одоо “Монтоп” ХХК-д  харуулын ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Баатархайрханы гудамж, 30 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 цогцолборын 1011-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

Б.Э нь албан тушаалын байдлаа ашиглан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн нярав, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 20.178.742 төгрөг 20 мөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-ыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг тодорхой албан тушаал эрхлэх буюу аж ахуйн нэгж, байгууллагад няраваар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнцогтод оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх буюу аж ахуйн нэгж, байгууллагад няраваар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж  дууссан үеэс эхлэн тоолож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-оос нийт 14.925.867 төгрөг 20 мөнгийг гаргуулан Монголын Үйлдвэрчний холбооны дэргэдэх Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуульд олгож, шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э-д цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: “...Цагдан хоригдож байх хугацаанд миний ар гэрээс хохирогч байгууллагын удирдлагуудтай биечлэн уулзаж, хохирлыг төлөхөөр тохиролцож, давж заалдах шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191 дугаартай тодорхойлолт гаргасан байсан. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Ж.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Миний үйлчлүүлэгч Б.Э нь Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон болно.

2. Б.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 564 тоот шийтгэх тогтоолоор Монголын Үйлдвэрчний холбооны дэргэдэх Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуульд 14.925.867 төгрөг 20 мөнгийг төлөхөөр болсон боловч шийтгэх тогтоол гарсны дараа Монголын Үйлдвэрчний холбооны дэргэдэх Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191 дүгээр тодорхойлолтоор Б.Э-ын эхнэр С.Г-тай харилцан тохиролцож, төлбөрийг барагдуулахаар тохиролцсон тул Б.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлэн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн  харгалзах ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Д.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Э-д оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Э холбогдох гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.        

Б.Э нь албан тушаалын байдлаа ашиглан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн нярав, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 20,178,742 төгрөг 20 мөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн “...Б.Э нь манай сургуульд аж ахуйн ажилтан, нярав гэдэг ажлыг хавсарч хийдэг байсан. 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс аж ахуйн эрхлэгчээр томилогдсон. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотоод аудитын хяналт шалгалтаар касснаас бэлэн мөнгө дутсан нь илэрсэн байсан. Нийт касснаас 19,219,842 төгрөгийн дутагдал илэрсэн. Тэгээд шалгалт хийсэн манай шинэ нягтлан Ж.Ядмаа гэдэг хүнтэй Б.Э 10 хоногийн хугацаанд бүх асуудлыг зохицуулах  болно гээд хугацаа авсан. Ингээд 10 хоногийн дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мөнгө тушаагаагүй тул ахлах нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ж.Я бэлэн мөнгө дутсан тухай албан ёсоор бид нарт мэдээлсэн. Тэр өдөр би Б.Э-ыг дуудаж уулзахад мөнгө дутаасан болохоо албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. ...2017 оны 1 дүгээр кассын харилцахаас Б.Э нь 937,000 төгрөгийг дутуу тайлагнасан байсан. Ингээд 937,000 төгрөг нэмэгдээд 20,178,742 төгрөг болсон...” /хх-14, 16-18, 19/,

гэрч Ж.Я-ийн “...ажилд томилогдсоны дараа 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тус сургуулийн кассын нярав Б.Э-ын хариуцлагат байгаа бэлэн мөнгөнд хяналтын тооллогыг ажил хүлээлцэх комиссын дарга Б-ийн хамт орж тоолсон. Б.Э-ын хариуцлагад байсан бэлэн мөнгөнөөс 19,219,842 төгрөгийн өр төлбөр гарсан. ...кассын нярав хариуцаж байсан бэлэн мөнгөнөөс 19,219,842 төгрөг дээр кассын няравын тайлангаар дутуу орлого, зарлагын дүнгээрээ 937,100 төгрөг нэмэгдэж, нийт 20,156,942 төгрөгийг нэхэмжлэх авах болно...” /хх-20-22/,

гэрч Д.Н-ын “...Манай сургуульд сүүлийн 3 жилд “Тэд Аудит” ХХК- аас аудитын шалгалт хийдэг байсан ба уг хугацаанд ямар нэгэн дутагдал илэрч байгаагүй. ...Кассын мөнгөнөөс бусдад зээлдүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. 2016 оны 12 дугаар сарын 31-ний тооллогоор үлдэгдэл зөндөө мөнгө дутахаар нь Б.Э-оос асуухад “хүүхэд нь мөнгөний өрөнд орчихсон, машин, тэрэг мөргөлдүүлсэн” гэж байсан ба үүнээс болоод мөнгө дутаасан гэж хэлж байсан...” /хх-25-26/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...”Ас-Арвай Аудит” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн аудитын дүгнэлт нь үндэслэлтэй байна. Аудитын дүгнэлтээр зөвхөн Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуульд няраваар ажиллаж байсан Б.Э-ын хариуцлаганд байсан бэлэн мөнгөний тооцоог 2017 оны 1 дүгээр сарны 1-нээс 2 дугаар сарын 1-ийг хүртэлх хугацааг хамруулан шалгасан байна. Шинжилгээнд ирүүлсэн кассын дэлгэрэнгүй бүртгэл, орлого зарлагын баримтуудын хүрээнд Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуульд няраваар ажиллаж байсан Б.Эын хариуцлаганд байсан бэлэн мөнгөний тооцоог 2017 оны 1 дүгээр сарны 1-нээс 2 дугаар сарын 1-ийг хүртэлх хугацааг хамруулан шалгахад 20,178,742 төгрөг, 20 мөнгөний дутагдал гарсан байна. Үүнээс Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн “Хаан” банкны 5014123793 тоот дансанд 2017 оны 6 дугаар сарын 15-нд 1,500,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 21-нд 3,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг барагдуулж, 15,678,742 төгрөг, 20 мөнгөний үлдэгдэлтэй байна...” гэсэн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-30-34/,

“Ас-Арвай Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт /хх-64-66/, хохирол төлсөн баримт /хх-104/, шүүгдэгч Б.Э-ын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Э-ын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Э-ын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 20,178,742 төгрөг 20 мөнгийг завшсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хэрэг байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй дүйцэж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж зааснаар зүйлчилж, хүндрүүлсэн гэмт хэргийн шинжээр зүйчлэх нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Батхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болохоор давж заалдах шатны шүүхий шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Б-ийн Эаж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Х овгийн Б-ийн Э-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг тодорхой албан тушаал эрхлэх буюу аж ахуй нэгж, байгууллагад няраваар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ