Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 37

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Б гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зам, тээврийн хөгжлийн яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Н, Т******* зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зам, тээврийн сайдын тушаалаар Т******* замын хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсын Зам, тээврийн яамны төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн юм. 

Т******* замын хамтын ажиллагааны байгууллага нь Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотод байрладаг Олон улсын байгууллага юм. 

Зам, тээврийн хөгжлийн яамыг төлөөлж Газрын дарга Б.А, төлөөлөгч С.Б  нар 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 02 дугаар Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсны дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Варшав хотод ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай цахим шуудан авсаны дараа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 02 дугаар Д.Г******* сайдын гарын үсгээр баталгаажсан 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. 

Энэхүү ажлаас чөлөөлсөн сайдын тушаалыг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй байгаа бөгөөд намайг хугацаанаас өмнө ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Хууль бусаар үндэслэлгүй халагдаж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хохирсон юм.

Маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэж буй үндэслэл нь сайд Д.Г******* сонгуулийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Үйл баримтыг хууль зүйн талаас нь үзвэл цаг хугацааны хувьд ч тийм зүйл харагдаж байгаа. Нэхэмжлэгчийн тухайд ажилтныг ажлаас чөлөөлж, халж болох хэдий ч энэ талаар урьдчилан мэдэгдэх, цаг хугацаа олгох хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Гэрээний хугацаа дуусаагүй байхад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн.

2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалд гэрээний нөхцөлийг хэрхэн зөрчсөн, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ямар нөхцөл байдал үүссэний улмаас ямар үндэслэлээр халсан тухай огт дурдаагүй. Зөвхөн 08 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тухай л дурдсан. Одоо шүүхэд маргаад эхлэхээр ажлаа дутуу гүйцэтгэсэн, мэргэжлийн бус, тайлан тооцоо өгөөгүй гэх зэрэг тайлбар хэлж байна. Нэхэмжлэгч С.Б  нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Ачаа тээврийн мэргэжилтэн гэх албан тушаалыг хашин, тухайн байгууллагын дотоод журамд заасан ажил, үүргээ хангалттай сайн биелүүлж, сайд нарын хурлаар батлагдсан жилийн төлөвлөгөөний дагуу ажилласан. Гүйцэтгэсэн ажлаа илтгэх хуудсаар зохих журмаар мэдүүлж байсан. Түүгээр ч барахгүй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад болсон хурал зөвлөгөөнийг биечлэн хариуцан зохион байгуулсан. “У******* Т******* Зам” ХНН-тэй хамтарч ажиллаж байсан, ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн.

Үнэхээр нэхэмжлэгч С.Б  нь мэргэжлийн бус, шаардлага хангаагүй байсан бол энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалд тодорхой дурьдах ёстой. Хөдөлмөрийн харилцааг дуусгахдаа урьдчилан мэдэгдэж, ямар алдаа дутагдал гаргасан талаар сайд нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх ёстой. Ийм ажиллагаа огт хийлгүй шууд халчихсан. Ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгчийг ажлаас халах тухай мэдэгдлийг өгсний дараа батлагдсан байна. “У******* Т******* Зам” ХНН-ийн дарга Д.Ж******* ч өөрөө хуралдаа оролцож чаддаггүй байсан гэх тайлбар өгдөг. Эдгээр нь бүгд иргэний хэргийн шүүхэд маргаан үүссэний дараа өгсөн баримтууд. Үнэхээр ажлаас халах зайлшгүй нөхцөл байдал байсан бол энэ тухайгаа ойлгомжтой мэдэгдээд халсан бол гомдохгүй. Гэтэл шууд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарч үндэслэлгүйгээр халсан. 

Нэхэмжлэгчийг ямар ч ажлын чадваргүй мэтээр хэлж болохгүй. Нэхэмжлэгч нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Элчин сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Нэгэнт болоод өнгөрсөн эдгээр үйл явдлыг заавал бүгдийг батлах шаардлагагүй гэж бодож байна. Нэхэмжлэгч С.Б  одоо 08 дугаар сараас эхлэн 11 гишүүн оронтой Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүний мэргэжил, мэдлэг боловсролыг Монгол Улс төдийгүй дэлхийн олон улсын байгууллагууд ч үнэлдэг. 

Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б г Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн  тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Х нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага нь олон улсын байгууллага бөгөөд гишүүн улсуудын Засгийн газар хоорондын байгууллага тул тус байгууллагын холбогдох гэрээ, дүрэм нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөгдөх ёстой. Тухайн улсыг төлөөлсөн төлөөлөгч нь мэргэжлийн хүн байх шаардлагатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдаас ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Энэ нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 310 дугаар тушаалтай холбогдуулан Т******* зам хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дарга Тадеуш Шоздагийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн албан бичгээр нотлогдоно. 

Тухайлбал, Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дарга Т өмнө нь ажиллаж байсан Ц.А гэх хүн мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа, одоо мэргэжлийн бус хүн томилогдож байгаад харамсаж байгаа тухай захидалд ирүүлсэн. 

Мөн нэхэмжлэгчийг анх томилохдоо урьдчилан зөвшилцөж томилох ёстой байтал хорооны удирдлагуудтай зөвшилцөөгүй шууд томилсон тухай мэдэгдэл явуулсан нь процесс зөрчсөн байна. Нэхэмжлэгч С.Б  нь үүргээ гүйцэтгэх явцад өөрийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, хагас жилийн ажлын тайлангаа ирүүлэхдээ хагас бичгийн цаасан дээр бичиж цахим шуудангаар ирүүлсэн. Гүйцэтгэсэн ажлынхаа нотлох баримтуудыг хавсаргаагүй байсан нь мэргэжлийн бус гэдгийг баталж байна. 

“У******* Т******* Зам” ХНН нь Олон Улсын Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бөгөөд энэ байгууллага нь тухайн жилийнхээ хурал, зөвлөгөөнд оролцох төлөөлөгчид итгэмжлэл олгон байнга холбоотой ажилладаг уламжлалтай байсан. Гэтэл нэхэмжлэгч мэргэжлийн бус хүн тул түүнд итгэмжлэл олгож тухайн хэлэлцүүлэх үйл ажиллагаанд төлөөлөн оролцуулах боломжгүй байсан тухай сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. 

Мэргэжлийн бус, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагатай зөвшилцөлгүйгээр томилогдсон нь албан захидал, мэдэгдлээр нотлогдсон. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа зэргийг үндэслэн төлөөлүүлэгч нь төлөөлөгчөөсөө хэзээ ч татгалзах эрхтэй тул Төлөөлүүлэгчээр ажиллуулах гэрээний 5.1-д “Төлөөлөгч гэрээ, бусад холбогдох хэлэлцээрт заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн, буруутай үйл ажиллагаа явуулж хариуцлага алдсан буюу Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагаас мэдэгдэл, гомдол ирүүлсэн тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн яам нь хугацаа харгалзахгүйгээр гэрээг цуцална” гэж заасны дагуу гэрээг цуцлан, төлөөлөгчийг эгүүлэн татсан. 

Ингээд өмнө нь ажиллаж байсан Ц.А*******ийг буцаан томилсон бөгөөд улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй. Тодорхой хэлбэл 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагад захидал илгээж, захидлын хариуд албан ёсоор Ц.А*******т урилга явуулсан. С.Б гийн тухайд албан ёсоор урилга ирүүлээгүй шууд мэдэгдэл явуулан тулгасан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тухай захидлыг С.Б г томилсны дараа ирүүлсэн нь гэрээний 5.1-д заасан “...Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагаас өргөдөл, гомдол ирүүлсэн” гэдгийг баталж байна. Иймд маргаан бүхий тушаал нь хууль ёсны байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгчийг дипломатч гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагад  3 жилийн хугацаатай салбар комисс байгуулж ажил үүргээ хувиарлаж, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулдаг. Түүний дагуу дипломатч бус мэргэжлийн хүнийг ажиллуулах ёстой.  

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар үндэслэлээр ажлаас халсан тухайгаа маргаан бүхий тушаалд тодорхой дурьдаагүй, ямар үндэслэлээр халагдаж байгаагаа мэдээгүй гэж хэлж байна. Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдаас явуулсан албан бичигтээ “... Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам нь т******* замын салбарт мэргэжлийн боловсон хүчин ажиллуулах зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс С.Б г эгүүлэн татаж Ц.А-ийг Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хороонд Монгол Улсыг төлөөлөн ажиллуулахаар томилж байгаа энэхүү захидлаар мэдэгдэж байна” гэжээ. Уг албан захидал нь нэхэмжлэгчийг чөлөөлөгдөхөөс өмнө очсон, нэхэмжлэгч уг баримттай өөрөө танилцсан боловч өнөөдрийг хүртэл холбогдох тайлбарыг өгөөгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч С.Б  нь “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаж буй Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгч С.Б г 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ “... Тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлийг дурьдаагүй. Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан ...уг гэрээний хугацаа дуусаагүй байхад С.Б г ажлаас чөлөөлсөн нь хууль бус, мөн нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгасан” гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, С.Б  нь Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 310 дугаар  тушаалаар Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага (цаашид ТЗХАБ гэх) дахь Монгол Улсын Зам, тээврийн яамны төлөөлөгчөөр томилогджээ. 

Нэхэмжлэгч С.Б  болон Зам, тээврийн яамыг төлөөлж Т******* зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээ”-г  3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр талуудын хоооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулж тохиролцсон байна.

Улмаар ТЗХАБ-ын Хорооны даргаас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн КС-09/16 дугаар  албан бичгээр “С.Б г Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны ачаа тээвэрлэлтийн Комиссын мэргэжилтнээр мөн өдрөөс ажиллаж эхлэх, олгох цалин хөлсийг тогтоож” ирүүлснээр нэхэмжлэгч С.Б  нь мөн өдрөөс Варшав хотод байрлах ТЗХАБ-д ажиллаж эхэлжээ.

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Яам нь гадаад улсын болон олон улсын байгууллагатай сайдын өгсөн чиглэл, удирдамж, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар харилцана” гэж заажээ.

Мөн Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын тухай дүрмийн  I зүйлийн 3-д “ТЗХАБ нь энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах олон улсын байгууллага юм”, III зүйлийн 1-д “ТЗХАБ-ын гишүүнээр Т******* замын тээврийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх эрх баригч байгууллагууд, эсвэл өөрсдийн төр засгаас итгэмжлэгдсэн т******* замын төв байгууллагууд байна” гэсэн байна.

Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага нь дээрх дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд Монгол Улс нь энэхүү ТЗХАБ-ын гишүүн бөгөөд уг байгууллагад Монгол Улсыг төлөөлөх төлөөлөгчийг Зам, тээврийн хөгжлийн сайд томилдог байх ба талууд энэ үйл баримтын тухайд маргаагүй болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ” гээд 11/-д “Зам, тээврийн хөгжлийн сайд ..., т******* замын тээврийн асуудал” гэж Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх үндсэн хүрээний ажлыг зохицуулсан байна.

Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын тухай дүрмийн Y зүйлийн 4-д “ТЗХАБ-ын гишүүн тус бүр Хороонд өөрийн нэг төлөөлөгчийг томилох үүрэгтэй” гэж заажээ.

Дээрх хууль болон дүрмийн заалтуудаар ТЗХАБ-д Монгол Улсыг төлөөлөх төлөөлөгч буюу ТЗХАБ-ын Хорооны ачаа тээвэрлэлтийн Комиссын мэргэжилтнийг томилох, чөлөөлөх эрх хэмжээ зөвхөн Зам, тээврийн хөгжлийн сайдад олгогдсон байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг тусгасан бөгөөд 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд эрх хэмжээний асуудлаар тушаал гаргах бүрэн эрхтэй байна. 

Хариуцагчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын тухай дүрмийн Y зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байх бөгөөд хуулиар тусгайлан эрх олгосон албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн захиргааны актыг гаргасан байх тул захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага нь маргаж буй захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч С.Б д мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийгдсэн байна. 

Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдаас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Төлөөлөгчийг чөлөөлж, томилох тухай” 01/29 дүгээр  албан бичгээр “...яам нь ... зорилгоор 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс С.Б г эгүүлэн татаж, Ц.А*******ийг...томилж байгааг мэдэгдэж байна. Ц.А******* нь ...Хороонд олон жил ажилласан туршлагатай...комиссын мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх зайлшгүй шаардлагуудыг бүрэн хангасан” гэх агуулгатай албан захидлыг ТЗХАБ-ын Хорооны дарга Тадеуш Шоздад илгээсэн. 

ТЗХАБ-ын Хорооны дарга Т уг албан бичгийг хүлээн авч хариуг мөн өдөр буюу 08 дугаар сарын 03-ны өдөр КС-71/16 дугаар  албан захидлаар  Ц.Ат ажлын урилга илгээсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “Сайдаас ТЗХАБ-ын Хорооны даргад 08 дугаар сарын 03-ны өдөр албан бичиг ирүүлсэний дагуу Хорооны дарга 08 дугаар сарын 04-ний өдөр С.Б г дуудаж ...албан захидал ирсэн тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч уг албан бичигтэй танилцаад ...яам руу цахим шуудан явуулж тодруулахад ...үнэн, удахгүй тушаал гарна, өөр хүн томилогдож байгаа гэж мэдэгдсэн” гэсэн тайлбарыг гаргасан. 

Хариуцагч нь маргаж буй захиргааны актыг гаргахаас өмнө ТЗХАБ-ын Хорооны дарга Тадеуш Шоздагаар дамжуулан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр С.Б г Монгол Улсын Зам, тээврийн яамны төлөөлөгчөөс чөлөөлөх гэж байгаа тухай 01/29 дүгээр албан бичгээр мэдэгдсэн, улмаар нэхэмжлэгчээс яам руу цахим шуудан илгээж энэ талаар тодруулга авсан болох нь дээрх нотлох баримтууд болон тайлбараар тогтоогдож байна. 

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01/29 дүгээр албан бичигт “яам нь т******* замын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг томилон ажиллуулах зорилгоор С.Б г эгүүлэн татаж, ...мэргэжил, мэргэшил болон ажлын дадлага туршлага нь ...ажил үүргийг гүйцэтгэх шаардлагуудыг бүрэн хангасан Ц.А*******ийг томилж байгааг мэдэгдэж байна” гэсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж буйгаа мэдсэн гэж үзэхээр байна.

Иймээс захиргааны байгууллага нь шийдвэр гаргахаас өмнө уг захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийсэн байх тул нэхэмжлэгчийн “ямар үнэдслэлээр ажлаас чөлөөлсөн талаар тушаалд дурдаагүй, мөн нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгасан нь хууль бус” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна. 

Түүнчлэн ТЗХАБ-ын Хорооны ачаа тээвэрлэлтийн Комиссын мэргэжилтэн буюу Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн албан тушаалын аль ч ангилалд хамаардаггүй болох нь хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1413 дугаар  албан бичгээр тогтоогдож байна.

Нэгэнт нэхэмжлэгч С.Б  нь төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул Төрийн албаны тухай хуульд заагдсан төрийн албан хаагчийн нийтлэг эрх, нэмэгдэл баталгаа хангагдаагүй тухайд маргах эрхгүй, мөн түүнийг ажилд томилох, чөлөөлөх асуудал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахгүй болно. 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “Сайд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээг дуусгавар болгож С.Б г ажлаас чөлөөлсөн” гэсэн тайлбарыг гаргаж байсан болно.  

Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дүрмийн  III зүйлийн 2-т “Хорооны бусад гишүүдийг Сайд нарын чуулганы гишүүд Хорооны удирдлагатай санал солилцож, шинээр томилогдох гишүүний талаарх мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгсөн тохиолдолд өөрчилнө” гэж заасан нь Зам, тээврийн хөгжлийн яам Монгол Улсыг төлөөлөх ТЗХАБ-ын Хорооны ачаа тээвэрлэлтийн Комиссын мэргэжилтнийг шинээр томилохдоо Хорооны удирдлагад урьдчилан мэдэгдэн, санал солилцох ажиллагаа хийгдсэний дараа томилох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.

Гэтэл тухайн үеийн Зам, тээврийн сайд нь С.Б г анх томилохдоо Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дүрмийн III зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж, Хорооны удирдлагаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн III-49/15 дугаар  албан бичгээр “...шинэ төлөөлөгчийн мэргэжлийн ур чадвар ...комиссын мэргэжилтний үүргийг гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг хангахуйц мэргэшилтэй байх нь зохистойг анхаарна уу” гэж мэдэгдсээр байтал томилсон байсан тул шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гарган, т******* замын салбарын мэргэжлийн, туршлагатай, ажлын шаардлага  бүрэн хангасан хүнийг томилсон нь шударга ёсны зарчимд нийцэж байна.

Иймд хариуцагч нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд С.Б г Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчөөс чөлөөлсний улмаас С.Б гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж маргаж буй нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх захиргааны актыг гаргах болсон шалтгаан нөхцөл, түүний хууль зүйн үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд харин С.Б гийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, тухайлбал ажиллаж байх хугацаандаа албан үүргээ хэрхэн биелүүлсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгөөгүй болно.  

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5, 24 дүгээр зүйлийн 2, Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллагын тухай дүрмийн Y зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5, 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1  дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б гийн гаргасан “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Т******* замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ЦЭЦЭГМАА