Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1142

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Я.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Н-д холбогдох эрүүгийн 1908 04716 1566 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1957 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 13 дугаар гудамжны 393/в тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Б овогт Я-ийн Н.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Я.Н нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо .... дугаар гудамжны ... тоотод байрлах гэртээ эхнэр Ч.Туяатай маргалдан түүний хоолойг боож нүүрэн тус газар нь гараараа цохиж “уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Ч.Туяагийн мэдүүлэг /хх12-13/, гэрч Н.Алтанзулын мэдүүлэг /хх20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 9595 дугаартай дүгнэлт /хх25/, аюулын зэргийн үнэлгээ /хх28-30/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /31-37/, хурлын тэмдэглэл /хх38-39/, гэрлэтийн  бүртгэлийн лавлагаа /хх55/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх59/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /хх58/, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа /хх61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх60/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Я.Н-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ч.Туяагийн “...Н-тэй гэр бүл болоод 42 жил болж байна, дундаасаа 3 хүүхэдтэй, хүүхдүүд бүгд тусдаа гарсан...сүүлийн үед архи уухгүй байж байгаад саяханаас архи уугаад байхаар нь битгий архи уу гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаднаас согтуу ирээд унтсан. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өглөө архи нь гараагүй намайг архи аваад өг гэхээр нь 0.5 граммын архи авч өгсөн. Архи уугаад агсрах шинжтэй болоод манай нас барсан аав, ээж болон намайг ааш муутай, муухай хүмүүс байсан гэж хэл амаар дормжлоод байсан. Чи надтай суухаасаа өмнө архичин байсан биздээ гэж хэлтэл уурлаад босож ирээд намайг хананд тулгаж хоолой боосон, тэгээд түлхжэж унаган босоод ирэхэд уруулан тус газар нэг удаа цохисон. Миний уруул тэр чигтээ овойж хавдсан, ингээд 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тухайн үед бид хоёр хоёулаал байсан өөр хүн байгаагүй. Өмнө намайг зодож байгаагүй... шинжээчийн дүгнэлтэнд гарсан гэмтлийн Я.Н надад учруулсан, одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх16-17/,

2. Гэрч Н.Алтанзулын “...ээж Туяа уруулаа хэгц цохиулаад уруулан тус газраас бага зэргийн цус гарсан, аав чинь намайг цохилоо гэж хэлсэн... ааваас та яаж байгаан юм бэ гэж асуухад, би зүгээр байхад нь зодоогүй ээ намайг хэл амаар доромжлоод байсан гэж хэлсэн. Аав өмнө зодож байгаагүй..” гэх мэдүүлэг /хх19-20/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9595 дугаартай дүгнэлтэд “...Ч.Туяагийн биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх25/,

4. Шүүгдэгч Я.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...эхнэр Туяатай гэр бүл болоод 42 жил болж байна, эхнэр над руу уурлаад архичин энэ тэр гээд байхаар нь уур хүрээд хоолойг нь боогоод түлхээд, уруулан тус газар руу нь 1 удаа цохисон. Урьд өмнө огт зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх51-52/

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Я.Н-.

Шүүгдэгч Я.Н нь 2019 оны 8 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 13 дугаар гудамжны 393в тоотод байрлах гэртээ эхнэр Ч.Туяатай маргалдан түүний хоолойг боож нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Н-гийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Туяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9595 дугаартай “Ч.Туяагийн биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

 

Мөн хохирогч Ч.Туяа, шүүгдэгч Я.Н нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлтэй, 42 жил хамт амьдарсан, дундаасаа гурван хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа  хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

 

Иймд шүүгдэгч Я.Н нь хохирогч Ч.Туяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Я.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.  

 

Хохирогч Ч.Туяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Я.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг ял оногдуулах хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Я.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хайчийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н-д 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР