Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00006

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо “ЮБ март” худалдааны төвийн 5-р давхарын 519 тоотод байрлах “Говь транс ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Сургуулийн 48 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /УС:65051915/  Авгад овогт Цэсмаагийн Ганхуягт холбогдох

 

15787500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Говь транс ложистикс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Цэсмаагийн Ганхуяг нь 2014 оны 03 дугаар сарын 19-ны өдөр тус компанид тээврийн жолоочийн албан тушаалд ажилд орсон. Ц.Ганхуяг нь Howo маркын “84-54” УНЦ улсын дугаартай авто машиныг жолоодон Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын Тавантолгой нүүрсний уурхайгаас БНХАУ-ын Ганц мод чиглэлд нүүрс тээвэрлэхээр явсан болно. 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Ц.Ганхуяг нь БНХАУ-ын Ганц модны боомтод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явснаас авто машины хойноос мөргөсөн. Уг зам тээврийн ослын улмаас Howo маркын “84-54” УНЦ улсын дугаартай авто машины кабин урд талаасаа цөмөрсөн, кабин дотор шал, багана, салон цөмөрсөн, кабины буруу талаар шүргэлцсэний улмаас кабин болон агрегат эд ангиуд солих шаардлагатай болсон. Манай компаний авто машин “Монгол даатгал” ХХК-д хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал хийлгэсэн бөгөөд зам тээврийн осол БНХАУ-ын Ганц модны боомтод болсон мөн жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир даатгалаас авто машинд учирсан хохиролоо нөхөн төлүүлэх боломжгүй болсон юм. Бид удаа дараа Ц.Ганхуягийг ирж авто машинаа засварлах, эвдэлсэн сэлбэг хэрэгслийг нөхөн төлөхийг шаардсан боловч “маргааш очино, заавал засаж өгнө” гэсээр өдийг хүртэл утсаа авахгүй ажлаа орхин зугтаж байгаа болно. Иймээс хариуцагч Ц.Ганхуягаас “84-54” УНЦ улсын дугаартай авто машинд учирсан хохирол 14587500 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 1200000 төгрөг, нийт 15787500 төгрөгийг гаргуулж манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, хариуцагч Ц.Ганхуяг нар шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ....  

Нэг талаас “Говь транс ложистикс” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос /цаашид А тал гэх/

 Нөгөө талаас Цэсмаагийн Ганхуяг /цаашид Б тал гэх/ нар доорх нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

1. А тал нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан 15787500 төгрөгийг Б талаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5337500 төгрөгнөөс татгалзаж, 10450000 төгрөгийг Б тал төлнө.

2. Б тал нь А талд 3755909 төгрөгийг төлсөн.

3. Б тал нь А талд үлдэгдэл 6694091 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна.

4. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Говь транс ложистикс” ХХК нь хариуцагч Ц.Ганхуягт холбогдуулан 15787500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж “Говь транс ложистикс” ХХК нь 15787500 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5337500 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Ц.Ганхуяг нь 3755909 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 6694091 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажулах тухай” 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №1219 дугаартай шүүгчийн захирамж гарч харуцагч Ц.Ганхуягын дансны зарлагын хөдөлгөөн болон хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 15787500 төгрөгний хэмжээнд битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг шалтаан арилсан тул №1219 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийг ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д заасны дагуу шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

1. Нэхэмжлэгч “Говь транс ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Ганхуягт холбогдох 15787500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж “Говь транс ложистикс” ХХК нь 15787500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 5337500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Ц.Ганхуяг нь 3755909 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба үлдэгдэл 6694091 төгрөгийг хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 182150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Говь транс ложистикс” ХХК-д олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №1219 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

           4. Иргэний     хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ж.ЭРДЭНЭБАТ.