| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1146/Э |
| Дугаар | 1150 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1150
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох эрүүгийн 1908 02582 1524 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Их Уул суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо .... тоотод оршин суугаа, урьд нь ял шийтгэлгүй,
Ц овгийн Б-ын П.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 12Б ангид суралцдаг нэг ангийн Т.Д-той “хичээл дээр суудлаас болж бусадтай маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч өсвөр насны Т.Д-ийн мэдүүлэг /хх13-15/, гэрч А.Алтан-Эрдэний мэдүүлэг /хх25-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5609 дугаартай дүгнэлт /хх17/, Б.П-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх79-82/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх44/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх48/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /49-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх ял шалгасан хуудас /67/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх73/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.П гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Т.Д-ийн “...2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг өнгөрч байхад манай анги мэдээлэл зүйн хичээлтэй тул мэдээлэл зүйн кабинетад орсон. Тэгэхэд манай ангийн хүүхдүүд тухайн кабинетдаа багтахгүй, компьютер хүрэлцэхгүй байсан учир хажуугийн хүүхдүүд шахаад байсан. Би бухимдаад ямар ядаргаатай юм бэ гэж амандаа хэлчхээд Алтан-Эрдэнийг чи жаахан цаашаа суучхаач гэж хэлэхэд чи наанаа сууж чадахгүй бол гарч болно шдээ гэж хэлэхээр нь би яасан юм бэ гэж хэлэх үед Алтан-Эрдэнэ чи яасан том болчихсон юм бэ гэж хэлээд босож ирээд миний хацар луу алгадсан. Энэ үед ангийн П хажуугаас босож ирээд чи яасан том болчихсон юм. Би өмнө жил чамд сануулсан байхаа гэж хэлээд миний цамцны захаас хана руу шахаад 2-3 удаа хацар руу алгадсан..., П гүйж ирээд цамцнаас зуураад духаараа нэг удаа мөргөсөн. Тэгээд миний хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх13-15/
2. Гэрч А.Алтан-Эрдэний “...2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 09 цаг 25 минутанд эхний хичээл завсарлаад 09 цаг 40 минутанд Мэдээлэл зүйн хичээл орох болоод бид нар мэдээлэл зүйн кабинетад ороод сууж байхад манай ангийн Д “ёо ядаргаатай юм, багтахгүй байна” гээд бухимдаад байхаар нь би ширээнийх нь өөдөөс нь хараад сууж байсан болохоор Д-т хандан “чи яасан ядаргаатай юм, чимээгүй суугаач” гэж хэлэхэд “юу гэнээ би яасан юм” гэж асуугаад уурлангуй байсан болохоор нь би хацар руу нь гараараа нэг удаа алгадсан. Энэ үед Д уурлаад босож ирээд цүнхээрээ миний толгой руу савж цохисон. Тэгэхэд манай ангийн П хажууд сууж байсан болохоор босож ирээд намайг салгаад Д-ыг 2 удаа гараараа хацар руу нь алгадсан. Энэ үед манай ангийн Эрдэнэбаяр намайг Д-той зодолдох гээд байна гэж ойлгоод цааш дагуулан явж хориод байсан. Тэгэхэд П Д-ыг мөргөж харагдсан. Тэгээд манай ангийн хүүхдүүд салгасан бөгөөд тухайн үед Д-ын хамраас цус гарч байсан болохоор Д угаалгын өрөө явсан. Би хичээлдээ суусан. Удалгүй Д орж ирж хичээлдээ суугаад хичээл тарсны дараа цүнхээ аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх25-26/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5609 дугаартай “...Т.Д-ын биед дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх17/
4. Б.П-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай ангид мэдээлэл зүйн хичээл орохоор болоод бид Мэдээлэл зүйн кабинетад сууж байсан. Энэ үед манай ангийн хүүхдүүд кабинетед байгаа компьютераас олон байсан тул хүүхдүүдэд хүрэлцэхгүй шахаж сууж байсан. Тэгэхэд Д ямар ядаргаатай юм бэ гээд амандаа үглээд бухимдаад байсан. Энэ үед Алтан-Эрдэнэ өөдөөс нь хараад сууж байсан болохоор чи яасан ядаргаатай юм бэ дуугуй сууж болохгүй байна уу гэж хэлээд тэд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Алтан-Эрдэнэ Д-ын зөрүүлээд цүнхээрээ цохисон. Би энэ үед нь Алтан-Эрдэнийн эгнээнд 2 хүүхдийн зайтай сууж байсан болохоор хичээл хийлгэхгүй ядаргаатай санагдаад байхаар нь босч ирээд очиж салгасан. Тэгэхэд Д чимээгүй болохгүй үглээд байхаар нь би чамд өмнө жил хэлж байсан шүү, аятайхан байгаарай гэж хэлээд 2-3 удаа хацар руу нь алгадсан. Энэ үед Д чи яах гээд байгаа юм андаа гээд бас дуугүй болохгүй байхаар нь би Д-т хандан чи өөрөөсөө болж байгаа биз дээ гэж хэлээд нүүр рүү нь духаараа мөргөсөн. Тэгэхэд Д-ын хамраас цус гараад ариун цэврийн өрөө орохоор цүнхээ үлдээгээд явсан. Удалгүй хичээл завсарлаад би Д-ын араас ариун цэврийн өрөө орох үед Д цусаа угааж байхаар нь чи зүгээр үү гэж асуухад ямар нэгэн зүйлгүй хэлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх81-82/
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.П-.
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 12Б ангид суралцдаг нэг ангийн Т.Д-той “хичээл дээр суудлаас болж бусадтай маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүрэн тус газар толгойроо мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Д-, гэрч А.Алтан-Эрдэнэ нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.П-ын гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Д-ын эрүүл мэндэд “...дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5609 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.П-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байх бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.
Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал нь хэргийн нөхцөл байдалд тохирч байх тул шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР