Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1167

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.У-т холбогдох эрүүгийн 1908 04162 1552 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 21а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 12 жил, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилээр тогтоосон,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 170 дугаар шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлөгдсөн,

М овгийн Ц-ын У.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан хайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармалын 8 дугаар байрны 2 тоотод гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Б.М-ийг зодож, түүний эрүүл мэндэд зүүн доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Б.М-ийн мэдүүлэг /хх15-19/, гэрч Б.Ариунбилэгийн мэдүүлэг /хх32-33/, гэрч Б.Үржинбадамын мэдүүлэг /хх34-35/, Ц.У-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх146-147/, шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9049 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх27/, цагдаагийн газрын тодорхойлолт /хх59-62/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх65/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх70-98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх99/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Ц.У-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.М-ийн “Би У-тай 2017 оны 7 дугаар сараас эхлэн хамт амьдарч байгаад 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү Мөнх-Эрдэнэ мэндэлсэн. Хүүгээ аавынх нь буюу У-ын нэрээр овоглон хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 8-02 тоот өөрийн гэртээ амьдарч байхад 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр У өөр хүүхэнтэй холбогдон намайг хуурч явсныг мэдээд бид маргалдсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өглөө У надтай ямар нэгэн зүйл ярилгүй гараад явсан. Би хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад хүргэн Ганзориг гаднаас орж ирээд надтай ярилцаж байгаад гэрээс гараад 0,5 граммын шилтэй нэрийг нь мэдэхгүй архи нэг шилтэйг авч орж ирэхээр нь би Ганзоригтой дээрээс нь бага зэрэг ууж байгаад унтсан. Тэгээд 16 цагийн үед У гаднаас ганцаараа орж ирээд намайг сэрээсэн. Тэгэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд Ганзориг бид хоёрын ууж байсан байсан 0,5 граммын талаас дээгүүр шилтэй архийг ганцаараа ууж эхэлсэн. Тэгээд архиа ууж дуусаад байж байхад хүргэн Ганзориг дахин гаднаас орж ирсэн бөгөөд У миний банкны виза картыг Ганзоригт өгөөд архинд явуулсан. Тэгээд Ганзориг хар Экс нэртэй 0,75 граммын архи нэг шилийг авч ирэхээр нь бид 3 хувааж уугаад сууж байхад Ганзориг их уухгүй гээд гараад явсан. Тэгээд У бид 2 маргалдсан зүйлийнхээ талаар ярилцаад архиа хувааж уугаад сууж байхад нөгөө хүүхнээс нь болж дахин маргалдаж эхэлсэн. Энэ үед У намайг чи өөрөө өөр хүнтэй сууж явсан янхан биздээ гэх мэтээр хэл амаар доромжилон гараараа хацарлуу алгадаж орон дээр сууж байхад орноос газар унагасан бөгөөд газар унасан байхад үснээс зулгааж газар чирсэн. Тэгэхээр нь би орилоод болиоч гэж хэлэхэд болихгүй хэл амаар доромжлон орилж байгаад болисон. Тэгээд миний үснээс зулгаахаа болиод хэсэг байж байгаад дахин уурлаж ууж байсан архины шилээр миний зүүн шанаа орчим 2 удаа цохиод газар унасан. Тэгээд би У-аас маргалдахаа болъё гээд гуйсан. Хэсэг хугацаанд бид маргалдахгүй байж байхад У уур нь гарахгүй байсан бөгөөд миний зүүн хацарлуу гараараа алгадсан. Тэгээд байж байхад миний өөрийн төрсөн дүү болох Үржинбадам хамаатны дүү болох Ариунбилэгтэй гаднаас бага хүү Мөнх-Эрдэнийг аваад орж ирсэн. Тэгэхээр нь би хүүхдээ тэвэрч гараад хажуугийн байранд амьдардаг өөрийн аавын гэрт ороод цагдаа дуудсан. У  архины шилээр 2 удаа цохиж учруулсан гэмтэл байна” гэсэн мэдүүлэг /хх15-19/

2. Гэрч Б.Ариунбилэгийн “Би гэрт нь ороод хүү Мөнх-Эрдэнийг авах гээд гэрт нь ороход ганцаараа 0,5 литрийн Сэнгүр нэртэй 2 лааз пиво уусан байсан. Тэгээд намайг Мөнх-Эрдэнийг түр харж байгаач хэсэг унтаад босч ирээд хүүхдээ авъя гэж хэлсэн. Би Мөнх-Эрдэнийг аваад шууд гэртээ ороод 1 цаг орчим болж байхад хүүхэд нь уйлаад байхаар нь хүүхдийг нь оруулж өгөхөөр Ууганаа ахын гэрт ороход М-аа эгч уйлсан байдалтай газраар дүүрэн архи, ундаа зэрэг асгарсан байсан. Тэгэхэд М-аа эгч банкныхаа картыг аваад, дээгүүрээ хувцас өмсөөд хүүхдээ аваад манай гэрт орсон. Тэгээд Үржинбадам эгчийн өрөөнд ороод уйлаад байсан. М- эгч манай гэрт орж ирээд би У-т ингэж зодуулж үзээгүй, намайг зөндөө зодлоо одоо цагдаа дуудаж өгнө гэж хэлж байсан, тэгээд М- эгч цагдаа дуудсаны дараа намайг цонхоороо харахад У ах гэрээсээ гараад явж байсан. Тухайн үед М- эгчийн чих нь хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх32-33/

3. Гэрч Б.Үржинбадамын “...Тухайн өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байж байхад эгч М- Ариунбилэгийг хүүхэд ирээд хараад өгөөч уйлаад байна гэж хэлсэн байсан. Тэгээд Ариунбилэг гараад хүүхдийг нь гэрт авч ирээд хэсэг хугацаанд харсан. Тэгэхдээ М- эгч пиво уусан байна гэж надад хэлсэн. Удалгүй хүүхэд нь уйлаад байхаар нь Ариунбилэг бид хоёр хүүхдийг нь оруулж өгөх гээд Ариунбилэгийн хамт У ахын гэрт орсон. Тэгэхэд У ах болон М- эгч 2 согтуу гэртээ хоёулаа сууж байсан бөгөөд М- эгч уйлсан, үс нь арзайсан байдалтай байсан бөгөөд М-аа эгч банкныхаа картыг аваад өөрөө хүүхдээ аваад гарахаар нь бид хоёр дагаад гарч манай гэрт орсон. ...Нүд нь бага зэрэг хавдсан, чих нь улайж хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх34-35/

4. Ц.У-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл ангийн учир холбогдлыг сайн ойлгож мэдсэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйлгүй.  Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг /хх146-147/

5. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9049 дугаартай “Б.М-ийн биед зүүн доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх27/ 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ц.У-.

Шүүгдэгч Ц.У нь хохирогч Б.М- нар нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан хайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармалын 8 дугаар байрны 2 тоотод гэртээ архи хувааж уусан. Хохирогч Б.М- нь хамтран амьдрагч Ц.У-ыг “бусадтай хардаж, хэрүүл маргаан үүсгэсэн” бөгөөд шүүгдэгч Ц.У нь уурлаж улмаар хамтран амьдрагч Б.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нар болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.У-ын үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9049 дугаартай “Б.М-ийн биед зүүн доод зовхи, зүүн чихний дэлбзнд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

 

Мөн хохирогч Б.М-, шүүгдэгч Ц.У нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй боловч 2 жил хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

 

Иймд шүүгдэгч Ц.У нь хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.  

 

Хохирогч Б.М- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлүүдийг ял оногдуулах хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Ц.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР