Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1214

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Л-д холбогдох эрүүгийн 1908 04765 1635 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтад заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хорих ял шийтгэгдэж, хорих ялыг нэг жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож тэнссэн,

Б овгийн Л-ын Л.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Л нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63 дугаар гудамж 27 тоот гэртээ хамтран амьдрагч Б.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нүдний дээд, доод зовхи, зүүн сарвуу, зүүн мөрний цус хуралт, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Б.У-гийн мэдүүлэг /хх20-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10443 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх13-15/, шүүгдэгч Л.Л-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх75-78/, шүүгдэгч Л.Л-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх48/ оршин суух газрын тодорхойлолт /хх49/, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх55-56/, хамтарсан багын хурлын тэмдэглэл /хх27-29/, аюулын зэргийн үнэлгээ /хх25-26/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

           Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Л.Л-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.У-гийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 21,22-ны үед Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлж эхэлсэн. Тэгээд би тухайн үед хэвтэж байтал 2019 оны 8 дугаар сарны 25-наас 26-нд шилжих шөнө өрөөндөө хэвтэж байтал хамтран амьдрагч Л.Л согтуу орж ирээд “гар утсаа аваач” гэж хэлсэн чинь өрөөнд байгаа хүмүүс амармаар байна гэж хэлэхэд намайг гарнаас чирээд аваад явсан юм. Хэвтэж байсан эмнэлэгээс гараад машинтай гэр рүү явж байхад миний толгой хэсэг рүү баруун гараараа цохьсон. Яг хэдэн удаа цохьсныг санахгүй байна. Би Л-эс хол баймаар байна...” гэх  мэдүүлэг/хх20-24/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10443 дугаартай шинжээчийн “...Б.У-гийн биед нүдний дээд, доод  зовхи, зүүн сарвуу, зүүн мөрний цус хуралт, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн  дүгнэлт /хх13-15/,

3. Шүүгдэгч Л.Л-ийн яллагдагчаар өгсөн “....Би 2011 оны шинэ жилийн үеэр У-тай танилцаад, 2013 оны 3 дугаар сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй боловч дундаасаа  2 хүүхэдтэй. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр У-г гар утсаа авахгүй байхаар нь бусадтай хардаж уурлан эмнэлэгээс гаргаж ирсэн. Тэгэхэд өөдөөс уурлаад байхаар нь олон хүнтэй байнга ярьдаг гээд уурлаж алгадсан. Би гараараа У-гийн хацар луу 2-3 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх75-78/

4. Шүүгдэгч Л.Л-эс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хандан гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх92/ 

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Л.Л .

Шүүгдэгч Л.Л нь 2019 оны 8 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63 дугаар гудамж 27 тоот гэртээ хамтран амьдрагч Б.У-г “бусадтай хардаж, хэрүүл маргаан үүсгэсэн”  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Луван-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Б.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10443 дугаартай “.. “Б.У-гийн биед нүдний дээд, доод  зовхи, зүүн сарвуу, зүүн мөрний цус хуралт, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

 

Мөн хохирогч Б.У-, шүүгдэгч Л.Л нар нь албан ёсны гэрлэлтийн бүртгэлгүй боловч 6 жил хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

 

Иймд шүүгдэгч Л.Л нь хохирогч Б.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Л.Л-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргажээ.

Шүүгдэгч Л.Л нь хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, улсын яллагчийн торгох ял оногдуулах санал нь үндэслэлтэй боловч хэргийн нөхцөл байдлын хувьд хуульд заасан хамгийн доод хэмжээгээр торгох ялыг тохиролцсон нь үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр хүчирхийллийн шинжтэй үйлдэл анх удаа гаргасан гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Л.Л-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогтой Л-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-д 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХБААТАР