Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 114

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ц-ийн Од холбогдох эрүүгийн 19100 2855 0134 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Ц-ийн О /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 12 сарын 01-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны И-25 дугаар байрны зогсоол дээр “машин таглаж тавьлаа” гэх шалтгаанаар Б.Д-тай маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн тал дээр маргаж мэтгэх зүйл байхгүй учир хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан юм. Одоо энэ хүсэлтээ дэмжиж байна. Мөн прокурортой тохиролцсон ялын саналаа дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2855 0134 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний 18 цагийн орчимд Вива сити хорооллын И-25 дугаар зогсоол дээр машин тавиад, ажилчидтайгаа 15 минут орчим юм ярьж байгаад гараад ирсэн. Тэгээд машинаа холоос онгойлготол үл таних хүн шатаар бууж ирээд хэл амаар доромжилсон юм. Тэгээд би машинаа онгойлгох гээд доош тонгойход шууд нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Надтай хамт байсан манай эхнэр, мөн цуг ажилладаг эмэгтэй хүнийг мөн хэл амаар доромжилсон тул би уг машины зургийг нь аваад машинаа хөдөлгөсөн. Тэгээд машин дотор ороод маскаа авахад амнаас цус гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Амгаланбаатарын гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 сарын 01-ний 22 цагийн орчимд манай аав О Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вива сити хороололд дүү Цэрэндоржинд ирсэн байсан. Орой 22 цаг өнгөрсөн байх, аав “жоохон юм уусан байна” гэхээр нь авах гээд очоод ахындаа орж хоол унд ууж идчихээд гараад машин дээрээ очиход саарал өнгийн марк нь тодорхойгүй машин нь манай машиныг хаасан байдалтай тавьсан байсан. Тэгээд машины шилэн дээр байсан дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Манай аав 102 дугаарын машин ачлагын газарт залгахад “зөвхөн цагдаагийн зөвшөөрлөөр ачина” гэсэн.

Тэгээд бид хоёр тухайн машины жолоочийг хүлээгээд бараг цаг орчим болсон. Удалгүй нэг ах, 3 эмэгтэйгийн хамтаар машин дээрээ хүрч ирэхэд манай аав уурлаад “Утас чинь холбогдохгүй байна, чи утсаа асаачихгүй яасан юм бэ” гэхэд тэр хүн “би яаж мэддэг юм” гэж аавтай хэрүүл хийсэн. Манай аав “чи мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм бэ, нялх нойтон хүүхэд биш, чамайг хүлээгээд даарчихлаа” гэхэд “тэр чинь надад ямар хамаатай юм бэ” гэхэд аав уурлаад нэг удаа баруун гараараа цохихоор нь би “боль” гээд аавыг машинд суулгах хооронд нөгөө жолоочтой хамт явж байсан үл таних эмэгтэй манай аавыг хэд хэдэн  удаа цохиод авсан.

Тэгээд нөгөө эгчийг цаанаас нь хүмүүс салгаж аваад, би аавыг аваад яваад өгсөн. Тэгээд бид нар гэртээ явж байхад нэг эмэгтэй миний утас руу залгаад “би та нарыг гөлөг болгоно, харж байгаарай” гээд занаад байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Номингийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 сарын 01-ний орой 21 цагийн орчим манай нөхөр Б.Д- И-25 байрны хойд талд машинаа байруулаад бид хоёр 30 орчим минутын дараа гарч ирсэн. Тэгээд манай нөхөр машины хаалганы хажууд машин онгойлгох гээд зогсож байхад нэг бүдүүн, намхан хүн шууд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Миний хувьд тухайн зодооныг салгах гэж оролдсон юм. Тэрнээс зодоон цохионд оролцсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14429 дугаартай:

1. Б.Д--н биед дээд уруулд цус хуралт, язрал, дээд үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Огийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дүү Цэрэндорж дээр ирсэн. Тэгээд тэр өдрөө 21 цагийн орчимд гэрээс нь гараад машин дээрээ ирэхэд Приус-30 маркийн автомашин миний машиныг таглаад тавьсан байсан. Тэгээд утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байхаар нь ачлагын компани руу залгахад “цагдаагаас зөвшөөрөл авч байж ачина” гэж хэлсэн.

Тэгээд тухайн машины эзэн рүү 15-20 удаа залгахад 21 цаг 50 минутын орчим гарч ирсэн. Би “утас чинь холбогдохгүй байна, чи утсаа асаахад яадаг юм” гэхэд “наад машин дээр чинь утасны дугаар байгаа биз дээ” гэхэд нь “тэр утас чинь холбогдохгүй байна” гэхэд “би яаж мэддэг юм” гэхээр нь дургүй хүрээд нэг удаа цохисон юм. Би тухайн залууг огт танихгүй. Би тухайн үед 0.5 литрийн савалгаатай “Соёрхол” нэртэй архи уусан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х, 46х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 34х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 36х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/, шүүгдэгч Ц.Огээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 53х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Д- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 46х, 54х/ 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан Ц.Од холбогдох эрүүгийн 19100 2855 0134 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Огийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 12 сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны И-25 дугаар байрны зогсоол дээр “машин таглаж тавьлаа, утсаа авсангүй” гэх шалтгаанаар иргэн Б.Д-тай маргалдаж, улмаар маргааны явцад түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисноос түүний биед “...дээд уруулд цус хуралт, язрал, дээд үүдэн 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулан бэхжүүлж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Б.Д-ын:...Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний 18 цагийн орчимд Вива сити хорооллын И-25 дугаар зогсоол дээр машин тавиад, ажилчидтайгаа 15 минут орчим юм ярьж байгаад гараад ирсэн. Тэгээд машинаа холоос онгойлготол үл таних хүн шатаар бууж ирээд хэл амаар доромжилсон юм. Тэгээд би машинаа онгойлгох гээд доош тонгойход шууд нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Надтай хамт байсан манай эхнэр, мөн цуг ажилладаг эмэгтэй хүнийг мөн хэл амаар доромжилсон тул би уг машины зургийг нь аваад машинаа хөдөлгөсөн. Тэгээд машин дотор ороод маскаа авахад амнаас цус гарсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14429 дугаартай: “Б.Д--н биед дээд уруулд цус хуралт, язрал, дээд үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31х/, О.Амгаланбаатар /хэргийн 23х/, М.Номин /хэргийн 29х/ нарын хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг баримтууд болон шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 20-21х, 46х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Д-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...дээд уруулд цус хуралт, язрал, дээд үүдэн 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.О нь түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай шууд санаатай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Ц.Огийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд учирсан “...дээд уруулд цус хуралт, язрал, дээд үүдэн 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Тухайн хэргийн нөхцөлд хэргийн хохирогч Б.Д- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” хэмээн хүсэлт гаргаж /хэргийн 49х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Ц.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 30х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч Б.Д- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт Ц.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Ц-ийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ог 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ц.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД