| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0125/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 125
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-ийн Сд холбогдох эрүүгийн 19100 2849 0049 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группт байдаг, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ш-ийн С /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ш.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10 цагаас 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжны 351а тоотод иргэн Н.Э-тай “Д.Мөнхбатын сайжруулсан түлшийг авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан, хувцаснаас нь татаж, чирж унагаан баруун хөлний шилбэ орчим хоёр удаа өшиглөж биед нь баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн тал дээр маргахгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа учир шүүхэд нэмж хэлэх зүйл алга байна.
Би Н.Э- гэдэг хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, харин манай найз н.Мөнхбатын найз гэдгээр нь мэднэ. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан, энэ тал дээр надад маргах зүйл байхгүй. Одоогоор би хохирогчид 200.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлөөд байна. Саяханаас би үйлдвэрт манаачаар ажилд орсон ба нэг гаралтыг 55.000 төгрөгөөр тооцож цалинжуулна. Мөн группын мөнгө 188.000 төгрөг авдаг. Хэрэг гарсанаас хойш би хохирогчтой нэг удаа уулзсан, таягтай явж байна лээ. Үлдэх хохирлыг нь төлж барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай гаргасан санал дээр хэлэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2849 0049 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э-ын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 12 сарын 04-ний өдөр Мөнхбатаас тамхи авахаар 09 цагийн орчимд гэрт нь ороход Мөнхбат болон С нар унтаж байсан. Харин ширээн дээр нь 0.75 литрийн савалгаатай тал шил архи байсан бөгөөд тэр архинаас нь би уусан. Энэ үед Мөнхбат, С нар босоод, хамт хуваан ууж дуусгасан.
Тэгээд С дэлгүүр явж дахин 0.75 литрийн савалгаатай архи авчирсан, гэхдээ ямар архи авчирсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нар уг архийг хувааж уусан юм. Тэгээд би жоохон согтсон бөгөөд дахин дэлгүүрээс архи авч уусан шиг санагдаж байна.
Мөн тухайн үед манай сайжруулсан түлш дуусаж байсан болохоор би Мөнхбатад “гадаа байгаа тал шуудай түлшээ өгчих” гэхэд зөвшөөрсөн. Ингээд би уг түлшийг аваад гарах гэхэд С уурлаад, түлшийг нь өгөхгүй байсан. Уг нь эзнээс нь асуучихсан байхад С худлаа надтай маргах шалтаг хайгаад байсан юм л даа.
Намайг урьд нь шүүхийн шийдвэрт хянагч хийж байсныг мэдчихээд С үгээр идээд “чи их хүн зовоосон хулгайч байх даа” гээд л байсан. Ингээд л түлшээр түрий барьж намайг өдөж гэрээс чирж гаргаад, хувцаснаас татаж унагаад, баруун хөл рүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед миний хөл хугарч байгаа нь мэдэгдсэн бөгөөд хүчтэй өвдөлт мэдрээд би чангаар хашгирсан. Тэгэхэд С болиод гэр рүү буцаад орчихоор нь би хэвтэж байгаад, удаан хугацаанд орилоход С гарч ирээд түргэн болон цагдаа дуудсан.
С бид хоёр дунд зэргийн согтолттой байсан, харин намайг зодох үед Мөнхбат гэрт унтаж байсан. Бараг л болсон явдлын талаар мэдэхгүй болов уу гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан байгаа, санал хүсэлт байхгүй.
Би эмчилгээний зардалд баримтаар 294.600 төгрөг зарцуулсан. Харин баримтгүй буюу таксинд сууж эмнэлэг рүү 8 удаа явахад 150.000 төгрөг гарсан. Тэгэхээр нийт 444.600 төгрөг болсон.
Мөн би 6 сарын хугацаатай хөдөлмөрийн чадваргүй болж, харуул хамгаалалтын компанид хамгаалагч хийдэг бөгөөд 1 сарын 500.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Тэгэхээр нэмж 3.0 сая төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мөнхбатын гэрчээр өгсөн:
“...2019 оны 12 сарын 03-ны өдөр С бид хоёр 2 шил архи уусан бөгөөд сүүлийн архиа дуусгалгүй унтсан байсан. Гэтэл маргааш өглөө нь буюу 2019 оны 12 сарын 04-ний өдөр 09 цагийн орчим гаднаас Э орж ирээд ширээн дээр үлдсэн байсан архинаас уугаад байсан. Ингээд С бид хоёр босоод С дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай архи авч, уг архийг бид гурав хувааж уусан. Мөн уг архи дуусахад дахин нэг шил 0.75 литрийн савалгаатай архи авч байсан.
Тухайн үед би урд өдөр нь архи уусан байсан болохоор уусан архиндаа согтоод тасраад унтсан байсан. Унтаж байгаад босоод ирэхэд Э гэрийн баруун талын орон дээр сууж байсан бөгөөд “хөл хугарчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “энэ С чинь хөл рүү өшиглөөд хугалчихлаа” гэж хэлсэн. ...Яг үнэндээ би хэрүүл болсон эсэх, мөн Э надаас сайжруулсан түлш гуйсан талаар огт санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Отгонсүрэнгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 12 сарын 04-ний өдөр нөхөр Э гэрээсээ 9 цаг өнгөрөөгөөд “Мөнхбаттай уулзана, гэрт нь очно” гэж хэлээд гарсан. Мөн тухайн өдөр би ажилдаа явсан байсан ба 14 цагийн орчимд байх, нөхөр над руу залгаад “хөл хугарчихлаа, хамт архи уусан С гэдэг хүн өшиглөөд хугалчихлаа” гэхээр нь би шууд ажлаасаа гараад Мөнхбатын гэрт ирэхэд цагдаа нар ирээд тэр зодсон гэх хүнийг нь аваад явсан байсан.
Харин нөхөр маань Мөнхбатын гэрт байсан бөгөөд баруун хөл нь хугарсан байдалтай, шилбэний орчимоороо товойсон байхаар нь хувийн машинаар шууд Гэмтлийн эмнэлэгт хүргэхэд хөл нь хугарсан байсан. Намайг очиход манай нөхөр бага зэрэг согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1038 тоот актын:
“1. Н.Э--н биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23-25х/,
5. Хохирогч Н.Э-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтууд /хэргийн 33-48х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Сгийн яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз Мөнхбатын гэрт хамт архи ууж хоносон. Гэхдээ ууж байсан архинаасаа үлдээгээд унтсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2019 оны 12 сарын 01-ний 09 цагийн орчим гаднаас Э орж ирсэн.
Миний хувьд урьд өмнө Этай архи ууж үзээгүй л дээ. Э Мөнхбаттай нийлдэг юм. Ингээд Э орж ирээд урд өдөр үлдээсэн байсан архинаас өөрөө хийгээд ууж байсан. Удалгүй Мөнхбат бид хоёр босоод би дэлгүүр явж, дахин 0.75 литрийн савалгаатай “Хараа” нэртэй архи авч, гурвуулаа хувааж уусан. Дараагаар нь дахин нэг шил архи авч хувааж уусан. Нийт 3 шил архи хувааж уусан юм.
Харин Э нь Мөнхбаярын гэрт байсан сайжруулсан түлшнээс авч явах гээд байхаар нь би Эт хандаж “Мөнхбат өөрөө түлэх байлгүй дээ, мөнгө ч байхгүй хүн ш дээ” гэхэд миний үгийг тоохгүй нүүрсийг нь авч гарах гэхээр нь араас гараад хувцаснаас нь татаж унагаад, хөл рүү нь 2 удаа хүчтэй өшиглөчихсөн юм.
Тэгээд гэрлүү буцаад орсон бөгөөд Э гадаа нилээн удаан орилоод байхаар нь гадагш гарахад “хөл хугарчихлаа” гэсэн. Тэгэхээр нь хөлийг нь харахад баруун хөл нь хугарчихсан юм шиг байсан. Би өөрийн 88760483 дугаарын утаснаас 102 болон 103 дугаарт дуудлага өгч, түргэн тусламж, цагдаа нар нь хамт ирсэн. Тухайн үед бүгдээрээ согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 28х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 30х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10 цагаас 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжны 351а тоот дахь иргэн Д.Мөнхбатын гэрт “сайжруулсан түлшийг нь авч явах гэлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Н.Э-тай маргаж, улмаар хувцаснаас нь татаж чирж унагаан, баруун хөлний шилбэ орчим хоёр удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд “...баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:
- хохирогч Н.Э-ын: “...2019 оны 12 сарын 04-ний өдөр Мөнхбатаас тамхи авахаар 09 цагийн орчимд гэрт нь ороход Мөнхбат болон С нар унтаж байсан. Харин ширээн дээр нь 0.75 литрийн савалгаатай тал шил архи байсан бөгөөд тэр архинаас нь би уусан. ...Тэгээд би жоохон согтсон бөгөөд дахин дэлгүүрээс архи авч уусан шиг санагдаж байна. Мөн тухайн үед манай сайжруулсан түлш дуусаж байсан болохоор би Мөнхбатад “гадаа байгаа тал шуудай түлшээ өгчих” гэхэд зөвшөөрсөн. Ингээд би уг түлшийг аваад гарах гэхэд С уурлаад, түлшийг нь өгөхгүй байсан. Уг нь эзнээс нь асуучихсан байхад С худлаа надтай маргах шалтаг хайгаад байсан юм л даа. Намайг урьд нь шүүхийн шийдвэрт хянагч хийж байсныг мэдчихээд С үгээр идээд “чи их хүн зовоосон хулгайч байх даа” гээд л байсан. Ингээд л түлшээр түрий барьж намайг өдөж гэрээс чирж гаргаад, хувцаснаас татаж унагаад баруун хөл рүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед миний хөл хугарч байгаа нь мэдэгдсэн бөгөөд хүчтэй өвдөлт мэдрээд би чангаар хашгирсан. Тэгэхэд С болиод гэр рүү буцаад орчихоор нь би хэвтэж байгаад, удаан хугацаанд орилоход С гарч ирээд түргэн болон цагдаа дуудсан.
С бид хоёр дунд зэргийн согтолттой байсан, харин намайг зодох үед Мөнхбат гэрт унтаж байсан. Бараг л болсон явдлын талаар мэдэхгүй болов уу гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан байгаа, санал хүсэлт байхгүй. Би эмчилгээний зардалд баримтаар 294.600 төгрөг зарцуулсан. Харин баримтгүй буюу таксинд сууж эмнэлэг рүү 8 удаа явахад 150.000 төгрөг гарсан. Тэгэхээр нийт 444.600 төгрөг болсон. Би 6 сарын хугацаатай хөдөлмөрийн чадваргүй болсон. Би харуул хамгаалалтын компанид хамгаалагч хийдэг бөгөөд 1 сарын 500.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Тэгэхээр нэмж 3.0 сая төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
- гэрч Д.Мөнхбатын: “...2019 оны 12 сарын 03-ны өдөр С бид хоёр 2 шил архи уусан бөгөөд сүүлийн архиа дуусгалгүй унтсан байсан. Гэтэл маргааш өглөө нь буюу 2019 оны 12 сарын 04-ний өдөр 09 цагийн орчим гаднаас Э орж ирээд ширээн дээр үлдсэн байсан архинаас уугаад байсан. Ингээд С бид хоёр босоод С дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай архи авч, уг архийг бид гурав хувааж уусан. Мөн уг архи дуусахад дахин нэг шил 0.75 литрийн савалгаатай архи авч байсан.
Би урд өдөр нь архи уусан байсан болохоор уусан архиндаа согтоод тасраад унтсан байсан. Унтаж байгаад босоод ирэхэд Э гэрийн баруун талын орон дээр сууж байсан бөгөөд “хөл хугарчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “энэ С чинь хөл рүү өшиглөөд хугалчихлаа” гэж хэлсэн.
...Яг үнэндээ би хэрүүл болсон эсэх, мөн Э надаас сайжруулсан түлш гуйсан талаар санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
- гэрч Г.Отгонсүрэнгийн: “...2019 оны 12 сарын 04-ний өдөр нөхөр ...14 цагийн орчимд байх, нөхөр над руу залгаад “хөл хугарчихлаа, хамт архи уусан С гэдэг хүн өшиглөөд хугалчихлаа” гэхээр нь би шууд ажлаасаа гараад Мөнхбатын гэрт ирэхэд цагдаа нар ирээд тэр зодсон гэх хүнийг нь аваад явсан байсан. Харин нөхөр маань Мөнхбатын гэрт байсан бөгөөд баруун хөл нь хугарсан байдалтай, шилбэний орчимоороо товойсон байхаар нь хувийн машинаар шууд Гэмтлийн эмнэлэгт хүргэхэд хөл нь хугарсан байсан. Намайг очиход манай нөхөр бага зэрэг согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн: “1. Н.Э--н биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 1038 тоот дүгнэлт /хэргийн 23-25х/,
- хохирогч Н.Э-ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 33-48х/,
- шүүгдэгч Ш.Сгийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 55х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.С нь тодорхой шалтгааны улмаас хохирогч Н.Э-ыг гэрээс гарахад нь даган гарч, араас нь татаж унагаан, улмаар унасан байхад нь түүний баруун хөлний шилбэ орчимд өшиглөсөн талаар хэрэгт хохирогч, шүүгдэгч хэн аль мэдүүлэх ба үүний улмаас “хохирогчийн баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал” бүхий гэмтэл учирсан, хохирогчийн биед учирсан энэхүү гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журам шаардлагыг зөрчөөгүй байхаас гадна шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл бүхий хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Сгийн хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Ш.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ш.Сг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд учирсан “...баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.
Хэргийн хохирогч Н.Э- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт эмчилгээ хийлгэсэн, эм тариа худалдан авсан талаархи баримттай зардал 294.556 төгрөг, бусад зардлын болон бензин, унааны зардал гэх 150.000 төгрөг, мөн харуул хамгаалалтын компанид сарын 500.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан, өвчний учир ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин орлого 3.000.000 сая төгрөг тус тус нэхэмжилж, нийт 3.444.600 төгрөгийг гэм буруутай нөхөн төлүүлнэ хэмээн мэдүүлж /хэргийн 8-9х/ гомдлын шаардлага гаргасан ба шүүгдэгч Ш.Сүрэнхолоо нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардлаас 200.000 төгрөгийг нөхөн төлж, баримттай гарсан /хэргийн 45-48х/ эмчилгээ, эм тарианы зардлын 94.556 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогч Н.Э-ын: “...Би баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрөөс С надад 200.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн.” хэмээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 58х/, шүүгдэгчийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримтаар тус тус нотлогдсон.
Хохирогч Н.Э-ын нэхэмжилж буй бензин, унааны зардал 150.000 төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл хохирол учруулсантай холбогдон гарсан /асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг/ зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр 150.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр баримттай гарсан эмчилгээний зардлаас үлдэх 94.556 /ерөн дөрвөн мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Ш.Сгоос гаргуулж хохирогч Н.Э-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн нэхэмжилсэн өвчний учир ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин орлого 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.
Учир нь: Хохирогчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй, хохирогч нь гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн буюу хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд ажил олгогч болон тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хуулиар тогтоосон хувь, хэмжээгээр тооцон авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаархи баримтыг хохирогч Н.Э- нь хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй тул дутуу авсан цалин, тэтгэмжийн зөрүү, ажилгүй байсан гэх хугацааны цалин хөдөлмөрийн хөлсийг шүүх тооцон тодорхойлох боломжгүй юм.
Шүүгдэгч Ш.С нь урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 30х/ тогтоогдсон.
Энэ нь шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх, шүүгдэгч Ш.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группт байдаг шүүгдэгчийн хувийн байдал, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг бүрэн арилаагүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ш.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Ш.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ш-ийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Сг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг мэдэгдэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Сгоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт 94.556 /ерөн дөрвөн мянга таван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Г овогт Н-ын Эт олгохоор шийдвэрлэж, бензин, унааны зардлын 150.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин орлого 3.000.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирлгч Н.Э- нь цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт Ш.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД