| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0131/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 135
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д-ын У-д холбогдох эрүүгийн 20030 0087 0087 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Оюунжаргал /тээвэр/, шүүгдэгч Д.У, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Оточ манрамба” их сургуулийн эм зүйчийн 4 дүгээр дамжааны оюутан, “Нинжнаваг” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ын У- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.У нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн хүрээ” амралтын газрын авто зогсоол дээр “Тоёота Приус” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 2.1 заалтад заасан “Орох хориотой” тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж авто зогсоол руу орсоны улмаас чаргаар гулсаж байсан 13 настай М.Б-ийн хөлөн дээгүүр гарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Угийн өгсөн:
“...Би хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд нэмж хэлэх зүйл алга байна. Би осол хэрэг гардаг өдөр эмийн сангаас 46.000 төгрөгөөр хохирогч хүүхдэд эм авч өгсөн. Харин хохирогчийн ирээдүйд гарах эмчилгээний зардалд 1.5 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн байгаа. Тэгэхээр нийт 1.546.000 төгрөг төлсөн.
Би тухайн өдөр чаргаар гулгаж байсан хохирогч хүүхдийг хараагүй, миний жолоодон явсан машины хойд дугуйнд мөргөгдсөн байсан. Би хадам ээж, хүүхдүүдийнхээ хамт салхинд гарах гээд явж байсан юм. Би анхаарал болгоомжгүй явсандаа харамсаж байна, “хүүхэд гараад ирнэ” гэж бодоогүй. Хүүхдийн бие, эрүүл мэндийн байдал одоо хэвийн байгаа, миний хувьд хохирогч хүүхэд болон ар гэртэй нь холбоотой байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 2003000870087 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 03-10х/,
2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингисийн хүрээ” амралтын газрын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 16-17х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй М.Б-ийн хохирогчоор өгсөн:
“...Би “Эхлэл” төвийн таеквондогийн клубт явдаг бөгөөд манай клубын хүүхдүүд багштайгаа 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Чингисийн хүрээ” амралтын газарт очиж чаргаар гулгаж, салхинд гарахаар өглөө 09 цаг 30 минутын үед цуглаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт багш Түмэндэмбэрэлийн хамт ойролцоогоор 30-35 орчим хүүхдүүд очсон.
Бид нар өөрсдийн авч очсон чаргаараа гулгаж байгаад өдөр 14 цагийн орчим дуусаж, гэр рүүгээ явцгаахаар авто машины зогсоол руу очиж байхдаа би автомашины зогсоолын урд талын далан дээрээ авто зогсоол руу урдаасаа хойшоо гулгаад явж байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан Приус маркийн автомашины жолооч талын хойд дугуй нь миний хөлөн дээгүүр гараад явчихсан.
Миний гулсаж явсан улаан өнгийн чарга хагарсан байсан бөгөөд зүүн хөл хөдөлгөж болохгүй байхад манай багш болон бусад хүүхдүүдийн эцэг, эхчүүд нь намайг өргөж машинд оруулж суулгасан. Тухайн үед надтай хамт далан дээрээс чаргаар гулссан хүүхэд байхгүй. Хэн эмнэлгийн ажилтан дуудсаныг бол мэдээгүй, удалгүй түргэний машин ирээд намайг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт ирсэний дараа манай аав, ээж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Агийн өгсөн:
“...Манай хүү М.Б- нь 2020 оны 01 сарын 18-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд клубын хүүхдүүдтэйгээ “Чингисийн хүрээ” амралтын газар очиж салхинд чаргаар гулгана” гэхээр нь клуб дээр нь хүргэж өгөхөд “удахгүй хүүхдүүд цуглахаар явна” гэсэн ба багш Түмэндэмбэрэл болон зарим хүүхдүүдийн эцэг, эхчүүд хариуцаж авч явна гэж байсан.
Өдөр 14 цаг өнгөрч байхад Түмэндэмбэрэл багш залгаад “хүүхэд чинь чаргаар гулгаж байгаад машин доогуур орчихлоо, боломж байвал хүрээд ирээч” гэхээр нь би “Чингисийн хүрээ” амралтын газарт очих гэж байснаа болиод шууд Гэмтлийн эмнэлэг рүү очоод хүлээж байтал яаралтай тусламжийн машинаар хүүг маань аваад ирсэн. Манай хүүгийн зүүн хөлөн дээр нь чиг тавиад боочихсон байсан. Зүүн хөлийн рентген зураг авахуулахад “шилбэний яс хугарч, зөрсөн байна” гээд гипс хийсэн.
...Ослын улмаас хүүгийнхээ эмчилгээнд 266.650 төгрөг зарцуулсан. Хэрэгт баримтыг нь гаргаж өгсөн байгаа. Осол гаргасан жолоочтой уулзаж ярилцаад 1.5 сая төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардалд гаргуулж авсан. Одоо бидний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х, 24х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Төрбаярын иргэний хариуцагчаар өгсөн:
“...2020 оны 01 сарын 18-ны 13 цагийн орчим манай эхнэр миний нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээнд унадаг Тоёота Приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүүхдээ салхинд гаргахаар “Чингисийн хүрээ” амралтын газар руу манай ээж, хүү, охин, хоёр дүү нарын хамт явцгаасан ба 14 цагийн орчимд над руу залгаад “Чаргатай хүүхэд авто зогсоол руу орж ирээд арын дугуй мөргөчихлөө” гэхээр нь яваад очиход зам тээврийн осол гарсан байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Түмэндэмбэрэлийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагт манай “Эхлэл Таеквондо” клубт явдаг сурагчид эцэг, эхчүүдийн хамт “Чингисийн хүрээ” амралтын газарт очиж агаар салхинд гарангаа хүүхдүүд чаргаар гулгахаар ярилцасны үндсэн дээр тухайн өдөр 09 цагт клубын байранд 25 хүүхэд цугларсан байсан. Марал-Маргадын аав нь Сүхболд, Майбаяр, Өсөхбаяр нарын аав, ээж болох Майяа, Ганбаяр, Ирмүүн, Чингүүний ээжийн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Хулан, Халиуны аав, ээж нар болох Эрдэнэ-Очир, Алтанзул, Чингүүнжавын аав, ээж болох Батсайхан, Туяацэцэг нар тээврийн хэрэгсэлтэй ирцгээж клубын хүүхдүүдийг машиндаа хувааж суулгаад 09 цаг 30 минутын орчим хөдлөөд 10 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингисийн хүрээ” амралтын газрын авто машин зогсоол очиход амрагч нар болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байсан.
Би хүүхдүүдээ эцэг, эхчүүдийн хамт чаргаар гулгах талбай дээр цуглуулаад бие халаах дасгал хийлгээд, аюулгүй байдлыг хангаж гулгахыг зааварчлан охид, хөвгүүд болон нас насны ангилалаар гулгах газар тогтоож гулгуулсан. Насны ангилалын хувьд 9-11 насны эрэгтэй, эмэгтэй, 12-14 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг тус тусад нь салгаж гулгуулсан.
Тухайн үед эцэг, эхчүүд нь гулгаж байгаа хүүхдүүдээ харж аюулгүй байдлыг ханган тоглуулж байгаад өдөр 13 цагийн орчим хүүхдүүдээ цуглуулаад замын зорчих хэсгийн урд талд ирсэн машин машиндаа суулгаад, клубын байр руу хөдлөхөөр авто машины зогсоол руу очихоор явж байсан. Би хүүхдүүдийнхээ дунд явж байхад “40-50 орчим метрийн урд Батсүх өндөр шороон дээрээс чаргаар гулгаж автомашинд мөргүүлж гэмтсэн байна” гэхээр нь би гүйгээд очиход осол гаргасан жолооч эмэгтэй над руу “хүүхдээ болгоомжтой авч явахад яадаг юм бэ, багш нь хаана байна вэ” гээд орилоод байхаар нь би Батсүхийг чаргатай хоёр талаас нь өргөөд машины хойд суудал дээр оруулж суулгасан.
Тухайн үед би Батсүхийг авто машинд мөргүүлсэн юм уу, дайрагдсан юм уу нүдээрээ хараагүй. Батсүхтэй хамт явсан хүүхдүүд надад хэлэхдээ Батсүх чаргаар замын дунд байх ойролцоогоор 1 метр орчим өндөртэй шороон дээрээс гулгахад хамт явсан Өсөх-Ирээдүй “болиоч ээ” гэж хэлэхэд гулгаад авто машины баруун хойд дугуйнд хөлөө цохиулсан гэж ярьж байсан.
Тухайн үед бид нартай хамт явсан эцэг, эхчүүдийн хэн нэг нь цагдаа болон түргэн тусламжинд дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд удалгүй түргэн тусламжийн авто машин ирж эмч нь “Батсүхийг Гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэхээр нь би Батсүхийн ээж рүү залгаж болсон үйл явдлыг хэлээд “Гэмтлийн эмнэлэг рүү шууд оч” гэж хэлээд Батсүхийн хамт түргэн тусламжийн машинаар Гэмтлийн эмнэлэг рүү явсан.
Манай “Эхлэл таеквондо” клуб нь сурагчдаа цасны баяр, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор жил бүр агаарт гарч, чаргаар хүүхдүүдээ гулгуулдаг. Тухайн үед нилээн олон хүүхдийн эцэг, эхчүүд хүүхдүүдээ авч явсан. Би хүүхдүүдээ чаргаар зориулалтын талбайд аюулгүй гулгахыг зааварчилж өгсөн. Батсүхийг чаргаар авто зогсоол руу гулгахад зогсоож болиулах боломж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Сүхболдын гэрчээр өгсөн:
“...Манай охин С.Марал /14 настай/, хүү С.Маргад /8 настай/ нар 2019 оноос хойш “Эхлэл Таеквондо" клубт суралцаж байгаа бөгөөд “клубын сурагчид багшийнхаа хамт 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагт клуб дээрээ цуглаж агаар салхинд гарч чаргаар гулгана, бага насны хүүхдүүдийн эцэг, эхчүүд болон тээврийн хэрэгсэлтэй эцэг, эхчүүдийг явах” талаар зар ирсний дагуу би өөрийн хүү С.Маргад, охин С.Марал нарыг авч өглөө 09 цаг 30 минут өнгөрч байхад клуб дээр очиход яг хэдэн хүүхэд явах гэж байгаа нь мэдэгдэхгүй ирсэн эцэг, эхчүүдийн машинд хуваагдаад сууцгаасан байсан.
Тухайн үед манай машинд 4 хүүхэд суугаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газар руу хөдөлсөн. Бид нар “Чингисийн хүрээ” амралтын газрын авто машин зогсоол дээр очиход амрагч нар болон тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн бага байсан.
Эцэг, эхчүүд болон клубын багш хүүхдүүдээ чаргаар гулгах талбай дээр цуглуулж бие халаах дасгал хийлгээд, аюулгүй байдлыг хангаж гулгах талаар зөвлөмж өгсөн. 10 буюу 10 доош насны хүүхдүүдийг эцэг, эхчүүд өөрсдөө авч явж чаргаар гулгуулах талаар ярьж хэлж зөвлөсөн.
Бид нарыг хүүхдүүдээ чаргаар гулгуулж байгаад өдөр 13 цагийн орчим тухайн амралтын газрын талбай дээр цуглаж авч явсан хоол, цайгаа идэж ууж дуусаад машиндаа суухаар явсан бөгөөд зогсоол дээр ирж машиныхаа хойд хаалгыг онгойлгоод зогсож байхад хүмүүс орилох чимээ гарахаар нь хартал саарал өнгийн Тоёота Приус-30 маркийн авто машин ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш авто зогсоол руу орж ирээд зогсож байхыг нь хараад яваад очсон. Тэгэхэд “клубын сурагч хүүхдийг чаргатай нь тухайн авто машин дайрчихлаа” гэж тэр хавьд байсан танихгүй хүмүүс ярьж байсан. Би тухайн зам тээврийн ослыг өөрийн нүдээрээ хараагүй.
...Клубын багш нь чаргаар гулгахаар очсон хүүхдүүдэд аюулгүй байдлаа хангаж гулгах талаар заавар зөвлөгөө маш сайн өгсөн. Осол гарахад бид нар авто зогсоол руу ирчихсэн, буцаад явах гэж байсан. Тэрүүхэн хугацаанд тийм зүйл болсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Эрдэнэ-Очирын гэрчээр өгсөн:
“...Манай охин Э.Халиун /13 настай/, охин Э.Хулан /10 настай/ нар 2016 оноос хойш “Эхлэл Таеквондо” кпубт суралцдаг.
“2020 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагт клубын хүүхдүүд клуб дээрээ цуглаж агаар салхинд гарч чаргаар гулгана, бага насны хүүхдүүдийн эцэг, эхчүүд болон тээврийн хэрэгсэлтэй эцэг, эхчүүдийн хамт явна шүү” гэсэн зар ирсний дагуу би өөрийн хоёр охиноо авч явахаар клуб дээр нь өглөө 09 цаг өнгөрч байхад очиход 5-6 тээврийн хэрэгсэлтэй эцэг, эхчүүд ирчихсэн, ойролцоогоор 30 гаран хүүхэд явахаар цугларсан байсан бөгөөд манай машинд 4 хүүхэд суугаад, бөөнөөрөө “Чингисийн хүрээ” амралтын газар руу хөдлөөд явж очсон. Клубын багш нь хүүхэд, эцэг, эхчүүдийг цуглуулаад бие халаалтын дасгал хийлгэж, чаргаар аюулгүй гулгах, мөн 10 дээш насны хүүхдүүдийг нэг талбай дээр, 10 доош насны хүүхдүүдийг бас нэг өөр талбай дээр гулгуулахад эцэг, эхчүүд анхааралтай хүүхдээ харж хандаж гулгуулах зааварчилгаа зөвлөмж өгч хүүхдүүдээ гулгуулсан.
Бид нарыг “Чингисийн хүрээ” амралтын газарт очиход амарч байгаа хүмүүс болон хотоос ирж байгаа хүмүүс бараг байхгүй, хөл хөдөлгөөн байхгүй байсан. Өдөр цагийг сайн санахгүй байна, хүүхдүүдээ гулгуулж байхад хүмүүс их ирээд хөдөлгөөн ихтэй болохоор нь хүүхдүүдээ цуглуулаад авч явсан хоол, цайгаа идэж ууцгаагаад авто зогсоол руу ирсэн.
Хүүхдээ машиндаа суулгахаар түрүүлээд зогсоол руу очиход бид нарын араас клубын хүүхдүүд ирцгээж байсан бөгөөд удалгүй хүмүүс орилохоор нь машиныхаа хажуугаас зогсоол руу гарч ирэхэд миний машин зогсож байснаас ертөнцийн зүгээр баруун тийш 4 машины цаана клубын сурагч улаан чаргатай хүүхдийг саарал өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашины баруун талын хойд дугуй мөргөчихсөн юм байна гэж ойлгосон. Тэгэхэд ослын ойр орчимд байсан танихгүй хүмүүс “Тоёота приус машинтай эмэгтэй хурдтай орж ирээд чаргатай хүүхдийн хөлөн дээгүүр нь гарчихсан” гэж ярьж байсан.
Би 4 машины цаана байсан учраас чаргатай хүүхдийг авто машины дугуй мөргөсөн юм уу, хөлөн дээгүүр нь хойд дугуй нь гарсан эсэхийг нүдээрээ хараагүй. Гэмтсэн гэх хүүхдийг замын хажуу руу чаргаар гулгаж байгааг нь хараагүй, хэрэв харсан бол болиулах байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,
9. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1691 тоот актын:
1. М.Б-эд зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоодлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн дарах, шахах үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 45х/,
10. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2887 дугаартай:
1. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ баруун зүүн талын хол ойрын гэрлийн тусгал, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцагийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос зэрэг нь стандартын шаардлага хангаж байна.
2.3.4. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд эд ангиуд тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангаж байсан.
5. Уг автомашин нь АВS тоормосны системтэй.
6. Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн дугуйн ажлын тоормос нь тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангаж байсан.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 49-52х, 53-54х/,
11. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 108 тоот:
1. Toyota Prius маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 2.1 “Орох хориотой тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч М.Б- нь МУ-ын ЗХД-ийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: г/ “зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй бөгөөд замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 56х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Угийн яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхлах “Чингисийн хүрээ” амралтын газарт өөрийн хүүхдүүд болон хадам ээж, дүү нарын хамт салхинд гарахаар очсон бөгөөд тухайн үед авто машины зогсоолд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд чигээрээ ороод зогсоол хайгаад явж байхад авто машины баруун талын хойд талд түк хийх чимээ гарсан ба удалгүй хүмүүс орилоод “хөөе, зогсоорой” гэхээр нь би авто машинаа зогсоогоод буугаад харахад улаан чаргатай хүүхэд миний явж өнгөрсөн замын зорчих хэсэг дээр чарган дээрээ сууж байсэн. Тухайн хүүхдээс хэнтэй, явж байгааг нь асууж биеийн байдлыг нь үзэхэд ил харагдах гэмтэл шархгүй байсан.
Тухайн хүүхэд багшийнхаа хамт явж байгаа гэсэн бөгөөд бусад хүүхдүүдийн эцэг эхчүүд байцгаасан. Улаан чаргатай хүүхдийг гулгаж ирээд машины баруун хойд хэсэг рүү мөргөчихлөө гэж бодоод өнгөрсөн. Багш нь ирээд улаан чаргатай хүүхдийг нэг эцэг, эхийн хамт өргөөд машинд суулгасан. Би өөрийн хххх дугаараас 103 руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй түргэн тусламжийн машин ирж хүүхдийг үзээд “зүүн хөлийн яс хугарсан байна” гээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Араас нь клубын багш нь дагаад явсан юм. Тухайн хүүхдийн эцэг, эх нь хамт ирээгүй, ганцаараа чаргаар гулгаж байсан. Удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хэмжилт хийгээд явсан.
Би тухайн амралтын газар руу анх удаа очсон болохоор орох хориотой тэмдгийг хараагүй. Тээврийн хэрэгслүүд миний орсон гарцаар орж байгаа харагдахаар нь орсон. Би тухайн өдөр гэмтсэн хүүхдэд 46.500 төгрөгөөр эм авч өгсөн. Нэг удаа гэрээс нь очиж авахдаа таксигаар явсан ба төлбөр 12.000 төгрөг гарсан. Зам тээврийн ослоос хойш гэмтсэн хүүхдийн аав, ээжтэй нь холбогдож шаардлагатай бүхий л арга хэмжээ авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 68х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Төрбаярын мэдүүлэг /хэргийн 44х/, иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 77х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 78х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 83х/ баримт, “Оточ манрамба” Их Сургуулийн тодорхойлолт /хэргийн 85х/, бакалаврын дипломын хуулбар баримт /хэргийн 86-87х/, “Нинжнаваг” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /хэргийн 88х/, шүүгдэгч Д.Угаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 97х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Т.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 97-98х/ 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг Д.Уд танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэн, түүнд холбогдох эрүүгийн 20030 0087 0087 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Угийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.У нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн хүрээ” амралтын газрын авто зогсоол дээр “Тоёота Приус” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 2.1 заалтад заасан “Орох хориотой” тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж авто зогсоол руу орсоны улмаас чаргаар гулсаж байсан 13 настай М.Б-ийн хөлөн дээгүүр гарч, М.Б- нь биедээ “...зүүн шаант ясны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл авч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 03-10х/,
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингисийн хүрээ” амралтын газрын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 16-17хзаү/,
- мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ариунаа нарын хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэг /хэргийн 19х, 22х, 24х/ баримтууд, гэрч С.Түмэндэмбэрэл /хэргийн 33-34х/, Ц.Сүхболд /хэргийн 37х/, О.Эрдэнэ-Очир /хэргийн 39х нарын мэдүүлэг/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “...М.Б-эд зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоодлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн дарах, шахах үйлдлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1691 тоот актын дүгнэлт /хэргийн 45х/,
- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаартай: “Toyota Prius маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 2.1 “Орох хориотой тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна, явган зорчигч М.Б- нь МУ-ын ЗХД-ийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: г/ “зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй бөгөөд замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 56х/ болон шүүгдэгч Д.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 68х/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.
Шүүгдэгч Д.У нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн хүрээ” амралтын газрын авто зогсоол дээр “Тоёота Приус” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэгдүгээр хавсралтын 2.1 дэх заалтад заасан “Орох хориотой” тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин амралтын газрын авто зогсоол руу орсоны улмаас чаргаар гулсаж байсан 13 настай М.Б- нь тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар тухайн тээврийн хэрэгсэл нь хохирогчийн хөлөн дээгүүр баруун хойд дугуйгаар гарсаны улмаас түүний биед нь “...зүүн шаант ясны далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “Орох хориотой тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно” гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр хавсралтын 2.1 заалтыг зөрчсөн, зам тээврийн осол мөн болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Д.У нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн эмчилгээний зардал болон бусад зардалд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн нь хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Агийн: “...Осол гаргасан жолоочтой уулзаж ярилцаад 1.5 сая төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардалд гаргуулж авсан, одоо бидний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 24х, 98х/ баримттай тул шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.У нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 83 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ын У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Уд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.У нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Д.У нь насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ад 1.500.000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт Д.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД