Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1961 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Нарангийн 114 тоотод оршин суух хаягтай, /РД:МБ:61122403/, Номч овогт Хайсандайн Оюунчимэгийн гаргасан хүсэлттэй, 

 

Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт  гаргагч Х.Оюунчимэг

                     Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: ... Миний бие нь 1961 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 55 настай учир өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээд байгаа билээ. Гэтэл миний Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн санийн аж ахуйд тодорхой хугацаанд ажиллаж байсны тушаал шийдвэр олдохгүй байгаагаас энэхүү ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. Би 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баруунхараагийн сангийн аж ахуйд малчин саальчнаар ажиллаж байсан билээ. Гэтэл анх ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй архиваас шүүлгээд ч олдохгүй байна. Гэхдээ 1978 онд ээлжийн амралт олгосон тушаалын хавсралт, 1980 онд шинээр гэр бүл болоход сангийн аж ахуйгаас бэлэг дурсгал өгч байсан тушаал зэрэг бичиг баримтууд олдсон.

Иймд намайг холбогдох баримтуудыг үндэслэн 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баруунхараагийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Х.Оюунчимэгийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Хүсэлт гаргагч Х.Оюунчимэг нь Баруунхараагийн сангийн аж ахуйд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Саальчнаар ажиллаж байсан нь 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №61 дугаартай БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа Баруунхараа дахь Улсын сангийн аж ахуйн даргын тушаалын хавсралт /ХХ-ийн 5 дугаар хуудас/, 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №67 дугаартай БНМАУ-ын Сэлэнгэ аймгийн Баруунхараа сангийн аж ахуйн даргын тушаал /ХХ-ийн 6 дугаар хуудас/, Гэрэл зургийг үзүүлэлт /ХХ-ийн 8 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Ш.Володъя, Д.Оюун, Д.Ганбат нарын тодорхойлолт, Ш.Володъя гэрчээр мэдүүлэхдээ: ... Баруунхараа сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд Х.Оюунчимэг бид хоёр 1978 оноос 1984 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед Х.Оюунчимэг нь саальчин ажилтай байсан гэх мэдүүлэг, Д.Оюун гэрчээр мэдүүлэхдээ: ... Баруунхараа сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд бид хоёр 1978 оноос 1984 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед Х.Оюунчимэг нь саальчин ажилтай байсан ба би мөн Саальчин ажилтай байсан гэх мэдүүлэг,  Д.Ганбат гэрчээр мэдүүлэхдээ: ... Баруунхараа сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд Х.Оюунчимэг бид хоёр 1978 оноос 1984 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед Х.Оюунчимэг нь саальчин ажилтай байсан ба би Тракторын жолооч ажилтай байсан гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд Х.Оюунчимэгийг Баруунхараагийн сангийн аж ахуйд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Саальчнаар ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага  болгон

                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Номч овогт Хайсандайн Оюунчимэгийг Баруунхараагийн сангийн аж ахуйд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.