Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 137

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт М-гийн У, Б овогт Н-ын С нарт холбогдох эрүүгийн 201726030511 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч М.У, Н.С, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Уулс Заамар” ХХК-д эксковаторын операторчин ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Л овогт М-гийн У /РД:/,

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 11 сарын 22-ний өдрийн 540 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ын С /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч М.У нь Н.Стай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газарт унтаж, амарч байсан иргэн Г.Г, Ц.Ц, Д.Д нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Г, Ц.Ц нарт хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэнд,

2. Шүүгдэгч Н.С нь М.Утай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газарт унтаж, амарч байсан иргэн Г.Г, Ц.Ц, Д.Д нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Г, Ц.Ц нарт хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.                                         

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гадаадаас найзууд ирлээ гээд амралтанд явцгаасан юм. Тухайн өдөр өглөөний 07 цагийн үед эмэгтэй хүн орилоод байсан. Би С-тай хамт хажуу гэр рүү ороход нэг эмэгтэй айж сандарсан байдалтай орон дээр сууж байсан. Тэгэхэд нэг залуу нь гараад гүйчихээр нь тэр залуугийн араас гарахад өөр нэг залуу нь араас гарч ирээд хэрүүл хийсэн. Г гэх залуу С-ыг цохиод унагасан ба намайг унагах гэхэд нь би татаад хамт унасан. Тэгээд удаагүй цагдаа ирээд бариад явсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, миний буруу. Прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Н.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хийсэн хэргээ хүлээж байна, гэм буруу дээр маргахгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаарх мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201726030511 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гын хохирогчоор өгсөн:

“...2017 оны 4 сарын 08-ны орой 23 цагийн үед манай найз Ц, Дархаа, манай найз хүүхэн Д бид 4 Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг “Чингисийн хүрээ” нэртэй амралтын газарт амрахаар очиж, нэг гэр аваад идэж уунгаа ойр зуурын юм ярьж суусан. Дархаа ерөөсөө архи уугаагүй, “өглөө эрт машин барина” гээд бидэнтэй хэсэг сууж байгаад шөнө дунд машиндаа амрахаар явсан. Гэрт бид 3 үлдсэн юм. Цаг нилээн орой болчихсон, үүр цайх дөхөж байхад би амрахаар орондоо ороод хэвтэж байсан ба Д миний хажууд орон дээр сууж байсан. Харин Ц “найзтайгаа хамт явна” гээд сууж байсан юм. Тэгээд би унтаж байхад манай найз охин намайг сэрээгээд “энэ юун хүмүүс вэ” гэж асуухаар нь харахад үл таних 2 залуу ороод ирчихсэн, нэг нь над руу хүрч ирээд “чи хаанаас ирсэн юм бэ, хужаа юм уу, хэн юм бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж байх хооронд нөгөө залуу нь Ц дээр очоод маргалдаж байсан. Тэгээд Ц гэрээс гараад явахад араас нь нөгөө 2 залуу дагаад гараад явсан. Д мөн араас нь гарахаар нь би босоод хувцсаа өмгөөд гэрээс гарахад нөгөө 2 залуу манай найзыг зодох гээд хөөгөөд явж байсанаа баригдахгүй болохоор нь над руу хүрээд ирсэн. Тэгээд С- гэдэг нь над руу дайраад байхаар нь би биедээ ойртуулахгүй өөдөөс нь түлхэхэд тэр газар унасан, тэгэхэд хажууд нь зогсож байсан У гэх залуу нь намайг хөлөөрөө хавирч унагаад, газар унах үед тэр хоёр залуу хоёулаа тал талаас толгой тархи руу өшиглөж дэвсэж зодсон. Тэгэхэд манай найз хүүхэн Д гар утсаараа бичлэг хийгээд “та нар болиоч ээ, хүн аллаа ш дээ. Цагдаа дуудчихсан байгаа” гээд орилоход нь салаад явсан. Ц, Дархаа хоёр холоос харж байсан ба айгаад ойртож чадахгүй байсан. Д бид хоёр гэрт ороод, юмаа янзлаад явахад бэлдэж байхад цагдаа ирээд нөгөө хоёр залууг аваад явсан. Би 2 хоногийн дараа ирж гомдол гаргасан.

Тэр залуус намайг амралтын гэрт амарч байхад орж ирээд зодож танхайрсан, нэг ч үг солиогүй байхад согтуурхаж зодсон гэж бодож байна. Би тэднийг танихгүй. ...Би нилээн хэд хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлсэн ба миний биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. ...Эмчилгээний зардалд 3.0 сая төгрөг нэхэмжилж байна.

Би хэрэг болсоноос хойш 2 өдөр гэртээ хэвтэж өвчин намдаах уусан, толгойгоо бариачаар 3-4 удаа бариулсан. Тухайн үед миний хуйх нилээн хавдсан, дух болон баруун хацарт цус хурсан байсан. Би гомдолтой байна, хувиараа эмч нараас зөвлөгөө авч, хоёр газар толгойгоо бариулсан. Энэ хэрэг болсноос хойш Интермед эмнэлэгт үзүүлсэн, тархины томографийн зураг авахуулсан, зургийг 180.000 төгрөгөөр авхуулсан шиг санагдаж байна. Өөр ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирч байна гэж үзэж байна. ...Гомдолтой, согтуу этгээдүүд танхайрч байгаа үйлдэл тодорхой.., хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 80-81х, 143х, хэргийн 3-р хавтас 3-4х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2017 оны 4 сарын 08-ны орой найз Дарханбаяр, Г болон Гын найз хүүхэн Д нартай хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт очоод нэг тарвага боож идчихээд, авч очсон нэг шил 1 литрийн савалгаатай вискигээ тал хүртэл нь хувааж ууцгаагаад унтах гээд ор орондоо ороод хэвтэцгээсэн юм. Биднийг унтах гэж байхад гэрийн хаалга дотроосоо түгжээгүй байсан болохоор гаднаас үл таних 2-3 залуу орж ирээд ямар нэгэн юм хэлэлгүйгээр, намайг орноос босож амжаагүй байхад нийлээд миний дээр гараад цохиж зодож байгаад, миний куртикнээс чирээд гэрээс гаргасан. Тэгээд би шууд гэрээс гарангуут тэдгээр залуучуудын гараас мултраад, гэр тойроод зүүн урагшаа зугтаасан. Тэгээд хэсэг байж байгаад өөрсдийн амарч байсан гэрт ирэхэд манай гэрийн гадаа Гыг газарт унагачихсан зодож байсан. Тэгэхээр нь “болиоч ээ” гэхэд над руу дайрахаар нь буцаад зугтсан. Удалгүй цагдаа нар ирээд тэдгээр залуучуудыг бариад явсан.

Тэдгээр залуучууд гаднаас согтуу орж ирээд биднийг “хятад” гэж доромжлоод, учир зүггүй зодсон. Яг ямар шалтгааны улмаас манай гэрт орж ирээд биднийг зодох болсоныг нь мэдэхгүй байна. ...Би тэдгээр залуучуудыг танихгүй, мөн тухайн үед гэрэл унтраастай харанхуй байсан болохоор тэдгээр залуучуудын хэн нь намайг цохисон болохыг мэдэхгүй. Ямар ч байсан миний нүүрэнд нэг нь хэд хэдэн удаа цохисон ба би тухайн үед сандраад яг хаана, яаж өшиглөж зодсон болохыг мэдэхгүй байна. Дараа нь хувцсаа харахад миний гэдэс болон нуруу хэсэгт гутлын мөр гарсан байсан. Тухайн үед миний нүүр болон биед ямар нэгэн ил харагдах гэмтэл гараагүй, харин толгой хэд хоног хөндүүрлэж явсан.

...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2017 оны 10 сарын 20-ны өдөр Англи Улс руу 5 жилийн хугацаатай сурахаар явах гэж байгаа болохоор одоо энэ асуудлыг хаалгамаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 111-113х, 232-233х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Дарханбаярын гэрчээр өгсөн:

“...Би Ц найз, Г нь Цог-Эрдэнийн найз нь юм. 2017 оны 4 сарын 08-ны өдөр Ц над руу залгаад “манай найз амралтанд явъя гэнээ, хамт явах уу” гэхээр нь “тэгье” гээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт Ц, Г нарын хамт ирсэн. Тэр өдөр би анх Г гэх залуутай танилцсан юм. Гын найз охин Д гэх эмэгтэй араас ирсэн. Ц, Г хоёр архи ууж, Д бид хоёр уугаагүй.

Тэгээд бид нар гэртээ унтаад өглөө 06 цагийн үед байх Ц “ажилтай, явъя” гээд намайг сэрээхээр нь би түрүүлж гараад зогсоол дээр байсан Цог-Эрдэнийн машиныг халаагаад машинд сууж байхад Гын найз охин ирээд “хөөе, танай хоёр найзыг зодоод байна” гэхээр нь бид хоёр амарч байсан гэрийн зүгт яваад очиход үл таних 2 залуу Цог-Эрдэнийг ална гээд араас нь хөөж байсан, би тэр залуугийн араас “хөөе, боль” гэхэд Цог-Эрдэнийг хөөхөө болиод зугтаагаад явсан юм. Би Ц дээр очоод “зүгээр үү” гэж асуугаад эргээд харахад Г гэрээс гарч ирээд нөгөө хоёр залууд хандаж “та нар ягаад байгаа юм бэ, энд юу болоод байгаа юм” гэж асуухад нөгөө хоёр залуугийн нэг нь “чи бас хужаа юу” гэсэн. Тэгэхэд Г “адилхан монгол хүмүүс байж юу яриад байгаа юм бэ” гэхэд нөгөө хоёр залуу Гыг барьж авсан. Би “боль” гээд тэр хоёрыг болиулах гэхэд хар өнгийн малгай өмссөн залуу нь Гын нүүрэн тус газарт 1 удаа гараараа цохисон, араас нь нөгөө залуу нь Гын нүүрэнд нь 1 удаа цохиход Г газарт уначихсан.

Энэ үед 1-2 удаа өшиглөсөн байх. Тэгэхдээ аймар хүчтэй өшиглөөгүй, яагаад гэвэл энэ үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн, зодож байхад нь дор нь очиж салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. 

Ямар шалтгааны улмаас зодоон гарах болсоныг би мэдэхгүй байна, би түрүүлж гараад машиндаа ирчихсэн байсан. Гэрийн хаалгыг ер нь түгжээгүй онгорхой байлгаж байсан. ...Цог-Эрдэнийг У, С- нар цохиж зодож байхыг би хараагүй. Харин С-, У нар нь Гын нүүр рүү гараараа тус тусдаа 1-2 удаа цохисон, мөн газарт унасан байхад нь нуруу, хөл рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Эмэгтэй хүн орилж хашгирах чимээ гараагүй. Харин С-, У нарын амарч байсан гэр нь манай ар талд байсан бөгөөд тэр гэрт оройноос шөнөжингөө бужигналдаад залуучууд шуугилдаад байсан. Бид нарыг унтах гэж байхад тэр залуучууд хоорондоо маргалдаад, зодоон хийгээд байх шиг байсан. Тэгээд удалгүй чимээгүй болчихсон байсан. Ц, Г нар тэр хоёр залууг цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 242-244х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ды гэрчээр өгсөн:

“... 2017 оны 4 сарын 08-ны орой хуучин найзалж байсан Гтай уулзсан. Тэр үед Г, Ц, Дарханбаяр гэх 2 найзын хамт явж байсан. Тэгээд бид дөрвүүлээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт очиж хоногоор гэр авч амарсан. Бид амралтын газар очоод жаахан сууж байгаад амарсан бөгөөд Дарханбаяр машиндаа амрахаар явсан. Ц, Г нар хажуу талын орон дээр тус тусдаа амарцгаасан ба би Гын хажууд унтах гэхэд ар талын гэрт байсан хүмүүс хөгжим тавиад, чанга дуугараад хоорондоо маргалдаад байсан болохоор унтаж чадаагүй. Тэгэж байхад гаднаас хоёр согтуу эрэгтэй хүн бидний амарч байсан гэрийн хаалганы цоожийг мулт татаад ороод ирсэн. Тэгсэнээ “муу сайн хужаа нар” гээд бид нарыг доромжлоод, Ц, Г хоёр дээр тулж очоод “чи хужаа юу, ална” гээд байсан. Тэр хооронд Ц зугтаад гэрээс гараад явсан. Гэтэл тэд хойноос нь хөөгөөд гараад явсан. Би араас нь гараад машинд байсан Дарханбаатар дээр очоод “2 найзыг чинь согтуу хүмүүс орж ирээд зодох гээд байна” гэж дуудсан. Бид хоёр хүрээд ирэхэд Цог-Эрдэнийг нэг нь ална гээд хөөж байсан. Г босоод гэрээс гарч ирж байсан ба нөгөө 2 согтуу залуу нийлж байгаад Г руу дайрч, газар унагааж байгаад Гыг дээрээс нь өшиглөж зодсон. Тэгээд Цог-Эрдэнийг зодох гээд хөөхөөр нь би Гыг босгоод, бид хоёр гэрт орсон. Гадна юу болж байгааг бол хараагүй, гэрт орж Гын хамар амнаас нь цус гарчихсан байсаныг арчиж өгөөд байж байхад Ц хаалга цохиод, “намайг оруулаач ээ, эд нар чинь намайг зодож аллаа” гэж орилохоор нь хаалга тайлж өгөхөд цагдаа ирж байсан. Тэгээд бид нарыг аваад Цагдаагийн газарт ирсэн.

Тэд худал мэдүүлж байна. Намайг цохиж зодсон хүн байхгүй, би орилж хашгирч аврал хүссэн зүйл байхгүй. Бидэнд муудалцах шалтгаан байгаагүй, Гтай 4 сарын хугацаанд үерхэхэд намайг цохиж зодож байгаагүй. Би тэр залуучуудыг танихгүй, анх удаа харсан. Г, Ц хоёр жоохон архи уусан байсан, гэхдээ хүмүүстэй маргаан хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 82/,

 

5. Хэрэг гарсан өдрийн “Чингисийн хүрээ” амралтын газрын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 3 ш дискийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 29х, 151х, 227-229х, 230х/,

 

6. Хүний биед үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 152-155х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 5015 тоот актын:

1. Гын биед хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 51х/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 313 тоот актын:

1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5015 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Г.Гын биед баруун чамархайн хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Г.Гын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт дэх гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгагдсан байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 159х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Уын яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нийг шилжих шөнө найз Бямбадоржийг Швейцарь улсаас ирсэн гэх шалтгаанаар наймуулаа амралтанд явахаар болж “Чингисийн хүрээ” гэх газарт шөнийн 01 цагийн үед очсон. Үүрийн 05-06 цагийн хооронд Бямбаа, Баасанцээ, Мөнх-Эрдэнэ “нар мандахыг харна, мөн амралтын газарт байсан нэгэн том нохойг харна” гээд гарсан. Гэрт С-, Гал-Ариус, Наранбаяр /Хонгороо/ бид хэд үлдсэн юм. Гал-Ариус орж гараад явж байснаа унтахаар болсон. Тухайн үед би нэг пиво уусан байсан. С- бид хоёр юм яриад сууж байхад эмэгтэй хүн “авраарай” гэж орилохоор нь бид 2 хоорондоо “юу болж байгаа юм бол” гээд ярилцаад байж байхад дахин “аваарай” гэж орилохоор нь тэр эмэгтэйд туслахаар гэрээс гарсан. Баруун талын гэрийн хаалгыг татахад хүн байгаагүй. Тэгээд байж байхад дахин “авраарай, туслаарай хүүе” гэж орилохоор нь дараагийн гэрлүү хаалгыг нь татаад ороход гэрийн баруун хойд талд орны толгой хэсэгт хар өнгийн хувцастай эмэгтэй хүн хувцас нь хагас тайлагдсан, айж чичирсэн байдалтай, өвдөгөө тэврээд сууж байсан. Урд талд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Эсрэг талын орон дээр Г гэх залуу унтаж байсан. С- бид 2 орж ирээд “юу болоод байгаа юм бэ, эмэгтэй хүн яагаад орилоод байгаа юм бэ, зүгээр үү” гэхэд эмэгтэйн урд зогсож байсан залуу үгийн зөрүүгүй гараад зугтаасан. С- бид хоёр араас нь гарсан ба тэр залуу зугтаагаад явсан. Гэтэл гэрээс Г гарч ирээд “хөөе, та нар яагаад хүний амарч байгаа гэр оронд орж ирээд байгаа юм. Та нарт ямар хамаатай юм бэ, пизданууд минь” гээд хараасан. Тэгэхээр нь С- “эмэгтэй хүн орилоод байгаа юм биш үү, чи хажууд нь байж хамгаалдаггүй юм уу” гэхэд “та нарт ямар хамаатай юм пизданууд минь, та нарт ямар ч хамаагүй, зайл” гэсэн. Тэгэхэд С-, Г хоёр маргалдаад 3-4 удаа хоорондоо барилцаад маргалдах гэхээр нь дундуур нь орж хоёр тийш нь салгасан боловч С-ыг Г баруун гараараа шанаа руу нь цохиж унагаасан. Тэгсэнээ эргээд намайг цохихоор нь би хавираад Г бид хоёр орооцолдоод унасан.

Тэр хооронд Г намайг зөндөө зодож цохисон. С- салгах гэж Г бид хоёрыг татаад гурвуулаа орооцолдсон байдалтай байсан. Тухайн үед Г нь хараагаад дайраад байсан болохоор маргаанаас салахын тулд түрүүлж босоод мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд л бидний маргаан дууссан.

Би түхайн үед нэг л пиво уусан. Эрүүлжүүлэх байранд очиход согтолтын зэрэг тогтоолгох гэж үлээхэд согтолт тогтоогдоогүй. Би болсон явдлыг бүгдийг нь санаж байна. Тухайн үед тэдний амарч байсан гэрийн хаалга онгорхой байсан юм. Эмэгтэй хүн аврал хүсээд байхаар нь цаг алдалгүй туслах санаатай орсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 162-163х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 60х, 99х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 61х/, гэрч М.Эрхэмболорын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 87х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 02х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Сын яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Швейцарь улсаас Бямбадорж гэх найз ирсэн учраас найзуудаараа амралтанд явахаар болсон. Тэгээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” гэх амралтанд шөнийн 01 цагийн үед очиж гэр авсан. Өглөө 06-07 цагийн хооронд Бямбадорж, Мөнх-Эрдэнэ, Баасанцээ 3 “нар харангаа амралтын газрын нохойнуудыг харна” гээд явсан. Тэр хооронд гэрт Гал-Ариус, Наранбаяр, Ангараг, У бид 5 үлдсэн. Гал-Ариус, Наранбаяр 2 гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Зүүн талын орон дээр Ангараг унтаж байсан. У бид 2 юм яриад сууж байтал эмэгтэй хүн “авраарай, туслаарай” гэж орилсон. Тэр үед “юу болоод байгаа юм бол” гээд чих тавиад сонстол дахин “авраарай, туслаарай” гэж орилсон. Тэгээд У бид 2 хамт гэрээс гараад урд талын гэрийг татаж үзэхэд цоожтой, хүнгүй байсан. Тэгэхэд дахин хашгирах чимээ гарсан ба тэр чимээнээр эмэгтэй хүний дуу гарсан гэр лүү ороход хаалга нь цоожгүй онгорхой байсан. Гэрт зүүн гар талын орон дээр Г унтаж байсан. Баруун талын орны толгойд хар өнгийн хувцастай эмэгтэй хүн өвдөгөө тэврээд суучихсан, айж чичирсэн байдалтай байсан. Ц тэр эмэгтэйн хажууд орных нь урд талд зогсож байсан. Бид хоёрыг гэрт ороод “юу болоод байгаа юм бэ” гэхэд Ц сандраад гараад гүйсэн. Эмэгтэйгээс “чи зүгээр үү, юу болсон юм бэ” гэхэд дуугарахгүй байсан.

Тэгэхээр нь Цэс юу болсоныг асуухаар араас нь гарсан, Миний араас У гарч ирээд Ц рүү дөхөж очихоор зугтаагаад байсан. Тэгтэл гэрээс Г нөгөө хүүхнийхээ хамт гарч ирээд “юун пизданууд гэрт орж ирээд байгаа юм бэ” гэхээр нь би Гаас “наад эмэгтэй чинь орилоод байна, хамт яваа юм бол өмгөөлж хамгаалдаггүй юм уу” гэхэд “чамд ямар хамаатай юм, орилуулна уу, чарлуулна уу, миний хэрэг та нар зайлцгаа пизданууд минь” гэсэн. Тэгэхээр нь би хариуд нь “хоёрын хоёр эр хүн байж ганц эмэгтэйгээ айлгаж ичээгээд сэтгэл чинь өвдөхгүй байна уу” гэж асуухад баруун гараараа миний нүүрэн тус газарт цохиод унагаасан. Тэр үед Г Уыг цохиод хамт газар унаж байгаа харагдсан. Намайг босоход энэ 2 ноцолдож байсан бөгөөд босоод салгахаар очоод Гын куртикнаас нь татсан боловч зууралдаад салахгүй болохоор нь зууралдсан гар луу нь өшиглөсөн. Мөн өөрөө хамт унаад тэгээд босож ирээд маргаан дууссан.

Би тухайн үед бага зэргийн халамцуу байсан, гэхдээ болсон явдлыг санах чадвартай байсан. Тэдний амарч байсан гэрийн хаалга онгорхой байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 169х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Наранхорлоогийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 85х/, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 173х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 63х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 03х/, зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.У, Н.С нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч М.У нь Н.Стай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газарт унтаж, амарч байсан иргэн Г.Г, Ц.Ц, Д.Д нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Г, Ц.Ц нарт хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2. Шүүгдэгч Н.С нь М.Утай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газарт унтаж, амарч байсан иргэн Г.Г, Ц.Ц, Д.Д нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Г.Г, Ц.Ц нарт хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурьдсан:

- хохирогч Г.Г /хэргийн 1-р хавтас 80-81х, 143х/, хохирогч Ц.Ц /хэргийн 1-р хавтас 111-113х, 232-233х/, гэрч Э.Дарханбаяр /хэргийн 1-р хавтас 242-244х/, гэрч Д.Д /хэргийн 1-р хавтас 82х/ нарын мэдүүлэг,

- хэрэг гарсан өдрийн “Чингисийн хүрээ” амралтын газрын хяналтын камерийн бичлэг бүхий дискинд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 3 ш дискийг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 29х, 151х, 227-229х, 230х/,

- хүний биед үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 152-155х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн: “...Гын биед хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн 5015 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 51х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Нэмэлт шинжилгээний: “...Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5015 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, Г.Гын биед баруун чамархайн хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл учирчээ, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Г.Гын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтэн дэх гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгагдсан байна.” гэсэн 313 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 159х/,

- шүүгдэгч М.У, шүүгдэгч Н.С нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 162-163х, 169х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг хэрэгт цуларсан бусад нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.

 

“Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг гэж тодорхойлж хуульчилсан байна.

 

Энэхүү гэмт хэрэг нь бусдыг үл хүндэтгэсэн, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлох, ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргах, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдад хүч хэрэглэсэн үйлдлээр илэрнэ.   

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.У, Н.С нар нь 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газарт тодорхой шалтаг шалтгаангүйгээр, амралтын газарт амарч байсан иргэн Г.Г, Ц.Ц, Д.Д нарын амарч буй гэрт нэвтрэн орж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулсан, улмаар тодорхой шалтаг шалтгаангүйгээр Г.Г, Ц.Ц нарын халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, Г.Гын биед “...хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт” гэмтэл учирах үр дагаварт хүргэсэн үйл баримт тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.   

 

Гэмт этгээдүүд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн халдаж, амгалан тайван байдлыг алдагдуулан бусдын эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан төлөвлөөгүй, үгсэн тохиролцоогүй боловч гэнэт үүссэн нөхцөл байдалд үйлдлээрээ санаатай нэгдэж уг гэмт хэрэгт хамтран оролцсон нь бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдлыг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэч М.У, Н.С нарын гэмт үйлдэлд тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр хэргийн зүйлчлэлийг тогтоож ирүүлсэн  нь хуулийн үндэслэл бүхий, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчимд нийцсэн байна.

 

Иймд шүүх, дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч М.У, Н.С нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, ...хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж амгалан тайван байдлыг алдагдуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий шүүгдэгч, тэдгээрийн өмчгөөлөгчөөс өмгөөлөгчөөс шүүхийн урьчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн явуад тэдгээр нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан, мөн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокуророос “хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх талаарх М.У, Н.С нарын гаргасан хүсэлтийг дэмжсэн” тайлбар гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлд тус тус заасан журам зохиуцуулалтыг зөрчөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.  

 

Тухайн хэргийн хохирогч Н.Ц нь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 2017 оны 10 сарын 20-ны өдөр Англи Улс руу 5 жилийн хугацаатай сурахаар явах гэж байгаа болохоор одоо энэ асуудлыг хаалгамаар байна.” хэмээн мэдүүлж баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл гомдлын шаардлага гаргаагүй байна. /хэргийн 1-р хавтас 111-113х, 232-233х/,

 

Хэргийн хохирогч Г.Гын биед учирсан “...хуйх, баруун хацарт зулгаралт, духанд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5015 дугаартай дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 313 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 51х, 159х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан ба хохирогч Д.Г нь “...Би нилээн хэд хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлсэн ба миний биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. ...Эмчилгээний зардалд 3.0 сая төгрөг нэхэмжилж байна. Би хэрэг болсоноос хойш 2 өдөр гэртээ хэвтэж өвчин намдаах уусан, толгойгоо бариачаар 3-4 удаа бариулсан. Тухайн үед миний хуйх нилээн хавдсан, дух болон баруун хацарт цус хурсан байсан. Би гомдолтой байна, хувиараа эмч нараас зөвлөгөө авч, хоёр газар толгойгоо бариулсан. Энэ хэрэг болсноос хойш Интермед эмнэлэгт үзүүлсэн, тархины томографийн зураг авхуулсан, зургийг 180.000 төгрөгөөр авахуулсан шиг санагдаж байна. Өөр ямар нэгэн хохиролын баримт байхгүй. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирч байна гэж үзэж байна. ...Гомдолтой, согтуу этгээдүүд танхайрч байгаа үйлдэл тодорхой.., хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна.” хэмээн мэдүүлсэн /хэргийн 1-р хавтас 80-81х, 143х, хэргийн 3-р хавтас 3-4 х/ ба тэрээр эмчилгээний зардал төлбөрт хамаарах баримт нотолгоог хэрэгт гаргаж өгч хавсаргуулаагүй,  энэ талаар хэрэгт баримт авагдаагүй тул хохирогч Г.Г нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Иймд нэр бүхий шүүгдэгч нараас гаргуулах болон хэлэлцэн шийдвэрлэх баримт бүхий төлбөр хохиролгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.У, Н.С нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 2-р хавтас 02-03х/ тогтоогдсон тул тэднийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

 

Нэр бүхий шүүгдэгч нь нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэн аль нь тус бүр өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокуророос тэдний хүсэлтийг дэмжиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч М.У, Н.С нарыг тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргаж, уг саналыг шүүгдэгч М.У, Н.С нарт тэдний өмгөөлөгчийг байлцуулан танилцуулсан баримттай байна.  

 

Шүүх, шүүгдэгч М.У, Н.С нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, ...хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж амгалан тайван байдлыг алдагдуулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр М.У, Н.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.  

 

Энэ хэрэгт М.У, Н.С нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч иргэд нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                             

                                                          ТОГТООХ нь:

 

1. Л овогт М-гийн У, Б овогт Н-ын С нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ...хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин амгалан тайван байдлыг алдуулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг  журамлан, М.У, Н.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тус бүр 01 /нэг жил/ нэг жилийн хугацаагаар  тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан М.У, Н.С нарт мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар М.У, Н.С нар нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг тус тус зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмаар ял оногдуулахыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт М.У, Н.С нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч иргэд нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.У, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД