Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 826

 

П.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

          прокурор Б.Мөнгөншагай,

          шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Ж.У,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 837 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч П.О-д холбогдох 1702 0000 00011 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн П-ийн О, 1970 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Далан, 11 дүгээр байр, 2-12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

П.О нь иргэн Б.Баярчимэгийн нэхэмжилтэй Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1051 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн хэрэгт хариуцагчаар оролцож байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Д-гийн хамаатан болох А.Н-ээр дамжуулан түүнд 1.000.000 төгрөгийг хээл хахууль болгон өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: П.О-ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.О-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг зарлан явуулсан боловч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад прокурор нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх”-ийг хянана, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж...” гэж заажээ.

Гэтэл прокурорын саналд “...П.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдэлд 1 жилийн хугацаагаар тэнсэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх...” гэсэн санал танилцуулсныг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчтай тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “прокурорын саналын хүрээнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах” боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлгийн 5.2 дугаар зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөлд “тэнсэх” гэсэн хариуцлагыг хуульчлаагүй тул прокурорын “тэнсэх” гэсэн санал нь хууль  зүйн үндэслэлгүй, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх заалт бус юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4, 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэж шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.

Дээрх хууль хэрэглээний талаарх алдаа зөрчлийг залруулж, хэргийг ердийн журмаар шүүхэд ирүүлэх шаардлагатай.

2. Тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн насанд хүрээгүй гэрч А.Н-гийн “...цэцэрлэгт хүрээлэнд очтол нэг өндөр эгч байсан, тэгээд “П.Долгормаа шүүгчийн явуулсан хүн мөн үү” гээд надад мөнгө тоолоод 1.000.000 төгрөг өгсөн, би Долгормаа эгчид өгсөн” гэж /1-р хх-243-244/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт П.О нь мэдүүлэхдээ “...П.Д”д А.Нандинцэцэгээр дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг буцаан авсан, уг мөнгийг өгөх ёстой хугацаанаасаа хэтрүүлээд П.Д-ийн дүү Б гэх хүн авчирч өгсөн” гэж шүүх хуралдааны тэмдэглэлд байх боловч Б нь гэрчээр мэдүүлэхдээ “...П.О-д би мөнгө аваачиж өгөөгүй...” гэж мэдүүлсэн /2-р хх-27-28/ тул энэ асуудлыг нарийвчлан шалгах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, П.О нь дээрх мөнгийг авсан эсэх, авсан бол хэн гэдэг хүнээс авсан болох, тухайн хүнийг нь гэрчээр байцааж энэ талаар асууж тодруулах зүйтэй.

3. 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсгүүдэд зааснаар 2017 0100 0004 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байх боловч уг хэргээс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр П.О-д холбогдох хэргийг тусгаарлаж, 1702 0000 00011 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж П.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсгүүдэд зааснаар сонсгосон ялыг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоолгон ирүүлжээ. /1-р хх-1, 3, 2-р хх-3, 167-172,178/.

Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлон тогтоохын тулд дээрх 2 хэргийг нэгтгэн шалгах үндэслэлтэй байна. Иймд эрүүгийн 2017 0100 0004 дугаартай хэргээс 1702 0000 00011 дугаартай хэргийг тусгаарласан нь буруу гэж үзлээ. Иймд яллагдагч П.О-д холбогдох 1702 0000 00011 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг зохицуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан хуульчилснаас гадна уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтээ прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч П.О нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу прокуророос хянаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзах” нөхцөл байдал хангагдсан, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй гэмт хэрэгт хамаарахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн яллагдагч П.О-д түүний яллагдах гэмт хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар саналыг /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу/ танилцуулсныг тэрээр зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл”-ийн талаар хуульчлан зохицуулж өгсөн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт “тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчлан зохицуулж өгсөн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.3 дугаар зүйлд “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл”-ийг заасан байна.

Үүнээс үзэхэд албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад хамаарч байна.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4, 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэх боловч шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч П.О нь өөрт сонсгосон эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар бүрэн ухамсарлаж, ойлгож мэдсэн талаар мэдүүлдэг ба харин шүүгч өөрөө шүүгдэгчид хандаж “прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан санал гаргах эрхгүй, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу ял сонсгосон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын талаарх саналаа хэлэх эрхтэй бөгөөд таньд шүүхээс хорих ял оногдуулбал яах юм, та зөвшөөрөх юм уу” гэх мэтээр тайлбарлаж, шүүгдэгчийг илтэд төөрөгдөлд оруулж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4, 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэх үндэслэлийг гаргаж ирсэн болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл "Хахууль өгөх”, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах” гэмт хэрэг нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй байна.

П.О нь П.Д-д 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгч, уг мөнгийг Б-ээр дамжуулан буцааж авсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтвортой мэдүүлдэг ба харин Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “...П.Д-тай цусан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 3 дугаар сарын 5-наас 7-ны хооронд манай аймагт 1000 тэмээний баяр болсон. Тэр үед Долгормаа эгч П.О гэдэг хүнийг зааж өгөөд энэ хүнтэй ярьж байгаад очоод аяга, таваг ав гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 3 дугаар сарын 04-ний үед байх утсаар ярьж байгаад “Далай” гэдэг нэртэй кафегаас очиж авсан. Авсан эд зүйлээ 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр буцааж өгсөн ба мөнгө төгрөг өгөөгүй" гэж мэдүүлсэн байдаг.

Дээрхээс үзэхэд Б, П.Д нарын хооронд ашиг сонирхлын зөрчилтэй байж болох ба энэ нь П.О-ы бусдад хээл хахууль өгсөн үйлдэлд төдийлөн ач холбогдолтой биш бөгөөд эрүүгийн 2017 0100 0004 дугаартай хэргээс П.О-д холбогдох эрүүгийн 1702 0000 00011 дугаартай хэргийг тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооход саад болохгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 837 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би өгсөн болохоо хүлээн зөвшөөрөхөд авсан гэж заавал байх ёстой гэж бодож байна. Шүүгчийн захирамжаас хэргийг нэгтгүүлэх хэсгийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй...” гэв.

Шүүгдэгч П.О-ы өмгөөлөгч Ж.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. Хээл хахууль өгсөн нь нотлогдчихоод байхад авсан нь нотлогдохгүй байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 837 дугаар шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд “Ялын төрөл”, 7.2 дугаар зүйлд “Албадлагын арга хэмжээний төрөл”-ийг тус тус тодорхойлж хуульчилсан ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4, 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлууд нотлогдоогүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болжээ.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзэх үүрэгтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй бол өөрөөр хэлбэл, яллагдагч прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээ бүхий байхад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй.

Шүүгчийн захирамжийн 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй.

Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай...” саналаа гаргасан гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгээгүй орхидуулсаныг цаашид анхаарах нь зүйтэй болохыг дурдаж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 4-ний өдрийн 837 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ