Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 112/2021/0015/З |
Дугаар | 221/МА2021/0374 |
Огноо | 2021-07-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0374
Т.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Ж.А, хариуцагч Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Я.Г, гуравдагч этгээд Н.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э, Б.Э нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар шийдвэртэй, Т.Дгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга, Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Н.Д-н давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тогтоол, Халиун сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Т.Дг Халиун сумын Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг Сүүж багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Н.Д тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:
“...Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурал 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр болж багийн Засаг даргад таван нэр дэвшигч нэр дэвшсэн.
Миний бие Н.Д би 212 хүнээс 106 хүний санал авч нэхэмжлэгчтэй тэнцсэн. Энэ үед дахин маргаан болж дахин нэмэлт санал хураалт 100 хувийн ирцтэй болж, 123 хүний санал авч улмаар Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Халиун сумын иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан тул Н.Д намайг Халиун сумын Сүүж багийн Засаг даргад нэрийг минь батламжилсан юм.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйл 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан багийн Засаг дарга томилох тухай заалтыг удирдлага болгосноос биш иргэдийн Нийтийн Хурал, хурлын дэг, тооллогын комиссын үйл ажиллагаа утга агуулгаараа хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн хэргийн материалын 48 дугаар хуудсанд байгаа 2021 оны 02 дугаар сарын
01-ний өдөр буюу сонгууль явагдаж дууссаны маргааш нь тооллогын комиссыг гуйж 2 дахь тооллогыг баталгаажуулах гэж нэхэмжлэгч Т.Д нь комиссын гишүүдийг гарын үсэг зуруулсан байдаг. Энэ талаар шүүх хуралд оролцсон гэрч Ц.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Эхний санал хураалтаар санал тэнцсэн. Зааланд сууж байгаа нийт сонгогчдоос санал асуухад сонгогчдын 100 хувийн саналаар дахин санал хураалт авахаар болж 2 дахь санал хураалтаар гуравдагч этгээд Н.Д нь илт давуу санал авсан. Маргааш өглөө нь нэхэмжлэгч Т.Д нь би шүүхэд өргөдөл гаргах гэж байна...” гэх гэрчийн мэдүүлгээс дахин санал хураалт болсон нь тодорхойлогдож байна.
Анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт гуравдагч этгээд Н.Д нь дахин санал хураалт явагдаж илт ялалт байгуулсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дурдсан атлаа илт хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Хэргийн материалд анхан шүүх үзлэг хийхэд сонгогч нарын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий 216 хүний нэрсийн жагсаалт байсан ба мөн хэргийн материалын 76 дугаар хуудсанд байгаа нотлох баримтад шүүх үзлэг хийж санал хураалтыг тоолоход 123 сонгогч буюу 56,9 хувь нь гуравдагч этгээд Н.Д надад санал өгсөн нь тодорхой байхад Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан сонгогдох эрхэд минь анхан шатны шүүх халдаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Дгээс “Халиун сумын Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, хурлын дэгийн дагуу 2 дахь санал хураалтаар олонхийн санал авсан Т.Д намайг Халиун сумын Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг багийн Иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга, Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт холбогдуулан гаргажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заажээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “... Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заасан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдааны дэгийн талаарх харилцааг зохицуулаагүй байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д зааснаар багийн иргэдийн нийтийн Хурал нь хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батлах тухай заажээ.
Эдгээр хуулийн зохицуулалтаас багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Нийтийн хурал өөрөө тогтоох агуулгатай байна.
Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлээс үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сүүж багийн Засаг даргын сонгуулийг таван нэр дэвшигчийн дунд явуулсан, анхны санал хураалтаар[1] нийт 222 иргэн санал өгснөөс Л.Б 11.2 хувь, Т.Д 28.8 хувь, Д.Э 14.4 хувь, Н.Д 40.5 хувь, Л.Б 4 хувийн саналыг тус тус авч, хүчингүй 2 санал буюу 0.9 хувьтай байжээ.
Санал хураалтаар нийт сонгогчдын 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигч гарч ирээгүй тул Хурлын дэгд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулжээ. Уг санал хураалтаар[2] 212 иргэн оролцож нэр дэвшигч Н.Д нь 106 санал буюу 50 хувь, Т.Д нь 106 санал буюу 50 хувийн саналыг тус тус авчээ.
Санал хураалтын дүнгийн талаар маргаан үүсч хяналтын тооллого буюу саналын хуудсыг дахин тоолоход Т.Дгийн 1 саналын хуудас Н.Дын саналын хуудсанд давхардан орсон нь тогтоогдсон тул Н.Д болон Т.Дгийн нэр дээр дахин санал хураалт явуулахыг тухайн хуралдаанд оролцогч иргэдийн олонхийн саналаар дэмжсэн байна[3].
Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцогч иргэдийн олонхи нь дахин санал хураалт явуулахыг дэмжсэн, багийн Засаг даргад нэр дэвшигч Н.Д болон Т.Д нарын хэн аль нь уг шийдвэр, үйл ажиллагаанд тухайн үед маргаан гаргаагүй тул дахин санал хураалт явуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь багийн Засаг даргад нэр дэвшигчийг хэрхэн тодруулах хуралдааны дэгийн талаарх нарийвчилсан харилцааг хуульд тусгайлан заагаагүй тул багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуралдааны дэгээ өөрөө тогтоон шийдвэрлэх эрхтэй гэж үзнэ.
Бүх шатны Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах буюу тухайн шатны иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг даргыг нэр дэвшүүлэхтэй холбоотой харилцаа нь бүх нийтийн сонгуульд хамаарахгүй ба зөвхөн тухайн шатны Хурлын хуралдааны дэг, хуралдаанд оролцогчдын саналаар тодорхойлогдоно.
Дахин /сүүлийн/ санал хураалтад нийт 216 иргэн оролцсоноос үзэхэд Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхи нь дахин санал хураалтыг дэмжсэн гэж үзэхээр байгаа бөгөөд тус санал хураалтаас[4] Н.Д нь 123 хүний санал /56.9%/, Т.Д нь 92 хүний санал /42.7%/ авсан бөгөөд Н.Д нь Т.Дгээс 31 хүний саналаар илүү авсан нь тогтоогджээ, маргаж байгаа 4 хүний саналын зөрүү нь санал хураалтын дүнд нөлөөлөхүйц биш байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасны дагуу Н.Д-ыг Говь-Алтай аймгийн Халиун сумын 1-р багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол[5] хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байх тул энэхүү тогтоол болон уг тогтоолыг үндэслэн гарсан Говь-Алтай аймаг дахь Халиун сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг[6] хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Дгийн “Сүүж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 02 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, хурлын дэгийн дагуу 2 дахь санал хураалтаар олонхийн санал авсан Т.Д намайг Халиун сумын Сүүж багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан тогтоол гаргахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Н.Д-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ