Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00075

 

Н Ю- ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01708 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр  сарын 25-ны өдрийн 2114 дугаар магадлалтай, 

Н Ю- ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Б.Б-, С.М- нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 249.126.127 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н-, хариуцагч нарын өмгөөлөгч З.Ш, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б-, С.М- нартай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НЮ/ЗГ 018 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 273.700.000 төгрөгийн орон сууцны зээлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм Скүэр, 505 байр 904 тоотыг худалдан авахад зориулж, 24 сарын хугацаатай жилийн 21.48 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Энэхүү зээлийн барьцаа хөрөнгө нь тухайн санхүүжүүлсэн орон сууц бөгөөд тус орон сууц нь 149 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц юм. Зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсээр 249.126.127 төгрөг болгосон.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н Ю- ХЗХ-той зээлийн гэрээ байгуулж, 273.700.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Хэдийгээр зээлийг хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй боловч гэрээнд заасны дагуу зээлийн хүүг цаг тухай бүрт нь төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс гадна хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр илүү тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01708 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Б-, С.М- нараас 249.126.127 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н Ю- ХЗХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.555.015 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 1.555.015 төгрөгийг гаргуулж, Н Ю- ХЗХ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь  249.126127 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Ү-2206040274 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо 505 байрны 904 тоот 149 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр  сарын 25-ны өдрийн 2114 дугаар магадлалаар,  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/01708 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 гэж, 249.126.127 гэснийг 228.079.747 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.046.380 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын хариуцагч нараас 1.555.015 төгрөг гэснийг хариуцагч Б.Б-, С.М- нараас 1.298.349 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-, С.М- нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.182 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд,

Тогтоох хэсгийн “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.10” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1” гэж “249.126.127” гэснийг “228.079.747” гэж “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21.046.380 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардаж байгаа Н Ю- ХЗХ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээр дүгнэлт буруу болох, түүнийг засах, шийдвэрийг өөрчлөх боломжтой гэж үзэж буйгаа үндэслэл хэсэгт дурдсан хэдий ч тогтоох хэсэгт энэхүү буруу дүгнэлт гаргахад нөлөөлсөн нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж дүгнэлт хийгээгүй байхад нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд дахин нотлох баримтыг гаргаж хохирлоо барагдуулах эрхийг хаасан нь буруу юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах,...” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй, хариуцагч тал шүүх хуралд оролцоогүй, хариуцагч талаас гаргасан гомдлын агуулга нь нэмэгдүүлсэн хүүний зөрчил байсан ба тэрхүү зөрчил нь зээлийн гэрээ хүчинтэй байх үед үүссэн зөрчил зэргийг үл харгалзан анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй асуудлаар хэлэлцэж магадлал гаргасан зэрэг нь буруу юм.

Иймд, нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь нэхэмжлэгч тал учирсан хохирлоо хуулийн дагуу дахин нэхэмжлэх, нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг хаасан гэж үзэж байгаа тул магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Н Ю- ББСБ нь Б.Б-, С.М- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд анх 219.923.185 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлснээр зээл 181.014.304 төгрөг, хүү 63.175.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.929.623 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлст 6.700 төгрөг, нийт 249.126.127 төгрөг гаргуулахаар болжээ.

Хариуцагч нар зээлийн тооцоолол ойлгомжгүй, зээлийн хүү хэт их гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг  өөрөөр тодорхойлж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх  бүхий байгууллагаас зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаархи давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхийг Аж ахуйн үйл ажиллагааны  тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т, хадгаламж зээлийн хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхлэхийг Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасан байна.

Хэрэгт Н Ю- ХЗХоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд  тухайн хоршоо нь улсын бүртгэлд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэл болохгүй ба өөр баримт хэрэгт авагдаагүй тул  тус хоршоо нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулсан гэж үзэхгүй.

Нөгөө талаар хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгож болохыг Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан байна.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гишүүнээр элсэх журмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтооно гэсэн ба хариуцагч нар нэхэмжлэгч Н Ю- ХЗХоршооны гишүүн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардахдаа хариуцагч нарт зээл олгосон үндэслэл, журмыг нотлох үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдан 273.700.000 төгрөгийг, 30 хоногийн 1.79 хувийн хүүтэй зээлж, зээлийн мөнгийг хариуцагч нар хүлээн авсан, зээлийн үүрэгт нийт 158.116.842 төгрөг буцаан төлснийг зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Гэрээний хугацаа дуусахад төлөгдөх ёстой нийт төлбөрөөс, төлөгдснийг хасч тооцоход 181.014.304 төгрөг болж  байгаа боловч хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хүрээнд нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа 21.046.380 төгрөгийн хүүг  хасч үлдэх 228.079.747 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ.

Иймд, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр  сарын 25-ны өдрийн 2114 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  263.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ