Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 138

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И-ны Эд холбогдох эрүүгийн 20030 0013 0063 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/, хохирогч Т.Ш, шүүгдэгч И.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгэлтийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт И-ны Э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч И.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 1 дүгээр автобусны буудлын замд Тоёота Приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 16.3 заалтад заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Шийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.      

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Эгийн өгсөн: 

“...Миний хувьд өөрийн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг учрал болсон 2019 оны 12 сарын 25-ны өдөр би гэрээсээ гараад Яармагийн урд зам дээр явж байсан. Тэгээд явган хүний гарцан дээр улаан гэрэл анивчиж ногоон гэрэл асах үед хөдөлсөн. Ойролцоогоор 50 км цагийн хурдтай явж байсан юм. Явган хүний гарцан дээр миний хажууд зогсож байсан машин гарцаар гарч ирсэн хүнд зам тавьж өгөхөд нь би тоормосоо гишгэсэн боловч цас орж байсан, зам хальтиргаатай байсны улмаас гулгаж очоод хохирогчийг мөргөсөн.

Би жолооч болоод 5 жил болж байна. Тухайн үед би зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан. 2 дугаар эгнээнд зогсож байсан машин явган хүнд зам тавьж өгсөн юм. Миний өмнө зогсож байсан машин явган хүний гарцаар гараад явчихаар нь би араас хөдөлтөл явган зорчигч гараад ирсэн. Осол болсон замаар урьд өмнө байнга явдаг байсан. Явган хүний гарц, гэрлэн дохио байдаг талаар мэднэ. Би хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулах боломжгүй байгаа, гэхдээ баримтаар гарсан эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Одоогийн байдлаар би өөрөө ажилгүй байгаа болохоор эмчилгээний зардлыг бүрэн төлж чадаагүй. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг эмнэлэгт удаа дараа эргэж, эмчилгээний зардалд нь 160.000 орчим төгрөг зарцуулсан. Тухайн үед баримтыг нь хадгалж хэрэгт хавсаргах шаардлагатайг мэдээгүй учир хаячихсан. Ойр зуурын эм тариа авч өгөх, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг бөглүүлэх, толгойн томографийн шинжилгээ хийлгэх, рентген зураг авахуулах, Гэмтлийн эмнэлэгт үзүүлэх, таяг худалдан авах зэрэгт зарцуулсан. Хохирогчийн баримттай нэхэмжилсэн эмчилгээний зардлын 250.360 төгрөгийг нөхөн төлнө. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Шийн өгсөн:

“...2019 оны 12 сарын 25-ны 18 цаг 30 минутын орчимд Яармагийн 1-р автобусны буудлын явган хүний гарцаар гарч явахад И.Э намайг машинаараа мөргөсөн байгаа. Тухайн үед хамт ажилладаг охин надтай цуг зам хөндлөн гарч байсан ба тэр охин надаас түрүүлээд гүйгээд гараад явсан. Бүх машинууд зогссон байсан ба намайг гарцаар гарч явж байхад нэгдүгээр эгнээнд явж байсан машин ирээд мөргөсөн. Тэгээд намайг босгоод машиндаа суулган Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн.

Ослын улмаас миний баруун шилбэний яс хугарсан. Эмчилгээний зардалд шүүгдэгч нь 160.000 төгрөг зарцуулсан гэж байгаа нь үнэн. Намайг Дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтанд оруулж өгөөд явсан, намайг эмнэлэгт байхад эргэсэн зүйл байхгүй. Эмчийн бичиж өгсөнөөр эм авмаар байна, эмчилгээ хийлгэмээр байна гэж хэлсэн боловч шүүгдэгч нь авч хэлэлцээгүй. Миний хувьд би адилхан залуу хүмүүс болохоор ял шийтгүүлээд явуулмааргүй байна, гэхдээ өөрийн эрүүл мэнддээ бас санаа зовж байна. Миний эмчилгээний зардлыг гаргаж өгөх юм бол гомдол санал байхгүй ээ.

Эмчилгээний зардалд би өөрийн зүгээс 200.000-300.000 орчим төгрөг зарцуулсан. Миний хөл одоо гайгүй болж байгаа, гэхдээ ажилдаа ороогүй. Гэртээ байгаад байна. Осолд орох үед би “Насантүвшин уул” ХХК-д барилга угсралтын туслах ажилтнаар ажиллаж байсан. Ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинд 3.600.000 төгрөг, эмчилгээний гарсан болон цаашид хийлгэх эмчилгээний зардалд нийт 2.400.000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Осолд орсоны дараагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, гэрээрээ гам барьж эмчлүүлсэн. Манай байгууллага нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Би цалингаасаа суутгуулахгүй, өөрөө хариуцна гэж Хөдөлмөрийн гэрээ хийж байсан.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20030 0013 0063 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-10х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Шийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад автобусанд суух гээд 1 дүгээр буудал дээрээс ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцаар гараад урд талын урсгалд алхаж яваад гэнэт миний баруун гар талаас хөл рүү машин мөргөөд би газар унасан. Тэгээд босоод машин дотор нь суухад машины урд талын цонхыг тохой хэсгээр цохиж хагалсан, урд буфер нь хагарсан, толь унжсан харагдсан ба жолооч нь намайг аваад Гэмтлийн эмнэлэгт ороод, буцаж ирээд ослын газарт үзлэг хийлгүүлсэн.

Миний баруун хөл шилбэний нарийн хэсэгт хугарсан, зүүн өвдөг зулгарсан, хүзүү хөшөөд байгаа. Намайг мөргөсөн машин ертөнцийн зүгээр баруун гар талас ирсэн. хххх улсын дугаартай, саарал өнгийн суудлын автомашин байсан. Тухайн үед цаг оройн 18 цаг өнгөрч байсан юм. Би гомдолтой байна. Жолооч нь надтай ирж уулзаагүй, миний эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн. ...Би ажилгүй байсан хугацааны цалин болох 3.6 сая төгрөг, эмчилгээний зардлын 400.000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 2.0 сая төгрөг, нийт 6.0 сая төгрөгийг нэхэмжилж байна.

...Тухайн үед би замын зорчих хэсгийн хойд талд зогсож байгаад ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцан дээр гэрэл дохио хүлээж байгаад ногоон гэрэл дохио асаад тээврийн хэрэгслүүд явган хүний гарцны наана зогсож байсан. Намайг гарцаар алхаж гарч байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлийн замын зорчих хэсгээр ямар ч тээврийн хэрэгсэл яваагүй байсан бөгөөд намайг зам хөндлөн гараад нэгдүгээр эгнээний орчим ирэхэд баруунаас зүүн чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл улаан гэрэл дохион дээр зогсолгүй шууд ирж миний баруун хөл рүү мөргөхөд би унахдаа баруун тохойгоор урд салхины шилийг нь хагалаад зүүн талын копутан дээрээс газар унасан. Унаад харахад тээврийн хэрэгслүүд хөдлөөгүй зогсож байсан. ..Би “Насантүвшин уул” ХХК-д барилга усгралын ажилтнаар 1.800.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Цалингаа бэлнээр авдаг, гарын үсэг зурдаг, нийгмийн даатгал төлдөггүй. Миний зүгээс гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 19-20х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ганзаяагийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би найз Эрдэнэзаяагийн хамт хххх улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машинтай эмнэлгийн хоол, цай өгөхөөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн нэгдүгээр буудлын баруун замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хэдэн км цагийн хурдтай явж байсныг бол анзаарч хараагүй, гар утсаа оролдоод явж байхад Эрдэнэзаяа автомашиныхаа тоормосыг гишгэхээр нь дээшээ харахад явган хүний гарцны гэрлэн дохио улаан гэрэл асаад, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрэл асаагүй байхад Эрдэнэзаяа тээврийн хэрэгслээ зогсоолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан ба хоёрдугаар эгнээнд зогсож байсан автомашины урдуур гэнэт хойноосоо урагшаа чиглэлд явган зорчигч гүйгээд гараад ирсэн. Би орилоход авто машин зогсолгүй гулсаж очоод явган зорчигчийг машины зүүн урд хэсгээр мөргөөд, унахдаа дохиогоороо салхины шилийг цохиж хагалаад автомашины зүүн тал руу газар унасан. Мөн автомашинд мөргүүлсэн явган зорчигч унахдаа автомашины зүүн талын толийг сууриар хагалсан байсан.

Ослын дараа Эрдэнэзаяа машинаасаа буугаад гэмтсэн хүний цүнхийг аваад, машиндаа суулган Гэмтлийн эмнэлэг рүү явахад нь би замдаа буюу цагаан хаалганы уулзвар дээр буугаад үлдсэн. Авто машинд мөргүүлсэн гэх залуу ганцааараа зам хөндлөн гарахдаа гүйгээд гараад ирсэн. Би бодохдоо ногоон гэрэл дохиогоор гарч явахад нь гэрэл дохио солигдоод тээврийн хэрэгслүүдийг хөдлөхөөс нь өмнө амжиж гарах гээд гүйсэн байх гэж бодсон. 2 дугаар эгнээнд явган хүний гарцан дээр зогсож байсан тээврийн хэрэгсэл хөдлөөгүй байсан, харин цаана нь буюу 3 дугаар эгнээнд зогсож байсан тээврийн хэрэгсэл хөдөлж амжсан эсэхийг бол хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Уранчимэгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 12 сарын 25-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би ажлаа тараад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 1 дүгээр буудлын зүүн талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа зам хөндлөн гарахаар явган хүний гарцны зөвшөөрсөн ногоон гэрэл дохио хүлээгээд зогсож байгаад зам хөндлөн гарч явахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрэл асчихсан байсан бөгөөд автобусны буудал дээр миний явах чиглэлийн автобус ирчихсэн байхаар нь урд талын зорчих хэсгээр гүйгээд гарсан. Намайг зам хөндлөн гарцаар гарч явахад ногоон гэрэл асчихсан байсан.

Би хамт зам хөндлөн гарч явсан танихгүй залуугаас түрүүлж гүйгээд автобусанд суухаар гүйсэн. Тэгэхэд явган хүний гарцан дээр буюу 1 дүгээр эгнээнд надтай хамт зам хөндлөн гарч явсан залууг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчиж явсан Приус маркийн машин мөргөөд зам дээр унагасан ба жолооч нь мөргүүлсэн залууг машиндаа суулгаад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 887 тоот актын:

1. Т.Шийн биед баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 32-33х/,

 

6. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 01 сарын 25-ны өдрийн 75 тоот:

1.Toyota Prius маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч И.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.3-д заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Toyota Prius маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч И.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн жолоочид хамаарах заалтыг биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 48-49х/,

 

7. Хохирогч Т.Шийн эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 61-65х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Эгийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийг осолд орсоноос хойш эмнэлгээр байнга авч явж, эрүүл мэндийн даатгалыг бөглүүлж эмчийн хяналтанд оруулж өгсөн. ...Би хохирогчийн эм тариаг 80 гаран мянган төгрөгөөр авч өгсөн. Даатгалыг нь 62.000 төгрөгөөр бөглүүлсэн. 30.000 төгрөгөөр таяг авч өгсөн. Ингээд нийтдээ 160 орчим мянган төгрөг зарцуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч О.Буянтогтохын мэдүүлэг /хэргийн 24х/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 89х/, иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 92х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 93х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч И.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 1 дүгээр автобусны буудлын замд Тоёота Приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 заалтын “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэснийг зөрчсөнөөс явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Шийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч Т.Шийн эрүүл мэндэд нь “...баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчлагдсан.   

Шүүгдэгч И.Э нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 1 дүгээр автобусны буудлын замд Тоёота Приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3 заалтыг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.Шийг мөргөсөн зам тээврийн осол гаргаснаас явган зорчигчийн  биед  “...баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.  

Тээврийн прокуророос шүүгдэгч И.Эд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч И.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.    

Иймд шүүгдэгч И.Эг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон ба “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх  үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Т.Ш нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй ба хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө болон шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр ажилгүй байсан хугацааны цалин болох 3.600.000 төгрөг, эмчилгээний зардлын 400.000 төгрөг, мөн цаашид хийлгэх эмчилгээний зардалд 2.0 сая төгрөг, нийт 6.0 сая төгрөгийг нэхэмжилсэн гомдлын шаардлага гаргасан.

 

Хохирогчийн дээрх нэхэмжлэлээс гэмт хэргийн хор уршигт тооцон хохирогч Т.Шийн оношилгоо, эмчилгээ, эм тарианы зардлын баримтаар нотлогдсон /хэргийн 61-62х/ хэмжээнд 250.360 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлээс үлдсэн ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Тодруулбал: Хэргийн хохирогч Т.Ш нь “Насантүвүшин уул” ХХК-д барилга угсралтын ажилтай, өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй хэмээн мэдүүлж ажилгүй байсан хугацааны цалинд 3.6 сая төгрөгийг гэм буруутай этгээд И.Эгаар нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн шаардлагыг шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь: Хохирогчоос хэргийн 66-67 дугаар талд гаргаж өгсөн “Хөдөлмөрийн гэрээ” баримтад хохирогчийн гарын үсэг зураагүй байгаа нь бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардага хангаагүй, мөн хэргийн 63-65 дугаар талд авагдсан цалин авдаг дансны мэдээлэл гэх баримт дахь хүлээн авагчийн нэр “Санчирбал цалин” гэж тэмдэглэгдсэн эргэлзээтэй, хохирогч нь зам тээврийн осолд өртөж биедээ гэмтэл авснаас хойших тодорхой ямар хугацаанд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн талаарх ажил олгогчийн шийдвэр болон эмнэлгийн магадлагаа баримт зэрэг хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул ажил олгогч “Насантүвшин уул” ХХК-ийн “Т.Ш нь барилга угсралтын ажилтнаар ажиллаж байна, сарын 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг” гэх тодорхойлолт /хэргийн 69х/ баримтыг үндэслэн шүүх дутуу авсан цалин, тэтгэмжийн зөрүү, ажилгүй байсан гэх хугацааны цалин хөдөлмөрийн хөлсийг тооцож тодорхойлох боломжгүй нөхцөл байдалтай байна.

Түүнчлэн цаашид гарах эмчилгээний зардлын 2.0 сая төгрөг нэхэмжилсэн шаардлагад хамаарах хохирогчид зайлшгүй хийгдэх эмчилгээ үйлчилгээний төрөл, үнэ, тарифын мэдээлэл баримтыг хохирогчоос хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймээс шүүх, хохирогч Т.Шийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмж болон гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон цаашид гарах эмчилгээний зардал үйлчилгээний төлбөрт хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.  

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна. 

 

Шүүгдэгч И.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 93 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор И.Эг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч И.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Б овогт И-ны Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Эд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч И.Эгаас 250.360 /хоёр зуун тавин мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД:/, Ц овогт Т-ын Ш-ид олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ш нь өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон баримтгүй гарсан зардал, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт И.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан И.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           С.БАЗАРХАНД