Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 139

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Л-ийн Чт холбогдох эрүүгийн 20100 0064 0083 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “Хөгжил трейд” ХХК-д машинист ажилтай, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, хадам эх, эмээ нарын хамт амьдрах, хххх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Л-ийн Ч /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буган халиун” рестораны үүдэнд О.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Ч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2019 оны 12 сарын 29-ний өдөр манай албан байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болж өндөрлөөд, хамт олноороо караокенд ороод дуулж сууж байхад манай ах ирж намайг авсан. Тэгээд бид хоёр гарахад нэг залуу нэг эмэгтэй маргалдсан, нөгөө эмэгтэй нь уйлсан байдалтай зогсож байсан.

Бид хоёрыг зөрөөд өнгөрөх үед нөгөө залуу манай ахад “юундаа муухай хараад байгаа юм бэ” гэж хэлсэн. Бид хоёр гарах гэж байхад араас ирээд татсан, тэгэхээр нь би салгах гээд дундуур нь орсон ба хохирогч гараа даллахаар нь “намайг цохих гэж байна” гэж бодоод, сандарсандаа нүүр лүү нь мөргөчихсөн юм. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй.

Манай ах бид хоёр хамт нэг байгууллагад ажилладаг бөгөөд тухайн өдрийн арга хэмжээнд ах маань эхнээсээ байсан. Тэгээд арга хэмжээ өндөрлөх үед өөрийнхөө найзуудтайгаа гарч яваад, харихдаа намайг авах гэж ирсэн байсан юм. Манай ах хохирогчтой маргалдаагүй. Би мөн тухайн үед эрүүл байсан. Хохирогч Дөлгөөний эмчилгээний зардалд нь 128.000 төгрөг нөхөн төлсөн, өөр зүйл нэхэмжлээгүй. Гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0064 0083 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Д-ий хохирогчоор өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим найз охин Энхтөрийн хамт “Буган халиун” нэртэй ресторанд ороход манай найз нар байсан юм. Тэндээ Энхтөр бид хоёр найз нартайгаа пиво, шампанск уусан бөгөөд шөнө 02 цагийн орчим гарсан.

Рестораны үүдэнд дуудлагын жолооч дуудчихаад юм яриад зогсож байхад гурван залуу хажуугаар өнгөрөхдөө махлаг залуу нь манай найз охин руу ёожилсон байдлаар хараад байхаар нь би “юугаа хараад байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу хүрч ирсэн.

Тэгээд би “чамтай яриад байх юм байхгүй, чи зүгээр яв” гэхэд намайг заамдаж аваад хэл амаар доромжлоод байхаар нь “чи зүгээр яв” гэж хэлээд зогсож байхад нэг туранхай биетэй залуу нь хажуунаас орж ирээд шууд нүүр рүү мөргөчихсөн. Би нүдээ дараад доошоо суухад тэр гурван залуу намайг босгоод хэл амаар доромжлоод байсан ба манай найз охин голоор орж салгаад, цагдаа дуудсан юм. Тэгээд тэдгээр залуус явах гээд байхаар нь манай найз охин “та нар байж бай, одоо цагдаа ирж байгаа” гэхэд манай найз охиныг бас хэл амаар доромжлоод байсан. Рестораны зохион байгуулагч гарч ирээд “одоо цагдаа ирнэ, та нар өрөө өрөөндөө ороод хүлээж бай” гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд, намайг гараад ирэхэд нөгөө хүмүүс явчихсан байсан.

Би тэр залуучуудыг танихгүй, рестораны зохион байгуулагч нь надад “таныг мөргөсөн хүнийг Чингис гэдэг юм шиг байна шүү” гэж хэлсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, би Л.Чаас эмчилгээний зардал болох 128.000 төгрөгийг авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 12х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Тайванхүүгийн гэрчээр өгсөн:

“...Манай дүү Л.Ч бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг бөгөөд би худалдааны төлөөлөгч, харин манай дүү машинист хийдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буган халиун” ресторанд байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон бөгөөд 23 цагийн орчим арга хэмжээ дууссан. Шинэ жилийн арга хэмжээ дуусаад би борлуулалтын албаныхантай өөр караоке руу явахад манай дүү үйлдвэрийн ажилчидтай тэндээ үлдсэн.

Тэгээд шөнийн 02 цагийн орчим манай эхнэр намайг ирж авсан болохоор бид хоёр “Буган халиун” ресторанд очиход Ч-ын утас нь холбогдохгүй байхаар нь би өөрөө орж Ч-ыг дагуулаад гарахад хаалганы хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн муудалцсан байдалтай, эмэгтэй нь уйлчихсан байсан. Би хажуугаар нь гарахад тэр залуу над руу “чи муу яагаад муухай хараад байгаа юм бэ” гэхээр нь би тоохгүй хажуугаар нь гарах гэхэд “би чамтай яриад байна” гээд намайг татсан.

Тэгэхэд манай дүү хажуугаар орж ирээд тэр залууг түлхэх шиг болсон бөгөөд тэр залуу намайг заагаад “би чамайг шоронд суулгана аа” гээд байсан. Мөн цагдаа дуудна гэж байгаад чимээгүй болчихоор нь дүү бид хоёр гараад явчихсан. Манай дүү тэр залууг яаж цохисоныг бол хараагүй, дүүгээс асуухад “тэр залуу таныг цохих гэж байна гэж бодоод мөргөчихсөн юм” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 914 дугаартай:

1. О.Д-ий биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23-25х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Чын яллагдагчаар өгсөн:

“...Надад ял сонсгосон прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буган халиун” нэртэй ресторанд байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон юм. Шинэ жилийн арга хэмжээ 16 цагт эхэлж, 21 цаг өнгөрөөж тарсан. Тус рестораны доод давхарт байрлах караокед 10 гаран хүн орж, 2 цаг орчим сууцгаасан. Тэгэхэд манай ах Тайванхүү эхнэрийнхээ хамт намайг авахаар ирэхээр нь би ахынхаа хамт шөнийн 02 цагийн үед гараад явж байхад хаалганы орчим нэг залуу нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байсан бөгөөд эмэгтэй нь уйлчихсан зогсож байсан. Тэгэхэд нөгөө эрэгтэй нь манай ахыг “чи юундаа муухай хараад байгаа юм бэ” гэхээр нь тоохгүй цаашаа явж байхад тэр залуу “хөөе, би чамтай ярьж байна” гээд манай ахыг татахаар нь би дундуур орсон.

Тэгэхэд намайг цохих гээд байгаа юм шиг загнахаар нь би сандраад нэг удаа нүүр рүү нь мөргөчихсөн юм. Тэгээд л салаад явсан бөгөөд тэр залуу намайг болон манай ах бид хоёрыг “та нарыг шоронд хатаана” гээд хэл амаар доромжлоод байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 72-73х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 40х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 41х/, “Хөгжил трейд” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 45х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Чын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буган халиун” рестораны үүдэнд О.Д-тэй үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь мөргөснөөс О.Д-ий эрүүл мэндэд “...баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулан бэхжүүлж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч О.Д-ий: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим найз охин Энхтөрийн хамт “Буган халиун” нэртэй ресторанд ороход манай найз нар байсан юм. Тэндээ Энхтөр бид хоёр найз нартайгаа пиво, шампанск уусан бөгөөд шөнө 02 цагийн орчим гарсан. Рестораны үүдэнд дуудлагын жолооч дуудчихаад юм яриад зогсож байхад гурван залуу хажуугаар өнгөрөхдөө махлаг залуу нь манай найз охин руу ёожилсон байдлаар хараад байхаар нь би “юугаа хараад байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу хүрч ирсэн.

Тэгээд би “чамтай яриад байх юм байхгүй, чи зүгээр яв” гэхэд намайг заамдаж аваад хэл амаар доромжлоод байхаар нь “чи зүгээр яв” гэж хэлээд зогсож байхад нэг туранхай биетэй залуу нь хажуунаас орж ирээд шууд нүүр рүү мөргөчихсөн.

...Би тэр залуучуудыг танихгүй, рестораны зохион байгуулагч нь надад “таныг мөргөсөн хүнийг Чингис гэдэг юм шиг байна шүү” гэж хэлсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, би Л.Чаас эмчилгээний зардал болох 128.000 төгрөгийг авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 12х/,

- гэрч Л.Тайванхүүгийн: “...Манай дүү Л.Ч ...тэр залууг яаж цохисоныг бол хараагүй, дүүгээс асуухад “тэр залуу таныг цохих гэж байна гэж бодоод мөргөчихсөн юм” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

- ШШҮХ-ийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 914 дугаартай: “О.Д-ий биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 23-25х/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн Л.Чын мэдүүлэг /хэргийн 72-73х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч О.Д-ий биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.Ч нь түүний нүүрэн тус газарт мөргөсөн санаатай үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай шууд санаатай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Л.Чын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Л.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Л.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч О.Д-ий эрүүл мэндэд учирсан “...баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Тухайн хэргийн нөхцөлд хэргийн хохирогч О.Д- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн гомдлын шаардлага гаргаагүй боловч шүүгдэгч Л.Ч нь эмчилгээний зардал төлбөрт 128.000 төгрөг нөхөн төлснийг хүлээн авсан талаар мэдүүлж, “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, би Л.Чаас эмчилгээний зардал болох 128.000 төгрөгийг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” хэмээн хүсэлт /хэргийн 12х/ гаргасан баримттай байна.  

Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч Л.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 41х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч О.Д- нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, би Л.Чаас эмчилгээний зардал болох 128.000 төгрөгийг авсан” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан  Л.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт Л.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Д- нь “гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Н овогт Л-ийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Чт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Л.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Д- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД